Цахилгааны доголдол ба бодит байдал
Инженер Ж.Золжаргал та бүхэнтэй санал бодлоо хуваалцаж байна.
10
Хэлбэрдэгч биш мэргэжилтэн ДЭЭД
Техникийн айхтар доголдол гарч, гэвч төвөгтэй ажиллагаатай том станцыг харьцангуй богино хугацаанд сэргээн ачаалж чадсан нь МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН амжилт мөн. Энэ их шүүмжлэгчдээс үл хамаардаг, бас улстөрчдийн томилгооноос үл хамаардаг, 60 тэрбумаар сольчих гэхээр оронд нь очих хүн олддоггүй мэргэжлийн инженерүүд эрхбиш энэ улсад байна.
09
Дараагийн сонгуулиас эмээсэн улстөрчийн ашиг сонирхол биш салбарын хөгжлийн алсын хараа ДЭЭД
Гар утасныхаа төлбөрөөс бага цахилгааны төлбөр төлдөг хүмүүс нэг юм бодсон байлгүй. Нүүрснийх нь үнийг ашигт ажиллагаатай байхаар тооцоод, уурхайнуудыг нь алдагдалгүй болгоод, станцууд нь ашигтай ажиллаад, техникээ сайжруулаад явахын тулд эрчмийн үнийг нэмэх хэрэгтэй. Тийм зориг одоогийн энэ улстөрчдөд байхгүй. Дийлэнх нь ойлгох ч үгүй. Толгой хүрэхгүй. Яваандаа улам л хүндэрнэ.
08
Өөрийн сонирхол, үнэмшлээс Үндэсний ашиг сонирхол ДЭЭД
Эрчим хүчний аюулгүй байдал хөндөгдөөд ирмэгц хэд хэдэн асуудал далимд нь сөхөгдөж байна. Өөр өөрсдийнхөө хийж байгаа ажил төрлөө бодоод, бас итгэл үнэмшил ч байдаг л байх, тэдгээр асуудлыг гаргаж ирж сэвээд байх юм. Тухайлбал:
07
Онол биш бодит байдал ДЭЭД
"Эрчмийн салбарыг зах зээлийн зарчимд оруулах"-ын тухайд:
Талхыг олон компани, олон хүмүүс үйлдвэрлэдэг. Тиймээс тэнд өрсөлдөөн бий. Чөлөөт өрсөлдөөн бол чөлөөт зах зээл, цаашилбал хөрөнгөтний ардчилсан нийгмийн суурь. Яг үнэн. Харин өөр хүмүүс үйлдвэрлэж чадахгүй, зөвхөн ганц хоёр компани үйлдвэрлэх бүтээгдхүүнд чөлөөт өрсөлдөөн байхгүй. Чөлөөт өрсөлдөөн байхгүй бол чөлөөт зах зээл байхгүй. Чөлөөт зах зээл байхгүй бол ардчилал байхгүй. Мөнгөөр төрийн эрхийг авах олигарх, цаашилбал фашист дэглэм л бүрдэнэ. Тэгэхээр ганц хоёр мэдэлтний гарт төвлөрөх эрчим хүчний үйлдвэрлэлийг чөлөөт байдлаар хөгжүүлэх боломж байхгүй. Тиймээс муу ч сайн ч энэ салбар төрийн мэдэлд байхаас гарцаагүй. Ирээдүйд технологи хөгжөөд хараат бус хямд үүсвэрүүд олон гараад ирвэл өөр. Одоогоор бол худлаа.
06
Айлын биш өөрийн гэрийн сонирхол ДЭЭД
"Том батарейнуудыг олноор суурилуулж сүлжээ унах үед цахилгаанаар хангадаг болъё" - ингэвэл сэргээгдэх эрчмийн чадлыг нэмэгдүүлэх боломж гарч ирнэ, бас ногоон хөгжлийн үүд нээгдэнэ гэх.
Том батарейнууд их үнэтэй. Гадаадаас авна. Хугацаа нь дуусахаар дахиад авна. Хэн тэр мөнгийг төлөх вэ? Нүүрсээ зарж олсон экспортын орлогоор л бид төлнө. Юун ногоон хөгжил, нүүрс л зарна. Нүүрс чинь ногоон биш биз дээ? Нүүрс зарагдахгүй бол зээлээр авна. Бөөн өр төлбөр үлдэнэ. Хэнд хэрэгтэй юм? Түүнийг нийлүүлэх олон улсын ногоон технологийн компаниуд, тэдгээр компаниудын ард байх тэргүүлэгч улсуудын байгуулсан ногоон санхүүгийн байгууллагууд ба банкууд, түүнийг ашиглаж суурилуулалт хийх бизнесийн байгууллагуудад ашигтай. Монгол хүнд ямар ашигтай юм?
05
Гоё төсөл биш үндэсний эрх ашиг ДЭЭД
"Багануурын цахилгаан станцын төслийг явуулчих байсан юм" гэх.
Монголын нийт сүлжээний чадал 1000 МВт. Багануурт Хятадын хөрөнгө оруулалттай байгуулаад тэд эзэмшиж ажиллуулах станцын чадал 700 МВт. Нийт эрчим хүчнийхээ хангамжийн бараг талыг нь гадаадын төрийн өмчийн компанид 25 жилийн турш өгнө гэдэг нь эрүүл сэтгэлгээ мөн үү? Юун үндэсний аюулгүй байдал. Аваарын үед Оросоос цахилгаан авдаг хамаарлаа багасгахын тулд Хятадаас хамаардаг болох нь шийдэл болж чадах уу? Нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөд нийлбэр өөрчлөгдөхгүй шүү дээ.
04
Харийн биш өөрийн сонирхол ДЭЭД
"Оросоос хамааралтай байдал"-ын тухайд.
Том осол гарч цахилгаан тасрахад Оросын сүлжээнээс авдаг. Хэрэв холбогдоогүй байсан бол тэгээд "будаа". Хамааралтай байдлаа бууруулахын тулд Эгийн голын усан станц гээд зөндөө л үзлээ, цаад оросууд нь зөвшөөрөхгүй байнашдээ. "Хамааралтай байж бай" гээд.
Тэднийг хараагаад юу олж долоох юм? Хөнжлийн хэрээр хөлөө жийе. Хамаарлаас гарч байгаа нь тэр гээд өндөр үнэтэй батерейнууд ихээр суурилуулж оросын цахилгааны төлбөрөөс хавьгүй их зардал гаргаж арай ядсан улсдаа гай болохын зэрэгцээ "гуравдагч" хөршүүдээс технологийн хамааралтай болох, эсвэл нөгөө урд хөршөөсөө 25 жилийн турш бүр ихээр хамааралтай болох ямар хэрэг байна ? Том гүрэн юу хүссэнээ, жижиг улс юу чадахаа хийдэг гэдэг юм билээ. Бидний одоогоор чадах зүйл бол гурван гайгаас аль бага гайг сонгох.
03
Технологийн гоё тренд биш Монголын ашиг сонирхол ДЭЭД
Нарны дулааныг ашиглаад нийлэг давсыг 500°C-д хайлуулаад түүгээр уур үйлдвэрлэж турбин эргүүлээд өдөр шөнөгүй ажилладаг нарны дулааны станц-concentrated solar power, эсвэл илүүдэл цахилгаантай үедээ усаа дээш татаж хуримтлуулаад цахилгаан хэрэгтэй болохоор доош урсгаж турбин эргүүлээд эрчим үйлдвэрлэдэг усан хуримтлуулт цахилгаан станц-pumped hydro power plant зэрэг технологиудыг нутагшуулах хэрэгтэй байна. Даанч өртөг нь их өндөр. Эрчмийн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй, гэхдээ улсдаа гай биш нэмэр болох технологийг л сонгох хэрэгтэй байна. Чадахгүй бол зүгээр байж л байх нь дээр.
02
Төвлөрсөн том бүтээн байгуулалт биш үндэсний соёл ДЭЭД
Бие даасан, эсвэл хагас бие даасан орон нутгийн бичил сүлжээнүүдийг хөгжүүлэх нь ирээдүй мөн. Ялангуяа Монгол шиг цөөн хүн амтай, том нутагтай оронд. Дэлхийд ч тийм хандлага байна. Яг өнөөдрийн технологи үүнийг хийхэд бас арай болоогүй болтой. Гэхдээ тийшээгээ л чиглэе. Нүүдэлчин соёлоо авч үлдэхэд энэ шийдвэрлэх нөлөөтэй.
01
Ашиг биш ашгийг авч ирэх ХҮН ДЭЭД
Ямарваа асуудалд олон янзын техникийн шийдлүүд, бодлогын хувилбарууд байдаг. Тэдгээрээс сонгохдоо Монголд аль хэрэгтэйг сонгоё. Хүнд нь аль хэрэгтэйг сонгоё. Шийдвэр гаргалтыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэе. Мэргэжилтэн хүн түр зуурын улстөрчдөд ашиглуулдаг биш мэргэжлийнхээ хүрээнд шийдвэр гаргаж нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг болж гэмээнэ дараа үеийн залуус цүнх баригчийн оронд чадвартай мэргэжилтэн болох замыг сонгох биз. Тийм мэргэжилтнүүд л энэ салбарыг ч, эх орныг ч бүхэлд нь авч явж чадна. Хөгжсөн хүн баялаг бүтээдэг. Хүний хөгжил эрхэм ДЭЭД. Айлын биш манай ашиг сонирхол ДЭЭД. Ашиг биш ашгийг авч ирэх ХҮН ДЭЭД.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.