Арав.мн

"Би бол оргилуун дарс. Намайг шарзтай бүү харьцуул"

Өнгөрсөн зууны нэр алдартай эрхмүүдийн ховор ярилцлагуудын эмхэтгэл орчуулагч Г.Лхагвадуламын хөрвүүлснээр гурван дэвтэр болон хэвлэгдэн гарч буйн эхний хоёр нь “Оршихгүйгээр оршихуй”, “Амьдрал нэрт кафед” нэрээр уншигчдын гарт очоод байна. “Алдартнуудын ховор ярилцлага” цувралын дэвтэр тус бүрт 36 алдартны ярилцлага багтжээ. "Оршихгүйгээр оршихуй" номонд багтсан 36 алдартантай хийсэн ярилцлагын нэг нь энэ юм. Цувралын сүүлийн дэвтэр удахгүй хэвлэгдэнэ. Уг хоёр ном "Аз Хур", "Интерном", "Мажестик", "Мир" номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.


01

Мария Каллас (1923-1977)

Дуурийн “Библи” гэгдтэлээ алдаршсан, нэрт сопрано Мария Каллас доорх яриаг 1973 оны арваннэгдүгээр сард Майк Уоллест өгөх үедээ олон жилийн дараа тайзнаа эргэн ирж, Германд аялан тоглолт хийж байлаа. Тоглолт олон хүний найдаж, хүлээж байсан шиг амжилтад хүрээгүй бөгөөд урам нь хугарсан дуучин үүнээс хойш урлагаасаа бүрмөсөн хөндийрч, Парис дахь орон сууцандаа ганцаараа амьдарч байгаад 1977 онд таалал төгсчээ.

-Хатагтай Каллас, дуурийн ертөнц яагаад ийм хатуу ширүүн, атаа жөтөө, хэл амтай байдаг юм бэ? 
-Хүн бүр тэгж боддоггүй байх.

-Үгүй байх л даа. Гэхдээ ихэнхдээ тэгж санагддаг шүү дээ. Таны гайхамшигтай сайхан дуу хоолойноос бусад бүх юмыг л шүүмжилж, дуулиан дэгдээх юм.
-Юун шүүмжлэл? Ямар хэл ам, дуулиан шуугианы талаар яриад байгааг чинь ойлгохгүй байна. 

-Та миний юу яриад байгааг мэдэж байгаа даа. Таныг тоглолтоо орхиод гэнэтхэн гараад явсан тухай, уурлаж, хашхичиж, гарт тааралдсан болгоноо хүмүүс рүү нүүлгэдэг тухай үлгэр домог шиг л зүйл ярьцгаадаг. 
-Та ажлаа хаяж үзээгүй гэж үү? Зүгээр л хиймээргүй санагдаад гараад явсан удаа байхгүй юу?

-Байгаа. 
-Хүн бүрт л тийм үе байдаг. Сонин дээр бичигдэх, үгүй нь л гол ялгаа юм. Харин тэр уурлаж, хашхичдаг тухайд бол үнэн голоосоо биш ч гэсэн уурлаж, бухимдах үе хэнд ч байдаг шүү дээ. Тэгж байж хүссэнээ олж авах тохиолдол ч бий. Гэхдээ хүний өөдөөс юм шиддэг гэдэг худлаа шүү.

-Дүрэм журмаас айдаггүй гэж үү. Тоглолтоо орхиод гарна гэдэг мэргэжлийн үүднээс байж боломгүй зүйл биш үү? 
-Хууль журмын талаар надтай ярих гэсний хэрэггүй. Хаа очсон газраа тэр дүрэм журмыг чинь би өөрөө зохиодог юм.

-Та тайзан дээр гараагүй их удаж байна. 
-Тийм ээ. 1965 оноос хойш гараагүй.

-Найман жил өнгөрчээ. Яагаад ингэж удаан завсарлав? 
-Амрах хэрэгтэй байсан юм. Уран бүтээлч хүнд жаахан ч гэсэн завсарлага хэрэгтэй. 

-Завсарлага гэхэд арай удсан юм биш үү? 
-Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм. 

-Харин одоо эргээд тайзан дээрээ гарах ямар байна вэ
-Маш сайхан. Гэхдээ 20 жилийн өмнөх шигээ байсан бол гэж хүсэх л юм. Залуу хүний гал цог аяндаа унтардаг юм байна. 

-Таныг эргэж ирснийг тохиолдуулж шүүмжлэгч бүр үгээ хэлж байна. Тэдний сэтгэгдэл танд хэр үнэтэй вэ? 
-Би хэзээнээс л тэднийг тоодоггүй байсан. Оргил үедээ бол бүр ойшоодоггүй байсан. 

-Тэгэхээр та л өөрийгөө өмнөх шигээ дуулахаа больж гэж дүгнэжээ дээ? 
-Өөр хэн намайг шүүх юм бэ. Би зөвхөн өөрийнхөө хүчээр л өдий зэрэгтэй явна. Олон нийтэд тал зассан юм уу, сэтгүүлчдийг хахуульдсан удаа надад байхгүй. 

-Сэтгүүлчдийг хахуульдах аа? Тийм хүмүүс байдаг гэж үү? 
-Өчнөөн олон. 

-Хахууль гэхээр юу байх вэ? 
-Тоглолтын урилга, бэлэн мөнгө, ер юу ч байж болно. Би тийм юмыг жаахан байхаасаа л мэднэ. 

-Тэгж авлига өгдөг дуурийн дуучид хүртэл байдаг гэж үү? 
-Та үнэхээр гэнэн юм. Ямар ч туслалцаа дэмжлэггүйгээр, зөвхөн өөрийнхөө авьяас, чадвараар амжилтад хүрдэг хүн маш цөөхөн шүү. 

-“Үргэлж өдөж, хатгаж байх хүн надад хэрэгтэй. Учир нь би төрөлхийн гутранги хүн” гэж та хэлсэн байдаг. 
-Тийм ээ, би гутранги хүн. Өөрийгөө үргэлж өөлж, төгс байх гэж хичээдэг, их л түвэгтэй хүн дээ. 

-Та хэр ганцаарддаг вэ? 
-Бидэн шиг хүмүүст ганцаараа байх хэрэгцээ, шаардлага байдаг. Ажилтай маань холбоотой болохоор тэр. Гэхдээ ганцаарддаг нь ганцаардмал гэсэн үг биш. Би ганцаардлаас айдаггүй. Надад сайхан найз нөхөд байна, урлаг соёлын халуун дулаан орчин байна. Бас миний дотоод ертөнц намайг хэзээ ч ганцаардуулдаггүй. Тийм болохоор хэдэн ч долоо хоног ганцаараа байж чаддаг. 

-Мэргэжлийн үүднээс та хүссэн бүхэндээ хүрсэн. Харин хувийн амьдрал тань хүссэнээр болсонгүй, тийм үү? 
-Харамсалтай нь тийм. 

-Яагаад ийм болов гэж бодож байв уу? 
-Би арай л алдартай болчихож. Бас эр хүнийг дэндүү өргөмжилж байж. 

-Хэнийг тэр вэ? 
-Жишээ нь нөхрөө. Тэр надаар бахархдаг байсан ч дуучин гэдгээс минь өөрөөр намайг олж харж, нээж чадаагүй. Үнэндээ тэр гоц гойд юмгүй, энгийн л хүн. 

-Тийм бол яагаад гэрлэсэн юм бэ? 
-Сайн хүн гэж бодсон юм. Би гэдэг хүн ээжтэйгээ таарамжгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж юу байдгийг мэдэрч байгаагүй. Тиймээс ганцаардаж явахад минь тус дэм болсон болохоор түүнийг надад үнэхээр хайртай юм байна гэж бодсон. Гэвч тэр миний харагдах байдалд л сэтгэл алдарсан байж. 

-“Насны эцэст ядуу зүдүү байх вий, үхэхдээ халаас хоосон байх вий гэхээс хамгийн их айдаг” гэж таныг хэлсэн гэдэг. Энэ үнэн үү? 
-Би тэгж хэлээгүй шүү. 

-Ер нь таны хэлээгүйг хэлсэн болгож их ярьж, бичих юм. Таныг “Ээжийгээ ажил хийх хэрэгтэй гэж хэллээ” гээд л нэг хэсэг шуугьсан. 
-Бид хоёрын дунд яс хаядаг хэдэн өөдгүй хүн бий. Түүнийг ашиглаж, мөнгө олдог увайгүй сэтгүүлч ч олон байдаг. 

-Таныг мөнгө өгдөггүй болохоор ээж тань арга ядахдаа сонин, сэтгүүлд хандаж, ярилцлагаа худалддаг юм биш үү? 
-Нэг талаар тийм. Гэхдээ ээж намайг элдвээр сүрдүүлж, сонин хэвлэлд үнэн, худал нь мэдэгдэхгүй юм ярьдаг. Үнэнийг хэлэхэд бид хоёр харилцахаа болиод удаж байна. Ер нь цусан холбоо гэдэг тийм ч чухал зүйл биш. Хүмүүс хоорондоо сэтгэл санаа, үзэл бодлоороо холбогддог болохоос удам судраараа лав хамаатдаггүй юм билээ. 

-Аав, ээж, эгч гуравтайгаа та бүр харилцахаа больсон хэрэг үү? 
-Бид анхнаасаа тийм ч нийлэмжтэй байгаагүй. Тиймээс хэн хэн маань замаа хөөсөн гэх үү дээ. 

-Таныг нэрт сопрано Рената Тебальдитай өрсөлдүүлдэг. Та хоёрыг тайзны ард хүртэл илэрхий сөргөөцөлддөг гэдэг. Түүний талаар та юу хэлэх вэ? 
-Тэр бол давтагдашгүй сайхан дуучин. Үүнийг би хаа ч хэлнэ. Гэхдээ бид өөр өөр араншинтай, ер нь ижил төстэй юмгүй хүмүүс. Би бол оргилуун дарс. Тиймээс намайг шарзтай бүү харьцуул. 

-Та 1966 онд АНУ-ын иргэншлээс татгалзсан байх аа? 
-Тийм ээ. Гэрлэлтээ цуцлуулахын тулд өөр арга байгаагүй юм. Тэр үед би Онассистай хамт байлаа. Хоёр эрийн дунд байх надад ч түвэгтэй байсан учраас нөхрөөсөө хурдхан салахын түүс болсон. 

-Онассис үнэхээр ер бусын хүн шүү. 
-Тийм ээ. Онассис бид хоёр жаргалтай байсан. Тэр үедээ огт харамсдаггүй. Харин дуулахаа больсондоо харамсдаг. 

-Түүнээс болж дуулахаа больсон хэрэг үү? 
-Яг ч тийм биш. Гэхдээ түүнтэй байхдаа бэлтгэл сургууль бага хийдэг байсан. Тэр намайг дуулуулах дургүй байсан юм. Ямар ч эр хүн дуртай байхгүй биз. 

-Ноён Онассис санхүүгийн тал дээр их тусалдаг байсан байх. Тэр таныг их хөрөнгөтэй болгосон гэдэг үнэн үү? 
-Миний бүх зүйл болж бүтэж байхад тэр надтай учирсан шүү дээ. Түүнээс биш тэр намайг баян болгосон юм биш. Гэхдээ буруу шийдвэр гаргах үед анхааруулдаг байсан нь үнэн. 

-Та хэр баян эмэгтэй вэ? 
-Тийм ч баян биш ээ. Баячуудын дэргэд би ядуу хүн. Гэхдээ ядуустай харьцуулбал баян байлгүй яах вэ. Хамгийн гол нь зөвхөн өөрийнхөө бүтээсэн баялгаар, дуулж олсон мөнгөөрөө амьдарч байна. Үүнээс өөр сайхан зүйл хаана байх вэ. Дуурийн дуучин гэхэд би хангалуун сайхан амьдарч байна. Бид Фрэнк Синатра нарын дуучид шиг их мөнгө олж чаддаггүй юм шүү дээ. 

-Ноён Онассисын тухай дахиад ярья. Та хоёр найз хэвээрээ юү? 
-Мэдээж. 

-Харин хатагтай Онассисын тухайд? 
-Би түүнтэй уулзаагүй л байгаа. Уг нь уулзаж танилцахад дургүйцэх юм алга. 

-Та ноён Онассисыг Жаклин Кеннедитэй гэрлэхэд хэр баярласан бэ? 
-Маш их баярласан гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ баярлахгүй гээд яах юм. Тэр хүний өөрийнх нь л шийдвэр шүү дээ. Яаж ч явсан би түүнд сайн сайхныг л хүсэх болно. 

-Та түүнд одоо хүртэл хайртай юм биш үү? 
-Мэдээж хайртай. Тэр ч гэсэн намайг хайрладгийг би мэднэ. Бид бие биеэ маш сайн ойлгож, мэдэрдэг байсан. Тийм сайхан амьдрал хурдан мартагддаггүй юм. Зүгээр л бидний насанд хайр гэдэг зүйл их ээдрээтэй болчихсон хэрэг. 

-Тэгэхээр та нэгэн үе нөхөртэй ч, нууц амрагтай ч байж. Одоо яагаад ганц бие болчихов? 
-Би эр хүнийг торгоож чаддаггүй бололтой. Тэгье ч гэж хүсдэггүй юм байна. Алдар нэртэй байна гэдэг заримдаа тахир дутуу байхтай адилхан. Дээр нь миний тархи зогсолтгүй ажилладаг болохоор эрчүүдийг айлгадаг байх. 

-Таны хувийн амьдрал ийм байж. Саяхан эхэлсэн аялан тоглолтыг эс тооцвол таны тайзан дээрх амьдрал ч бас зогсонги болчихлоо. Тэгэхээр одоо таны амьдралын утга учир, цөм гэвэл юу байна? 
-Амар амгалан байх л одоо хамгийн чухал болж. Надад эрж хайсан, хүлээсэн юм алга. Дараа сард, арванхоёрдугаар сарын 2-нд би 50 нас хүрнэ. Өдий насанд би сэтгэл хангалуун хэвээрээ байна. Би зөв үед төрж, өөрт заяасан давуу талуудаа зөв ашигласан. Алдаж эндсэн минь олон ч би их азтай хүн. Юу ч үгүй, хэн ч биш байсан хэрнээ одоо намайг магтан сайшаагаад байгаа хүмүүсийн тэр бүх сайхан үгэнд тэнцэхээр болсон.

-Сүүлийн асуулт болгож таны аялан тоглолтын талаар нэг зүйл тодруулъя. Зарим шүүмжлэгч таныг карьертаа маш сайхан төгсгөл хийх нь гэж байгаа бол зарим нь өмнөх шигээ сайн дуулж чадахгүй, тэр нь сонгодог урлагийн түүхэн дэх эмгэнэлт явдал болох нь гэсэн. Та тэдэнд ямар хариу хэлэх вэ? 
-Одоогоор эмгэнэлтэй зүйл болоогүй байна. Болсон ч гэсэн намайг уйлна гэж саналтгүй. Би чинь грек хүн шүү дээ. Үнэхээр муу юм болчихоогүй л бол грек хүмүүс барьц алддаггүй. Бас өөрсдийнхөө эмгэнэлт жүжгийг үзээд уйлдаггүй юм. Би ч бас тийм л хүн. Хэцүү бэрхтэй дасан зохицдог. Тэгэхээр сайн сайхан зүйл л хүлээж байя.


8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start