Арав.мн

Уур амьсгалын өөрчлөлтийн анхны дүрвэгч

Уур амьсгалын өөрчлөлтийн анхны дүрвэгч

 Иоан Тейтиота Шинэ Зеландын Окленд хотын захад байх хүнсний ногооны худалдааны төвд бараг өдөр бүр найман цаг ажилладаг. “Хүмүүс хэцүү ажил л гэдэг юм. Гэхдээ энд байгаадаа би өдөр бүр бурханд талархдаг” гэж тэрбээр ярина.

38 настай Тейтиота Номхон далайн төв хэсэгт цацсан будаа шиг харагдах Бүгд найрамдах Кирибати улсын нутаг дэвсгэрийг бүрдүүлэгч 33 хэлхээ арлын нэг Табитеуэа хэмээх шүрэн арал дээр мэндэлжээ. Хавайн арлууд болон Австралийн дунд оршдог тус улсын нийт эзэмшил газрыг усан хил хязгаараар нь тооцвол 3.3 сая ам км хэдий ч хүн оршин сууж болох хуурай газрын хэмжээ нь ердөө Канзас хотын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц буюу 811 ам км юм. Эндхийн Банаба аралд орших 81 метр өндөр довцог бол тус улсын “ноён оргил”. (Тус арлын фосфатыг британичууд 80 гаруй жил олборлосон бөгөөд Кирибатийг 1979 онд тусгаар тогтноход нөхөн сэргээлт ч хийлгүй орхижээ). Энэ нам дор нутгийг Ямайк юм уу, Тахититай адилтгаж, далдуу мод ихтэй, өтгөн өвс ургамал халиурсан газар гэж төсөөлөх хэрэггүй. Кирибатийн олон арал бараг үл үзэгдэх шахам зурвас газраар холбогдсон, далайгаас тасарсан давст нуурын дундах овоолсон элс шиг харагдана. Тус улсын дийлэнх арлын нэг захаас нөгөөд нь хэдхэн хормын дотор л алхаад хүрчихнэ.

Кирибатийн цэнгэг усны нөөц жилээс жилд дундарч, энэ зууны дунд үе гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа хүн амынх нь огцом өсөлтөөс болж загасных нь тоо толгой ч үлэмж хэмжээгээр хорогджээ. Тиймээс тус улсын 110 мянган иргэний талаас илүү нь өдгөө нийслэл Өмнөд Таравадаа амьдарч байна. Хотын ядуусын хороолол өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, эргийн ойролцоох байшин барилгууд нь далайн хүчтэй давалгаанд цохигдсоор яаж ч өөд татсан хүн амьдрах аргагүй болжээ. Гэтэл байдал улам дордох шинжтэй.

Нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс дээш дунджаар 1.8-хан метр өргөгдсөн, алслагдмал, ядуу буурай энэ улс дэлхийн дулаарал, түүнээс үүдсэн далайн усны төвшин нэмэгдэх гамшигт хамгийн түрүүнд нэрвэгдэх орны нэг юм. Энэ зууны сүүлч гэхэд томоохон далай тэнгисийн төвшин одоогийнхоос 50-60 см-ээр нэмэгдэхэд л Кирибатийн арлуудын тэн хагас нь усан дор орно. Гэхдээ энэ нь маш удаан үргэлжлэх үйл явц агаад тэр хүртэл кирибатичуудын олонх нь үер, далайн хар шуурганд амь үрэгдэх эрсдэлтэй. Харин амьд мэнд үлдье гэвэл гэр орон, төрөлх нутгаа орхин дүрвэхээс өөр сонголт тэдэнд алга.

Иоан Тейтиота Шинэ Зеландад 2007 онд хөл тавьжээ. Түүнээс өмнөх дөрвөн жилийг тэрбээр Өмнөд Таравад ажилгүй, арга мухардан өнгөрөөсөн байна. Хадмындаа амьдарч байсан Тейтиота эхнэрийнхээ ах, дүүстэй нийлж цемент, шохойгоор байшингаа тойруулан хана босгосон ч хур бороо элбэг, шуурга дэгдэх үеэр далайн ус бэхлэлтийг даван орж ирнэ. Хилийн чанадыг зорьж, ажил олохгүй л бол хадмынхаа хуучин муу байшинг усанд автуулахгүй гэж шавар, шохойтой зууралдсаар насыг барах нь гэж бодсон тэрбээр эхнэрийн хамт Шинэ Зеландын виз хүсэж, удалгүй баярт мэдээ дуулжээ. Тэгээд байсан бүхнээрээ хоёр тасалбар худалдаж аваад Оклендэд ирж, эхнэрээ ахмадын сувиллын газарт ажилд оруулаад, өөрөө тариалангийн талбай дээр ажиллах болов. Амин зуулгаа олсон хос удалгүй гурван ч хүүхдийн эцэг эх боллоо. Энэ түүх дэлхийн хаанаас ч олж сонсож болох жирийн цагаач-ажилчны байдаг л нэг намтар шиг санагдаж магадгүй. Гэхдээ Тейтиотагийн гэр бүл 2010 онд визээ сунгуулах гэтэл татгалзсан хариу авч, 2011 онд шүүхэд хандсан нь огт өөр, онцгой нэгэн түүхийн эхлэл болж.

“Олон жил энд ажиллаж, амьдарлаа. Хүүхдүүдийн минь ирээдүйг бодож, амьдрах нөхцөл тааруу Кирибати руу битгий буцаагаач” гэж Тейтиота яаж ч учирлаад Шинэ Зеландын Цагаачлалын албанаас нааштай хариу сонссонгүй. Харин түүний хэргийг 2012 оны эхээр хариуцаж авсан Майкл Кидд хэмээх шинэ зеланд өмгөөлөгч түүнийг уур амьсгалын өөрчлөлтийн хохирогч гэж үзсэн нь Тейтиотагийн амьдралыг төдийгүй, олон улсын байр суурь, хандлагыг хүртэл өөрчилсөн байна. Кидд эхлээд Тейтиотагийн хүүхдүүдийг визийн хугацаа сунгах гол шалтаг болгон “ашиглаж” байсан ч Кирибатийн нөхцөл байдалтай илүү дэлгэрэнгүй танилцаж, тус улсын 1000 хүүхэд тутмын 58 нь буюу Шинэ Зеландын үзүүлэлтээс бараг 10 дахин олон хүүхэд зөвхөн эрүүл ахуйн хангалтгүй байдал, цэвэр усны дутагдлаас болж нас бардгийг, Өмнөд Таравагийн гүний ус бохирдсоноос халдварт өвчин, сүрьеэ, уяман өвчин газар авсныг мэдмэгцээ Тейтиотаг зөвхөн амьжиргааны төлөө Шинэ Зеландад үлдэх гээгүйг ойлгосон байна. Тэгээд уур амьсгалын дүрвэгч гэх шинэ нэр томъёо гарган, шүүхэд давж заалдсаар үйлчлүүлэгчээ суугуул нутагт нь үлдээж чаджээ. Тейтиота болон түүний гэр бүлийнхэн одоо 1951 онд батлагдсан НҮБ-ын Дүрвэгсдийн эрхийг хамгаалах тунхаг ёсоор уур амьсгалын дүрвэгч гэгдэн Шинэ Зеландад аж төрж байна. Киддийн үзсэнээр арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, үзэл бодлын ялгаанаас болж гадуурхагдан, уугуул нутагтаа амар жимэр амьдрах аргагүй болсны учир дүрвэгч болсон бусад бүх хүний адилаар Тейтиота нь хүний буруутай үйл ажиллагаа, эрх зүйн хэллэгээр бол ялгаварлан гадуурхалтын хохирогч юм. Түүний хэлснээр, өдгөө бидний бэлхнээ харж байгаагаар дэлхийн дулаарал бол хүний үйлдсэн гэмт хэрэг билээ.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Тейтиота хэний ч төсөөлөхөөргүй нөхцөл байдал, газар орноос төрсөн “од” болоод байна. Тэрбээр одоо газар нутгийнхаа хамт живэх аюулд байгаа мянга мянган кирибатичуудаас гадна дулаарлаас болж хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийн өнцөг булан бүрт буй, чухам юуны хохирогч болж, ямар эрсдэлтэй орчинд амьдарч байгаагаа өөрсдөө ч бүрэн ойлгож ухаараагүй байсан сая сая хүний дуу хоолой болжээ. Австралиас эхлээд Франц, Герман, Өмнөд Солонгосын сэтгүүлчид түүнээс ярилцлага авч “Уур амьсгалын өөрчлөлтөөс болж гэр оронгүй болох хүмүүсийг хамгаалах олон улсын хууль хэрэгтэй юү”, “Хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг хөгжингүй орнууд бусад улсын өмнө хариуцлага хүлээж дүрвэгсдийг хүлээж авах ёстой юу” гэсэн сэдэвт олон улсын хэдэн арван хэлэлцүүлэг, чуулга уулзалтад урих болов.

Тейтиота бол эрх зүйн үүднээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, түүхэн дэх анхны уур амьсгалын дүрвэгч. Судлаачдын тооцоогоор түүн шиг нэр зүүж, хамгаалагдах учиртай ойролцоогоор гурван сая хүн байна. 2013 онд гэхэд 119 улсад байгалийн гамшгаас болж 22 сая хүн орон гэргүй болсон нь үймээн самуун, хүчирхийллээс болж орон гэрээсээ дайжсан хүний тооноос бараг гурав дахин олон юм. Тэгэхээр дээрх гурван сая гэсэн тоо хэд ч болон нэмэгдэж болзошгүй. Энэ зууны дунд үе гэхэд 25 саяас тэрбум орчим хүн уур амьсгалын өөрчлөлтөөс болж дүрвэхэд хүрнэ гэсэн хоорондоо зөрүүтэй хэд хэдэн тооцоо бий. Хамгийн бодит тоо нь харин 200 сая гэж мэргэжилтнүүд үздэг. Үүнээс үзвэл уур амьсгалын өөрчлөлт зөвхөн экологийн сүйрэл авчрахгүй, хүмүүнлэгийн гамшиг ч дагуулах нь тодорхой юм. Зөвхөн Номхон далайн арлуудад гэхэд л ганц зууны дотор 2.2 сая хүн орон гэргүй болно гэсэн тооцоо гарчээ.

Кирибати шиг орнуудад газар худалдаж авах нэг хувилбар бий. Тус улсын эрх баригчид 2014 онд Фижи улсаас 20 ам км газрыг найман сая ам.доллараар худалдаж авсан байна. Тонга улсын Засгийн газар харин кирибатичуудад эргийн дагуу хамгаалалтын далан барихад туслахаар болсон. Шинэ Зеландын Засгийн газар мөн Тейтиотагийн асуудлаас үүдэн жил бүр 75 хүнийг сугалааны аргаар Кирибатигаас сонгож, түр оршин суух эрх олгохоор болжээ. Гэхдээ энэ бүхэн хангалтгүй. Кирибатигийн цаана Номхон далай, Төв Америк, Африкийн хошуу, Өмнөд болон Зүүн өмнөд Азийн хэдэн сая хүнд Тонга, Шинэ Зеландын эрх баригчдын санал болгосон шиг дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Уур амьсгалын дүрвэгсдэд хэрхэн туслах талаар олон улсын өндөр дээд албаныхан, холбогдох мэргэжлийн хүмүүс НҮБ-ын Хүний эрхийн хорооны дээд хэмжээний чуулганаар нэг бус хэлэлцсэн ч дүрвэгсдийг өөрсдийг нь биеэр байлцуулсан удаагүй.

“Тэнд очвол дүрвэгсэд бид төрсөн нутгаасаа явъя гэж яваагүй. Бид бүгдээрээ ядуу, муухай гэлтгүй эх орондоо хайртай байдаг гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүсэж байна” гэж Тейтиота ярилаа. Тэрбээр өмгөөлөгч Киддийнхээ адил олон улс тун удалгүй уур амьсгалын дүрвэгсдийг хамгаалах тусгай тунхаг батална хэмээн найдаж байна.

 

“The Foreign Policy” 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Хуучны танил нийтлэл байна. Өнөөдөр сонин дээр нэлээд олон жилийн өмнө хэвлэгдснийг уншиж байлаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start