Түүхэн дэх хамгийн өндөр байгууламжууд
Тэнгэр баганадсан, орчин цагийн хамгийн өндөр барилга 1884 онд Америкийн Чикаго хотод сүндэрлэсэн байдаг. Түүнээс хойш бүтэн зууны турш Америк орон дэлхийн хамгийн өндөр барилгуудын эх нутаг байлаа. Харин 1998 онд Малайзийн Петронасын ихэр хоёр цамхаг ашиглалтад орсноор хамгийн өндөр барилгын “титэм” Ази руу шилжиж, 2004 оноос Тайвань, 2010 оноос Дубай халааг нь аваад байна.
Орчин цагийн өндөр барилгуудын эрин үеэс өмнө буюу ойролцоогоор 1250 оноос 1884 он хүртэлх хугацаанд Англи, Германы сүм дуганууд дэлхийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байв. 13 дугаар зуунаас өмнө Александрын гэрэлт цамхагаас эхлээд олон арван барилга байгууламжийг хамгийн өндөрт тооцож болохоор авч нарийн хэмжээс нь өнөө бидний үед хүрээгүй тул хэр өндөр байсныг нь баталж нотлох аргагүй гэж судлаачид үздэг. Харин Египетийн их сац суварга хэдэн мянган жилийн турш хүний гараар бүтсэн хамгийн өндөр байгууламж байсан нь баттай юм. Ингээд түүхэн дэх хамгийн өндөр барилга байгууламжийн заримаас танилцуулъя.
Үлэмж том гайхамшгийг бүтээх хүний хүсэл мөрөөдөл хэдэн мянганы түүхтэй. Нийтийн тооллын өмнөх 2575 оны үед буюу одоогоос таван мянганы өмнө баригдсан эртний Египетийн хамгийн өндөр байгууламж болох Гизагийн их сац суваргууд манай гариг дээрх хүний гараар бүтсэн хамгийн өндөр байгууламж гэх алдраа бүтэн дөрвөн мянган жилийн турш хадгалжээ. Анх баригдахдаа газраас 146 метр өндөр байсан эл чулуун байгууламж Нил мөрний эрэгт оршдог бөгөөд цагийн аясаар салхинд элэгдсээр есөн метр намссан байна.
1141 онд түймэрт, 1185 онд газар хөдлөлтөд сүйдсэн Линкольны цогчин дуганы төв цамхаг 1230-аад онд нуржээ. Гэсэн ч Английн баруун хойд хэсэгт оршдог 160 метр өндөр эл мөргөлийн цогцолбор 1549 он хүртэл буюу 238 жилийн турш, 1889 онд Эйфелийн цамхаг ашиглалтад орох хүртэл дэлхийн хамгийн өндөр барилга байв. Энэхүү цогчин дуган мөн Египетийн пирамидаас хойш хамгийн өндөр байгууламжаар тодорсон түүхэн дэх анхны барилга юм. Европын хамгийн том, үзэсгэлэнтэй сүмийн нэг гэгддэг Линкольны цогчин дуганы суурийг бүр 1072 онд тавьсан ч сүмийн барилга дээр дурдсан байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас болж 1311 онд л ашиглалтад оржээ. Тус барилга мөн 1890 он хүртэл Европын хамгийн өндөр сүм байв.
Дэлхийн хамгийн өндөр байгууламжийг бүтээх чимээгүйхэн өрсөлдөөнд Москва хот 1967 онд нэгдэж, 540 метр өндөр Останкино цамхагийг Большевик хувьсгалын 50 жилийн ойд зориулан босгожээ. Есөн жилийн турш дэлхийн хамгийн өндөр барилга байсан уг байгууламж 1976 онд Канадын Си-Эн цамхагт цол хэргэмээ алдсан байна. Их биеийн хувьд 1974 онд баригдсан Чикагогийн 110 давхар Сирсийн цамхаг (хожим Уиллисийн цамхаг нэртэй болсон) тухайн үед хүн орж, тухалж болох хамгийн өндөр барилга байсан ч Останкино цамхагийн орой Сирсийнхээс есөн метр өндөр байсан тул нэгэн үе ийнхүү хамгийн өндөр байгууламжид тооцогдож байжээ.
Америкийн Иргэний инженерүүдийн нийгэмлэгээс 1994 онд Орчин цагийн дэлхийн долоон гайхамшгийн нэгээр тодорсон уг цамхаг 550 метр өндөр. Америкийн эх газар дахь төдийгүй бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн өндөр байгууламж болох уг цамхагийг Канадын үндэсний төмөр замын байгууллага Торонтогийн тэнгэр баганадсан барилгуудын загварыг эвдэхийн тулд бүтээжээ. 1976 онд ашиглалтад орж, 30-аад жилийн турш дэлхийн хамгийн өндөр байгууламж хийгээд хамгийн өндөр цамхаг гэгдэж байсан Си-Эн цамхагийг жилд дунджаар хоёр сая гаруй хүн үзэж сонирхдог.
1970 онд Нью-Йоркийн алдарт ихэр цамхаг ашиглалтад орох хүртэл, дараа нь уг хоёр барилгыг 2001 оны террорист халдлагаар нурсны дараа хоёр ч удаа хотынхоо хамгийн өндөр барилга байсан Эмпайр-Стейт-Бюлдинг 1931 онд ашиглалтад оржээ. Уг барилга мөн оноос 1970 он хүртэл дэлхийн хамгийн өндөр байшин барилгад тооцогдож байсан бөгөөд нийт 102 давхартай. Барилга байшингийн хувьд 1970 он хүртэл хамгийн өндөр гэх алдраа хадгалсан ч энгийн байгууламж, цамхагийн хувиар 1967 онд Оросын Останкино цамхагт цол хэргэмээ алдсан гэж үздэг.
14 дүгээр зууны эхээр дэлхийн хамгийн өндөр, хамгийн том, хамгийн сүр бараатай барилгуудын дийлэнх нь сүм дуган болж эхэлжээ. Эстони, Франц, Германы бараг бүх том сүм хамгийн өндөр барилга хэмээх алдрын төлөө өрсөлдөх үед Таллин дахь Гэгээн Олафийн цогчин дуган 1549 оноос Линкольны цогчин дуганы байрыг эзэлсэн байна. Харин Гэгээн Олафийн дуганы шовгор орой 1625 онд аянгад цохигдон нурсны дараа Герман, Францын сүм дуганууд дэлхийн хамгийн өндөр барилгаар ээлжлэн тодрох болжээ. Германы Кёльн хот дахь 157 метр өндөр цогчин дуган албан ёсоор 1880 онд хамгийн өндөр барилгаар тодорсон байна. Барих явц нь 600 гаруй жил үргэлжилсэн уг сүм дэлхийн II дайны үеийн бөмбөгдөлтөөс хүртэл тэсэж үлдэн 1996 онд Дэлхийн өвд бүртгэгджээ. Энэхүү цогчин дуган өдгөө дэлхий дээрх хоёр цамхагт хамгийн өндөр сүм, Европын хамгийн өндөр хоёр дахь, дэлхийн хамгийн өндөр гурав дахь өргөл мөргөлийн газар юм.
Бурж Дубай буюу Дубай цамхаг нь 2010 онд ашиглалтад орсон. Нийт 1.5 тэрбум ам.долларын өртөгөөр сүндэрлэсэн уг барилга 164 давхар, унтлагын 1-3 өрөө бүхий 1500 гаруй тусдаа сууцтай, 40 км/цагийн хурдтай цахилгаан шаттай. 124 давхраас нь 50 миль буюу хааш хаашаа 80 хүртэлх км-ийн алс холыг харж болно. Дубай цамхагийн нийт өндөр буюу шовх оройг нь оролцуулсан өндөр нь829.8 метр бол барилгын их биеийнх нь өндөр 828 метр юм. Өөрөөр хэлбэл Эйфелийн цамхагаас гурав дахин, Эмпайр-Стейт-Бюлдингээс бараг гурав дахин өндөр гэсэн үг. Бурж Халифа нь дэлхийн хамгийн өндөр барилга гэх алдраас гадна дараах зургаан дээд амжилтыг давхар эзэмшдэг: томоохон түшиг тулгуургүй дэлхийн хамгийн өндөр байгууламж, хамгийн олон давхартай барилга, хамгийн олон давхарт нь хүн суудаг байгууламж, дэлхий дээрх хамгийн өндөр ажиглалтын цэгтэй барилга, хамгийн урт зам туулдаг цахилгаан шаттай байгууламж, хамгийн өндөрт орших урсдаг шаттай барилга.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.