Арав.мн

Монгол орны ховор амьтад - ШИВЭР ХИЛЭМ

Монгол орны ховор амьтад - ШИВЭР ХИЛЭМ

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани устан үгүй болоход нэн ойртсон хилэм загасыг танилцуулж байна.


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хилэмтэн
Баг: Хилэмтэн
Овог: Хилэмийнхэн


09

Ховордлын статус

Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

Нуруун тал бор саарал, хэвэл цайвар шаргал өнгөтэй. Хошууныхаа доод талд байрласан амтай. Хоёр хос сахалтай. Арьс, ялангуяа толгойн хэсэгтээ товхон хайрстай. Нурууны сэлүүр 38-53, хэвэл сэлүүр 22-32, төгсгөлийн сүвийн сэлүүр 20-32, цээжний сэлүүр 36-51 гуурстай. Нурууны сэрвэн 11-17, хажуугийн сэрвэн 47-53, хэвэл нь сэрвэн 10-12, заламгайн өргөс 36-45. Заламгайн эхний нумд 31-44 өргөстэй. 


07

Тархац, байршил нутаг

Обь мөрнөөс Колым хүртлэх голууд, Иртыш гол, Енисей мөрөн, Байгаль нуурт тархсан. Олон голын бэлчир, Сэлэнгэ мөрөн түүний цутгалан голуудаар тархана. Тавиад оноос Сэлэнгэ, Орхон, Туул гол өгсөн ганц нэгээр нүүдэллэн ирж, нутагшиж эхэлсэн. 1988 онд Булган аймгийн Хантай багийн нутаг Эгийн голоос баригдаж байв. Жараад оноос хууль бусаар хайр гамгүй агналтаас эрс ховордсон. Өнөөгийн байдлаар, манай оронд 3 газар түрсээ шахдаг гэж үздэг. 


06

Амьдарлын онцлог

Энэ зүйл загас 60 хүртэл наслах бөгөөд атуух (эр загас) 18-24, атуу (эм загас) 24-28 насандаа үр төлөө үлдээх боломжтой болдог (CITES, 2000). Үржих үедээ Байгал нуурын савын голоос Сэлэнгэ мөрнийг өгсөн нүүдэллэн манай улсын нутагт ирж түрсээ шахдаг. Зарим бодгаль монголын гол, мөрөнд нутагшин идээшиж байна. V сарын дундаас VI сарын 15 хүртэл ус, 10-15 хэм дулаан байхад, усан доорх хайрга чулуун дээр, чулууны завсар түрсээ шахна. Нэг атуу 3,08-11,0 кг  хар түрс гаргана. Биеийн жингийн хувьд гол төлөв 65 кг хүрэх боловч 200 кг хүртэлх жинтэй бодгаль тохиолдож байжээ (CITES, 2000).


05

Идэш тэжээл

Хилэм загас хөдөлгөөн багатай. Голын гүн, эргүүлэгтэй усны ёроолд элс, лаг шавартай газар хошуугаа газар шүргүүлэн хэвтэж, ус сорон, ёроолын элдэв шавж, зөөлөн биетэн, ургамлаар хооллодог.


04

Тоо толгой, хомсдох шалтгаан

Нөөцийг нарийвчлан тогтоогоогүй. Түрсээ жил өнжиж шахдаг, удаан үржилтэй загас. Гучаад оноос Байгал нуур, Сэлэнгийн савын гол мөрнөөс хууль бусаар агнаж, Сэлэнгэ мөрний цутгал голуудын усыг бохирдуулснаас нөөц багасч байна. Бүс нутгийн хэмжээнд ойг их хэмжээгээр огтолсны улмаас Сэлэнгэ голын ус ихээр булингартаж бохирдсоор байна. Дэлхийн хэмжээнд хилэм загасыг хязгаарлагдмар орчинд үржүүлж байгаагаас (CITES, 2000) хромосом нь транслокацид орж, популяцийн генетик тогтоц өөрчлөгдөж, амьдрах чадвар нь доройтон тоо толгой нь хоргодсоор байна (M.Kottelat, аман мэдээ).


03

Хамгаалсан байдал

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн II хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн I хавсралтад тус тус бүртгэгдсэн. 


02

Цаашид хамгаалах арга хэмжээ

Тухайн загаснуудын хувьд Монгол дахь үржлийн газруудын байрлал болон популяцийн тоо толгойг тодруулах судалгааг хийж гүйцэтгэх. Мэдээлэл солилцох болон хамгаалах арга хэмжээг Оросын эрдэмтэд, судлаачидтай хамтран гүйцэтгэх. Тархац, нөөцийг судлах, байршил нутгийг тусгай хамгаалалтад авах, гадагш урсгалгүй голд нутагшуулах, зориудаар өсгөн үржүүлэх, замаар тоо толгойн өсөлтийг дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг бүх талаар дэмжиж, хууль бус агналтад тавих хяналтыг сайжруулах, сурталчилгаа хийх.


01

Ач холбогдол

Усан орчинд хоол тэжээлийн олон хэлхээ орших ба бодисын эргэлтийн нэгэн гишүүн бол загас юм. Хилэм загас фитопланктон, зоопланктоны тоо толгойг зохицуулдаг. Мөн загас бусад сээр нуруутны тэжээлийн эх үүсвэр болох ба усны шувуудын үндсэн тэжээлийн нэг болдог.


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Sturgeon-ы төрөл мөн үү? Харахад бол ижилхэн л юм. Би андуураагүй бол Sturgeon-ы түрс чинь одоо аймшигтай үнэтэй мөн биз дээ?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start