Хүн гэгч аюултайг нь мэдсээр байж далай тэнгисийн эрэг дагуу амьдарсаар ирсэн. Одоогоор дэлхийн хүн амын 44 хувь нь их устай хаяа нийлэн амьдарч байгаа бөгөөд энэ тоо улам өсөх хандлагатай байна. Тоолшгүй ихийг хүртдэгийнхээ хувьд хүн төрөлхтөнд усыг хайрлах олон шалтгаан бий. Гэвч тэр их хайрыг нь далай тэнгис аюулаар хариулах нь цөөнгүй. Эрэг дагуу амьдрагсдын адилаар тэрхүү аюул ч мөн нэмэгдсээр байна. 1950-2009 онд дэлхийн хэмжээнд эргийн дагуух газар жилд 0.6-1 мм-ээр нэмэгджээ. Энэ нь дангаараа аюулын харанга дэлдэхүйц юм. Ер нь далай тэнгисийн төвшин нэмэгдэж, энд тэндхийн жижиг арлууд үгүй боллоо гэхэд, Номхон далайн бяцхан арал улсууд хэдхэн арван жилийн дотор газрын зургаас арчигдлаа гэхэд юу өөрчлөгдөх вэ? Арлынхныг амьд мэнд гарахад хангалттай хугацаа бий ч нэг талаар энэ нь нийтийн анхаарлыг татахааргүй удаан хугацааны явц юм.
Гэвч аюул дөтөлсөөр байгааг 2013 онд Филиппин, Вьетнамыг дайрч, мянга мянган хүний аминд хүрсэн Хаиян хар салхи, 2012 онд Карибын арлууд болон Хойд Америкийг дайрч өнгөрсөн Сэнди нэрт шуурга, 2017 онд Атлантын далайн ихэнх хэсгийг хамарч тус тусын нэртэй болсон 17 шуурга сануулсаар байна. Сэндид нэрвэгдсэн Нью-Йорк, Хаиянд сүйдсэн Таклобан эгээ л байж боломгүй учраас л үзэхэд тааламжтай санагддаг асан сүйрлийн тухай кинонуудад гардаг хот суурингууд шиг болсон билээ. Гамшигт нэрвэгдсэн газруудын өнгө төрх удахгүй сэргэж, урьдын бүх зүйл эргэж хэвэндээ орох ч, Хаиян шиг аймшигт шуургууд ор мөргүй арилах ч хожим дахин гамшиг нүүрлэлээ гэхэд эх байгаль бидэнд сануулга өгөөгүй гэж гомдоллох эрх дэлхий дахинд байхгүй.
Нью-Орлеансын иргэд чухам ийм айхавтар сануулгыг 2005 онд Катрина шуургаас амссан билээ. Эдгээр хот эрт орой нэгэн цагт усан дор орох нь тодорхой бөгөөд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй далайн төвшин, хар шуурганы аюулын аманд байгаа дэлхийн их хотуудын тоо бодсоноос ч их. Тухайлбал, Энэтхэгийн Мумбай хотын 2.8 сая оршин суугч тэнгисийн эрэг дагуу амьдарч байгаа бол энэ тоо дараах хотуудад
Хятадын Шанхай: 2.4 сая
АНУ-ын Майами: 2.1 сая
Египетийн Александрия: 1.3 сая
Японы Токио: 1.1 сая
Таиландын Бангкок: 900 мянга
Бангладешийн Дака: 850 мянга
Зааны ясан эргийн Абиджан: 520 мянга
Индонезийн Жакарта: 500 мянга
Нигерийн Лагос: 360 мянга
гэсэн үзүүлэлттэй байна. Дэлхийн томоохон, нэн чухаг зарим хот энд байхгүйг та анзаарсан байх. Гэхдээ энэ нь тайвширч болно гэсэн үг бас биш ээ. Лондон л гэхэд Темза мөрнийг бараадан сүндэрлэсэн бөгөөд дэлхийн хамгийн том хөдөлгөөнт далан (ердийн далангуудаас хамгийн том нь Нидерландын Остерсхельдекеринг) болох Темзын хаалт нь далайн төвшин нэмэгдсэнээс болж 2050 он гэхэд хамгаалагч хүчээ алдана. Английн зохион бүтээгч Майкл Пински нарын мэргэжилтнүүд одооноос Лондонг их усны аюулаас хамгаалах төсөл боловсруулж байгаа бөгөөд "Планж" хэмээх тэрхүү төсөлд тусгаснаар хотын томоохон байшин барилгуудыг 3111 он гэхэд хөх неон гэрлийн тусламжтайгаар хамгаалдаг болох гэнэ. Тэр үед хотыг хүрээлсэн их усны хэмжээ одоогийнхоос даруй 27 метрээр өсөх аж.
Энэхүү хэт холын төлөвийг түр орхиод өөр нэгэн томоохон хот руу анхаарал хандуулъя. Энэ бол Орос орны хуучин нийслэл Санкт-Петербург. Нева мөрөн болон Бальтын тэнгис хоорондын намгархаг хөрсөн дээр баригдсан энэ хот 1703 онд байгуулагдсанаасаа хойш үерт 300 гаруй удаа автсан бөгөөд Александр Пушкиний алдарт бүтээлийн нэг “Хүрэл морьтон” найраглалыг хөглөжээ.
Энэ шүлэгт охиноо үерт алдсан нэгэн эр хотыг үндэслэгч Их Петр хааны морьт хөшөөг элдвээр харааж зүхэж орхитол хөшөө амилж, хөөрхий эрийг хөнөөх гэж оролддог тухай гардаг. Оросын өрнийг харах цонх гэгддэг Санкт-Петербург хот өдгөө тэнгисийн хана хэмээгдэх асар том хана хэрмээр хүрээлэгдэн байна. Тэнгисийн хана нь өртөг ихтэй арга бөгөөд одоогоор эргийн хотуудыг их уснаас хамгаалах цор ганц хүчтэй хамгаалалт юм. Харин Манхеттэн мэтийн хөрөнгөтэй, том хотууд ийм нүсэр байгууламжийг барьж хүчрэх ч үер усны аюултай айлсан байгаа олон хот сууринд санхүүгийн боломж үгүй билээ. АНУ-д төвтэй Дэлхийн өөрчлөлт судлалын хүрээлэн хэмээх байгууллагын тооцоогоор эргийн хотуудад бууриа өндөрлөх, эргээс шилжин нүүх гэсэн хоёрхон л зам бий.
Өртөг ихтэй тэнгисийн ханыг анх санаачлан хэрэгжүүлсэн Нидерландад далайн төвшнөөс нам дор орших эргийн дагуух газар нутгийг далай тэнгистэй булаалдах хэрэггүй гэсэн хандлага сүүлийн жилүүдэд газар авчээ. Энэ нь юуны өмнө үржил шимт газрын хэмжээ багасаж, цаашлаад хүний амьдран суух талбай хорогдоно гэсэн үг. Энэ түгшүүр бодитоор нүүрлэж байгаа газар одоогоор Венецээс өөр үгүй. Острогот болон бусад дайнч аймгаас зугтсан италичуудын Адриатын тэнгисийн бүлэг арлуудад VI зуунд байгуулсан энэ хот зуун жил тутамд дунджаар 1.5 инч буюу 3.8 см-ээр живж байгаа. Тэнгисийн төвшин нэмэгдэхийн хэрээр хэзээний намгархаг хотын хөрс бүр ч сууж, хотыг одоогийнхоос тав дахин илүү хурдаар доош чангаана.
2018 оны сүүлээр дуусгавар болсон МОSЕ төслийн хүрээнд Венец хот Британи, Нидерланд, Оросын адил тэнгисийн ханатай болсон ч 4.7 тэрбум еврогоор боссон эл өндөр өртөгтэй хана хотын хөрсийг хатааж, хуралдах усыг нь торгоож хүчрэхгүй байна. Аврагдталаа, эсвэл давалгаан дор ортлоо Венец мөнхийн живэгч хот хэвээр үлдэх бөгөөд далайн төвшин нэмэгдэж, уур амьсгал догширч байгаа энэ үед дэлхий дахин бүгдээрээ венецчүүд болох үе айсуй. Байгаль хамгаалагчид, эрх баригчид одоо л хугацаа алдалгүй хөдөлж эхлэх хэрэгтэй байна. Үгүй бол их устай холбоотой ямар ч түүх одоо цагт аз жаргалтайгаар төгсдөг үлгэр байхаа нэгэнт больжээ.
Эх сурвалж: “The Foreign Policy”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна