Арав.мн

"Өөрийг чинь гаршуулж, тэжээвэр болгох боломжийг хэнд ч бүү олго"

Америкийн бүжигчин, бүжиг дэглээч Марта Грэмийг шинэ үеийн бүжгийн урлагийг шинэчлэгч, модерн бүжгийн түүчээлэгч гэж үздэг бол мөнхүү шинэчлэлийн эхийг тавьсан, ерөөс орчин үеийн бүжгийг үндэслэгч гэгдэх алдар хүндийг хүртэх учиртай өөр нэг цорын ганц уран бүтээлч бол Айседора Дункан (1877-1927) юм. Тэрээр XX зууны эхэнд хүртэл ёс уламжлалд хэт хүлэгдээд байсан бүжгийн урлагийн дэг сургуулийг гав, дөнгөнөөс нь чөлөөлж, Грэм нарын хожмын олон шинэчлэгчийн зам мөрийг засаж өгчээ. Түүний уран бүтээл, хайр дурлал, хагацал зовлон, баяр жаргал, бүр үхэл нь хүртэл өөрийнх нь араншин шиг, урлагт төдийгүй хүний амьдралд хандах хандлага шиг нь гайхаж цочирдмоор эрэмгий байв. 22 настайгаасаа насан эцэслэх хүртлээ Орос, Европоор амьдарч, цуутай найрагч Сергей Есенинтэй хүртэл ханилж явсан Дункан 50 нас хүрэх жилээ Францын Ницца хотод амьсгал хураасан юм. Хүзүүний алчуур зүүх дуртай байсан түүний урт цагаан ороолт задгай машины дугуйнд орооцолдон хүзүүг нь хугалчихсан гэдэг.

Модерн бүжгийн “ээж”-ийн дараах эшлэлүүдийг түүний өөрийнх нь бичсэн намтар дурсамжийн “Миний амьдрал”, “Бүжгийн урлаг” нэрт номууд болон Фрэнклин Рөүзмонтын эмхэтгэсэн “Айседора ярьж байна: Айседора Дунканы бичвэр, хэлсэн үгсийн түүвэр” хэмээх бүтээлээс сонгон орчууллаа. 


  • Ээж маань намайг тээж байхдаа зөвхөн хүйтэн хясаа идэж, мөстэй оргилуун дарс л уудаг байсан гэдэг. Хүмүүс надаас “Хэдийнээс бүжиглэж эхэлсэн бэ?” гэж асуухад нь би “Ээжийнхээ гэдсэнд байхаасаа л” гэж хариулдаг юм. Хясаа, оргилуун дарс хоёр хоёулаа Афродита бурхны зоог шүү дээ.
  • Би тэнгисийн эрэг дээр төрсөн. Тийм болоод ч амьдралын минь хамаг чухал үйл явдал далай тэнгисийн ойролцоо болсон байдаг юм. Би хөдөлж, бүжих анхны санаагаа тэнгисийн давалгаанаас олсон. Афродита бурхан бас тэнгисийн эрэг дээр мэндэлсэн гэдэг. Би харин Афродитагийн одонд төрсөн. Афродитагийн од тод харагдах үед амьдралд минь сайн сайхан, гэнэтийн учрал тохиолддог бол үзэгдэхээ байгаад алга болоход нь ёс юм шиг таагүй зүйл болдог.

  • Байгалийн хамгийн төгс сайхан хэлбэр дүрсийг эрж хайх, тэдгээрийн амин сүнсийг илтгэх шилжилт, хөдөлгөөнийг олох – энэ л бүжигчний ажил юм. Бүжигчин хүн зөвхөн байгалиас л хуулбарлах ёстой. Яг л уран барималч шиг. “Сайн баримал бүтээхийн тулд түрүү үеийн урлагаас биш, гагцхүү байгалиас л хуулах хэрэгтэй. Сонгодог эринийхнээс зөвхөн байгалийн хөдөлгөөнийг хэрхэн буулгасан тэр л арга барилыг нь суралцаж болно” гэж Роден хэлсэн байдаг. Түүний түмэн зөв. Би гэхэд л зарим хүний хэлдэг шиг эртний Грекийн  ваар сав, шигтгэмэл зураг, уран баримлаас шууд хуулбарладаг юм биш. Харин тэдний байгальд хэр ойг байгааг ажиглаж, дүрслэл хөдөлгөөнөө тэдэнд ойр байлгахыг хичээдэг. Учир нь бүжгийн хөдөлгөөн ч гэсэн тэднээс дутуугүй байгалийн бүтээл юм.
  • Бернард Шоу хүмүүс мал амьтныг тарчилган байж алж хядчихаад махыг нь идсэн хэвээр байгаа цагт хүн төрөлхтөн дайн дажнаас ангижирахгүй гэж хэлсэн байдаг. Ухаан саруул, наанатай цаанатай хэн ч түүнтэй санал нийлэх байх. Миний сурч байсан сургуулийн бүх сурагч цагаан хоолтон байлаа. Зөвхөн жимс, ногоо иддэг гэлтгүй тэд бүгдээрээ бие бялдар нь өв тэгш, үзэсгэлэн төгс охид, залуус болцгоосон доо. Дайны үеэр би шархадсан хүмүүсийн орь дуу тавин орилж хашхичихыг олонтаа сонссон. Тэд яг л бойны газар яргалуулж байгаа хөөрхий амьтад шиг санагддаг сан. Түүнээс хойш би боддог болсон юм, бурхан биднийг амьд амьтан тамлан тарчлаадгийн хариуд гэсгээн цээрлүүлж байна гэж. Дайнд дуртай хэн байлаа? Ердөө мах их иддэг, улаан гараараа амьтны амь тасалж байсан, жигүүртэн шувуудаас эхлээд буга, үнэг хүртэл авладаг, амьтны амь хороохыг тэсгэлгүй их хүсдэг хүмүүс л дайн дажинд хөөрдөг байх.
  • Хайр дурлал гэдэг яруу найрагчдын улиглан бичдэг тийм ариун нандин зүйл биш шүү дээ. Хайр гэдэг хий хоосон, хуурмаг үзэгдэл, хорвоогийн хамгийн аймшигтай алдаа. Би цаг үеийнхээ ямар ч эмэгтэйгээс илүү хайрлуулж, дурлуулж үзсэн болохоор үүнийг баттай хэлж чадна. Эрчүүд миний төлөө амиа егүүтгэнэ, хор ууна, ирүүл тулаанд орно гэж ярьцгаадаг байлаа. Гоц ухаантан, яруу найрагч, хэдэн саяын хөрөнгөтэй баячуул, зураач, хөгжимчин гээд янз янзын эрс миний араас хөлөө хугартал гүйлддэг сэн. Гэтэл 25 фунт зээлээч гэхэд нэг нь ч хариу өгч байгаагүй юм даа. Хайр гэдэг чинь энэ!

  • Үрчилж авч болохгүй байсан болохоор л би Есенинтэй гэрлэсэн хэрэг.  Оросууд хэчнээн гайхамшигтай улс билээ. Тэр ч бас гайхаж биширмээр нэгэн байсан. Бүр шөнийн хоёр цагт цээжээр шүлэг уншина гээч.
  • Хүмүүсийн юм л бол эндүү ташаа ойлгох гээд байдаг нэг зүйлд тайлбар зүүлт хийе. Миний хэлсэн ярьсныг бүрэн гүйцэд сонсоогүй хүмүүс намайг эртний Грекийн бүжгийг л бүхнээс илүү таашаадаг, ирээдүйд бүжгийн урлаг эргээд сонгодог эринийх шиг, бүр нэн эртний үеийнх шиг болно гэж үздэг хэмээн ихэд мушгиж ойлгох юм. Би гэтэл бүжгийн ирээдүй зөвхөн цоо шинэ хөдөлгөөнөөс хамаарна, тэр нь хүн төрөлхтний өдийг хүртэл туулж ирсэн бүх л хувьсал, өөрчлөлтийн үр дүн байна гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ч эртний Грекийн урлаг соёлыг сэргээх нь одоо боломжгүйн дээр огтоос шаардлагагүй. Бид грекчүүд биш болохоор грек бүжиг бүжиглэж чадах ч үгүй. Гэхдээ бүжгийн урлагийн ирээдүй яг л эртний грекчүүдийн үеийнх шиг маш шашинлаг болох вий. Их, бага алин боловч сүнслэг, шашинлаг байдлаа алдаагүй урлаг л цаг ямагт жинхэнэ урлаг байдаг. Урлаг гэдэг нэг талаар бусдыг сүсэг бишрэлээр нь ховсдон татах арилжаа наймааны бүтээгдэхүүн юм.
  • Далай тэнгисийн давалгаа, салхи шуурга гээд гариг дэлхийн бүх л хөдөлгөөн нэгэн хэмт, мөнхийн төгс зохирол юм. Бид тэнгисийн эрэг дээр зогсохдоо хүчит давалгааных нь улирч баларсан түүх, хойшид харагдаж мэдэх гоёмсог үзэгдлийг нь огт сонирхдоггүй шүү дээ. Ер бусын хөдөлгөөнийг нь зөвхөн өөрийнх нь нууц, басхүү зөвхөн байгалийн хүч гэдгийг зөнгөөрөө мэддэг. Ирээдүйн бүжигчид тэр л байгалийн хэлийг таньж мэдэн, тэр л зохицол нийцэлтэй хамт өсөж хөгжин байж хүний бие цогцсын төгс хөдөлгөөнийг төрүүлнэ.
  • Хүн бүр эхээс төрөхдөө л байгалийн онгон зэрлэг бүтээл байдаг. Өөрийг чинь гаршуулж, тэжээвэр болгох боломжийг хэнд ч бүү олго.
  • Ганц энгийн хөдөлгөөнийг төгсрүүлэхийн тулд би хэчнээн жил зүтгэж, хэр их хөдөлмөрлөж, хэдий ихийг сурч судаллаа даа! Тэгэхээр эгэл жирийн хэр нь гайхамшигтай ганц өгүүлбэр бичих гэж хэчнээн жил оюун санаагаа чилээж болдгийг, үгийн урлагийн хүнд хүчрийг надаас өөр хэн илүү мэдэх вэ?
  • Юун тухай бүжиглэж байгаагаа үгээр хэлж болдог сон бол би анхнаасаа бүжиглэхгүй байх байлаа.

  • Би танд ариунаас ариун, цагаанаас цагаан, чанадын нэгэн нууцаа илчилье.  Энэ нууцаа би үргэлж сэтгэлдээ тээдэг, энэ эрхэм нандин зүйл алхам бүрт минь цэцэг адил дэлгэрдэг. Тэр юу гэвэл Хайр билээ. Бүжиг бол Хайр, зөвхөн Хайр, өөр юу ч биш. Би зөвхөн Хайрын сэтгэлээр л бүжиглэдэг. Яруу найргийн айзам хэмнэл, хөгжмийн яруу эгшгийн аль аль нь намайг бүжиглүүлдэг. Харин одооноос би зөвхөн өөрийнхөө сэтгэлийн ая дан, хөг авианаас өөр юунд ч бүжихгүй.  
  • Энэ хорвоо дээрх нэг л зүйлд миний ухаан ер хүрдэггүй юм. Хэн нэгэн хүссэн зүйлээ яагаад огт хийдэггүйг, чухам юугаа хүлээгээд хойш суугаад байдгийг би ер ойлгодоггүй. Би юу хүснэ, түүнийгээ л хийж ирсэн. Тэглээ гээд зовж зүдэрсэн минь олон ч өөрийнхөөрөө байсан болохоор эцэст нь юунд ч харамсдаггүй.
  • Миний эрх чөлөөний номлолыг сонссон маш олон эмэгтэй “Тэгээд хүүхдүүдийг маань хэн тэжээх болж байна аа?” гэж дорой дуугаар хариу асуух юм. Гэрлэх ёслол, хурим найр гэдэг үр хүүхдээ хүчээр тэжээж тэтгүүлэх гэсэн албан шахалтаа бусдад хүлээн зөвшөөрүүлэх халхавч төдий зүйл гэж үү? Хөл хөөр болж ёслохгүй л бол хажуудах эр чинь төрсөн үрээ харж хандахааргүй тийм хүний үнэргүй амьтан уу? Энэ бүхэн надад дэндүү өчүүхэн, үтэл дорой санагддаг юм. Хэрэв тэгж санаж байвал эмэгтэй хүн аль хэдийнээ дотроо санаа муутай, сэтгэл буруу гэж сэрдсэн хүнтэйгээ гэрлэх нь байна шүү дээ. Гэхдээ би эмэгтэйчүүдийг бие даасан, эрх чөлөөтэй байх ёстой гэж тунхаглахдаа эр хүнийг огт дорд үздэггүй гэдгээ дахин нэгэнтээ хэлье. 
  • Хөдөлгөөн гэдэг яг л үг, үсэг шиг яг таг, уран нарийн зүйл юм.
  • Би зөвхөн амьдралыг, бодит үнэнийг л бүжиглэдэг. Жаахан охин байхдаа өсөж өндийх бүхний гэнэ сэрэггүй баяр баяслыг, нас биед хүрээд эмгэнэл, инээдмийн мяндсан заагийг олж харахын ухаарал сэхээрлийг, хожмоо ахуй амьдралын өр өвдөм хатуу бэрх хийгээд өвдөг бохиром бачуурлыг нь бүжиж иржээ.

  • Би  та бүхэнд бүжгийн урлагийг харуулъя, таниулъя. Зүгээр ч нэг бүжиг биш, манай эриний үзэл хандлагыг шинэтгэх тийм нэгэн иш санааг үзүүлье. Үүнийгээ харин хаанаас олов гэж үү? Номхон далайн эргээс холгүй Сьерра Невадагийн нарсан ойн захад салхи сэвэлзэхийг мэдрэн зогсохдоо алсын тэртээх хад асга дээгүүр төгс бие галбиртай залуухан америк бүжигчин нисэн дүүлэх шиг болохыг би өөрийн нүдээр харсан юм. Манай орны тэргүүн дээд найрагч бол яах аргагүй Уолт Уитмэн. Харин би мөнөөх бүжигчнээс чухам Уитмэний шүлэг найргийн үнэ цэнд хүрэх тийм эрхэм дээд хэлбэр шинжийг олж нээсэн хэрэг. Би Уитмэний оюун санааны охин үр нь. Тэгэхээр тэр л бүжигчний надад харуулсан, жинхэнэ Америкийг илтгэх, Америкийн үр хойчист үлдэх бүжгийн урлагийг хөгжүүлэхээ өөрийнхөө үүрэг гэж санасан. Манай театрт одоо юу дутагдаж байна вэ? Бүжигчний зүрх сэтгэл. Уг нь театрын үүсэл зөвхөн бүжгээс эхтэй шүү дээ.Түүхэн дэх хамгийн анхны жүжигчин давын өмнө ердөө бүжигчин л байсан. Тэр эхлээд бүжиглэсэн, дараа нь дуулсан. Тэгж л театрын урлаг үүссэн. Үг яриа бүр хожим л нэмэгдсэн. Ийм учраас л театрын урлаг эх рүүгээ эргэхээс нааш хөгжлийн замнал нь цаашдаа улам бүр мухардана. 

8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Номыг нь орчуулж өгөөрэй
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start