Латин америк бүжгийн 10 гол урсгал
Хөгжим, бүжгийн асар баялаг өвтэй Латин Америкийн орнуудаас төрсөн онцгой 10 бүжгийн төрлийг танилцуулж байна.
Кубаас гаралтай мамбо нь Хавана хотын уугуул хөгжмийн зохиолч, хөгжимчин Арсенио Родригезийн 1930-аад онд үүсгэн, хөгжүүлсэн хөгжмийн урсгалыг даган 1940-ээд оны сүүлчээр Перез Прадо хэмээх дуучин, хөгжмийн зохиолчийн дэлгэрүүлсэн түргэн хэмнэлт бүжиг юм. Перез Прадо олон жил Мексикт амьдарч, 1980 онд тус улсын иргэн болсон нь мамбо бүжиг Латин Америкийн бусад улсад түгж, цаашлаад АНУ-д дэлгэрэхэд үлэмж нөлөөлжээ.
Зарим судлаач мамбогсалса бүжгийн эх гэж үздэг бөгөөд мамбо нь салсаг бодвол хагас алхалт, хагас товшилттой, тогтсон тоо хэмжээгүй, товшилт хооронд зогсоцгүй, дэглэлт нь тун чөлөөтбүжиг юм. Мамбо хэмээх үг Африкийн конго хэлээр “бурхадтай ярилцах” гэсэн утгатай. “Бурхадтай ярихад”хөлийн хөдөлгөөн, ташааны уян налархай байдал онцгой чухал тул мамбо бүжигчид бие барьсан хувцас, тэр дундаа эмэгтэйчүүд нь богино хормойтой даашинз өмсөнө.
Пуэрто Рикогоос үүсэлтэй плена бүжиг XIX зууны сүүлчээр буюу Пуэрто Рико дахь испаничуудын ноёрхол Америкийнхаар солигдон, чихрийн нишингийн талбайд ажиллаж байсан мянга мянган хүн эрх чөлөөтэй болохтой зэрэгцэн нийтийн дунд түгжээ. Эрх чөлөөгөө олсон боолууд, Карибын англи хэлт арлуудын ядуус хот суурин газарт суурьших нь эрс нэмэгдсэн энэ үед Пуэрто Рикогийн Понс хот шинээр сэргэн хөгжсөн афро-испани соёл, тэр дундаа плена бүжгийн төв болсон байна.
Нэгэн үе дан өнгөт арьстнуудын, доодсын бүжиг хэмээн адлагдаж байсан плена 1930-аад онд бүх нийтийн урлагийн салшгүй хэсэг болж, одоо ч пуэрто рикочуудын баяр наадмын гол цэнгүүн хэвээр байна. Олон хос нэгэн зэрэг бүжиглэдэг, ихэвчлэн дууны аянд бүжих тул плена нь хөнгөн, хялбар хөдөлгөөнтэй байдаг. Мөн эгэл ардын дундаас төрсөн, боолуудын хөгжүүлсэн урлаг болох онцлогоо хадгалан, бүжигчид нь урт, нэлмэгэр, хуучны загвартай даашинз, хослол өмсөнө.
Дунд зэргийн хэмнэлтэй, хос товшилттой энэ бүжиг XX зууны эхээр Доминиканы Бүгд Найрамдах Улсад үүсчээ. Европ, африк, креол болон нутгийн уугуул иргэдийн язгуур хөгжмийн онцлогуудыг цөмийг нь шингээсэн меренге нь 1930-аад оны сүүлчээр Латин Америкийн гол бүжгийн нэг болсон байна. Европын контреданс, баруун Африкийн бөмбөрт бүжгийг гол чигээ болгосон уг урсгал харилцаа дууны аянд бүждэг, бүжиглэгч хос бие биедээ үргэлж ойр байж, гар гараасаа бараг тавьдаггүй зэрэг онцлогтой.
Меренге бүжгийн хөгжмийгДоминиканы Бүгд Найрамдах Улсыг 30 жил захирсан Рафаэль Трухильо үндэсний хөгжмөөр нэрлэж байв.
Үүх түүх нь 1680-аад оноос эхтэй,Пуэрто Рикогийн олон хөгжмийн урсгалаас хамгийн “ахмад” нь болох бомба тус арлын хамгийн африкжуу хэмнэлтэй бүжгийн төрөл юм. Бомбагийн язгуур өнөөгийн Ганын нутагт хэдэн зуун жил аж төрсөн аканчуудын хөгжмөөс эхтэй. Бөмбөрийн нүргэлсэн хэмнэлтэй бомбаг анх чихрийн нишингийн талбайд бүжиглэдэг байсан бол 1800-гаад оны эхээр Пуэрто Рикогийн эрэг дагуух Понс, Лоиза Алди, Майягиз хотуудад хөгжим нь түгэн дэлгэрснээр нийтийг хамарсан бүжигт наадмын гол бүжиг нь бомба болжээ.
Бомба бүжгийн хөгжим өдгөө пленагийн хамт дэлхийн урлаг соёлын тавцан дээр Пуэрто Риког дангаараа шахам төлөөлж байна. Энэ хоёр урсгалын аль аль нь анх 1950-иад онд анх Пуэрто Рикогоос гадна түгж, нэн ялангуяа Хойд Америкийн хар арьстнуудын дунд ихэд танигджээ.
1960-аад он хүртэл бие даасан урсгал хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй Доминиканы бачата нь нутгийн ядуусын дунд үүссэн аядуу хэмнэл, намуун аястай бүжгийн хөгжим юм. Дуучин гоцолж, гитарын аялгуу дагалдах маягаар анх үүссэн бачата Кубын болеро хөгжмийг Латин Америк болон Карибын орнуудад түгэхтэй зэрэгцэн дуучны арга барил, хөгжмийн гоцлол, яруу найраг, хослол бүжгийн аль алийг чухалчилсан цогц урсгал болон хөгжжээ. Өдгөө бачата нь Доминиканы соёлын биет бус өвийн нэг юм.
Бачата нь Доминиканы ядуусын хороололд болдог байсан нийтийн үдэшлэгийг нэрийдсэн үг бөгөөд анхдагч хөнгөн романтик аясаа гээн гээсээр 1980-аад оноос гуниглангуй, удаан ая дантай болжээ. Сонгодог бачата өдгөө европ болон модерн танготой хосолсон бачатанго, нийтийн цэнгээний зэрэг олон дэд урсгалтай болон хөгжөөд байна.
Бразилаас үүссэн хамгийн алдартай хөгжмийн урсгал, бүжгийн төрлийн нэг самба XX зууны эхээр Рио де Жанейрод үүсэж хотын карнавал соёлын салшгүй хэсэг болжээ. Баялаг, давхацсан хэмнэлтэй, тачаангуй, урьдаас тааварлах аргагүй хөдөлгөөнтэй самба Өмнөд Америкт суурьшсан конго, анголчуудын уламжлалт бүжгээс гаралтай ч цагийн явцад африк хөгжмөөс гадна бразил матчиш, марка, куба хабанера, герман полка зэрэгтэй сүлэлдсэн байна.
Самбагийн түүх саяхныг хүртэл зөвхөн Рио де Жанейротой холбоотой байсан бол 1980-аад онд Бахия мужид сальвадор хөгжимчид самбаг дахин африкжуулж блоко-афро хэмээх урсгал бий болгон Бахиягийн самбаг илүү хөнгөн, хурдан хэмнэлтэй болгон баяжуулжээ. Бахиягийн афро самба африк гаралтай бразилчуудын онцлогийг илүүтэй тусгасан тул бразил залуусын дунд тун хурдан түгсэн байна. Энэ нь самбагаас салбарласан анхны дэд урсгал байлаа. Эдүгээ самба регги, самба рок, тайзны самба, рода самба зэрэг олон дэд урсгал үүсэж хөгжөөд байна.
Кубаас гаралтай ч АНУ-д одоогийн хэлбэрээ олсон энэ бүжиг Кубын хөгжмийн зохиолч, хийлч Энрике Хоррины 1950-иад онд хөгжүүлсэн урсгал юм. Сонгодог дансоны мамбо маягийн хэмнэлтэй болж эхлэх үеийн хэмнэлийг хадгалж үлдсэн, илүү цохилттой мамбо гэгддэг ча-ча-ча хэдхэн жилийн дотор олон нийтийг байлдан дагуулж, 1950-иад оны дунд үе гэхэд Мексик, Америк, баруун Европт дэлгэрчээ.
Ча-ча-ча нь түргэн хэмнэлд гурав дахин товшдог бүжигчдийн хөдөлгөөнийг нэрийдсэн ердийн нэг аялга үг юм. Хожим Америкийн цэнгээнт бүжгийн клубүүдэд дэлгэрсэн хэлбэр нь куба ча-ча-чаг бодвол хавьгүй чөлөөт дэглэлттэй, заримдаа илүү удаан хэмнэлтэй байх тул гурав бус, хоёр цохилттой гэгдэн ча-ча хэмээн нэрлэгдэх болжээ.
Куба хөгжмийн хамгийн онцгой афро-куба урсгалын нэг румба нь Хавана хотоос зүүн зүгт машинаар ганц цаг яваад хүрдэг Матанзас хэмээх боомт хотод XIX зууны сүүлээр үүссэн румба бөмбөрт суурилсан конго хөгжим, фламенко маягийн дуулалт, африк бүжгийн хөдөлгөөнийг хослуулсан бүжиг юм. Уламжлалт румба 1950-иад оноос бүс нутагтаа дэлгэрчээ. Уг бүжгийн хөгжмийг олон улсад сурталчилсан хамгийн онцгой хамтлаг бол “Los Muсequitos de Matanzas” юм. Сүүлийн үед румба хөгжмийг орчин цагийн урсгалтай хослуулах нь нэмэгдсэн ч уг урсгал бүс нутагтаа жинхэнэ афро-куба хэмээх тодотголоо хадгалсан хэвээр байна.
Салса нь олон улс, үндэстний өв соёлын нөлөө сүлэлдэн найрсны дүнд бий болсон хөгжмийн урсгалыг нэрлэхэд аргагүй тохирсон үг юм. Олон төрлийн амтлагч хольсон сүмсийг салса гэдэг бөгөөд уг нэрийг авсан хөгжим Нью-Йоркт суурьшсан пуэрто рикочуудын куба хэмнэлтэй урсгал болно. Гурван хөгжмийн нийлбэр болох уг урсгалыг салса гэж нэрлэгдэхээс өмнө Нью-Йоркийн хөгжимчид куба хэмнэлд нь тохируулан баяжуулж, Кубын домогт ах дүүс Мачито болон Марио Баузагаар дамжуулан олны сонорт хүргэж байв.
Салсаг 1940-өөд онд афро-куба жазз хэмээн нэрлэж байжээ. Гэхдээ тэр нь өнөөгийн салсатай харьцуулахад дан бүжгийн хөгжим байв. Харин 1950-иад онд латин хамтлагуудын ид сэргэлтийн үед Нью-Йоркийн бүжгийн хорхойтнуудаар тогтохгүй жирийн сонсогчид афро-куба хэмнэлд хошуурч эхэлсэн тул Тито Родригез, Тито Пуэнте нарын уран бүтээлчид бүжгээс гадна дууны уран бүтээл туурвидаг хэд хэдэн хамтлаг байгуулжээ. Тэдгээр пуэрто рико хамтлаг ганц афро-куба хэмнэлд баригдаж байсангүй, соноос эхлээд мамбо, ча-ча-ча хүртэлх бүс нутагтаа танигдсан олон төрөл урсгалаар уран бүтээлээ туурвиж байлаа. Тэр үед Пуэрто Рико аралд орчин цагийн куба хөгжмийн хамгийн алдартай хамтлагууд байгуулагдсан түүхтэй. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхэн үеийн Пуэрто Рикогийн хамтлагуудаас Рафаэл Кортихо, Исмаэл Ривера нарын нэрт дуучид төдийгүй бомба, плена хэмээх шинэ урсгал төрж, латин хөгжмийн санд түрэн орсон байдаг.
Салса нь ойролцоо бусад урсгалын бүжигтэй харьцуулахад маш түргэн хэмнэлтэй, голдуу минутад 150-250 товшилттойгоороо ялгарна. 1980-аад онд доминик меренгед шахагдаж, салса романтика буюу уянгын салса гэгдэн язгуур шинжээсээ холдох дөхсөн ч 1990-ээд оны дунд үеэс дахин сэргэсэн салса өдгөө улам эрч хүчтэй болж, бүжгийн хөгжмийн хувиар дэлхийн өнцөг булан бүрт түгээд байна.
Хөдөө нутгийн нийтийн бүжиг буюу креол контраданза, куба хабанера, африк милонга, уругвай кандомбе зэрэг төрөл жанрын нийлбэр болох танго нь Ла Плата мөрний эрэг хөвөөнд буюу Аргентин, Уругвайд “мэндэлсэн” хөгжим, бүжгийн урсгал юм. Түүх нь тэртээ 1700-гаад оноос эхтэй энэ бүжгийг нэгэн үе биеэ үнэлэгчид болон ядуус, цагаачдын зугаа цэнгэл төдийхөн үзэж, хавчин гадуурхаж байжээ. Харин 1890-ээд оноос нийгмийн анги, давхаргын ялгаагүй олон нийтийн дунд түгж, 1920-иод онд Парисыг байлдан дагуулсан шинэлэг урсгал болсон байна.
Тангог 2009 онд ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэжээ. Тус байгууллагын тодорхойлсноор танго нь хамгийн гүн мэдрэмж, хамгийн төгс элемент бүхий хөгжмийн урсгалын нэг бөгөөд яруу найраг, бүжгийн хэв маяг, дуулах барил, зэмсгүүдийнх нь дуугаралт хаа ч давтагдашгүй юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.