Арав.мн

Төгс хотын эрэлд

Төгс хотын эрэлд

Энэтхэгийн хамгийн гоц гойд хөгжилтэй, байгальд хамгийн ээлтэй хот болох Чандигар нь тус улсын түүхэн дэх хамгийн ээдрээ, нугачаатай үед, эгэл ардын санаа бодол, хүсэл тэмүүллээс төрсөн, өдгөө дүгнэхэд чухам л цагаа олж байгуулагдсан хот юм. Жагарын орон 1947 онд Их Британийн эзэнт гүрнээс туурга тусгаарласан. Гэхдээ тусгаар тогтнох үйл явц нь амар хялбар байсангүй. Ихэд унжирч сунжран, энэтхэг ноёд, түшмэд болоод шашны тэргүүн нар нь гадаад, дотоодын элдэв нөлөө, шалтгааны улмаас эв эвдэрсний хар гайгаар дөнгөж эрх чөлөөгөө олсон улс орон хоёр хэсэг хуваагдан хиндү, синх, мусульман шашинтан нийлсэн 14 сая орчим хүн орон гэрээ орхин дайжиж, шашин болоод үндэстэн ястан хоорондын тэмцэл, хүчирхийллээс болж багаар тооцоход сая гаруй энгийн иргэн амиа алдсан билээ.

Эл салан тусгаарлалт, хагарал талцлын гол талбар болсон Панжааб нутагт бүр ч хөл толгойгоо алдсан үймээн самуун дэгдэж, тус мужийн нийслэл Лахор хот хилийн гадна буюу Пакистаны Панжааб тойрогт хамааран үлджээ. Ингэж Чандигар хот 1949 онд байгуулагдсан түүхтэй. Уг хот Энэтхэгийн талын Панжааб мужийн нийслэл болоод зогтохгүй шинэ эриний энх цагийг бэлгэдсэн орчин үеийн, амар амгалан, цэцэглэн хөгжсөн хот болох учиртай байв. Шинэ Энэтхэгийн эрх баригчид ч энэ зорилгоо гүйцэд сайн биелүүлэхээр чармайж эхэллээ.

Харин шинэ залуу орны бүс нутгийн төв зангилаа хот ямархуу өнгө төрхтэй байх вэ, зохион байгуулалтыг нь хэн хийх вэ зэрэг асуултад тодорхой хариулт өгөх хүн анхандаа олдсонгүй. Тиймээс Энэтхэгийн албаныхан тухайн цагт хамгийн ардчилсан, хөгжингүй орон гэгдэн зүг зүгийн хүн зоны оюун, сэтгэлийг булаах болсон Америкаас суралцахаар шийджээ. Нью-Йорк хотын төлөвлөгөөг гаргаж асан Альберт Мэйер тэр үед Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Нерутай уулзахаар Делид ирээд байсан нь ихээхэн завшаан болж, Чандигарын удирдлага түүнтэй уулзсан байна. Тэгэхэд Мэйер Гималайн уулсын хормой бэлд орчин үеийн Цэцэрлэгт хот байгуулах санал дэвшүүлэв.

Гэтэл 1950 онд Мэйерийн гол туслах Мэттью Новачки онгоцны ослоор амь үрэгдэж, Мэйер Энэтхэгийн шинэ хотыг байгуулах ажлаас татгалзах нь тэр. Ингээд Неру болон түүний зөвлөхүүд өөр газраас тусламж эрэх хэрэгтэй боллоо. Тэд Швейцарь, Францын нэрт уран барилгач Ле Корбюзьетэй Парис дахь гэрт нь зорьж очин уулзжээ. Төгс хот байгуулахыг олон жил мөрөөдсөн Корбюзье эхэндээ итгэл муутай байсан ч Чандигарыг төлөвлөж, төв барилгуудынх нь загварыг гаргахаар болов.

Сүнстэй хотууд

Нэрт уран барилгач маань харин төгс хот байгуулах хүслээ биелүүлсэн болов уу? Дэлхийн хүн ам хурдтай өсөж, хөдөө буйд нутгаас хот сууринг бараадах хүмүүс улам бүр нэмэгдэж байгаа энэ үед энэхүү асуулт тун ч чухал. Уг асуултаас үүдэн бид одоо байгаа хотуудаа цагийн урсгалтай нийцүүлэн өөрчлөх үү, эсвэл амьдран суух огт өөр газар орон эрэх үү гэх мэт олон арван асуулт гарч ирнэ.

Гэхдээ түүхийн хуудсыг сөхөхөд төгс хот гэж огт байгаагүй нь харагдах вий. Бид хэдийгээр анхны хотуудыг хэзээ, хаана, хэрхэн байгуулагдсаныг яг таг мэдэхгүй ч анхны хот суурингууд байгалийн ямар нэг давуу талыг түшиглэн, хөдөө аж ахуйн хэрэгцээ шаардлагын дүнд аяндаа бий болсон нь баттай юм. Иргэний, цэргийн, шашин номын гээд янз бүрийн зорилгоор байгуулагдсан олон хот хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн нь ч эргэлзээгүй. Гэвч эрт орой нэгэн цагт тэр бүхэн үнс нурам болтлоо сүйдэж байлаа.

Нэгэн жишээ дурдахад эртний Египетийн фараон Ахенатен өмнөх тооллын 1346 онд шинэ нийслэл хот байгуулах зарлиг буулгасан нь ард олонд төдийгүй өөрт нь шадарладаг ойр тойрных нь итгэлт хүмүүст ч гэнэтийн мэдээ байв. Хаантны барих Амарна нэрт хот бүхлээрээ цоо шинэ хот байгаад зогсохгүй египет түмний уламжлалт шашин шүтлэгтэй нягт холбоотой эртний зан заншлыг үндсээр нь халах шинэ цагийн бэлгэдэл болох ёстой байжээ. Идэр залуу фараон нэрээр түүхнээ үлдсэн Тутанхамун хааны эцэг, домогт Нефертити хатны нөхөр Ахенатен олон бурхантай эртний шүтлэгийг халж, гагц өөрийнхөө дагадаг ганц шүтээнтэй шашин буй болгосноо түмэн олноороо мөрдүүлэхийг зорьсон нь энэ байж. Энэ нь гайхмаар хурдан сүндэрлэсэн шинэ нийслэлийн адилаар хүн бүрийг гайхашийг барж байлаа. Амарна тавхан жилийн дотор бүрэн бүтэн хот болжээ. Харин Ахенатен хаантныг тэнгэрт хальж, Атен шүтээн нь мартагдан, хуучин цагийн олон бурхан дахин тахилын ширээнээ заларсны хойно Амарнагийн хатаасан шавраар бүтсэн олон арван сүрлэг барилга ор мөргүй сүйдэж, хэдхэн туурь үлдээгээд ертөнцийн хөрснөөс эгнэгт арчигджээ.

                                                                                      Амарна хотын туурь

Үүнээс гурван мянган жилийн дараа Энэтхэг нутагт, Могулын эзэнт гүрний Акбар хаан нийслэл хотоо Аграгаас Фатехпур Сикри рүү шилжүүллээ. Амарнатай харьцуулахад Фатехпур Сикри нь бүхэлдээ урлагийн бүтээл лүгээ адил уран гоё хийцтэй барилга байгууламжаар дүүрэн, эрдэнийн үнэт шигтгээ, харц булаасан хээ угалз бүхий, ерөөс үлгэрийн орон байлаа. Харин нэг л сул тал байсан нь усны хомсдол бөгөөд илүүдэл юм. Сикрийнхэн үерийн далангаа үргэлжид шинэчилж, засаж сайжруулахын хамт ундны усны эрэлд хатаж байв. Гэвч олон түмний хичээл зүтгэл талаар болж, Фатехпур Сикри ердөө 15 жил л Могулын эзэнт гүрний нийслэлээр нэрлэгдэх хувьтай байж. Акбар хаан 1585 онд Лахор луу шилжин суурьшиж, тэр цагаас хойш түүний мөрөөдлийн хот барилга байшингууд нь хэдий бүрэн бүтэн байвч орхигдон, онхи мартагдсан хий үзэгдэлтэй хот болон хувирчээ.

Өөр нэгэн төгс хот бүтээхийн төлөөнөө тусгайлан төлөвлөгөө гаргаж, хотынхоо бүх барилгыг шинээр барьсан түүх Венецийн бүгд найрамдах улсад хамаарна. Итали нутаг нэгдсэн нэг улс гүрэн болж бүрэлдээгүй байсан тэр цагт буюу 1593 онд мөнхүү жижигхэн бүгд найрамдах орны эрх баригчид дэлхийн өөр хаа ч байхгүй содон хот байгуулсан нь устай холбоотой ямар нэг хүндрэл бэрхшээл, шашин шүтлэгээс үүдсэн талцал хуваагдлаас ангид байлаа. Гэвч өөгүй төгс зохион байгуулалттай, есөн хошуут одон хэлбэртэй, өргөн цэлгэр гудамж талбай, гойд өнгө үзэмжтэй төв бүхий Палманова хот тун ч хурдан зүс гундаж, мартагджээ. Цэрэг армийнхныг эс тооцвол тэнд аж төрөх хүсэлтэй хүн бараг байсангүй. Венец хотоос зүүн хойд зүгт 100-гаад км зайд орших Палманова нь хэдхэн жилийн дотор хүйтэн хөндий, эл хуль хот болов. 1611 онд тэнд суухыг зөвшөөрсөн Венецийн гэмт этгээдүүдийг ял шийтгэлээс нь чөлөөлөх тухай хууль хүртэл батлагдаж байсан хачирхалтай түүх ч бий.

                                                                                               Палманова

Палманова өнөө ч урьдын адил байгаа авч айхавтар нарийвчлалтай зохион байгуулалт, хэт утопи уур амьсгал нь ер сайн сайхан зүйл авчирсангүй, төгс хот байгуулах мөрөөдлийн байдаг л нэг бүтэлгүйтэл болж, цаг хугацааны гүнд хөшиж үлджээ. Палмановад Амарна, Фатехпур Сикригийн аль алинд дутагдаж байсан жирийн иргэдийн хотоо гэсэн сэтгэл, худалдаачид болоод урчууд, баялаг бүтээгчдийн итгэл зүтгэл үгүйлэгдсэн юм.

Шилдэг төлөвлөгөө 

Түүхийн явцад төгс хот байгуулах олон ч санаачилга гарч байсны дотор Сэр Кристофер Врений сэдсэн Сэргэн мандалтын үеийн хийц бүхий шинэ Лондон хотын төлөвлөгөөг онцолж болох юм. Тэрээр 1666 оны Лондоны их түймрийн дараа эл санаачилгаа танилцуулжээ. Гэвч аймшигт осол гамшгийн дараа урьдын юм бүхнийг хурдхан сэргээх гэсэн иргэд түүний саналыг хэрэгссэнгүй, хотоо өөрсдийнхөөрөө сэргээн босгосон байна. Тухайн цагтаа ихээхэн дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байсан Врений ажил түүхийн музейн сан хөмрөгт цаас чигээрээ үлдэж хоцорчээ.

Цагийн аясаар бус зориуд бий болгох гэсэн хотуудаас маш цөөхөн нь л өөрийн гэсэн өнгө үзэмжийг бүрдүүлж, хүн ардын сэтгэлийг татсан байдаг. Тухайлбал түүх нь тун ч базаахгүй эхэлсэн ч Оросын Санкт-Петербург хот Их Пётр хааны мөрөөдлийн хот болж чадсан юм. Бальтийн тэнгисийн намгархаг хөрс, таагүй уур амьсгал дундаас “ургаж” өндийсөн уг хот Оросын эзэнт гүрний нийслэл болтлоо мандсан. Хэдийгээр нийслэл хотын байр сууриа Москвад алдсан ч XVIII зууныг санагдуулам Санкт-Петербургийн төв гудамж талбай хэн бүхний сэтгэлийг булаам үзэсгэлэнтэй хэвээр байна. Тус хотын үүх түүх яг л байшин барилгууд шигээ сүр сүндэр болсон сүрдмээр, нүсэрийнхээ хэрээр уянгалаг яруу юм. Нэр нь олон дахин өөрчлөгдсөн нь ч гэсэн түүхийнх нь адал, адармаатай талыг илтгэнэ.

Бразилийн Ерөнхийлөгч Жуселину Кубичекийн санаачилгаар бий болсон Бразилия хот Санкт-Петербургийн адил улсын нийслэл болохоор байгуулагджээ. Ердөө дөрөвхөн жилийн дотор, 1956-1960 онд цогцолж сүндэрлэсэн уг хотын ерөнхий төлөвлөгөө, загварыг нэрт уран барилгач Оскар Неймэйер, Лучио Коста нар гаргаж, хотыг зөгнөлт зохиолын биелэл мэт харагдуулахыг зорьсон ч өдгөө оршин суугчдынх нь дийлэнхийг эзэлдэг дундаж давхаргынхан тохитой, цэмцгэр орон сууцанд биш, хотын захын навтгар тагзнуудад аж төрж байна.

Харин Британийн хувьд нэг биш нэлээд олон хотыг Шинэ хотууд хэмээх нэгтгэсэн нэг нэрийн дор зэрэг төлөвлөн, байгуулж байгаагаас хамгийн том бөгөөд хамгийн сүүлд сүндэрлэж, чамгүй үнэлэгдэж буй нь Милтон Кейнс юм. Тус хотын цэмцгэр, цэлгэр гудамжууд, уламжлалт болоод орчин үеийн чиг хандлагын аль алийг тусгасан барилга байшингууд оршин суугчдынх нь сэтгэлд гойд нийцдэг. Ногоон байгууламж, англи маягийн цэцэрлэгт хүрээлэнгүүд харин зочид гийчдийн сэтгэлийг татна. Гэвч Английн бусад хотод байх, нэн ялангуяа Лондонд мэдрэгддэг түүх соёл, зан заншлын хэлхээ, он удсан халуун дулаан мэдрэмж энд үгүй. Шүүмжлэгчдийн хэлэх нь Милтон Кейнс болоод Шинэ хотуудын хүрээнд байгуулагдсан бусад шинэ сууринд байдаг албадмал, хиймэл орчин, хүнд дурсамж дурдатгал үл төрүүлэх уур амьсгал нь хүмүүсийг үргээж орхидог байна. Үнэхээр ч хот гэдэг өөрийн амь, амьсгалтай.

                                                                                           Милтон Кейнс

Тэгэхээр сайтар төлөвлөсөн, орчин цагийн үүсмэл хотуудаас хамгийн амжилттайг нь Чандигар гэж болох юм. Үзэж сонирхууштай хөшөө дурсгалууд, “Зөвхөн манайх” гэж нэрийдэж, өмчилж болох хотын уур амьсгал, өнгө төрх, Энэтхэгийн өөр аль ч хотынхоос илүү олон мод, ногоон байгууламж, уламжлалт соёлоо орчин үетэй хослуулсан аж төрөхүйн хэв маяг гээд шинэ цагийн хотод хэрэгтэй бүхнийг эндээс мэдэрч болно.

                                                                                                  Чандигар


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start