Арав.мн

Нүдний тухай сонирхолтой 10 баримт

Нүдний тухай сонирхолтой 10 баримт

Хамгийн эмзэг, хамгийн чухал эрхтэн болох нүднийхээ талаар бид юу мэдэх вэ, бас юу мэдэхгүй вэ? Хараа муудах, цагаа буух, нулимс гарах зэрэг нь чухам юунаас болдог вэ? 


10

Хүн бүрийн ойрын хараа нас тогтоход нь мууддаг

Таны холын хараа сайн байх нь огт хамаагүй. Дөчөөс дээш настай, холын юмсыг тод хардаг байлаа ч ирээдүйд нэгэн цагт ойрын харааны шил хэрэг болж л таарна. Аль ч улсын иргэдийн 99 хувь нь 43-50 насандаа ойрын харааны шил зүүж эхэлдэг гэх судалгаа бий. Энэ нь нүдний болор хүнийг нас ахихтай зэрэгцэн юмсыг голлон харах чадвар буюу фокусаа алддагтай холбоотой. Хүмүүсийн олонх нь 45 настайгаасаа эхлэн юмсыг илүү тод харахын тулд нүднээсээ холдуулдаг болно.


09

Ямар ч камерын дуран хүний нүдийг гүйцэхгүй

Нүдний цөцгийний ард болор байдаг. Энэ нь харах зүйлсийг онож тогтоодог нүдний гол “хөдөлгүүр” юм. Өрөөний эргэн тойрныг ажихад хэдхэн хором болдог. Гэтэл агшин зуурт нүд тань хэдэн хүн, хэчнээн булан тохой, эд зүйлсийг анзаарч харах чадвартайг та мэдэхгүй. Нэг үзэгдлээс нөгөөд шилжихэд нүдний болор төсөөлөхийн аргагүй асар хурдтайгаар фокусаа сольдог тул болрын гайхамшгийг нүдний эзэн ч, шинжлэх ухаан ч бүрэн тайлах боломжгүй юм. Нүдний болор зургийн аппарат, бичлэгийн камерын галт шил буюу дурантай ойролцоо. Гэвч хүний харааны хурдыг гүйцэх нэг ч камер өдийг хүртэл бүтээгдээгүй байна.


08

Нүд долоон настайд “бүрэлдэж” дуусдаг

Хүн эхийнхээ хэвлийд бүрэлдээд ердөө хоёрхон долоо хоногийн дараагаас нүдтэй болж эхэлдэг. Харин бүтэц хийгээд “ажиллах” тогтолцоо нь эзнээ долоон нас хүрэх үед бүрэн хөгжиж, тогтворждог. Өөрөөр хэлбэл, долоон настны нүд нас гүйцсэн хүнийхээс ялгагдах юмгүй гэсэн үг. Тиймээс нүдний төрөлхийн болон олдмол ямар ч өвчин эмгэгийг хүүхдийг долоон нас хүрэхээс өмнө анагаах нь чухал. Хараанд нөлөөгүй эмгэг, гажгийг долоон наснаас хойш эмчилж болох ч түүнээс хойш харааг сайжруулах аргагүй.


07

20:20-ийн хараа хамгийн сайн нь биш

Хол, ойрын хараа нь айхтар зөрүүгүй хүнийг 20:20-ийн харьцаатай хараатай гэдэг. Гэхдээ энэ нь байж болох хамгийн сайн хараа биш юм. Энэ нь насанд хүрсэн хүний харааны чадавхын хамгийн эерэг үзүүлэлт хэдий ч хараа сайтай олонх хүний хувьд энэ нь 20:16 байдаг.


06

Хүн нүдээрээ бус тархиараа хардаг

Нүдний үйл ажиллагаа үндсэндээ харсан бүхний тань мэдээллийг цуглуулахад чиглэсэн байдаг. Харин тэдгээр мэдээлэл харааны мэдрэлийн судсаар дамжин тархинд хүрдэг байна. Тархи мэдээллүүдийг тоймлон багцаалсны эцэст та юмсыг сүүлийн “хувилбар”-аар нь хардаг. 


05

Нүд хуурайшихад нулимс гардаг

Энэ нь тун ойлгомжгүй, утгагүй сонсогдож мэднэ. Гэхдээ хуурай нүднээс илүү нулимс гардаг нь нүдтэй холбоотой хамгийн хачирхалтай баримтын нэг юм. Нулимс үндсэн гурван “орц”-той. Ус, салс, тос нь нулимсны гол найрлага бөгөөд эдгээрийн аль нэг нь зохист хэмжээнээс хэтрэх юм уу, багасвал нүд хуурайшдаг. Тархи үүний хариуд илүү ус ялгаруулдаг нь нулимс болж гардаг байна.


04

Хүн бүрийн нүдэнд цагаа бууна

Нүдний болор сэвтэх буюу нүдэнд үүл, цагаа буухыг ихэнх хүн хэнд ч тохиолдож болох энгийн зүйл гэдгийг мэддэггүй. Нүдэнд цагаа буух нь нас ахихад үс бууралтдагтай л адилхан юм. Ихэвчлэн 70 настайгаас эхлэн хүний нүд өнгөө алдаж эхэлдэг. Харин 80 настайд нүд цагаатай байх нь гарцаагүй үзэгдэл. Санчиг үс нь бууралтаагүй 80 настан байдаггүйтэй адил нүд нь цагаагүй 80 настай хүн хаана ч үгүй.


03

Чихрийн шижин өвчнийг нүдний шинжилгээгээр эрт илрүүлэх боломжтой

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин голдуу хожуу илэрдэг. Илэрхий шинж тэмдэггүй учир зарим хүн өөрсдийгөө хөнөөлт өвчин тээж яваагаа мэддэггүй. Харин хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг хүндрэхээс нь өмнө зөвхөн нүдний шинжилгээгээр илрүүлэх боломжтой байдаг аж. Шинжилгээгээр нүдний арын нарийн судаснаас цус шүүрч үзэгдвэл тэр хүн чихрийн шижинтэй гэсэн үг. Тиймээс хараа сайтай, элдэв зовуурьгүй хүн ч ойр ойрхон нүдээ шинжлүүлж байх хэрэгтэй юм.


02

Хүн өдөрт 15 мянган удаа нүдээ цавчдаг

Хүний өөрийн мэдэлгүй, эрхгүй хийдэг үйл хөдлөлийн нэг нь нүдээ цавчих, анивчих юм. Нүдээ цавчих нь хараанд олон эерэг нөлөөтэй. Цавчих нь харах “систем”-ийг цэвэршүүлж, чийгшүүлж, гаднын бохирдлоос хамгаалдаг. Мөн нүдийг хүчилтөрөгчөөр тэтгэдэг. Автомашинд шил арчигч хэчнээн тустай вэ, цавчих нь нүдэнд тийм л чухал үүрэгтэй юм.


01

Хамгийн нарийн бүтэцтэй эрхтэн

Нүд бол хүний хамгийн нарийн бүтэцтэй, “үйл ажиллагаа” нь нэн тодорхойгүй эрхтэн юм. Харин орчин цагийн анагаах ухаанд бүрэн дүүрэн судлагдаагүйгээрээ тархины дараа, ердөө хоёрт орно. Хүний өрөөсөн нүд л гэхэд дангаараа хоёр сая гаруй “эд анги”-тай гэсэн судалгаа бий. Тиймээс нүдийг шилжүүлэн суулгах ямар ч боломжгүй юм. Нэг нүдний цаана хүний тархитай холбогдох сая гаруй мэдрэлийн бичил судас бий гэдэг. Энэ нь мөн хурууны хээнээс илүү нүдээр нь хүнийг таних болсон шинэ технологи хурдтай хөгжиж байгаагийн гол шалтгаан юм. Хурууны хээ ойролцоогоор 40 янзын ерөнхий бүтэцтэй байдаг бол нүдний солонгон бүрхэвч 256 янз байдаг гэнэ. 


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Thank you
Надад таалагдалаа баярлалаа
+2
10 дээр бичсэн зүйлээс болж Iphone-ний сүүлийн хувилбар хурууны хээг халж харц таних шинэ технологи нэвтрүүлсэн шүү дээ.
+4
Сайхан мэдээ байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start