Арав.мн

Санаа зовохоо болихуй

Санаа зовохоо болихуй

Зураг: Цэнхэр шаариг (The Blue Marble) - NASA, 2001-2002

Дэлхийг сансрын харанхуйн уудмын өнцгөөс ажигла. Та энэ бүдэг цэнхэр цэгийн хаа нэгтээ оршино. Ази тивд ч юм уу, алс холын нутагт ч байж болох юм. Яагаад энд ч байг, тэнд ч байг... яагаад оршиж буйгаа үл мэднэ. Ямартай ч оршиж буйгаа мэднэ - таталцлын хүчээр нэгдэж, соронзон оронгоор бүрхэгдсэн, хоосон орон зайн хаа нэгтээ хөвөн нүүх тэр нэгэн нойтон шороон бөмбөлөг дээр. Ийнхүү хөвж буй чулуулган бөмбөлөг нь бяцхан. Та энэ бөмбөлгийн дэргэд бүр ч өчүүхэн.

Дэлхийн зургаас чүт холдоорой. Хэр алга дарам байгааг ажиглаж байна уу? Дахиад хэсэг холд. Улам жижигрэнэ. Таны бяцхан тархи ч ойлгож чадахааргүй, тийм жижиг. Холдсоор байтал ганц цэг мэт харагдана. Та энэ ганц цэгийн хаа нэгтээ байж л байна. Эргэн тойронд тань юу ч байж мэдэх, юу ч биш байж мэдэх огторгуйн их харанхуй. Тэр цэг танд амьдрал бэлэглэнэ. Тодорхой хугацаанд оршин тогтноход тань дэм болох бүхий л нөөцөөр хангана.

Энэ бодолд автахад цаг хугацаа үүрд үргэлжлэх ч юм шиг, ганц хором төдий ч юм шиг санагдана. Тэгсэн хэдий ч ертөнцийн бүхий л зүйлстэй харьцуулмагц танд олгогдсон цаг хугацаа дэндүү богино мэт. Киноны ганц сцен мэт. Тэрхүү сценийг устгаж болно, дахин дахин ухрааж үзэж ч болно. Харин устгахад кинонд нь ямар ч өөрчлөлт орохгүй. Тэр ганц сценд таны амьдрал оршино. Тэгж байтал таны хорвоог орхих цаг ирнэ. Үүний дараа юу болохыг та мэдэхгүй, угтаа хэн ч мэдэхгүй. Хэрэв та үнэхээр азтай бол таныг санаж гашуудах хэдэн найз нөхөд, хайртай хүмүүс хэсэг хугацаанд таныг үгүйлэх болно. Тэд таныг ихэд үгүйлэх боловч санахгүй байхыг хичээнэ. Учир нь аливаа хүнийг санах нь маш хэцүү байдаг бөгөөд хэтрүүлбэл хүний амьдралыг сүйтгэх ч магадлалтай. Эдгээр хүмүүс таныг мартах гэж аль чадах бүхий л аргыг ашиглана. Сэтгэлзүйчтэй уулзаж, ямар нэгэн байдлаар таныг давах болно. Тэгж байгаад тэд ч мөн мөхнө. Хэрэв та онцгой азтай бол таныг нэмэлт хэсэг хугацааны туршид санах болно. Магадгүй та энэ чулуун дээр амьдрах олон хүний амьдралд нөлөө үзүүлсэн ч байж болно. Магадгүй та агуу удирдагч, суут ухаантан, зохион бүтээгч, урлагийн хүн ч юм уу байсан байж болох юм. Гэхдээ таныг олон нийтээс санах хүмүүс хувийн зүгээс таньдаггүй байсан учир таныг хэт их санаж бодоод ч байхгүй. Тэд таны тухай санаж, бодох боловч өөрсдийн л өнцгөөс харна.

Хэзээ нэгэн цагт бүх хүн үгүй болно. Тэдний ой санамж, аз жаргал, зовлон бүгд үгүй болно. Тэднийг нь санах ч хүмүүс байхгүй болох цаг ирнэ. Таны гаргасан том ч, жижиг ч алдаа, таны амжуулсан агуу их ажил, амжилтууд ч тэр. Эдгээрийн алинд нь ч таны нэр дурдагдахгүй, тийм үе ирэх болно.

Тиймээс та яг одоо ямар нэгэн асуудлаас болж санаа зовж байгаа бол - ажлын ярилцлага, сургуулийн эхний өдөр, чухал шалгалт, хэцүү харилцан яриа - таны биеийг хөшөөх их зовнил толгойноос чинь гарахгүй шаналгаж, таны амьдрал яг энэхүү мөчөөс шууд хамаарч, таныг ирээдүйд хүмүүс юу гэж бодох яг одоо л шийдэгдэнэ гэж бодож байгаа бол энэ нь хэсэгхэн хугацааны л үнэн юм. Та буруу юм хийж, буруу үг хэлэхээс айж байгаа ч энэ бүхэн бүгд өнгөрнө. Бүх юм зүгээр болно. Учир нь та энэхүү чийгтэй чулуун дээр хамгийн байж боломгүй магадлалыг сөрж амьд оршин байгаа билээ. Таны амь цаашид ч амь бий болгох чадвартай. Та энэ нэгэн агуу том тоглоомын талбайд бүхий л төрлийн гайхамшигт мэдрэмжүүдийг мэдэрч чадна. Энэ их түнэр харанхуйд өөрийн мэдрэмжээрээ гэрэл цацаж байгаа ганц зүйл нь та юм. Инээд хөөргүй, уй гашуудалгүй, зовлон жаргалгүй хорвоо байсан бол яах билээ? Та өнөөдөр оршин тогтносны үр дүнд ертөнцийг амьтай болгож байна. Таны гаргаж болох ганц алдаа бол үүнийг олж харахгүй байх тохиолдол юм. Энэ этгээд амьдрал, ертөнцийн хачирхалтай байдлыг хүлээн зөвшөөрч амьдралаа дагуулан амьдрахгүй байх нь таны ганц алдаа байж болно. 

Эцэст нь таныг ямар нэгэн утга учир хүлээхгүй, таны үйлдлийг хэн нэгэн буруутгахгүй, жинхэнэ эрх чөлөөтэй амьдрал гэдгийг ойлгохгүй байх нь таны ганц алдаа байж болно. Энэ ганцаардсан шороон бөмбөлөг дээр ТА гэдэг зүйл өөрийгөө, БИ гэдэг зүйл өөрийгөө таньж аваад улам ихийг ойлгож, ухаарах боломжийг алдах нь таны ганц алдаа байж мэднэ. Юунд ч байгааг эсвэл юунд ч байхгүй нь мэдэгдэхгүй нэгэн ертөнц, ертөнцөд орших хэдэн зуун тэрбум галактикуудын хамгийн энгийн, хамгийн дундаж төрлийн нэгний зах хэсэгт орших нэгэн дунд хэмжээний шар одыг тойрсон бяцхан нэгэн шороон бөмбөлөг дээр инээж, уйлж, уурлаж, баясаж, амжуулж, бүтэлгүйтэж, зовж, жаргах нь одоогоор өөр хаана ч байхгүй зүйлүүд юм. Энэ их зүйл нь танд олгогдсон богино хугацаанд хэт их мэт санагдсан ч хэсэгхэн зуурын дараа мартагдаж, үгүй болно. Тиймээс амьдралаа тултал нь амьдарч, тэр хязгаарыг давах нь чухал юм.

Энэхүү эхийг YouTube дээр байдаг Pursuit of Wonder хэмээх сувгийн A Reason to Stop Worrying бичлэгээс сэдэвчлэн бичив. 

Та бүхэн одон орон сонирхогчдын Бүдэг цэнхэр цэг пэйжид маань нэгдээрэй.



8.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


hutsaj unga
+1
Баярлалаа. Ихийг ухааруулсан гоё нийтлэл байлаа. Танай сайтыг байнга уншдаг. Өдөр тутам мэдээ мэдээлэл, нийтлэл оруулж болохгүй юү. Монголд байгаа энтертайнмент мэдээлэлийн сайтуудаас танайх хамгийн сайн нь шүү. Үг үсгийн алдаа байхгүй, найруулга, орчуулга сайтай санагддаг. Амжилт хүсье.
+3
hair yum aa
+3
Жоохон уйлмаар болчихлоо ... Баярлалаа!
+4
love it
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start