Биткоины талаарх сонирхолтой баримтууд
XXI зууны интернэтийн дараа орох хамгийн чухал ололтын нэг гэгдэж буй крипто-валют дэлхийг хуй салхи лугаа адил байлдан дагуулж байна. Тэдний анхдагч болох биткоин гэхэд анх нэг цент ч хүрэхгүй үнэтэй байсан бол өдгөө нэг ширхэг нь 18,7 мянган ам.долларын үнэтэй болжээ (2017 оны 12-р сарын байдлаар).
2009 онд Кристофер Коч нэртэй хүн 27 ам.доллараар 5000 ширхэг биткоин худалдан авч байсан нь одоогийн ханшаар 93,6 сая гаруй ам.долларын үнэтэй болоод байгаа билээ. Дэлхий нийтийг хуйлруулж буй уг крипто-валютын талаар 10 сонирхолтой баримтыг танилцуулъя.
10
187 сая ам.долларын үнэтэй пицца
Анх биткоиныг худалдан авахад ердөө хэдхэн цент л шаардлагатай байсан тул тус валютыг ашиглах хүн нэг ч байсангүй. Гэтэл нэг өдөр буюу 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Лазло Ханиеч гэгч хүн хамгийн анх удаа биткоиноор гүйлгээ хийв. Тэрээр 5 дугаар сарын 17-ны өдөр биткоиноор пицца худалдан авах хүсэлтээ интернэтэд байршуулжээ. Энэ хүсэлтийг нь Papa John’s сүлжээ хүлээн авч 10,000 биткоиноор хоёр ширхэг том пицца зарсан байна. Тухайн үед энэ нь ойролцоогоор 41 ам.доллар болж байв.
Харин өнөөдрийн ханш (2017 оны 12-р сарын 19-ний байдлаар 1 BTC = 18,733 ам.доллар)-аар тооцвол Лазло маань 187,3 сая ам.доллараар хоёр пицца худалдан авсан гэсэн үг юм. Өдгөө 5 дугаар сарын 22-ны өдрийг “Пиццаны өдөр” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.
09
Биткоиныг үүсгэн байгуулагч хэн гэдэг нь тодорхойгүй
Тийм ээ. Биткоиныг үүсгэн байгуулсан хүний талаар мэдээлэл бараг байхгүй. Хамгийн анх буюу 2009 онд биткоиныг олон нийтэд зарласан үеэс хойш үүсгэн байгуулсан хүнийг олоогүй байгаа юм. Сатоши Накамото гэх нэрээр танилцуулагдсан боловч тэр нь хэн гэдэг нь тодорхойгүй байсаар байна.
2016 оны 5 дугаар сард Австралийн энтрепренер Крэйг Врайт гэж хүн өөрийгөө уг крипто-валютыг бүтээсэн хүн гэж зарласан ч энэ нь худал байсан гэдэг нь хожим илэрсэн юм. Тэрбээр “Bitcoin Cash” нэртэй хуулбар крипто валют гарган, түүгээрээ хүмүүсийг залилан худалдаа хийсэн байдаг. Крэйг мөнгөөрөө Lamborghini хүртэл худалдан авсан байна.
Зарим таамаглалд Самсунг, Тошиба, Накамичи болон Моторола нар хамтран биткоиныг гаргасан гэж үздэг. Энэ нь “Сатоши Накамото” гэх нэртэй холбоотой.
“Самсунг ба Тошиба”- Сатоши
“Накамичи ба Моторола” – Накамото
Ямартай ч хэн бүтээснээс үл хамааран уг валютын төвлөрсөн бус мөнгөн гүйлгээ болон бусад давуу талуудынхаа ачаар биткоин тасралтгүй өссөөр байгаа билээ.
08
Биткоиныхоо түлхүүрийг алдвал бүгдийг алдана
2013 оны 11 дүгээр сард Жэймс Ховеллс гэгч IT инженер залуу гэрийнхээ ширээг цэвэрлэж байхдаа 7500 биткоиноо алдсан байдаг. Түүний хогон дунд хатуу диск нь байсан бөгөөд энэ дотор 2010 онд олборлосон биткоиных нь хувийн түлхүүр нь байсан аж. Нэг өдөр Норвегид нэг хүн хямд үнээр биткоин худалдан авсаныхаа ачаар хагартлаа баяжсан тухай уншаад өөрийгөө юу хийснээ мэдсэн байна.
Одоо хүртэл Жэймс хогон дундаас өөрийнхөө хатуу дискийг хайж байгаа юм. Түүний хаясан 7500 биткоин нь өнөөдрийн байдлаар 140,5 сая ам.долларын үнэтэй байх байжээ.
Хувийн түлхүүр нь байхгүй бол ямар ч биткоины хадгаламжийг ашиглах боломжгүй гэсэн үг. Өдгөө нийт олборлогдсон биткоины 25% нь хаягдсан гэсэн тооцоо бий.
Мөнгө модноос ургадаггүйн адил биткоин ч модноос ургахгүй. Бусад валютын төрлүүдийг бодвол гарт баригдахгүй, хэвлэж гаргах боломжгүй. Уг валютыг блокчэйн сүлжээгээр олборлодог ба “биткоин уурхайгаас” 10 минут тутамд нэг биткоин блок гардаг. Тэгэхээр өдөрт 3600 шинэ биткоин олборлогддог гэсэн үг.
Олборлохын тулд хүмүүст крипто-сүлжээг баталгаажуулах математикийн тэнцэтгэл боловсруулах чадалтай компьютер хэрэгтэй. Үүнийг ашиглан маш нарийн криптографик бодлогуудыг тооцоолдог. Цахим орчинд компьютерийн хүчин чадал нэмэгдэх тусам зарцуулах эрчим хүч өсч байдаг. Дэлхийн хэмжээнд өдгөө цагт 32.71 тераватт эрчим хүчийг зарцуулж байгаа аж. Одоогийн байдлаар гэхэд дэлхийн хэмжээнд биткоин олборлоход зарцуулж буй эрчим хүчний хэмжээ Ирланд улсын жилийн хэрэглээнээс ч даваад байна. Гэтэл энэ нь цаашид улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Тэгэхээр биткоин хэмээх энэхүү хийсвэр валютын байгальд бодитоор үзүүлэх хохирол асар их байгаа гэсэн үг. Иймд энэ хэрэгцээг байгаль орчинд үзүүлэх нөлөө багатайгаар шийдэх зайлшгүй шаардлага гарч ирээд байгаа юм. Эсвэл харьцангуй бага эрчим хүч шаардах өөр крипто-валют руу нийтээрээ шилжих сонголт бий.
Биткоины нөөцөд хязгаар бий. Нийт ердөө 21 сая ширхэг л биткоин гарч ирэх юм. Одоогийн байдлаар үүнээс 16,3 сая гаруйг нь олборлочихсон байгаа. Өдөрт гаргаж буй биткоины тоон дээр тулгуурлан үзэхэд хамгийн сүүлийн биткоиныг 2140 онд олборлох юм байна. Энэ өдрөөс хойш дахиж нэг ч биткоин олборлох боломжгүй болно гэсэн үг.
Шавхагдах нөөцтэй гэдэг шинж чанар нь уг крипто-валютыг сонирхох хүний тоог улам бүр нэмж байна. Учир нь нөөц багасах тусам биткоины үнэ нэмэгдсээр байх юм.
05
Биткоины үнэ 2014 оноос бусад жилд байнга өссөөр ирсэн
Биткоины үнэ 2014 онд 62%-аар огцом унасан байдаг. Түүнээс бусад жилүүдэд тасралтгүй өссөр иржээ. Өсөлтийг дурдвал:
2010 онд – 20566%
2011 онд – 1893.5%
2012 онд – 117.5%
2013 онд – 5487.8%
2015 онд –52.8%
2016 онд – 118.5%
2017 онд – Цаг, минут бүр асар ихээр өсч байгаа тул таныг энэ мэдээг унших үед хуучирсан байх магадлал өндөртэй тул оруулаагүй болно.
2014 оны уналт нь MtGox-ыг хакердсантай холбоотой юм. Энэ үед 751 ам.доллар байсан нэг биткоин 285 ам.доллар хүртэл буурчээ. Биткоины нэг давуу тал нь хүмүүсийн итгэх итгэл байсаар л байвал хэзээ ч үнээ алдахгүй гэж хөрөнгө оруулагчид хэлдэг.
04
Биткоиныг хориглох үндэслэл байхгүй
Биткоиныг хориглох талаар яриа байнга гарч ирдэг. Уламжлалт банкны системийн зохицуулалт, хуулиас гадуур оршдог тул ийнхүү биткоин руу дайрдаг аж. Гэхдээ энэ системийг хориглох ямар ч үндэслэл байхгүй юм. Харин зохицуулалт хийж болно. Учир нь танд интернэт холболт, биткоин хэтэвч байгаа цагт ямар ч үед биткоинтой харьцах боломжтой.
Бангладеш, Болив, Тайланд болон Вьетнам зэрэг улсууд биткоинд хориг тавьсан байдаг бол эсрэгээрээ ОХУ, Япон, Венесуэль улсууд биткоиныг хүлээн авч, төрийн тендерүүдэд ашиглаж байгаа. Харин Энэтхэг, АНУ зэрэг интернэт, мэдээллийн технологид тэргүүлэгч улсууд байр сууриа хараахан илэрхийлээгүй байгаа юм.
03
Биткоины хамгийн том хэтэвчтэй газар бол FBI
Холбооны мөрдөх товчоо онлайн хар зах болох “Silk Road”-ыг 2013 оны 10 дугаар сард зогсоосон байдаг. Тус байгууллага “Tor” нууцлагдмал браузер ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Тус вэбсайт 2011 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд хэрэглэгчид байршил, IP хаяг, нэр зэрэг бүх мэдээллээ нууцалж, хориотой зүйлс борлуулах боломжтой байжээ. Холбооны мөрдөх товчооны зүгээс энэ вэбсайтын үйл ажиллагаагаар хар тамхи, сэргээш, хуурамч жолооны үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийн порно кино гэх мэт хууль бус наймааг дэмжиж байна хэмээн үзэж, үйл ажиллагааг нь зогсоож, үүсгэн байгуулагч Росс Уиллиам Улбрихтыг баривчилсан аж. Улбрихт сайтаар хийгдсэн бүх арилжааны үнийн дүнгээс 7 хувийг шимтгэл болгон авдаг байсан байна. Улбрихтыг нийт 8 зүйл ангиар яллаж, давж заалдах эрхгүйгээр насаар нь хорих ял оноожээ.
Баривчилгааны явцад Холбооны мөрдөх товчоо эзэмшигчийн бүх эд хөрөнгийг хураан авсаны дунд асар олон тооны биткоин байсан юм. Эхний удаа 26 мянган ширхэг биткоин, үүний дараа 144 мянган ширхэг биткоин хураан авав. 2014 оны 6 дугаар сард АНУ-ын Засгийн газраас хураан авсан нийт биткоины 1/4 орчим буюу 29,657 ширхэг биткоиныг дуудлага худалдаагаар зарсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын байдлаар Холбооны мөрдөх товчоо дэлхий дээр буй нийт биткоины 1.5 хувийг эзэмшиж байгаа гэж “Forbes” сэтгүүлд бичсэн байна.
Хэдийгээр 2014 онд “Silk Road 2.0” гэх дараагийн хувилбар гарсан ч Холбооны мөрдөх товчоо дахин холбогдогчийг олж, баривчилж чадсан байна.
Гэхдээ FBI хамгийн том хэтэвчтэй юу? гэдэг асуултын хариулт 100% тодорхой биш юм. Учир нь биткоиныг үүсгэн байгуулагч, хэн гэдэг нь тодорхойгүй Сатоши Накамотод 1 сая орчим биткоин байдаг бөгөөд олон хэтэвчинд хуваан байрлуулсан гэх таамаг бий.
02
Нууц боловч ил тод арилжаа
Биткоины ямар ч гүйлгээ, арилжааг Блокчэйн дотор хэн ч харах боломжтой. Тэглээ гээд шилжүүлэгч, хүлээн авагчийг хэн гэдгийг мэдэх боломжгүй. Биткоины хаяг нь үсэг, тоо холилдсон 34 тэмдэгтээс бүрдсэн байдаг. Үүн дээр нэмээд хэрэглэгчдэд портфолио ID гаргаж өгөх замаар нууцлалыг хадгалдаг байна. Энэ ч утгаараа биткоин ашиглан хууль бус наймаа хийх тохиолдол олон.
Гэхдээ та биткоинтой бол түүнийгээ зарлагадахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь та буруу гүйлгээ хийвэл банк руугаа залгаад цуцлуулах, эсвэл хүлээн авагч талаас татан авалт нь хийгдээгүй бол хэд хоногийн дараа автоматаар буцаж данс руу ордог явдал биткоинд огт байхгүй. Өөрөөр хэлбэл нэг явсан гүйлгээг буцаах ямар ч боломжгүй. Хүлээн авсан хүнийгээ буцаан шилжүүлээч хэмээн өвдөг сөгдөн гуйхаас өөр арга зам танд үлдэхгүй гэсэн үг.
01
Биткоиныг сансар руу илгээсэн
“Genesis Mining” компани 2016 онд биткоины 3 хэмжээст модел хийн, цаасан хэтэвчийг наалддаг туузаар наан сансар руу нисгэсэн байна. Тэд энэ моделио цаг уурын бөмбөлөгт дүүжилж хөөргөсөн бөгөөд аялалын бүхий л үед GoPro камер ашиглан бичлэг хийсэн байдаг. Бөмбөлөг газраас 20 км-ийн өндөрт хөөрсөний дараа газраас 1 биткоиныг тэнгэрт буй хэтэвч рүү гар утаснаас амжилттай шилжүүлж, үүний дараа боломжит хамгийн дээд цэг болох 34 км-ийн өндөрт хүрэхэд нь дахин нэг шилжүүлэг хийсэн аж.
Энэ үйл явдал нь биткоиныг “сар хүртэл хөөрнө” гэх уриаг “бодит”-оор хэрэгжүүлсэн үйл явдал бөгөөд хаана ч байсан аюулгүй, найдвартай гүйлгээ хийж болно гэдгийг харуулах зорилготой байжээ. Биткоины сансарт хийсэн аялалыг бичлэгээс сонирхоорой.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.