Инээмсэглэлийн тухай 10 баримт
АНУ-ын нэрт сэтгэл судлаач Паула Ниэденталь бол хүний инээд, инээмсэглэлийг судалдаг, энэ чиглэлийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн юм. Инээмсэглэл нь хүний төрөлх илэрхийллийн нэг авч шинжлэх ухаанд энэ тухай мэдээлэл хомс байгааг тэрээр анзаарч, мэргэжил нэгт сэтгэл судлаачидтайгаа хамтран хүний тархины үйл ажиллагаа, төрж өссөн орчин, соёлын онцлог, туулсан амьдрал зэрэг нь инээмсэглэлд хэрхэн нөлөөлдгийг судалж эхэлжээ.
10
Хамгийн онцгой судалгаа
Паула Ниэнденталь
Тэрээр инээмсэглэлийн олон төрлийг ялгаж зааглан, үндэстнүүдийн баярлаж хөөрөх сэтгэл хэрхэн өөр өөрөөр илэрдгийг дүгнэж тодорхойлсон байна.
“Тархи ба сэтгэл судлалын ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн доктор Ниэнденталийн судалгааны дүгнэлтэд онцолсноор инээмсэглэл нь ердөө дотоод сэтгэлийн илэрхийлэл биш юм. Харин хүн хоорондын харилцааны хамгийн ил тод “хэмжигч” гэнэ. Хүний нүүр царайны хувирал, илэрхийллийг судалдаг мэргэжилтнүүд дунд хамгийн нэр хүндтэй эрдэмтэн гэгддэг АНУ-ын Баруун хойд бүсийн их сургуулийн сэтгэл судлаач Адам Галински доктор Ниэнденталийн судалгааг инээд, инээмсэглэлтэй холбоотой одоогоор хийгдээд байгаа хамгийн онцгой судалгаа гэжээ.
09
19 янзын инээмсэглэл бий
Сэтгэл судлаачид хэдэн арван жил инээмсэглэлийг судалсан ч голдуу гаднаас нь, өөрөөр хэлбэл нүүрний булчин хацрын орчимд агшихад завьж татагдахыг инээмсэглэл гэнэ хэмээн тун өнгөцхөн тодорхойлж ирсэн байдаг. Харин Ниэнденталийн судалгаа хөөр баяслын илэрхийлэл нь хүний бие махбодь, тухайн цаг үе, орчин нөхцөлийн өөрчлөлттэй салшгүй холбоотой хэмээн дүгнэсний дээр ердийн эелдэг хандлага, үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрөх гээд нийт 19 янзын инээмсэглэл бий, тэдгээрийн хэв шинжийг сайтар судалбал хүний чухам юунд хөөрч догдолсныг мэдэж болно гэж үзжээ.
Өөрийгөө албадах юм уу барьц алдаж, сандрахдаа хүн ихэвчлэн шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг. Харин үнэн сэтгэлээсээ баярлаж талархах юм уу, ямар нэгэн сайхан зүйлийн тухай бодохдоо мөн л шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг ч нүд нь мэдэгдэхүйц онийдог байна. Энэ нь зарим хүнд эрүү шөвгөр, хөмсөг дугариг хэлбэртэй болох зэргээр илэрдэг аж.
Эдгээрийг ангилж ялгах нь чухал хэдий ч Ниэнденталийн хэлснээр энэ нь инээмсэглэлийн нууцыг бүрэн тайлахгүй. Тэрээр инээмсэглэлийн олон төрлийг тодорхойлохоос гадна хүн чухам ямар үед олон янзаар инээмсэглэдгийг мөн тодорхойлох гэж оролджээ.
Инээмсэглэлийг баярласан сэтгэлийн илэрхийлэл гэж олон хүн боддог ч үнэн хэрэгтээ царайд инээмсэглэл тодруулдаг нүүрний булчин хүнийг гуньж гутарсан, эгдүүцэж, жигшсэн үед ч ялгаагүй агшиж сунадгийг Ниэнденталийн баг тогтоосон байна. Тэгэхээр мэдрэмж, нүүр царайны илэрхийлэл хоёрын холбоос улам л нууцлаг байна гэсэн үг. Үүнийг Чарльз Дарвин хүртэл хэдэн арван жил тогтоохыг чармайсан юм. Хүнтэй өвөг нэг гэгддэг бич, сармагчнаас гадна бусад хөхтөн амьтан, зарим шувууд ч инээмсэглэдэг нь тогтоогдсон билээ.
Хүн дүрстнүүдийг судалдаг мэргэжилтнүүд бич, сармагчны инээмсэглэлийг олон янзаар ангилсан байдаг. Жишээ нь, шимпанзе баярласандаа инээмсэглэдэг бол заримдаа бусдадаа тал засаж инээмсэглэдэг. Хүн ч гэсэн энэ ангилалд багтана. Гэхдээ сайтар ажиглавал инээмсэглэлээс үүдэх хүний төрх царайны өөрчлөлт олон нарийн шинжтэй. Эвгүй байдалд орсон хүнийг инээмсэглэхэд эрүү нь үл ялиг чичигнэж, жижгэрдэг бол мэндчилэх үеийн инээмсэглэлийг ялигүй өргөгдсөн хөмсгөөр нь таньж болох гэнэ.
Шимпанзе бусадтайгаа нэгдэн нийлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэхээс гадна хүч ихтэйгээ анхааруулахдаа мөн инээмсэглэдэг байна. Үүнийг Ниэнденталь нарын эрдэмтэд хүний доогтой инээд болон мушилзах, жуумалзахтай адилтгажээ. Гэхдээ хүний мушилзах, жуумалзахаас ялгаатай нь бич, сармагчингуудын хүчирхэгээ гайхуулдаг инээмсэглэл нь шүд ил гардгаараа онцлог аж.
Ниэнденталийн судалгааны өөр нэгэн онцгой дүгнэлт нь инээмсэглэлд хариу барих хүний мэдрэмж юм. Түүнийхээр инээмсэглэсэн хүний нүд рүү харсан хүн өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг гэнэ. Гэхдээ инээмсэглэл түгээсэн хүн гагцхүү үнэн сэтгэлээсээ инээмсэглэсэн бол шүү дээ. “Халдвараар” инээмсэглэгчийн нүд эхлээд инээмсэглэсэн хүний нүүрний хэлбэр, өөрчлөлт болон дээр дурдсан үнэн, худал инээмсэглэлийн шинж тэмдгүүдийг өөрт мэдэгдэлгүйгээр мэдээлэл болгон цуглуулж тархины ачаалах цэгт хүргэдэг байна.
Тиймээс баярлаж догдолсон, чин үнэнээсээ талархсан нэгний инээмсэглэлийг хүн далд ухамсраараа мэдэрдэг гэсэн үг. Жишээ нь, жаргалтай нэгний инээмсэглэлийг харсан хүний тархины “талархал тээгч” хэсэг идэвхжиж, эрүүл мэндэд далдхан сайнаар нөлөөлдөг байна. Хүний тайван амгалан араншинг захирдаг гэх тархины тэрхүү хэсгийг идэвхжих үед тархинд идэвхиждэг нэгэн төрлийн эс стресс тайлж, даралт бууралдагийг Ниэнденталь судалгааныхаа явцад мөн тогтоожээ.
04
Хуурамч инээмсэглэл “халдварладаггүй”
Бусдыг инээмсэглэхийг хараад баярлаж, тодорхой шалтгаангүйгээр догдлох нь тэгэхээр тун эерэг нөлөөтэй юм. Тиймээс ч инээмсэглэхийг, цаашлаад инээж хөхрөхийг нэгэн төрлийн онцгой эм хэмээдэг. Гэхдээ хуурамч инээмсэглэл ийм нөлөөгүй гэнэ. Харцаараа биш зөвхөн уруулаа хөдөлгөх төдийд инээмсэглэх хүнийг харахад дээрх нууц “урвал” тархинд явагддаггүй аж.
Түүний гол нууц нь хүний тархи далдуураа нүүрний булчингуудыг “тоолж” байдагт оршино. Нүүрний 26 булчин нэгэн зэрэг хөдөлгөөнд оршиж байж, өөрөөр бол нэг хэсэг нь агшиж, нөгөө хэсэг нь сунаж байж инээмсэглэлийг тодруулдаг байна. Хэрэв тэр бүх булчин хүчээ нэгтгээгүй бол, зөвхөн зарим нь л “ажил”-аа хийвэл бүрэн дүүрэн, чин сэтгэлийн инээмсэглэл хүний нүүрэнд тодрохгүй, харин ч тухайн хүн нүүр амаа тун ёозгүй татвагануулж байх шиг л харагдах вий.
02
Хамгийн “үнэнч” нь зүүн азиуд
Ниэнденталийн ажигласнаар америкчууд хамгийн их худал инээмсэглэдэг ард түмэн бол хамгийн баясгалантай, инээмтгий ард түмэн гэх ангилалд Франц, Испани, Португал болон Ватикан, Андорра зэрэг Европын хамгийн жижиг орнууд оршдог Баруун Европын уугуул иргэд дээгүүр байр эзэлсэн байна. Харин чин сэтгэлээсээ инээмсэглэдэг нь нүд, ам хавьд нь нэгэн зэрэг илэрдэг гэх шинжээр зүүн азиуд хамгийн “үнэнчээр” инээмсэглэдэг хүмүүсээр тодорчээ.
Ниэнденталийн судалгаа сэтгэл судлалын салбарт томоохон дэвшил болсон ч инээмсэглэл судлаачдын хувьд онцгой хувьсал хараахан биш юм. Доктор ч мэргэжилтнүүдийн энэ дүгнэлттэй санал нэг байна. Инээмсэглэлийн нууцыг шинжлэх ухаан үнэхээр бүрэн дүүрэн тайлсан бол эхийнхээ хэвлийд буй хүүхэд юуны учир инээмсэглэдгийг, хүний төрх царайны анхны хувирал яагаад заавал инээмсэглэл байдгийг, Мона Лизагийн мөнхийн жуумалзлын цаана юу байгааг аль хэдийн мэдчихсэн байх сан.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.