Унтдаггүй нэг ч амьтан, нэг ч хүн үгүй. Хүн бүр амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Харин учрыг нь шинжлэх ухаан өнөө ч бүрэн тайлаагүй бөгөөд зарим эрдэмтэн нойрыг шинжлэх ухааны хамгийн тайлагдашгүй нууцын нэг гэдэг.
“Тархины өөрийнх нь дотоод зохицуулалт, ой санамжийн эмхэтгэл зэргээр нойрыг олон янзаар тайлбарлаж болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч бүрэн судлагдсан онолоор батлагдаагүй” гэж Калифорнийн их сургуулийн нойр судлалын багийнхан судалгааны тайландаа дурджээ. Багийн ахлагч, тус сургуулийн Сэтгэл судлалын хүрээлэнгийн Нойр судлалын төвийн тэргүүн, сэтгэл зүйн ухааны профессор Жером Сейгелийн тогтоосноор унтах нь хүн, амьтны бүтээмж болон цаг хугацааны ойлголт, мэдрэмжид хамгийн их нөлөөлдөг байна. Нойрмог амьтад биеэ хамгаалах чадвар муутай байх нь олонтаа.
Гэхдээ зүүрмэглэх нь идэх, гэр бүлээ асрах, эргэн тойрондоо аюул бий эсэхийг тандах, хоол хүнс хайх зэрэг байгалийн анхдагч өгөгдөл авираас ялгаагүй юм. "Сэрүүн үед тархинд явагдах аргагүй үйл явц хүн, амьтныг унтах зуур өрнөдөг. Магадгүй байгалийн анхдагч бүх өгөгдлөө сэргээх, баталгаажуулах ганц арга нь унтах байх" гэж Сейгель онцолжээ. Гэхдээ нугасан хошуут, далайн морь зэрэг олон амьтны унтах маяг, нойрны онцлог, хуваарийг судалсны дүнд түүний багийнхан унтах нь тун хувирамтгай, орчны өөрчлөлтөд дасамтгайг мөн тогтоожээ. Ургамал, бичил биет зэрэгт иймэрхүү хувирамтгай идэвхгүй бус байдал ажиглагддаг байна.
Гэтэл унтдаг төрөл зүйлсийн дунд мэдрэлийн системгүй амьд биет байгаа нь эрдэмтдийг хамгийн ихээр төөрөгдүүлдэг гэнэ. Унтах нь тархины үйл ажиллагааг сэргээдэг, тархины нэгэн идэвхтэй үйл явц гэх таамгийг тэгэхээр энэ баримт няцааж байгаа юм. Мөн дугхийхээс эхлээд ичих хүртэлх нойрны олон төрлөөс алийг нь ч “хэрэгжүүлдэггүй” амьтад хоногийн тогтмол цагт унтдаг амьтдаас нэг их ялгагдахгүй. Шувууд л гэхэд нүүдлийн улирлаар хэдэн өдөр, сараар унталгүй нисдэг атлаа тархи нь хэвийн ажилладаг. Эдгээрээс дүгнэхэд, нойр зөвхөн тархитай холбоогүй болж таарна.
Харин нойр гэдэг амьд биетийн оршин тогтнох үндэс, эсэн мэнд үлдэх эсэхийг шийдэх төрөлх ааль зангийг нь өдөөгч байж мэдэх гэнэ. Сейгелийн тайлбарласнаар бие жижигтэй амьтад өвлийн цагт дулаан нутаг руу нүүдэллэж чаддаггүй. Тиймээс хахир өвлийн төдийгүй айсуй урин цагийн аюул, орчны өөрчлөлтөд бэлэн байхын тулд биеэ бэлтгэж, хүчээ нөөхөд нь ичих л хамгийн тохиромжтой ажээ. Цаг үеийнхээ шаардлагад нойроо ийн зохицуулах нь хөхтөн амьтдад л байх онцгой шинж гэдгийг Сейгель нарын судлаачид мөн онцолж байна.
Амьтны бусад овог, аймагт унтах, зүүрмэглэхтэй холбоотой олон содон шинж ажиглагддаг ч хөхтөн амьтад л ямар ч үед сэрж, залхуутай үед дугхийчихдэг онцлогтой гэнэ. Хүн мэдээж энэ бүлэгт хамаарна. Нойрсож буй хүн орчноо мэдрэхгүй мэт харагддаг ч бие, тархиных нь бодисын солилцоо явагдсаар байдаг, далд ухамсраараа дуу чимээ, орчны хэм зэрэгт мэдрэг байдаг нь унтахуйн хамгийн сонирхол татам шинж гэнэ. Гадаа салхи шуурга дэгдэж байхад нам унтдаг эмэгтэй нялх үрийнхээ үл мэдэг яраглах дуунаар сэрдэг нь үүний хамгийн тод жишээ гэж нойр судлаачид дурдсан байна.
Унтах үед тархи бүрэн амардаг гэх зарим судлаачийн таамгийг ч энэ баримт няцааж байгаа юм. Хүний биеийн жингийн хоёр ч хүрэхгүй хувийг эзэлдэг тархи хүнийг унтаж байх үед биед эргэлдэх бүх энергийн дунджаар 20 хувийг нь ялгаруулдаг. Энэ тоо хүнийг залуу байхад бүр ч өндөр байдаг байна. Үүнийг настай холбоотой Дарвины хувьслын онолоор тайлбарлаж болно. Хүн бага залуудаа их унтамхай байдаг нь бодисын солилцоо идэвхтэй явагддаг мөн хүүхэд, залуусыг хамгаалах хүмүүс ойр байдагтай нь холбоотой.
Харин нас ахих тусмаа хүн сэргэг болдог нь хэдийнээ бие даасан тул өөрсдийг нь бага залуугийнх шиг нь энхрийлж, хамгаалах хүн цөөрснийг зөнгөөрөө мэдэрч, ухамсарладаг байгалийн “чимээгүй” анхааруулгын хариу үйлдэл гэж профессор Сейгелийн баг үзжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна