Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Felis
Зүйл: Мануул
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани "Мануул" хэмээх ховор амьтны тухай танилцуулж байна.
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Felis
Зүйл: Мануул
Олон улсын үнэлгээ: Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд хамгаалах тухай Вашингтоны конвенц(CITES)-ийн II хавсралтанд бүртгэгдсэн "олон улсын хэмжээнд ховордож болзошгүй" ангилалд ордог.
Бүс нутгийн үнэлгээ: Дэлхийн байгалийн нөөцийг хамгаалах холбоо(IUCN)-ны улаан номны “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг.
Мануул (otocolobus manul) нь Төв Азид тархсан жижиг муур юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.
Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдрийн өвөг гэж ташаа үзэж байсан.
Мануул нь Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг.
Биеэ хамгаалах чадвар муутай амьтан гэмээр аюултай дайснаа харахаараа нүүрэндээ аргал барьчхаад, өөрийгөө нуугдчихлаа гэж бодно. Нүдээ аниад хэвтэхээрээ тэр хавьдаа харанхуй болчихлоо гэж эндүүрдэг сонин амьтан шүү.
Дэлхийн тархац: ОХУ, Армен, Иран, Казахстан, Узбекистан, Афганистан, Пакистан, Тажикистан, Хятад, Энэтхэг, Киргизстан, Монголд
Бүс нутгийн тархалт: Монгол орны Хөвсгөл, Хэнтийн уулсын таг, ялангуяа Архангай, Завхан, Говь-алтай, Хөвсгөл, Төв аймгийн нутагт элбэг тохиолдоно. Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн тал хээр, Дорнод монголын талд ч бий, Алтайн цаад говь Зүүнгарын говь, Өмнийн говиудад ховор тохиолдоно. Монгол орны тайгын бүсээс бусад бүх нутагт тархсан. Цөлийн бүсээр ховор тохиолдоно.
Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхитэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Ороо нийллэг хавар 2-р сард болно. Хээл тээх хугацаа дундажаар 65-67 хоног. Эм мануул 3-6 ногоолой төрүүлнэ. 2 настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл насалдаг.
Мануул нь ойт хээр, бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадат уулсаар тохиолддог, хуурай гандуу, задгай нутагт байршилтай. Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, жижиг агуй зэрэгт үүрлэнэ.
Үлийн цагаан оготно, чичүүл, огодой, барагчин, зурам, шишүүхэй зэрэг жижиг хөхтөн амьтдаар хооллохын зэрэгцээ тарваганы мөндөл, туулайн бүжин, ятуу, жижиг шувуудаар хооллоно.
Олон улсын хэмжээнд арьсыг нь дээл, хантааз, нударга, пальтоны зах, малгай хийх зорилгоор арьсыг нь худалдаалдаг учир хараа хяналтгүй агнаж энэ зүйлийн тоо толгой нь буурч байна гэж үздэг. Мөн үлийн цагаан оготнын (Lasiopodomys brandti) тоо толгойг зохицуулах зорилгоор хэрэглэж буй Бромадиолне химийн хорт бодисонд дам өртдөг, уламжлалт анагаах ухаанд гадар өөхийг нь эмчилгээний зорилгоор хэрэглэдэг зэрэг ч мөн адил ховордлын шалтгаан болж байна.
Мануул мий нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо(IUCN)-ны улаан номны “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенц(CITES)-ийн II хавсралтанд бүртгэгдсэн дэлхийн ховор амьтан юм. Мануул мийн тархац нутгийн 12 орчим хувь нь улсын тусгай хамгаалттай газар нутагт хамрагддаг. /Монгол улсын улаан данс. 2006/
Үлийн цагаан оготно болон хөдөө аж ахуйн хортон мэрэгчдийн тоо толгойг бууруулахад чухал үүрэгтэй. Энэ нь мал аж ахуй эрхэлдэг монгол орны хувьд бэлчээрийн даацыг хэвийн байлгах ач холбогдолтой бэлчээрийн даацыг хэвийн байлгах ач холбогдолтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.