Монгол орны ховор амьтад - БӨХӨН
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани Монгол орны ховор амьтан болох бөхөнг танилцуулж байна.
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туруутан
Овог: Тугалмайтан
Төрөл: Бөхөн
Зүйл: Татаар бөхөн
Дэд зүйл: Соргог бөхөн, Монгол бөхөн
Ардын нэр: Соргог бөхөн, Монгол бөхөн, Татаар бөхөн, Хорхой бөхөн
Шинжлэх ухааны нэр: Saiga tatarica tatarica, Saiga tatarica mongolica
Монгол бөхөн (Saiga tatarica mongolica) нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос (IUCN, 2002) гаргасан улаан номонд эмзэг гэсэн категорит, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай олон улсын конвенцийн (Вашингтоны, CITES 1975, 1994) II хавсралт буюу хатуу чанд хяналтан дор худалдаалах амьтдын жагсаалтад, дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад тус тус бүртгэгдсэн.
Монгол улсын хэмжээнд 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулсан, монгол улсын “Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэл, 1995 оны шинэчлэн найруулсан “Амьтны аймгийн тухай хууль”- аар нэн ховор ангилалд оруулсан юм.
08
Гадаад төрх, танигдах шинж
115 см-ын урт биетэй , зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг . Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.
Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхроос, Нууруудын хөндийн элсэрхэг хээр нутагт таран идээшлэн нутагшиж байсан юм. 1990-ээд оны үеэр нийт тархан байсан газар нутгийнхаа хориод хувьтай тэнцэх хэмжээний үндсэн хоёрхон газар нутагт Монгол Бөхөн суурьшин амьдарч байв. Түүний нэг Шаргын популяци Шаргын говийн умардаас, баруун, хойд талаараа, ойр орчмын уулсын бэлчрээс говийн хотгорын захруу шилжин тархжээ. Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр 400 орчим км.кв багахан бэлчирт үлдсэн, мөхөх аюул тулгарсан төрөл Монгол Алтайн уулсын далайн төвшнөөс дээш 1100-2200 м ар бэлийн баглуур, таана, монгол өвст, шаваг бүхий дагжуур хайрган хөрст, бартаагүй, хэвгий, ээрэм өндөрлөг газарт нутаглана. Өвлийн тас хийм цастай сэрүүн үед, ган гачигтай зун өвсний өег сөр, бэлчээр дагаж уулсын ам хөндий, толгод доор бэлчдэг. Бөхөн Шаргын говиор 3325 км.кв , Хүйсийн говиор 6700 км.кв, Таван хайрхан, Чандманийн тал нутгаар 1173 км.кв нутагт тархсан байна.
Аль болох сайн идэш ууштай бэлчээр сонгон идээшилж, ойр ойрхон сольж сэлгэнэ. Хол нүүдэллэхгүй. Шаргын говиор өвөлдөө тавиас доошгүй тоо толгойгоор сүрэглэн амьдарна. Урин дулаан цагаар сүрэг бутран тардаг. Ороо нь нэг сард ордог ба хээлээ таван сар тээгээд зун зургаан сарын дундуур төллөдөг. Эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг. Эмэгчингүүд нь заримдаа долоон сартайдаа, хэржин (эр бөхөн) арван есөн сартайдаа үржилд орж эхэлнэ. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллодог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна. Таван хошуу малын өвчин болох омруу өвчинг тусахдаа маш хүнд тусдаг байна. Нялх зулзага, янзага нь хүнд дасан гаршихдаа амархан байдаг бөгөөд өсөн ториноод нас бие хүрээд хэвийн бөхөн шиг үржиж төлждөг.
1994 онд Монгол-Германы хамтарсан судлаачдын тооллогоор 1600 гаруй, 1997 оны 8 сард Монгол-Оросын хамтарсан биологийн экспедицийн судалгаагаар 860 гаруй монгол бөхөн байгааг тодорхойлсон байна. Сүүлийн экспедицийнхэн Хүйсийн говьд 200 орчим бөхөн байгааг тогтоожээ (Амгалан 1997, 1998).
Монгол бөхөнгийн популяцийн тоо толгой 2000 он гэхэд 5200-д хүрсэн хэдий ч байгаль цаг уурын таагүй нөхцөл, бэлчээрийн зохисгүй ашиглалт улам бүр ширүүн болгож популяцийн тоо толгой нь 2001-2002 онд 750 болтлоо буурсан (Л.Амгалан 2002).
2005 оны байдлаар Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний талд нийтдээ 1500 толгой бөхөн үлджээ (Л.Амгалан, Б.Чимэддорж 2005).
Манханы популяци нь 1982 онд 130 гаруй бөхөнтэй байснаа 1983-1984 оны зуднаар 30 хүрэхгүй тоотой болж, 1993 онд 70 гаруй, 1998 онд 50 толгой орчим болсон байна (С.Бадрах 1993, С.Шар 1998).
2005 оны судалгаагаар 15 орчим бодгаль үлдсэн байна (Л.Амгалан, Б.Чимэддорж 2005).
Хамгийн сүүлийн буюу 2008 оны 1-р сарын байдлаар монгол бөхөнгийн нийт тархац нутгийн хэмжээнд 1000 га-д 2.6 толгой нягтшилтай 3240 орчим толгой бөхөн байгаа бөгөөд өмнөх жилийн судалгааны дүнтэй харьцуулахад 11.8%-иар өссөн байна.
04
Хорогдох болсон шалтгаанууд
Байгалийн болон хүн амьтны хүчин зүйл, үйлдлээс болж Монгол бөхөнгийн тоо толгой жил жилд янз бүрээр хэлбэлзэж байдаг. 1993 оны байдлаар Шаргын популяци 1400, Манханы популяци 70-аад ширхэг байсан. Шаргын говийн 1000 га-д 5.9 толгой ногдох 1980 орчим, Хүйсийн говьд 1000 га-д 1.6 толгой ногдох 1100 орчим, Чандманий талд 1000 га-д 0.8 толгой ногдох 160 орчим, нийт 3240 толгой монгол бөхөн байна. 2010-2012 оны хооронд хийсэн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн хөтөлбөрийн газрын хамтарсан судалгаа тооллогын дүнгээр, монгол оронд дунджаар 8000 толгой монгол бөхөн байна гэж судлан тоолон тогтоожээ.
Монгол бөхөнгийн эврийг Дорно дахины ангаах ухаан ардын эмчилгээнд, махыг нь нутгийн хүн ард хоол хүнсэндээ эртнээс ашиглаж, хайр найргүй авласанаас, мөн Монгол бөхөнгийн амьдрах нутаг тархац нь багасан хумигдсанаас шалтгаалан тоо хэмжээ нь эрс буурсан. 1990-ээд онд Монгол бөхөнгийн эврийг гадагш гарган зарж борлуулах нь их болсноос хууль бусаар бөхөнг агнах явдал ихэсчээ. Монгол бөхөнгийн төрж өсөж, идээшлэн дассан нутаг орон, бэлчээр усыг нь хүн болон гэрийн тэжээвэр мал түрэн эзлэх болж, тэдний бэлчээр нутгаас хороосоор байна. Цас зуд ихтэй хүйтэн өвөл болон хавар ихээхэн хэмжээгээр турж эцэн өлбөрч, мөн осгон хөлдөж үхэх явдал их байдаг. Бөхөн гууртдагаасаа болж таргалах, хүнд нөхцөл байдлыг даах, бэрхшээл давах чадвар доройтдог нь хорогдлын шалтгаан бас болж байна. Эдгээрээс гадна Монгол бөхөнгийн гол дайсан нь бүргэд шувуу юм.
Устах аюулд орсон, унаган зүйл. Анх хорьдугаар зууны гучаад оноос Монгол бөхөнг агнахыг хуулиар бүрэн хориглож, Амьтны тухай хууль, бүртгэлдээ нэн ховор амьтнаар бүртгэн авч байжээ. Монголын улаан ном, Олон улсын улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус бүрд нь оруулав. Шарга, Манханыг 1993 оноос улсын тусгай хамгаалалтанд авч нөөц газар болгожээ. Монгол бөхөнгийн нөөц, тархац экологи биологийг судалж, гаршуулах, нутагшуулахыг туршин үзсэн.
- Монгол бөхөнгийн бэлчээр нутаг дээгүүр дайран өнгөрсөн олон салаа зам жимийг багасган журамлах, замын хяналт шалгалтыг чангатган сайжруулах
- Тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтанд нэмэн, орон нутгийн сүлжээнд хамруулах
- Гаршуулан тэжээн, өсгөн үржүүлж, бэлчиж байсан нутагт нь ахин нутагшуулах
- Бөхөнгийн бэлчир нутагруу малыг бэлчээхгүй, давхцуулахгүй байх
- Биологийн судалгааг нарийвчлан гүнзгийрүүлэн судлах
- Хууль бус авыг таслан зогсоож, тухай бүрт нь хариуцлага тооцох
- Орон нутгийн иргэдийн хамтын нөхөрлөл, төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол бөхөнгийн бэлчир нутгийг тэдгээр иргэдэд хариуцуулан өгч тухайн бүс нутгийн иргэн бүрийг байгаль хамгаалагч болгон иргэний үүргийн биелэлтийг нь хангах
- Төр засгаас дэмжих хамгаалалт, хяналтын системийг тогтмолжуулан, иргэдийн хүчээр хууль бус ан авыг таслан зогсоож арилгах
- Байгалийн ган гачиг, цас зудны, гамшиг тохиолдоход биотехникийн нэмэлт арга хэмжээ авах, удмын санг хадгалах зэрэг олон арга хэмжээг яаралтай хийж эхлэх хэрэгтэй байна.
Хэдийгээр монгол оронд нэн ховор амьтдыг агнахын эсрэг хууль батлагдан мөрдөгдөж байгаа боловч хууль бусаар Монгол бөхөнг агнах явдал байсаар байна. Тиймээс Монгол бөхөн тархан суурьшсан нутгийн иргэд болон хууль хүчний байгууллага хамтран хуулийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал алхам юм. (Л.Амгалан, Б.Чимэддорж )
Өөр хоорондоо ба хүрээлэн буй гадаад орчинтойгоо амьдралын тодорхой харьцаагаар холболдон зохилдсон, ус ба хуурай газрын нэг хэсэгт амьдарч буй ургамал, амьтан, бичил бие махбодийн нэгдлийг БИОЦЕНОЗ гэдэг.
Монгол бөхөн манай говь цөлийн бүсийн хөхтний үндсэн төлөөлөгчийн нэг бөгөөд биоценозод чухал үүрэг нөлөө холбогдолтой амьтан. Амьдтын идэш тэжээлийн гинжин холбооны нэг зангилаа болж дэлхэц нутгийн ургамал, амьтны аймаг био бүтэмжид эерэг нөлөөлнө. Говь цөлийн амьтны аймгийн идэш тэжээлийн гинжин холбооны төв хэсэгт энэ тууртан оршино. Саарал чоно, шүлүүс мий, тас, цармын бүргэд зэрэг мах идэшт хөхтөн болон шувууд монгол бөхөнг шууд барьж иднэ. Идүүлсэн амьтны сэг үлдцээр шар үнэг, хярс үнэг, хүрэн үен, элээ, хэрээ, шаазгай зэрэг мах идэшт нугаламтан, бас олон зүйл махчин шавж идэшлэнэ.
Сүрэглэж бөөнөөр явдаг туруутан энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг. Монгол бөхөн ийнхүү говь цөлийн орчин тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болж ургамал, амьтны аймгийн элдэв хэлбэр оршин тогтнох хэвийн байлгах чухал нөлөө, оролцоо ач холбогдолтой.
Монгол бөхөнгийн эврийг Дорно дахины уламжлалт анагаах ухаанд эмийн чухал түүхий эд болгон ашигладаг, мөн палеолитийн үеийн хүмүүсийн амьжиргаанд чухал үүрэгтэй, түгээмэл тархалттай агнуурын амьтан байсан юм. Одоо агнуурын нөөцгүй болсон.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.