Арав.мн

Эрүүлжиж, жин хасахад туслах топ 10 супер хүнс

Эрүүлжиж, жин хасахад туслах топ 10 супер хүнс

Эрүүл аргаар жин хасахыг хүсэж буй хүн бүр супер хүнсний талаар мэдлэгтэй байвал зохино. Бидний идэж хэрэглэж буй зүйлс эрүүл мэндийг маань тодорхойлж байдаг. Тиймээс ямар ч хамаагүй аргаар турах бус харин хэрхэн эрүүлжих вэ гэж бодох нь зүйтэй. Зөвхөн жин хасахад төдийгүй эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэн бүхэнд супер хүнс туслах болно.

Супер хүнсийг “супер” болгодог гол нууц нь цэвэр байгалийн гаралтай, хүний биед ашигтай олон төрлийн шимт бодисын агууламж юм. Дэлхий дээр амьтны болон ургамлын гаралтай олон янзын супер хүнс бий. Эдгээрээс хамгийн их шим тэжээлтэйгээрээ эхний аравт ордог хүнсийг танилцуулж байна. Эдгээр хүнсний ихэнх нь олдоц сайтай, үнийн хувьд ч уян хатан учир та эрүүл хооллолтын цэсэндээ нэмээрэй.


10

Бүйлс

Бүйлс буюу алмонд самар нь бусад бүх төрлийн самраас хамгийн их кальци агуулдаг гэнэ. Нэг жижиг аяга бүйлсний самарт 23 миллграмм кальци агуулагддаг байна. Ийм хэмжээний самарт мөн их хэмжээний Е витамин агуулагддаг бөгөөд өдөрт авах ёстой Е витаминиы 15 хувийг авах боломжтой. Энэ жижигхэн самарны шим тэжээл зөвхөн кальци, Е витаминаар зогсохгүй юм. Бүйлс нь уургийн өндөр агууламжтай учир цагаан хоолтнуудад маш тохиромжтой.


09

Брокколи

Энэхүү ногоон навчит ургамал нь хүний биед хэрэгтэй олон төрлийн шим тэжээлээр баялаг юм. Кали, төмөр, кальци, эслэг, витамин А, С, К гээд олон шим тэжээлт бодис энэ ногоонд бий. Мөн нүдний торлог бүрхэвчийг хамгаалдаг лутеин хэмээх бодис бий. Брокколи бол байгаль эх хүн төрөлхтөнд хайртайн баталгаа юм.

Брокколиг тогтмол хэрэглэснээр таны биед дараах өөрчлөлтүүд гарах болно:

  • Хөгшрөлийг удаашруулна
  • Яс бэхжүүлнэ
  • Даралтыг тогтворжуулна
  • Үрэвслийг намдаана
  • Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
  • Альцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлнэ
  • Цус харвалтаас сэргийлнэ

08

Авокадо

Өмнөд Америк, Мексикт ихээр ургадаг энэхүү амтат жимс нь хүний биед зайлшгүй хэрэгтэй эрүүл, холестрингүй тосоор баялаг билээ. Тиймээс дэглэм барьж буй хүмүүст хамгийн тохиромжтой хүнс юм.

Хар талхан дээр шарсан өндөг, нарийн хэрчсэн авокада жимс тавиад, чимх давс, ногоон сонгино дээр нь цацаад амттай, эрүүл өглөөний цай бэлдэж болно. Мөн энэ орцоо улаан лоолиор баяжуулбал илүү өвөрмөц амттай болох юм.


07

Боловсруулаагүй сүү

Монголчууд эрт үеэс малынхаа сүүг саангуутаа шууд буюу халуун саам ууж хэрэглэдэг байсан нь шинэхэн сүүний ач тусыг мэддэг байсных биз ээ. Одоо ч гүүний саамыг ардын уламжлалт эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигласаар байна.

Тараг ч бас сүүнээс дутахгүй шим тэжээлт хүнс юм. Тараг, сүүнд витамин А, С, Д, В агуулагддаг. Мөн кальци, магни, фосфор, хүний биед заавал байх ёстой чухал тосны хүчлүүдийг тараг, сүүнээс авч болно. Гэхдээ эрүүл малын сүү байх ёстой гэдгийг анхаарах нь зүйтэй. Үйлдвэрийн савлаж ариутгасан сүү, тараг зарим тэжээллэг чанараа алдсан байдаг.


06

Буудайн соёолж

Буудайн соёолж гэдэг нь улаан буудайн нялх соёолж бөгөөд таны өдөр тутмын хүнсэнд заавал байвал зохих хүнс юм. Буудайн соёолжийг хатааж нунтагласан хэлбэрээр худалдаалдаг бөгөөд ус, цайнд хутгаж, хоол хүнсэндээ хольж хэрэглэх боломжтой.

Буудайн соёолжид төмөр, кальци, магни, амин хүчил, витамин А, С, Е агуулагддаг. Түүнээс гадна буудайн соёолжийг дахин давтагдашгүй болгодог зүйл бол биеийг хоргүйжүүлж, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг хлорофилл хэмээх бодис юм.


05

Салмон загас

Савлаж, нөөшилсөн биш цэвэр салмон загасны мах нь Омега-3 ханаагүй дээд тосны хүчлээр баялаг. Омега-3 тос нь хүний биед үүсдэггүй бөгөөд зөвхөн хоол тэжээлээр дамжуулан авах боломжтой. Хоолны дэглэм барьж буй хүмүүсийн хүнсний тэнцвэр алдагдсан байдаг бөгөөд Омега-3 тосоор тэнцвэржүүлж болно.

Салмон загасны мах нь бүх биеийг эрүүлжүүлж, ясыг бэхжүүлэн, тархи, мэдрэлийн тогтолцоог нөхөн сэргээхэд ач тустай.


04

Маалингын үр

Маалингын үрийг үр чигээр нь хоолонд хэрэглэхээс гадна тос гаргаж авдаг. Маалингын үрний тос нь холестерины төвшинг бууруулдаг. Гэвч энэ бяцхан үрний “ид шид” зөвхөн үүгээр зогсохгүй. 

Чихрийн шижин, хорт хавдар, зүрхний өвчин, үрэвслийн эсрэг Омега-3 тосны агууламж өндөртэй. Мөн стрессийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй төдийгүй витамин В6, зэс, фосфор, фолийн хүчил, магни, хүнсний эслэг, мангаан агуулдаг.


03

Нэрс

Нэрс жимс нь амттай бөгөөд ашиг тустай хүнс юм. Витамин С, эслэгийн агууламж өндөртэй, антиоксидантаар баялаг уг жимс нь архаг хууч өвчинд нэн тустай болох нь саяхны нэгэн судалгаагаар батлагджээ.

Зөвхөн архаг хуучтай хүмүүст ч бус хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сайн нөлөөтэй, тархины үйл ажиллагааг сайжруулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, үрэвслийг намдаадаг байна. Мөн бодисын солилцоог сайжруулдаг учир жингээ хасаж буй хүмүүс идэхэд тохиромжтой.


02

Синнамон

Синнамон буюу шинцай нь олдоц элбэгтэй, хоол хүнсэнд олон янзаар хэрэглэж болох ашигтай хүнс билээ. Синнамон нь шээсний замын үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ходоод, гэдсийг тайвшруулж, тархины үйл ажиллагааг сайжруулан, холестерины төвшинг бууруулж, бодисын солилцоог сайжруулдаг.

Нэг цайны халбага зөгийн бал, тал халбага синнамоныг 200 грамм буцалсан усанд хутгаад орой унтахаасаа хагас цагийн өмнө уугаад унтвал шөнийн турш ходоод гэдсийг тань цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулдаг байна.


01

Амтат төмс

Амтат төмс нь бета-каротин, витамин В6, С, эслэг, кали зэргийг агуулдаг. Бета-каротин нь эхийн сүүнд агуулагддаг бөгөөд хорт хавдраас урьдчилан сэргийлж, хөгшрөлийн явцыг удаашруулдаг байна.

Амтат төмсөөр бага насны хүүхдэд тэжээллэг нухаш хийж өгч болно. Мөн чанаж, жигнэж, хуурч, махтай холих зэргээр олон янзаар хүнсэнд хэрэглэх боломжтой.


7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start