Хамгийн их гамшиг тарьсан 10 халдварт өвчин
Ямар нэг халдварт өвчин дэлхийн олон хэсэгт нэгэн зэрэг дэгдэж сая сая хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлэн, хамрах хүрээ нь хяналтаас алдагдах явдлыг цар тахал хэмээнэ. Хүн төрөлхтний түүхэнд хэдэн арван цар тахал дэгдэж байснаас хамгийн олон хүний аминд хүрч, хамгийн их гарз хохирол дагуулсан халдварт өвчнүүдээс 10-ыг нь онцолж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт 12 мянган жилийн турш нэг дэгдэж, нэг намжин байхдаа 300-500 сая орчим хүний аминд хүрсэн гэгддэг цэцэг өвчнийг ердөө орчин цагийн шинжлэх ухаан, вакцин л ялан дийлсэн юм. Цэцэг өвчний халдвар авсан хүний бие, нүүрэн дээр битүү улаан гүвдрүү туурч, эд эрхтэн нь нэг нэгээрээ ажиллагаагүй болдог байна. Эрдэмтдийн тооцоогоор цэцэг өвчний халдвар авсан хүмүүсийн 30 хувь нь амь эрсэддэг байж. Өдгөө энэ өвчний вирусыг вакциний хүчээр дарж авсан ч ядуу буурай орнуудад, ялангуяа дайн самууны үед биологийн зэвсэг болгон ашиглах вий гэх хардлага олон улсад байсаар байна.
Халуун орны өвчин болох хумхаа нь Африк, Ази болон Америкийн эх газрын халуун дулаан бүсэд жил бүр 660 мянган хүний амийг авч оддог гэх судалгаа бий. Судлаачдын тооцоогоор уг өвчин түүхэндээ 200 гаруй сая хүний аминд хүрчээ. Хумхаа нь хэдийгээр урьдчилан сэргийлж болох, хүндрээгүй үед нь бүрэн эдгээж болох өвчин боловч шумуулаар дамждаг өндөр эрсдэлтэй, халдвар авсан хүний биеийн байдлаас шалтгаалан зарим шинж тэмдэг нь дорхноо хүндэрдэг тул аюулт халдварт өвчин гэгдсэн хэвээр байна. Хумхаа өвчин дэгдэх магадлалтай нийт 104 улс бий гэж ДЭМБ үздэг. Уг өвчнөөс сэргийлэх хамгийн түгээмэл, хамгийн үр дүнтэй арга нь шумуулны тор, пестицид, вакцин, эм тариа юм.
Манай эриний 165 оны үед Месопотамаас нутаг буцсан Ромын эзэнт гүрний цэргүүд аймшигт тахал эх орондоо авчирсан нь тухайн цагийн Ромын иргэдийн нэлээд хувийг, ойролцоогоор таван сая хүнийг үхэлд хүргэсэн гэдэг. Халдвар авсан хүмүүсийн 25 хувь нь амиа алдсан нь Ромын түүхэн дэх хамгийн аймшигтай цар тахал гэгдэн үлджээ. Энэхүү дэгдэлт цэцэг өвчнөөс болсон, эсвэл өөр учир шалтгаантай байсан үгүйг одоо ч эцэслэн тогтоогоогүй байна. Антониний тахлаас болж Ромын эзэнт гүрэн цэрэг армийн хувьд ихэд доройтсон нь бусад хүчин зүйлтэй нэгдэж, бүтэн 300 илүү жил дэлхий дахинд ноёлсон их гүрнийг мөхөл сөнөлд хүргэжээ.
Амьсгалын замын цочмог хам шинж буюу SARS нь 2002 онд дэгдэж, Африкаас бусад бүх тивд илрэн нийт 774 хүний аминд хүрсэн халдварт өвчин юм. Хятадад жижиг хөхтөн амьтдаас анх хүнд халдварласан гэж үздэг SARS-ийн вирус хэдхэн долоо хоногийн дотор 8000 гаруй хүнд халдварлажээ. Энэ өвчин хэдийгээр хэдэн мянга, хэдэн сая хүний аминд хүрээгүй ч амьтнаас хүнд тусан, улмаар хүнээс хүнд халдварласнаараа, мөн орчин цагийн дэлхий ертөнцийн үл тасрах урсгал хөдөлгөөн цар тахлын үед хэчнээн аюултай болохыг анх харуулснаараа, дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол учруулснаараа уг жагсаалтад багтаж байна. Нэгэн төрлийн коронавирус болох SARS-ийн вирус анхандаа ердийн ханиад шиг шинж тэмдэгтэй байдаг нь тун аюултайд тооцогддог аж. 2003-2004 оны дэгдэлтээс хойш ахин газар аваагүй ч ДЭМБ энэ өвчнийг дэлхий дахины эрүүл ахуйд маш том аюул заналхийлэгч гэж үзсэн хэвээр байна.
Холер буюу булчин задрах тахал нь хоол хүнс, ундны усаар дамжин эм, эмчилгээгүй бол хэдхэн цагийн дотор хүнийг үхэлд хүргэдэг өвчин юм. Жилд 3-5 сая хүнд халдварлаж, 100-200 мянган хүний аминд хүрдэг энэ өвчин өдөрт хүний биеэс бараг 10 литр шингэн алдагдуулдаг, эрт цагт эрлэг тамын үүдийг нээгч гэгдэж асан тахал агаад голдуу бохир усаар халдварладаг тул хөгжингүй, аж үйлдвэржсэн орнуудад маш бага тохиолддог байна.
Булчирхайн гурав дахь тахал гэгдсэн энэ өвчний дэгдэлт анх 1855 онд Хятадад гарчээ. Зөвхөн Энэтхэг, Хятадад нийт 12 сая хүний амийг авч одсон уг тахлаар 1894 оны гуравдугаар сард Хятадын Гуанжоу хотод хэдхэн долоо хоногийн дотор 60 мянга гаруй хүн амиа алдсан гэдэг. Худалдаа арилжаа, хөлөг онгоцны хөдөлгөөнөөс болж дэлхийн олон хэсэгт тархаж, хэсэг зуур дэлхий нийтийг сандаргаад авсан энэ өвчин ачаа тээврийн хөлгөөр дамжин Хавайн арлуудад хүртэл хүрч, хэдэн зуун хүнийг хөнөөсөн байна.
МЭӨ 430 оны үед Афин хот мөхөл сүйрлийн ирмэгт тулсан нь хотын хүн амын дөрөвний нэгийнх нь амийг авч одсон цар тахлын хор уршиг байлаа. Ойролцоогоор 75-аас 100 мянган хүн уг тахлаар өөд болсон гэх бөгөөд халдвар өнөөгийн Этиопийн нутгаас эхэлж, Пелопоннесийн дайны сүүлийн жилүүдэд Газар дундын тэнгис орчмын бүх улс, хотуудаар тархан бараг таван жил газар аван дэгджээ. Энэхүү тахлаар өвчилсөн хүмүүсийн 33 хувь нь амиа алдсан гэх тооцоо бий. Харин Газар дундын тэнгис орчмын газруудаас ганц Афинаар “овоглогдон” үлдсэн нь тахал дэгдэх үед хот аймшигтай бүгчим, чийгтэй байснаас гадна хотын ундны ус бохир, ус зайлуулах хоолой байгаагүй зэрэг шалтгаанаар зөвхөн Афинд л байдал хүндэрсэнтэй холбоотой аж. Гэхдээ Афиний тахал чухам ямар өвчин байсан нь, цэцэг өвчин, гэдэсний хижиг, эсвэл томуугийн аль нь байсан нь өнөө ч тодорхойгүй байна.
Түүхчдийн тэмдэглэн үлдээснээр энэхүү тахлын ид дэгдэлтийн үеэр зөвхөн Константинополь хотод гэхэд өдөрт 10 мянга орчим хүн нас барж байжээ. Манай эриний 541 оны үед бүх Европын нийт хүн амын бараг тэн хагасыг буюу 25 сая хүнийг, өөрөөр бол тухайн үеийн дэлхийн хүн амын 15-25 хувийг үхэлд хүргэсэн Юстинианы тахлын уршгаар ажиллах хүч, цэрэг эрсгүй болсон Византын эзэнт гүрэн бууран доройтсон гэдэг. Тухайн цагт Византын нийслэл байсан Константинополь хотод анх харханд идэгдсэн үр тариа ачсан хөлөг онгоц ирснээс уг аймшигт тахал дэгдсэн гэх таамаг бий. Өнөөх хархнууд нь харин нэгэн төрлийн бактери тээж байсан нь тахлын шалтгаан болжээ.
Ханиад, томуу, амьсгалын замын томуу төст өвчнүүд сүүлийн 300 жилийн хугацаанд H1 хүрээний испани ханиад, H1N1 хүрээний гахайн ханиад, H5N1 хүрээний шувууны ханиад зэрэг олон хэлбэрээр хэдэн арван сая хүний аминд хүрчээ. 1918 оны испани ханиад гэхэд л дангаараа 50 сая хүний, тэр дундаа идэр насны эрүүл чийрэг хэдэн сая эрчүүдийн үхлийн шалтгаан болсон байдаг. Дэлхий дахиныг ниргэсэн хамгийн сүүлийн аюулт томуугийн дэгдэлт 2009 онд Азийн олон орныг хамарсан H5N1 хүрээний шувууны ханиад байв.
Халдвар авсан хүний бие хэдхэн хоногийн дотор хав хар өнгөтэй болж, амьдаараа өмхийрөн ялзарч үхдэг байснаас ийн нэрлэгдсэн энэхүү аймшигт тахал XIV зууны үед Европын нийт хүн амын 30-60 хувийнх нь аминд хүрсэн, дэлхийн түүхэн дэх хамгийн их гай гамшиг, үхэл хагацал дагуулсан халдварт өвчин юм. Азиас эхтэй, харх мэрэгч, бөөс хуурсаар дамжин Торгоны зам дагасаар 1331 онд анх Европт хүрсэн энэхүү тахал ойролцоогоор 375 сая хүний амийг авч одсон гэдэг.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.