Арав.мн

Шинэ дэлхийн газрын зураг

Шинэ дэлхийн газрын зураг

Овог аймгийн холбоо, улс төрийн ижил төсөөтэй хандлага, баялгийн төлөөх нэгэн янзын ашиг сонирхол гэдэг энэ цаг үед хил хязгаараас илүү чухал болжээ. Олон зууны турш хүн төрөлхтөн улс төрөөр тогтоогдсон хил хязгаараар зааглагдан амьдарсан. Харин энэ хандлага сүүлийн үед улам бэхжих болов. Дипломат харилцаанаас гадна үүх түүх, үндэс угсаа, шашин шүтлэг, соёл уламжлал зэрэг нь улс орнуудыг шинээр ангилж, талцуулж байна. Социалист, капиталист зэрэг тодорхой нэгэн үзэл ч улс үндэстнүүдийг бүрнээ тодорхойлохооргүй болов. Гагцхүү “аймаглан” нөхөрлөх нь л өдгөө чухал болжээ. Арабын аугаа түүхч Ибн Халдуны бичсэнээр "Эвлэлдэн нэгдэж чадсан овог аймгууд л цөлд тэсэж үлддэг" билээ. 

Хүйтэн дайнаас хойш улс орнууд даяарчлал, улс төрийн шинэчлэлийн нөлөөгөөр шинэ зохион байгуулалттай болсон. Зөвхөн АНУ, ЗХУ төвтэй хоёр талт дэлхий ертөнц задраад удаж байна. Гуравдагч ертөнц гэх ойлголт ч Хятад, Энэтхэгийн сэргэлттэй зэрэгцэн үгүй боллоо. Олон улсын харилцаагаар мэргэшсэн профессор ЖОИЛ КОТКИН эдгээрт үндэслэн шинэ дэлхийн зохион байгуулалтыг дараах байдлаар, нийт 20 “аймаг”-т хуваан тайлбарлажээ. Тэрбээр АНУ-ын Калифорни дахь Чепмэний их сургуулийн профессор, Лондоны “Легатум” хүрээлэнгийн мэргэжилтэн, хотын хөгжил судлаач юм. Түүний “Хот хэмээх дэлхийн түүх”, “Шинэ үеийн газарзүй”, “Дараагийн зуун сая буюу 2050 оны Америк орон” зэрэг ном олон улсын харилцааны, сүүлийн үеийн шилдэг бүтээлийн тоонд ордог байна.


20

Хэлбийгчид

Энд дор дурдаагүй, газар нутгийн хэмжээ болоод хүн амын тоогоор том улсад тооцогдох ч улс төрийн хувьд тогтворгүй, олон улсын харилцаан дахь чиг хандлага нь тодорхойгүй, ихэнх тохиолдолд бусад хэмээгдэх, хэт “амгалан” хөгжиж буй орнууд багтана. 


19

Догшин Дорно

Афганистан, Азарбайжан, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикистан 

Дэлхийн энэ хэсэг бүрэн гүйцэд бие дааж, өөрсдийн хэргийг зөвхөн өөрсдөө мэдсэн удаагүй билээ. Энэ гашуун үнэн эдгээр улсын хувь заяаг тодорхойлсоор ирсэн. Зэргэлдээх Хятад, Энэтхэг, Орос, Турк болон алсын нөлөөт Хойд Америк тус бүс нутгийг хойшид ч эрх нөлөөгөө бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн талбар болгон ашигласаар байх болно. Гэвч хэт гүн рүү нь бас халдаж зүрхлэхгүй нь дорнын энэ хязгаар нутгийг хэзээд “догшин ширүүн” байлгах вий.


18

Иранистан

Бахрейн, Газын зурвас, Иран, Ирак, Ливан, Сири

Газрын тосны арвин нөөц, дээд зэрэглэлийн боловсролын систем, Туркийнхтэй дүйх хэмжээний эдийн засгийн эргэлттэй Иран улс хурдтай өндийж буй ирээдүйн их хүчин юм. Гэхдээ бүс нутагтаа ноёлогч нөлөө нь заримдаа хэтийдсэн үзэл рүү хэлбийх гээд байдаг нь барууны орнууд төдийгүй Их Арабын бодлоготой хүртэл зөрчилддөг. Мөн эдийн засгийн зохицуулалт, тогтолцоо нь хараахан боловсронгуй болоогүй байна.


17

Их Араб

Египет, Иордан, Кувейт, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт, Иемен, Палестин 

Нефтийн нөөц нь тус бүс нутгийг олон улсад улс төрийн болон санхүүгийн гол тоглогчийн нэг болгодог. Гэвч Арабын Нэгдсэн Эмирт, Саудын Араб тэргүүт Персийн булангийн эдгээр орон өөр хоорондоо ихээхэн ялгаатай. Абу Даби л гэхэд иргэд нь жилд ойролцоогоор 40 мянган ам.долларын орлоготой бол иеменчүүд үүний таван хувьд ч хүрэхгүй мөнгөөр амь зууж байна. Мөн дэлхий дахинтай харилцах түвшин нь өөр өөр. 


16

Шинэ османууд

Турк, Туркменистан, Узбекистан 

Хоёр тивийн дунд орших стратегийн давуу талтай Турк улс энэ “аймаг”-ийг одоогоор толгойлсон хэвээр байна. Европын холбоотой тогтоосон харилцаа нь эдийн засагт нь онцгой чухал ч тус улсын эдийн засаг, гадаад харилцааны бодлого сүүлийн жилүүдэд өвөг Осман буюу Оттоманы эзэнт гүрний үеийнхтэй төстэй болж Ойрхи Дорнод, Төв Ази руу илүү хэлбийж эхэлсэн гэх шүүмжлэлд өртдөг. Туркийн Хятад, Оростой хийх худалдааны эргэлт өсөж байгаа нь мөн тус улсад давуу тал болж байна.


15

Өмнөд Африкийн эзэнт гүрэн

Ботсвана, Лесото, Намиб, Өмнөд Африк, Свазиланд, Зимбабве 

Өмнөд Африкийн эдийн засаг Африктаа хамгийн том нь бөгөөд хамгийн олон хэв шинжтэй нь. Тус улсын дэд бүтэц, ашигт малтмалын нөөц, үржил шимт газар, үйлдвэрлэлийн үндэс суурь нь хөгжингүй ямар ч орныхоос дутахааргүй. Дундаж өрхийн орлого нь саяхны тооцоогоор 10 мянган ам.доллар гарсан нь Африкийн үнэлэмжээр чинээлэг гэгдэнэ. Тус улс Лесото, Ботсвана, Намиб зэрэг адилхан загалмайтны шашинт хөршүүдтэйгээ соёлын болон улс төрийн хувьд маш дотно харилцаатай.


14

Сахар орчмын Африк

Ангол, Камерун, Төв Африкийн БНУ, Конго (Киншаса нийслэлтэй), Этиоп, Гана, Кени, Либери, Малави, Мали, Мозамбик, Нигери, Сенегал, Сьерра-Леон, Судан, Танзани, Того, Уганда, Замби  

Голдуу Британи, Францын хуучин колони байсан орнуудаас бүрдэх тус бүс нутаг исламын болон загалмайтны шашинт, англи болон франц хэлт хэмээн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг, соёлын хувьд эв нэгдэлгүй. Хүн амд эзлэх ядуусын хувь нь 65-75 хэдий ч байгалийн баялаг нь хөндөгдөөгүй, ажиллах хүчин бэлэн байгаа зэрэг нь хөрөнгө мөнгөтэй Хятад, Энэтхэг, Хойд Америкийн томоохон бизнес эрхлэгчдийг тус бүс нутаг руу татах болсон.


13

Магребийн бүслүүр

Алжир, Ливи, Мавритан, Марокко, Тунис 

Газрын дундад тэнгистэй хиллэдэг Африкийн хойд эрэг болох тус бүс нутаг Ливи, Тунис зэрэг орноор ахлуулсан эдийн засгийн сэргэлтийн үр шимийг саяхнаас хүртэж буй. Гэвч ул мөр нь дэндүү гүн гүнзгий үлдсэн хэдэн арван жилийн ядуу зүдүү байдал нь дэвжин дээшлэхэд нь гол тээг саад болсоор байна.


12

Агшиж сунадаг бүс

Камбож, Индонез, Лаос, Малайз, Филиппин, Таиланд, Вьетнам

Эдгээр улс ашигт малтмал, цэвэр усны нөөц зэргээрээ олон улсын дунджаас дээгүүрт бичигдэхүйц арвин баялагтай. Гэвч улс төрийн тогторгүй байдал нь хөгжлийг нь хойш чангаасаар ирсэн. Бүгд аж үйлдвэржиж, эдийн засгаа олон хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж буй. Малайзийг эс тооцвол бүгдийнх нь өрхийн дундаж орлого өсөлт муу, олон улсын түвшнөөс доогуурт орно. Хэдий тийм ч сүүлийн жилүүдэд дараагийн хөгжингүй бус нутаг болох шинж ажиглагдах болсон. Мөн олон улстай найрсаг харилцаатай нь тус бүс нутгийг уян хатан, “агшиж сунах” чадвартай болгож байна. 


11

Азтай орнууд

Австрали, Шинэ Зеланд 

Хөрөнгө чинээ, иргэдийнх нь амьдралын бололцоо Хойд Америкийнтай төстэй ч эдийн засаг нь тийм ч уян хатан биш. Англо-Саксон өв соёлоороо ихэрлэдэг эдгээр улс Хойд Америк, Их Британийн аль алинтай нь ах дүү, амраг садны холбоотой. Гэхдээ газарзүйн байршил болон өргөн хэрэглээний бараанд суурилсан эдийн засаг нь хожим Хятадыг болон магад Энэтхэгийг гол түншээ болгоход нь нөлөөлөх болов уу. Америкийн хийрхэл, Европын бужигнаанаас хол орших тул эдгээр улсыг мөн азтайд тооцож болно. 


10

Либералистууд

Чили, Колумб, Коста Рика, Мексик, Перу

Латин Америкийн ардчилал, капитализмын тогтонги хэв шинжийг хадгалагч эдгээр улс эдүгээ ч өрхийн орлого багатай, ядуурал ихтэй зэрэг үзүүлэлттэй хэдий ч хурдацтай өсөж буй эдийн засагтай Хятад тэргүүт улс орнуудтай нэгэн бүлэгт багтахыг эрмэлзэгчид юм. Гэхдээ шинэ бүлгэмд багтаж чадах уу гэхээс илүүтэй эдгээр улсын шийдэж чадахгүй байгаа гол бэрхшээл нь бүс нутагтаа эдийн засгийн ноёрхогч хүч байсаар ирсэн АНУ-аас хөндийрөх үү, үгүй юү гэдэг асуудал билээ. Улс төрийн хувьд өөр зарчим баримтлахыг хүсээд ч эдгээр улс, тэр дундаа Мексик газарзүй болон түүхэн онцлогоосоо хамааран Вашингтоны нөлөөнд үлдэхийг чухалчлах байх. Тэгсэн ч эдгээр улсын эдийн засгийн ирээдүй тун бүрхэг байна.


09

Боливарийн БНУ-ууд

Аргентин, Болив, Куба, Эквадор, Никарагуа, Венесуэл

Фидель Кастро, Уго Чавес нарын “баатрууд”-тай эдгээр улс перонизмын замаар буцаад дарангуйллын тогтолцоотой болж мэдэх аюул буй. АНУ болон капитализмыг хялайн үздэг түүхэн төсөөтэй шинж нь Латин Америкийн энэ улсуудыг нэгтгэдэг. Бараг бүгд эдийн засаг нь сайнгүй, ядуус ихтэй. Гэвч харьцангуй амгалан тайван, Венесуэлээс бусдынх нь улс төр тогтвортой. Байгалийн баялаг, эрчим хүчний арвин нөөц нь эдгээр улсыг Хятад, Оростой илүү нөхөрлүүлээд байгаа. 


08

Дундад Улс

Хятад, Хонконг, Тайвань

Хятад улс Дэлхийн банкны тооцоолсон шиг арав гаруйхан жилийн дотор ДНБ-ийхээ хэмжээгээр АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг улс болохгүй байж мэдэх ч маргаангүйгээр хурдацтай цэцэглэж буй дэлхийн шинэ их хүчин юм. Тус улсын түүхий эдийн хэрэглээ хурдацтай өсөж байгаа нь Африк, Боливарын Бүгд найрамдах улсууд болон Догшин Дорнын орнуудад хамгийн ихээр ажиглагдах болсон. Хятадын гол саад бэрхшээлүүд нь баян, ядуугийн ялгаа, байгаль орчны сүйрэл, хурдтай насжиж буй хүн ам нь юм.


07

Тослог модны БНУ-ууд

Болгар, Хорват, Грек, Итали, Косово, Македон, Испани, Португал

Грек, Ромын соёлын нөлөө өнөө ч хадгалагдан буй эртний түүхт нутгийг эзлэн суугаа эдгээр улс чидун жимс, дарс тэргүүтнээрээ алдартай ч Умардын орнуудыг бараг л бүх үзүүлэлтээрээ гүйцэхгүй. Ядуурал нь хоёр дахин их, ажил эрхлэгчдийнх нь хувь 10-20 хувиар бага, мөн өр зээл ихтэй. Төрөлт багатай нь ч бас хойшдын хөгжилд нь нөлөөлөхөөр байна. Итали гэхэд л хамгийн олон ахимаг насны иргэдтэй гэх үзүүлэлтээрээ Японд хүртэл дөхөж очоод буй. 


06

Хилийн бүс нутгууд

Бельги, Чех, Эстони, Унгар, Исланд, Ирланд, Латви, Их Британи

Эдгээр улс шинэ цагийн дэлхий ертөнцөд өөрсдийн байр суурийг бататгахыг ид чармайж байна. Олонх нь тэр дундаа Румын, Бельги зэрэг улс соёлын хувьд "холион бантан". Харин зарим нь дэндүү хувьсамтгай. Ирланд л гэхэд эдийн засгийн хувьд Кельтийн бараас Санхүүгийн сагс (өрөнд орсныг нь хэлсэн хэрэг) гэж нэрлэгдэх хүртлээ өөрчлөгдсөн. Түүхээс харвал эдгээр улс ихэвчлэн зэргэлдээх хөрш орнуудынхаа зэвсэгт хүчний халдлагад өртсөн байдаг. Харин ирээдүйд хүч нөлөө ихтэй томоохон хүчнүүдээс хараат бус байхын тулд улам ч илүү тэмцэх нь дамжиггүй.


05

Ганц дайчид

Бразил

Цар хүрээгээрээ Өмнөд Америкийн хамгийн том эдийн засагтай Бразил улс бүс нутгийнхаа либерал бүгд найрамдахчууд болон Боливарийн бүгд найрамдахчуудын дунд төвийг сахисан үзэл баримтлахыг хичээдэг. Эрэг орчмынх нь нефтийн нөөц, үйлдвэрлэлийн давуу шинж зэрэг нь тус улсыг Хойд Америк, Их Энэтхэг, Дундад Улсын дараа орох дэлхийн хамгийн чинээлэг бүс нутгийн нэг болгоод байна. Гэхдээ гэмт хэрэг, ядуурал зэрэг нийгмийн саад бэрхшээл нэлээд бий. Бразил саяхнаас Хойд Америкаас хөндийрч Хятад, Иран зэрэг шинэ холбоотон эрэлхийлэх болсон.

Франц

Англо-америк соёлын нөлөөнд авталгүй аль болох бие даасан, хөгжингүй, онцгой соёлт бүс нутаг байхыг ямагт эрхэмлэж ирсэн Франц орон Европын холбооны жижгэрүүлэн сайжруулсан загвар бөгөөд тус холбооны оршин тогтнох гол үндэс нь билээ. Их хүчин байхаа хэдийн больсон тус улс Тослог модны орнуудаас хавьгүй хүчирхэг ч Ганзагийн орнууд шиг ирээдүйтэй гэгдэхээ болиод байна.

Их Энэтхэг

Эдийн засаг нь гайхмаар хурдан өсөж байгаа хэдий ч тус улсын өрх айлуудын жилийн дундаж орлого Хятадынхаас даруй гурав дахин бага байна. 1.3 тэрбум гаруй энэтхэгчүүдийн дөрөвний нэг хувь нь ядуус бөгөөд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй Мумбай, Колката тэргүүт их хотуудад нь хүртэл ядуусын хэдэн арван хороолол бий. Гэсэн ч Энэтхэг улс автомашин, компьютерийн программ зэргийн үйлдвэрлэлд аль ч орныг дагуулахааргүй болж байгаа. Үүний үр шимийг хожим тус улстай шашин ном, хэл соёлын хувьд ойролцоо Пакистан, Бангладеш, Бутан, Балба хүртэл хүртэх нь мэдээж юм.

Япон

Санхүүгийн арвин нөөц, инженерийн гайхамшигт өвөөрөө Япон улс дэлхийн их хүчин хэвээр байгаа билээ. Гэхдээ дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр дахь улс гэсэн байр сууриа Хятадад алдчихаад байна. Цагаачдад хаалттай бодлого нь үүнд голлон биш ч дам нөлөөлсөн нь дамжиггүй. Хүн амын бодлогоо даруйхан өөрчлөхгүй бол тус улсын хүн амын 35 хувь 2050 он гэхэд 60-аас дээш насныхан болно гэх тооцоо бий. Мөн технологийн ноёрхолд нь Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг болон АНУ “заналхийлэх” болсон.

Өмнөд Солонгос

Тус улс аргагүй технологийн их хүчин билээ. Ердөө 40 жилийн өмнө дундаж иргэнийх нь жилийн орлого өнөөгийн Ганынхтай ижил байсан бол өдгөө 15 дахин их болоод буй энэ улс өрхийн дундаж орлогын үзүүлэлтээрээ Японтой хүртэл эн зэрэгцэнэ. Мөн олон улсыг хамарсан санхүүгийн хэд хэдэн хямралыг хохирол багатай даван туулсан. Ойрын жилүүдэд Хятадын хүчирхэг хөдөлгүүрт өртчихгүй байх нь чухал.

Швейцарь

Үнэн хэрэгтээ хот-улсын жишгээр хөгжсөн энэ улс дэлхий дахинтай ганц тэнгисийн замаар бус боломжит бүх сэжмээр холбоотой билээ. Хөгжил дэвшил гэдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг Швейцарь цэвэр усны атаархмаар арвин нөөцтэйгөөс гадна бизнесийн тун таатай орчинтой юм.


04

Оросын эзэнт гүрэн

ОХУ, Украин, Армен, Белоруссь, Молдав

Орос орон байгалийн шавхагдашгүй баялаг, шинжлэх ухаанч технологийн асар том орон зай, хүчирхэг армитай. Хятадын нөлөө тэлэхтэй зэрэгцэн тус улс Украин, Гүрж, Төв Ази дахь нөлөөгөө хадгалж үлдэхийг чухалчилж байгаа. Уламжлалт бодлогынхоо дагуу өнөөгийн Оросын эрх баригчид бүх славян угсаатнуудыг эх Оростой нь ойр байлгахыг зорьдог. Дотоодын нэлээд олон асуудалтайгаас дундаж өрхийн орлого нь Италийнхаас бараг хоёр дахин бага, хүн амын өсөлт саарсан, иргэд нь хурдацтай насжиж буй зэрэг нь хөгжил дэвшилд нь тээг тушаа болохоор байна.


03

Хойд Америкийн холбоо

Канад, АНУ

Тус хоёр улс эдийн засгийн тогтолцоо, хэл соёлоороо ижилсэх бөгөөд хоёр биенийхээ худалдааны гол түнш юм. Мэргэжилтнүүд уг өргөн уудам нутгийг эдийн засаг, нийгэм соёлын хувьд ямар ч авралгүйгээр уналтад орсон гэж үздэг. Гэсэн ч ийн дүгнэх нь дэндүү эрт юм. Дэлхийн хамгийн том дэвшилт технологи бүхий эдийн засагтай Нью-Йорк, Чикаго зэрэг дэлхийн хэмжээний хотууд, хөдөө аж ахуйн хамгийн том үйлдвэрлэл болон Европ, Азийн дунджаас бараг дөрөв дахин их цэвэр усны нөөц зэрэг нь одоогоор Хойд Америкийн өмч хэвээр байна.


02

Хот-улсууд

Лондон

Дэлхийн санхүү, харилцаа холбооны төв болох энэ хотыг тэргүүлэгч орны тэргүүн зэргийн хот гэхээсээ дэд зэрэглэлийн бүс нутаг дахь тэргүүлэгч зэргийн хот хэмээвэл үнэнд илүү дөхнө.

Парис

Францын ДНБ-ий бараг 25 хувийг дангаараа бүрдүүлдэг Парис хотод үндэстэн дамнасан дэлхийн хэмжээний олон арван пүүс, компанийн төв байдаг. Тус хот санхүү, олон улсын харилцаанд Лондонтой дүйхүйц чухал гэгддэггүй ч дэлхийн хотуудаас яах аргагүй хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй нь билээ.

Сингапур

Азиуд дэлхийг хөтөлж эхэлсэн энэ үед Энэтхэгийн болон Номхон далай дунд орших Сингапур нь дэлхийн хамгийн ашигтай байршлын нэгд тооцогдож байна. Дэлхийн хамгийн чухал боомт хотын нэг болох тус хот-улсын иргэд орлого ихтэй, боловсрол сайтай. Сингапур улс мөн амжилттай хотжилтын үлгэр жишээ болсон цөөхөн газрын нэг билээ.

Тель-Авив

Үндэсний болон шашны хэт үзэлтэй гэгддэг Израиль орны хил хязгаар хатуу чанга хяналт хамгаалалттай ч хүн амаараа хоёрт орох их хот Тель-Авив нь хурдацтай өсөж буй эдийн засагтайн дээр ихэд шашинжсан бүс нутаг дахь хамгийн шашнаас ангид хот билээ. Израилийн хөгжлийг авч яваа гэх нарийн мэргэжлийн технологийн мэргэжилтнүүдийн дийлэнх нь амьдран суудаг уг хот нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээгээр улсынхаа дунджаас бараг 50 хувиар илүү юм. Мөн тус улсаас төрсөн тэрбумтнуудын нэлээд нь энд амьдарч байна.


01

Шинэ Ганза

Дани, Финланд, Герман, Нидерланд, Норвеги, Швед

XIII зуунд хүчирхэгжсэн хойд Европ дахь Ганзагийн лиг гэгч нь түүхч Фернанд Броделийн онцолсноор худалдааны үндсэн дээр байгуулагдсан холбооны төрт ёсны анхны их хүчин юм. Өнөөгийн Ганзагийн орнууд германжуу соёлоороо ижилсэх бөгөөд хөгжингүй орнуудад болон Хятад, Орос, Энэтхэг зэрэг хурдацтай цэцэглэж буй зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ төстэй. Иргэнээ эрхэмлэх энэрэнгүй нийгмийн тогтолцоогоороо танигдсан эдгээр улс сүүлийн жилүүдэд эдийн засгаа чөлөөт болгосон. “Легатум” хүрээлэнгийн хөгжлийн индексийн эхний найман орны зургаа нь эндхийн улсууд бөгөөд энэ орнууд бүгд иргэний боловсрол, нийгмийн хөгжлөөрөө олон улсыг бишрүүлсээр байна. Чухам уг бүлгэмийн орнууд шинэ цагийн дэлхий дахинд үлгэр дууриал болох, хамгийн хөгжингүй бүс нутаг байх юм.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Энд дор дурдаагүй, газар нутгийн хэмжээ болоод хүн амын тоогоор том улсад тооцогдох ч улс төрийн хувьд тогтворгүй, олон улсын харилцаан дахь чиг хандлага нь тодорхойгүй, ихэнх тохиолдолд бусад хэмээгдэх, хэт “амгалан” хөгжиж буй орнууд багтана - Манай Монгол энд л орж дээ
-2
Манай монгол ??
Үзүүштэй мэдээлэл оруулсанд баяралалаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start