2017 оны хамгийн өндөр орлоготой тамирчид
2017 онд хамгийн өндөр цалин авсан 100 тамирчны жагсаалтыг “Forbes” сэтгүүл гаргалаа. Ашиг, орлогоороо тэргүүлсэн эдгээр тамирчид 21 орноос гаралтай бөгөөд нийт 11 төрлийн спортод хүч үздэг аж. Тэдний дийлэнх нь буюу 63 нь АНУ-ын иргэн бол 32 нь сагсан бөмбөгийн тамирчид юм байна. Энэ жилийн жагсаалтыг тэргүүлсэн тамирчид нийт 3.11 тэрбум ам.долларын орлоготой байсан бол энэ мөнгөний 29% нь цалингаас гадуурх орлого буюу зар сурталчилгааны орлого байжээ. Ингээд “Forbes”-ын жагсаалтын эхний 10 байрт орсон тамирчдыг сонирхуулж байна.
10
Льюис Хамилтон – 46 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Автомашины уралдаан
Цалин/шагнал: 38 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 8 сая ам.доллар
Иргэншил: Их Британи
Хэдийгээр 2016 онд “Формула-1”-ийн 10 тэмцээнд түрүүлсэн ч Дэлхийн аварга шалгаруулах уралдаанд багийн анд Нико Росбергд ялагдсан Британи гаралтай нисгэгч Хамилтон Mercedes AMG Petronas багтай хийсэн гурван жилийн гэрээнийхээ тэг дунд нь явж буй нэгэн. 1985 онд төрсөн залуу тамирчин энэ гэрээний хүрээнд 120 сая ам.доллар авах бөгөөд дээрээс нь бонус нэмэгдэх юм. Хамилтон IWC, Monster Energy, L’Oreal, Bose, Puma, MV Agusta Motorcycles болон Bombardier Recreational Products зэрэг аварга компаниудын нүүр царай болдог.
09
Жэймс Харден – 46.6 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Сагсан бөмбөг
Цалин/ шагнал: 26.6 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 20 сая ам.доллар
Иргэншил: АНУ
Houston Rockets багт хүчин зүтгэдэг хамгаалагч Жэймс Хардены цалин 2016 онд огцом нэмэгдэж, багтайгаа хийсэн гэрээнд өөрчлөлт оруулж, сүүлийн хоёр жилийг 4 жил болгон сунгаснаар нийт 118 сая ам.долларын гэрээ байгуулсан юм. Шинэ гэрээгээр Хардены цалин өмнөхөөсөө 10 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Гэрээний хариуд Харден Rockets багтаа карьерынхаа хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж, NBA-ын түүхэн дэх хамгийн анхны 2000 оноо, 2000 дамжуулалтыг 1 улиралд хийсэн тоглогч болсон юм.
Бүх оддын багийн бүрэлдэхүүнд гурван удаа шалгарч, 2015 онд Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртээд байсан Харденыг Adidas компани нүүр царайгаа болгон 200 сая ам.долларын 13 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Өвөрмөц дүр төрхтэй, тэсрэлттэй тоглолттой Харден Beats, Foot Locker, BodyArmor, NBA 2К-аас гадна маш олон компанитай хамтран ажилладаг билээ.
08
Стефен Көрри – 47.3 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Сагсан бөмбөг
Цалин/ шагнал: 12.2 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 35 сая ам.доллар
Иргэншил: АНУ
Golden State Warriors багийн хамгаалагч Стефен Көрри NBA-ын энэ цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. 2016-2017 онд тэрбээр 12.1 сая ам.долларын цалин авч, бүх цаг үеийн хамгийн өндөр цалинтай NBA тамирчдын жагсаалтын 85 дугаар байрт орж байв. Хоёр удаагийн MVP болсон Стефенд 5 жилийн хугацаанд 200 сая ам.долларын цалин өгөхөөр болоод байгаа юм. Сүүлийн гурван улирлын тоглолтод Golden State Warriors баг нийт 207 удаа ялалт байгуулаад байгаа билээ.
Ердөө 12 сарын дотор Көрригийн талбай дээрх орлого бараг 3 дахин нэмэгдсэн бол түүний дугаартай өмсгөл сүүлийн хоёр улирлын турш хамгийн олон борлогдсон. Тэрбээр JPMorgan Chase, Brita, Vivo, PressPlay зэрэг компанитай гэрээтэй.
07
Рори МакИлрой – 50 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Гольф
Цалин/ шагнал: 16 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 34 сая ам.доллар
Иргэншил: Их Британи
“PGA Tour”-ын хоёр ч том тэмцээнд түрүүлсэн МакИлрой Tour Championship-аас FedEx цомыг авч, 10 сая ам.долларын шагнал хүртсэн билээ. Үзүүлж буй амжилтынхаа ачаар Рори сурталчилгаанд ашиглахад хамгийн тохиромжтой спортын оддын нэг болж Nike компанитай хийсэн гэрээгээ 10 жилээр сунгаж чадсан юм. Ирланд гаралтай гольфчин түүнчлэн TaylorMade, Omega, Upper Deck зэрэг компаниудтай сурталчилгааны гэрээтэй бөгөөд 2015 онд Тайгер Вүүдсийн оронд Electronic Arts компанийн гольфийн компьютер тоглоомын нүүр царай болжээ.
06
Эндрью Лак – 50 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Америк хөлбөмбөг
Цалин/ шагнал: 47 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 3 сая ам.доллар
Иргэншил: АНУ
“Indianapolis Colts” багийн чиглүүлэгчийн байранд тоглодог Эндрью Лак 2016 онд гэрээгээ 5 жилээр сунгаж, 123 сая ам.долларын цалин авах болсон юм. Гэрээний хүрээнд мөн гэрээ байгуулсны бонус болгож 32 сая ам.долларыг өгсөн аж. Өдгөө 24.6 сая ам.долларын дундаж цалин, 87 сая ам.долларын баталгаат орлоготой тэрбээр NFL-ын хамгийн өндөр цалинтай тоглогч болжээ. Лак карьерынхаа эхэн үед Nike зэрэг том компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулахаас татгалзаж байсан ч одоогийн байдлаар TD Ameritrade, DirecTV, Panini болон BodyArmor-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
05
Кевин Дюрант – 60.6 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Сагсан бөмбөг
Цалин/ шагнал: 26.6 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 34 сая ам.доллар
Иргэншил: АНУ
2016-17 оны улирлын тоглолтууд эхлэхээс өмнө Oklahoma City багийг орхиж, Golden State Warriors багт орсон Дюрант Nike, Beats, American Family Insurance, BBVA, Sparkling Ice, Panini болон NBA 2K зэрэг компаниудтай томоохон гэрээ байгуулсан байдаг. Түүнчлэн Player’s Tribune, Acorns, Postmates болон JetSmarter компаниудад хөрөнгө оруулж, бизнесийн гараагаа амжилттай эхлүүлээд байгаа нэгэн.
Дюрант 2014 онд Nike компанитай 300 сая ам.долларын үнийн дүн бүхий 10 жилийн гэрээ байгуулсан юм. Нэг тоглолтод дунджаар 27.2 оноо авдаг амжилтаараа Дурант одоо тоглож буй тоглогчдыг тэргүүлж, бүх цаг үеийн жагсаалтын 4 дүгээр байрт бичигдэж байна.
04
Рожер Федерер – 64 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Талбайн теннис
Цалин/ шагнал: 6 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 58 сая ам.доллар
Иргэншил: Швейцар
2016 оны хоёрдугаар хагасыг өвдөгний гэмтлээс болж өнжсөн Федерер энэ онд эргэн ирж, Австралийн нээлттэй тэмцээнд мөнхийн өрсөлдөгч Рафаэл Надалыг буулган авснаар 2012 оноос хойш Их дуулгын анхны, нийт Их дуулгын 18 дахь удаагийн цомоо хүртсэн билээ. Одоо 35 настай Федерер сүүлийн 40 жилийн хугацаанд Их дуулгын тэмцээний аваргын тоглолтод оролцсон хамгийн хөгшин тамирчин болоод байна. Австралийн нээлттэй тэмцээний амжилтаа үргэлжлүүлж Indian Wells болон Miami-гийн тэмцээнүүдэд түрүүлж, ATP-ын 91 дэх түрүүгээ хүртсэн билээ. Гэвч эдгээр тэмцээнүүдээс хожсон үлэмж их шагнал нь түүний зар сурталчилгааны орлогын хажууд өчүүхэн бага.
Хамгийн сүүлд Barilla гэх пастаны компанитай 5 жилийн гэрээ байгуулж, энэ хугацаандаа 40 сая ам.долларын орлого олох прогноз гараад байна. Тэрбээр спонсоруудтайгаа ихэвчлэн 10 буюу түүнээс дээш жилийн гэрээтэй. Тэдний дунд Nike, Wilson, Credit Suisse, Mercedes, Rolex, Lindt, Jura, Moet &Chandon, Sunrise болон NetJets компаниуд бий. Федерер мөн Цюрих, Сиэтл хотуудад үзэсгэлэн гаргаж, буяны ажилд зориулан 4 сая ам.долларыг босгож чадсан юм. Түүний сан нийт 40 сая гаруй ам.долларын хөрөнгө босгож, Африк тив дэх боловсролын хөтөлбөрүүдэд 30 сая ам.долларын хандив өгсөн байна.
03
Лионел Месси – 80 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Хөлбөмбөг
Цалин/ шагнал: 53 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 27 сая ам.доллар
Иргэншил: Аргентин
Ла Лигийн түүхэнд хамгийн олон буюу 1 улиралд нийт 53 гоол оруулж, 16 амжилттай дамжуулалт хийсэн Месси Барселона багтаа 52 тоглолтод оролцоод байна. Аргентин улсаас гаралтай довтлогч цаашид ч гэрээгээ сунгах магадлалтай байгаа билээ.
Месси 12 дугаар сард Adidas компанитай хийсэн гэрээгээ сунгасан бөгөөд уг компани түүний зар сурталчилгаанаас олж буй нийт орлогын тэн хагасыг олгож байгаа юм байна. Хөлбөмбөгийн супер од EA Sports компанитай хийсэн 5 жилийн гэрээний хугацаанд FIFA тоглоомын нүүрэнд нийт 4 удаа тавигдсан ч 2016 онд гэрээ дууссанаар түүний зар сурталчилгааны орлого буураад байгаа аж.
02
ЛеБрон Жэймс – 86.2 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Сагсан бөмбөг
Цалин/ шагнал: 31.2 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 55 сая ам.доллар
Иргэншил: АНУ
NBA-ын дөрвөн удаагийн MVP шагналт ЛеБрон Жэймс 2014 оны 7 дугаар сард Cleveland Cavaliers багтаа эргэн ирснээсээ хойш багаа 2016 оны NBA-ын аварга болгож, 52 жилийн дараа аваргын титмийг хотдоо авчирсан гавьяа байгуулсан юм. Энэ ялалтын дараа гэрээгээ 3 жилээр сунгаж, энэ хугацаанд 100 сая ам.долларын цалин авахаар болсон байна. Тэрбээр 2016-17 оны хооронд авсан 31 сая ам.долларын цалингаараа NBA-ын түүхэн дэх 30 сая ам.доллараас давсан тоглогчдын жагсаалтын 3 дугаарт буюу домогт Майкл Жордан, Коби Брайнт нарын дараа бичигдсэн билээ.
ЛеБроны хувьд Intel болон Verizon зэрэг аварга компаниудтай гэрээ байгуулсан байдгаас гадна Nike, Coca-Cola, Beats by Dre, KIA Motors компаниудын нүүр царай болдог. Түүний Nike-тай хийсэн насан турш үргэлжлэх гэрээний хүрээнд 1 тэрбум ам.долларын орлого орох тооцоо бий. ЛеБрон түүнчлэн SpringHill Entertainment гэх өөрийн компанитай ба Чикаго, Флорида мужуудад 17 салбартай Blaze Pizza компанийн хөрөнгө оруулагч юм.
01
Криштиану Роналду – 93 сая ам.доллар
Орлогын эх үүсвэр: Хөлбөмбөг
Цалин/ шагнал: 58 сая ам.доллар
Зар сурталчилгаа: 35 сая ам.доллар
Иргэншил: Португал
FIFA-гийн хамгийн шилдэг тоглогчоор 4 дэх удаагаа шалгарсан Роналду Реал Мадридтай хийсэн гэрээгээ 4 жилээр сунгаж, жил бүр 50 сая ам.долларын цалин авах болоод байгаа билээ. Tag Heuer, Abbott Laboratiries, Herbalife компаниудаар ивээн тэтгүүлдэг хөлбөмбөгчин маань түүнчлэн Nike-тай насан туршийн гэрээ хийсэн нь нийт 1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой.
Өнгөрсөн зун UEFA Euro-гийн тэмцээнд улсаа аварга болгосонд баярласан Португал улсын зүгээс олон улсын нисэх онгоцны буудлаа түүний нэрээр нэрлэсэн юм. Криштианугийн тоглодог Реал Мадрид баг энэ улиралд Ла Лигад, 2015-16 онд Аваргуудын лигт түрүүлээд байгаа.
Түүнчлэн түүний CR7 брэндэд спорт хувцас, үнэртэн, зочид буудлын сүлжээ зэрэг багтаж байна. Роналду олон нийтийн сүлжээнд дэлхийн хамгийн алдартай тамирчин ба нийт 275 сая дагагчтай нэгэн билээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.