Арав.мн

Технологийн гайхамшигт хурд

Технологийн гайхамшигт хурд

Элвин Тоффлер 

(Америкийн зохиолч, футурист)


Олон хүний хувьд технологи гэх үг утаа тортог хаясан гангийн үйлдвэр, эсвэл дуу чимээ ихтэй машин төхөөрөмжийг санагдуулдаг. Технологийг илтгэх нэн түгээмэл сонгодог илэрхийлэл нь магад хагас зууны тэртээ Хенри Фордын бий болгосон, хожмоо Чарли Чаплины “Орчин үе” кинондоо нийгмийн дүр бэлгэдэл болгосон үйлдвэрлэлийн шат дамжлагууд юм. Гэвч технологи гээч нь хэд гурван үйлдвэр, машин техник төдийхнөөс хэзээд хавьгүй илүү зүйл байж ирсний хувьд эл бэлгэ тэмдэг нь зохисгүй, ерөөс ташаа ойлголт төрүүлэх дүр зураг билээ. Дундад зууны үед морин тэрэг хомтой болж, хөдөө аж ахуйд олон ч том өөрчлөлт авчирсан нь үүнээс хэдэн зууны дараа Бессемерийн ширмийг зохион бүтээснээс ч дутахааргүй технологийн дэвшил байлаа.

Технологид тэгэхээр техник барил буюу юмсыг хийж бүтээх арга ухаан, тэдгээрийг үйл хэрэг болгох буюу эс болгох тоног төхөөрөмж бүгд багтдаг гэсэн үг. Түүнчлэн түмэн бодисыг урвалдуулах, загас үржүүлэх, мод тарих, театр гэрэлтүүлэх, сонгуулийн санал хураах, түүхийн хичээл заах арга ухаанууд ч энд багтана. Хамгийн дэвшилт технологи нь үйлдвэрлэлийн шат дамжлага, зүтгүүрийн зуухнаас хол хөндий байсан үеийн технологийн хөгжлийг илтгэж асан хуучны бэлгэ тэмдгүүд ч өнөөдөр эндүү ташаа ойлголт төрүүлэхээр болжээ. Үнэхээр ч цахилгаан бараа, сансрын технологи, мөн шинэ үеийн үйлдвэрлэлийн олонход нь цэвэрхэн, нам гүм, нэгэнт тогтсон орчин гол хэв шинж болохын дээр заримдаа нэн чухаг байдаг. Харин нэгэн хэвийн зүйлийг олон хүн хэдэнтээ давтан хийх мөнөөхөн үйлдвэрлэлийн шат дамжлага гээч зүйл хэдийнээ үеэ өнгөрөөжээ. Иймд технологийн хөгжилтэй хөл зэрэгцэн түүнийг илтгэх дүр зургуудаа ч бид өөрчлөх ёстой болоод байна. 

Технологийн хөгжил дэвшлийн хурдыг гол төлөв тээвэр зөөврийн явцаар нь өнгөц дүгнэх нь бий. Жишээлбэл, манай эриний өмнөх 6000-гаад оны үед хүн төрөлхтний урт холын замд ашиглаж байсан хамгийн хурдан ганц уналга тээвэр нь цагт 12 км хурдалдаг тэмээн хөсөг байсныг бүгд онцолдог. Манай эриний өмнөх 1600-гаад онд л морин тэрэг бий болж, хүний тээврийн дээд хурд цагт 30 гаруй км болон нэмэгдсэн билээ. Энэхүү ололт, нээлт тун ч гайхамшигтай байснаас бараг 3500 жилийн дараа буюу орчин цагийн анхны хүн тээврийн сүйх тэргүүд 1784 онд Англид явж эхлэхэд хүртэл хурд нь цагт 16 км-ээс хэтэрдэггүй шахам байв. 1825 онд бүтээгдсэн анхны уурын тэргүүдийн дээд хурд нь цагт 20-иодхон км байсан бол тухайн цагийн их хөлөг онгоцуудын дундаж хурд үүнээс бараг хоёр дахин бага байлаа. 

1880-аад онд буюу илүү дэвшилт уурын тэргүүд бүтээгдсэний дараа л хүн цагт 100 км хүртэл хурдлах боломжтой болсон юм. Тэгэхээр ийм амжилтад хүрэх гэж хүн төрөлхтөн хэдэн сая жил зарцуулсан гэсэн үг. Гэтэл дээрх хурдыг дөрөв дахин нэмэхэд ердөө 58-хан жил улирч, 1938 он гэхэд хүн тээсэн агаарын хөлгүүд цагт 400 илүү км хурдалж байв. Энэ хурдыг ч ахин нэгэнтээ нэмэхэд бүр 20-иодхон жил зарцуулсан юм. 1960-аад оны үеийн пуужингууд цагт 4000 км-ийн хурдтай байсан бол сансрын хөлгөөр зорчигчид цагт 18 мянган км-ийн хурдтайгаар эх дэлхийгээ тойрон нисэж байна.

Аян замынхаа уртыг хэмжсэн ч, хэр өндөрт хүрсэн, хэр олон ашигт малтмал олборлосноо тооцсон ч, ер хаанаас ч бай энэ мэт гэнэтийн өсөлтийг бид олж харна. Зөвхөн эдгээр зүйлсэд төдийгүй статистикийн хэдэн мянган үзүүлэлтэд ч гэнэтийн өсөлт гээч зүйл тов тодорхой, маргахын аргагүй байгаа. Хэдэн мянган жил улиран одсоны дараа, энэ манай үед л хаяа хязгаарыг давсан гэнэтийн дэвшил тохиож, гайхамшигт хурд эрчээ авах учиртай байжээ. Үүний гол учир шалтгаан нь технологийн дэвшил өөрөө өөрийгөө тэжээн тэтгэж байдагт оршино. Нэг технологи нь нөгөөхөө төрүүлэх бөгөөд үүнийг аливаа нээлтийн явцаас харж болох юм. Технологийн нээлт нь өөр хоорондоо бие биеэ хөтлөх тойргоор уялдан холбогдсон гурван шатаас бүрддэг. Эхнийх нь биелэх боломжтой бүтээлч, шинэлэг санаа бол хоёр дахь нь түүний бодит буулга, гурав дахь нь түүний нийгэм дэх хэрэглээ, тархац болно. Энэхүү явц бүрнээ гүйцэж, мөнөөхөн тойрог битүүрэн шинэлэг санааны биелэл болсон шинэ технологи нийгмийн эргэлтэд нэвтрэхүй тэр нь буцаад шинэ, бүтээлч санаануудыг өдөөж өгдөг. Харин өдгөө дээрх гурван үе шатны хоорондох эргэлтийн хугацаа улам бүр богиноссон нь илэрхий байна. 

Энэ бүхнээс дүгнэхэд түүхэн дэх бүх л шинжлэх ухаанчдын 90 хувь нь эдүгээ амьд сэрүүн байна гэх түгээмэл ойлголт худал бөгөөд шинжлэх ухааны ололт, нээлт өдөр бүр хийгдсээр байгаа юм. Тэр бүх ололт ч бодит ажил хэрэг болох нь урьд урьдынхаас илүү түргэн болжээ. Ялангуяа шинэ санаа олох, түүнийгээ турших гэсэн эхний хоёр шат хоорондын хугацаа гайхмаар хурдан богиносоод байна. Энэ бол бидний үеийнхэн болон өвөг дээдсийнхний маань дундах асар том ялгаа. Бид дээд үеийнхнээсээ илүү адгуу юм уу, бага залхуу гэсэн үг биш, харин цаг хугацааны боломж хийгээд дээрх явцыг түргэсгэх нийгмийн бүхий л хөшүүрэг бидэнд байгаатай энэ бүхэн холбоотой.

Шинэ сэргэг санаагаа худалдаа зээлийн газарт хүргэхэд бага хугацаа орж байгаатай адилаар түүнийгээ өргөн олонд түгээн дэлгэрүүлэхэд ч их цаг зарцуулахааргүй болжээ. Нэг жишээ татахад хөргөгчийг 1920 оноос ч өмнө Америкт бүтээсэн байтал үйлдвэрлэлийн оргил үе нь гуч гаруй жилийн дараа буюу 1950-иад онд л тохиосон байдаг. Харин үүнээс ердөө хэдхэн жилийн дараа телевизийн хөгжил туршицын явцаас шоу бизнесийн хамгийн том хэсэг болтлоо өргөжсөн тул өнөөх тойргийн хоёр, гурав дахь дамжлага хоорондох хугацаа, бүтээлээс түгээлт хүрэх зам мөн л товчлогдож, тархацын хурд нь эрчээ авчээ. Сэдэл, бүтээл, түгээлтийн энэхүү нийлмэл хурд бүтэн тойргийнхоо эргэлдэх хурдыг ч улам бүр нэмсээр байна. Учир нь шинэ төхөөрөмж, шинэ техник гэдэг ердийн бүтээгдэхүүн төдий биш, харин шинэ соргог бүтээлч санааны эх ундарга билээ.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start