"УТАА БА БОДИТ БАЙДАЛ" Ж.Золжаргал
Улаанбаатар хотын хамгийн чухал сэдэв утааны талаар та бүхэнтэй инженер Ж.Золжаргал санал бодлоо хуваалцаж байна.
Нүүрс нь дотроо хатуу нүүрстөрөгч ба хөнгөн дэгдэмхий бодисыг агуулдаг. Хатуу нүүрстөрөгч шатаад СО2 хэлбэрээр агаарт цацагдана. Энэ бол дэлхийн дулааралд нөлөөлдгөөрөө муу боловч өнгөгүй, үнэргүй, хоргүй хий бөгөөд Улаанбаатарын утаанд хамаа байхгүй.
Харин нүүрсэнд байдаг хөнгөн дэгдэмхий бодис нь галлаж эхэлмэгц амархан ууршаад шатаж амжилгүй шууд яндан руу сорогдож утаа тортог хэлбэрээр гадагшилдаг. Тэр дэгдэмхий бодис бол замын хартай төстэй, өмхий үнэртэй, маш хортой тосорхог зүйл ба агаараар дамжиж эцэстээ хүмүүсийн уушгинд орж хуримтлагддаг.
Тиймээс нүүрсний дэгдэмхий бодисын ялгаралтыг хэрхэн бууруулах вэ гэдэг нь утааг хэрхэн бууруулах вэ гэдэгтэй утга адил асуулт юм.
Нүүрсэн доторх дэгдэмхий бодисыг яндангаар дэгдэж гарахаас нь өмнө шатааж чадвал утаа буурч таарна.
Бид гал түлэхдээ доор нь модоо овоолж, дээр нь нүүрсээ асгадаг зуршилтай. Мод шатаж эхлэхэд нүүрс зүгээр л хална. Нүүрс халахаар түүн доторх хортой дэгдэмхий бодис шаталгүй ууршиж шууд яндангаар гардаг. Энэ бол хорт утаа.
Хэрэв эсрэгээрээ гал түлэхдээ нүүрсээ доор нь, модоо дээр нь тавиад асаавал утаа багасна. Учир нь мод шатаж эхлэхэд түүний доор байх нүүрснээс хортой дэгдэмхий бодис ууршин ялгарч дээшлэх замдаа асаж буй модны гал дундуур явж өнгөрөх ураас зарим хэсэг нь шатна. Улмаар яндан руу орох хортой дэгдэмхий бодисын хэмжээ багасна. Утаа буурна.
Товчоор хэлбэл, нүүрснээс ялгарсан хортой дэгдэмхий бодисыг яндан руу орохоос өмнө модны гал дундуур өнгөрүүлэх тооцоотой хийгдсэн зуухыг “сайжруулсан зуух” гэнэ. Огт худал зүйл биш. Онол, практикаар батлагдсан зүйл.
Зөвхөн Монголд нүүрс түлээд байгаа юм биш ээ. 21-р зууны Төв Европд ч түүхий нүүрс түлж л байна. Герман, Польш, Чех гурван улсын хил орчмын Европын нүүрсний үйлдвэрлэл төвлөрсөн нутгийг Хар Гурвалжин буюу Black Threeangle гэдэг. Эндхийн хүмүүс эртнээс нүүрс түлсээр ирсэн. Энд ч бас утааны асуудал бий. Гэхдээ жигд ширхэгтэй шигшсэн нүүрсийг асаж буй галын хотол руу бага багаар өгдөг автомат тэжээгүүртэй зуух хэрэглэдэг учраас утаа бага ялгардаг. Монголчуудын хувьд ийм зуух нь хэтэрхий үнэтэй тусна. Гэхдээ хамгийн гол нь аль болох бүрэн шатаалтыг нэмэгдүүлсэн зуух ашиглахыг оролдох нь зөв хандлага мөн.
Нүүрсэн дэх дэгдэмхий бодис бага байсансан бол утаа бага ялгарах байсан. Нүүрсний төрөл зүйлээсээ хамаарч дэгдэмхий бодисын агууламж заримд нь бага заримд нь их байдаг.
Манайхны түлдэг Багануурын хүрэн нүүрсэнд дэгдэмхий бодисын хэмжээ 45% байдаг учраас утаа маш ихээр ялгаруулдаг. Тавантолгойн чулуун нүүрсний дэгдэмхий бодис 25% орчим учраас утаа харьцангуй бага ялгаруулна. Харин дэгдэмхий бодис нь 10%-аас бага байдаг антрацит бол “байгалийн утаагүй” түлш юм. Харамсалтай нь Монголд антрацитын томоохон орд илрээгүй, энд тэнд бага хэмжээгээр бий. Тавантолгойн нүүрсийг шатаавал утаа бага ялгарна гэдэг яриа эндээс гаралтай бөгөөд онолын үндэстэй.
Байгаль дээрээ дэгдэмхий бодис багатай нүүрс олдохгүй бол муухан нүүрсээ үйлдвэрийн аргаар битүү саванд өндөр хэмд халаан жигнэж дэгдэмхий бодисыг нь ууршуулан салгасны дараа үлдсэн хатуу нүүрсийг нь утаа багатай түлш болгож ашигладаг. Түүнийг хагас кокс гэнэ. Олон улсад байдаг л туршлага. Монголд хагас коксын үйлдвэр хэд хэд байгуулагдсан. Ердийн нүүрсийг боловсруулж байгаа учраас өртөг өндөртэй. Нүүрснээс үнэтэй учраас хүмүүс худалдаж авахгүй. Төрөөс үнийн зөрөөг татаасаар олгож байснаа зогсоосон тул тэдгээр үйлдвэрүүд бүгд зогссон.
Европын хар гурвалжин буюу Герман, Польш Чехийн хил орчмын нутгийн оршин суугчид сайжруулсан зуух хэрэглэхээс гадна сайн чанарын нүүрсийг жигд ширхэгтэйгээр шигшиж савласан байдалтайгаар хэрэглэдэг. Тэдний автомат тэжээгүүртэй зуухны хувьд 2 см хэмжээ нь хамгийн тохиромжтой байдаг. Хэрэв нунтаг нүүрс ашиглавал шатахгүй уугин нөгөөх хортой дэгдэмхий бодис нь агаарт цацагдана. Хэт том нүүрс бол гадарга хэсэг нь шатавч доторх нь шаталгүй халж, халснаас үүдэн дэгдэмхий бодис ялгарч яндангаар гарч утаа болно. Иймд сайн чанарын түүхий нүүрсийг дунд зэргийн хэмжээтэй шигсэн байдлаар савлан хэрэглэвэл нэгэн төрлийн сайжруулсан түлш болж чадна.
Иймд байгалийн утаагүй түлш антрацит, эсвэл Тавантолгойн нүүрс шиг дунд зэргийн дэгдэмхийтэй нүүрсийг Европын туршлагаар шигшин савлаж хэрэглэвэл утаа бага боловч буурах нь гарцаагүй.
Хүрэн нүүрс, эсвэл дэгдэмхий өндөртэй Налайх мэтийн чулуун нүүрсийг үйлдвэрийн аргаар хагас коксжуулж дэгдэхийг нь бууруулан утаа багатай түлш хэлбэрээр ашиглаж болно. Гэхдээ хагас кокс нь хэврэг учраас тээвэрлэлтийн явцад нунтаградаг. Нунтаг учраас зууханд орсны дараа шаталгүй уугих тул утаа бууруулах боловсруулалт хийсний үр дүн гарахгүйд хүрнэ. Иймд хагас коксыг “өндгөн шахмал түлш” хэлбэрээр л ашиглах нь тохиромжтой. Шахмал болгохын тулд барьцалдуулагч материалыг гадаадаас импортоор оруулж ирнэ. Тэр нь өндөр өртөгтэй учраас хагас коксон түлшний үнэ хэт өндөр гараад байгаа.
Харин нүүрсийг угаан баяжуулснаар түүн дотор байгаа эрдэс шорооны хэмжээ багасна уу гэхээс химийн найрлага дахь дэгдэмхий бодис огт өөрчлөгдөхгүй. Эрдэс шороо бол хүнд учраас нүүрс шатсаны дараа үнсэн дотор үлддэг тул угаасаа утаа болон ялгардаггүй. Гэхдээ нүүрсэнд эрдэс шороо бага байвал "шатдаг хэсэг" нь их болж илүү бүрэн шатна. Бүрэн шатвал утаа бага гарна. Тийм учраас Европын орнуудад угаан баяжуулсан, эсвэл угаасаа байгалийн бага үнслэгтэй сайн чанарын нүүрсийг жигдхэн хэмжээтэй шигшин түлж ашигладаг.
Орчин үед техник технологи асар хөгжсөн ч “ид шид” гэж үгүй. Техникийн мэдлэг муутай хүмүүсийн толгойг эргүүлж “нано, эко, органик, супер пүпер” гэх мэт хэллэг ашиглан үндэслэлгүй зүйлс санал болгох нь хэрээс хэтэрсэн. Ердийн шалгуур бол ямарч технологи хэрэглэсэн өртгийн хувьд Монголчуудын санхүүгийн чадамжид нийцсэн байх ёстой. Энэ шалгуураар бол хүссэн ч хүсээгүй ч нүүрстэйгээ зууралдахаас өөр арга бидэнд байхгүй. Нүүрсээ боловсруулж дэгдэмхий бодисыг нь бууруулах, эсвэл байгалиасаа дэгдэмхий багатай нүүрс ашиглах, жигд ширхэгтэй шигшсэн нүүрс ашиглах, дэгдэмхий бодисыг аль болох бүрэн шатаадаг зуух ашиглах зэрэг нь Монголын нөхцөлд утаа бууруулах бодит боломж мөн.
Хэрвээ цахилгаан халаагуур ашиглавал мэдээж утаа гарахгүй. Гэвч гэр хорооллын ойролцоогоор 10%-аас илүү гарахад маш хүнд.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах сүлжээний чадал хүрэлцэхгүй.
Гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны холболт анхнаасаа ойролцоогоор 1.5 кВт чадал даахаар хийгдсэн. Энэ нь дундаж өрхийн плитк, зурагт, угаалгын машин, индүү зэрэг ахуйн хэрэглээг хангахуйц хэмжээ. Харин цахилгаан халаалт ашиглахад хүрэлцэхгүй. Цахилгаан халаалт ашиглахын тулд хэрвээ байшингаа сайн дулаалсан бол хамгийн багадаа 4 кВт чадал хэрэгтэй. Үүний тулд айлуудын кабелыг солино. Дараа нь тэр хавийн айлуудын тогны нэгдсэн шитийг солино. Дараа нь өндөр хүчдэлийн трансформаторыг нь солино. Дараа нь дүүргийн хуваарилах байгууламжийг өргөтгөнө. Дараа нь тийш холбогдсон цахилгаан дамжуулах агаарын шугамыг солино. Энэ мэтчилэн маш их ажил хийх хэрэгтэй болно.
2017 оны төгсгөл гэхэд ердөө 3000 айл 4кВт чадал авах боломжтой байсан. 2018-2019 онд төрөөс 30 000 000 000 төгрөгийн (30 тэрбум) төсвөөр 20 мянган айлыг цахилгаанаар халаах боломжтой болгохоор ажиллаж байгаа. Эхлээд аль болох бага өөрчлөлт хийх боломжтой хэсгүүдээр цахилгаан халаалт авах айлын тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа тул харьцангуй бага хөрөнгө шаардах боловч айлын тоо нэмэгдэх тусам үндсэн том байгууламжуудаа солих тул хөрөнгө оруулалт улам бүр нэмэгдэнэ. Хэрэв 110 мянган айлыг ийм боломжтой болгоё гэвэл 369 000 000 000 төгрөг (369 тэрбум) хэрэгтэй. Гэр хорооллыг тэр чигээр нь цахилгаанаар халаая гэвэл Улаанбаатарын сүлжээг сайжруулахын тулд ойролцоогоор 1 000 000 000 000 төгрөг (нэг их наяд) хэрэгтэй гэсэн тооцоо бий. Энэ их мөнгийг гаргах чадвар төрд байхгүй. Гаргалаа гээд эдийн засгийн хувьд утга үгүй. Техникийн үр ашгийн хувьд бас утга үгүй.
Хоёрдугаарт, үйлдвэрлэж байгаа цахилгааны хэмжээ хүрэлцэхгүй.
Монголын дулааны цахилгаан станцууд тоймлоод хэлбэл 1000 МВт орчим чадал гаргах боломжтой. Өвлийн улиралд оройн 6-8 цагийн оргил ачааллын үеэр ачаалал 1000 МВт-аас давдаг тул зөрөөг Оросоос авч хэрэглээг хангадаг. Гэтэл шөнө хүмүүс унтаж байх үед ачаалал 700 МВт хүртлээ буурдаг. Өдөр шөнийн энэ зөрөө нь 0-300 МВт, дунджаар 150 кВт байдаг. Энэ шөнийн илүүдлийг цахилгаан халаалтад ашиглая гэвэл 20 - 30 мянган айлд хүрэлцээтэй буюу гэр хорооллын ойролцоогоор 10%-ийг цахилгаан халаалтаар хангаж чадна гэсэн үг. Түүнээс илүү боломж байхгүй.
Цахилгаан станц шинээр барилаа ч Улаанбаатарын түгээх сүлжээний чадал хүрэхгүйн дээр иргэдийн худалдан авах чадвар дийлэхгүй учраас цахилгаан халаалтын тоо шальтай нэмэгдэхгүй. Дулааны 3-р цахилгаан станцын хүчин чадлыг 250МВт-аар өргөтгөж, 4-р станцад техникийн шинэчлэл хийх нь Улаанбаатарын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, импортыг орлох, цаашилбал уул уурхай, аж үйлдвэрийн захиалгыг хангах зэрэг олон давуу талтай болов ч утааг тоймтой бууруулж чадахгүй. Харин утаагаар далимдуулж эрчим хүчний салбарт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг шийдүүлэх боломж бүрдэж байгаа нь нэг талаас Монгол Улсад ашигтай шийдвэр байж болох.
Гуравдугаарт, цахилгаан халаалтын өртгийг төр даахад маш хүнд.
2016-2017 онд ойролцоогоор 4 000 000 000 төгрөгийн (дөрвөн тэрбум) шөнийн цахилгааны хөнгөлөлтийг эдлүүлсэн. 2017-2018 онд 17 900 000 000 төгрөгийн (17.9 тэрбум) хөнгөлөлт эдлүүлэх урьдчилсан тооцоо бий. Үүний тал нь шөнийн тарифыг тэглэснээс үүдэх ба үлдсэн тал нь оргил ачааллын үед Оросоос авах цахилгааны хэмжээ нэмэгдэхтэй холбоотой бий болно. 20 мянган айлыг цахилгаанаар халаагаад ирэх цагт энэ тоо хэд болж өсөх, түүнийг төр даах эсэхийг таашгүй. Нүүрс, зэсийн үнэ унавал улсын эдийн засаг хямарч, шөнийн цахилгааны хөнгөлөлт үгүй болж, халаалтад зориулж цахилгаан түгээх сүлжээг томруулсан, станцаа өргөтгөсөн асар их хөрөнгө оруулалтууд хэнд ч хэрэггүй болж утгаа алдах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй.
Дөрөвдүгээрт, Цахилгаан халаалтын өртгийг иргэд дийлэхгүй.
Цахилгаан халаагуур борлуулдаг компаниуд нэг өрх сардаа цахилгааны төлбөрт 100 мянга орчим төлнө гэдэг. Гэтэл бодит байдал дээр 200 – 250 мянган төгрөг гардаг. Ийм хэмжээний зардлыг зөвхөн харьцангуй өндөр орлоготой өрхүүд л төлөх боломжтой.
Улаанбаатар хотын өрхүүдийн ойролцоогоор 60% нь гэр хороололд амьдардаг. Үндэсний статистикийн газраас гаргасан 2017 оны 11 сарын өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны тайланд дурдсанаар хотын өрхүүдийн 60%-ийн өрхийн орлого сард ойролцоогоор 1 сая төгрөгөөс давахгүй байгаа нь үндсэндээ гэр хорооллын өрхүүд юм. Тэр дундаа харьцангуй өндөр буюу сарын 900 000 – 1 100 000 төгрөгийн орлоготой өрхүүд нийт хотын 11%, гэр хорооллын ойролцоогоор 20% болох ба хүмүүс тэр бүр олсон хэдээ цахилгаан халаагуурт зарцуулахыг зөвшөөрөхгүй гэж үзвэл цахилгаан халаагуур гэр хорооллын өрхүүдийн 10%-аас илүү гарахааргүй байна.
Хэрэв харьцангуй дулаахан орнуудад хэрэглэдэг дулааны насос зэрэг технологийг Монголын хахир өвлийн нөхцөлд тохируулан нутагшуулж чадвал цахилгааны зарцуулалт буурч, цахилгаан халаагуур ашиглах өрхийн тоо нэмэгдэх магадлал бий. Үүний тулд хугацаа хэрэгтэй ба нэмэгдлээ ч гэр хорооллын 20%-аас хэтрэхээргүй байна.
Салхины эрчмийн хувьд ердийн дулааны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн цахилгаанаас 2-3 дахин өндөр үнээр худалдаж авчхаад шөнө татвар төлөгчдийн мөнгөөр нэг хэсэг хүмүүст үнэгүй хэрэглүүлнэ гэдэг нь бага хэмжээгээр байж болох ч их хэмжээгээр бол угаасаа бүтэшгүй хувилбар. Нарны станцын хувьд зөвхөн өдөр ажиллах тул халаалтад тохиромжгүй. Усан цахилгаан станц байгуулж чадвал шөнийн цагт цахилгаан халаалт ашиглахад ихээхэн дэм болно. Гэхдээ Орос үгүй гэвэл Эгийн голын станцад хөрөнгө оруулалт хаанаас ч олдохгүй. Улаанбаатарын дэргэд Туулын усан цэнэгт станц байгуулах нь харин илүү боломжтой хувилбар мөн боловч усан цахилгаан станц байгуулах үндсэн зорилго нь эрчим хүчний системийн тохиргоо, найдвартай ажиллагааг хангах явдал ба цахилгаан халаагуур ашиглах нь зөвхөн дайвар ач холбогдол болно.
Хүйтэн цаг агаартай улсууд байгалийн хий ашиглаж л утаагүй болдог. Байгалийн хий буюу метаныг шатаахад бараг цэвэр СО2 хий л ялгарах ба утаа бол үндсэндээ байхгүй. Гэтэл Монголд байгалийн хийн хайгуул хийж, үйлдвэрлэлд бэлтгэгдсэн нөөц үгүй. Одоо баллонтой зарагддаг пропан-бутан бол нефтийн дайвар хий ба өндөр үнэтэй тул гэр хорооллын утааг бууруулах боломж эдийн засгийн утгаараа байхгүй.
Оросоос хоолой татаж байгалийн хий – метанаар хангах хувилбар байж болно. Гэхдээ л ямарч хэрэггүй газрын гүнд хэвтэх нүүрсэн далай дээр амьдардаг улс гэрээ халаах түлшээ гадаадаас авна гэдэг үнэхээр учир дутагдалтай.
Нүүрсийг үйлдвэрийн зууханд хийж дутуу шатаан хийжүүлээд метан хий үйлдвэрлэж болдог. Судалгааны шатанд зарим төсөл байна. Тус бүр нь 1-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дээрээс нь олон зуун километр урт шугам хоолой татаж, гэр хорооллын айл бүрийн байшинд цорго оруулах хэрэгтэй болно. Тиймээс цаг, мөнгө их шаардана. Хэрэв хэрэгжвэл утааны асуудлыг шийдэж чадна.
Нөгөө хувилбар нь нүүрсний давхаргын метан. Ямар ч нүүрс нүх сүвэн дотроо геологийн тогтоц, насжилтаасаа хамаарч их бага хэмжээгээр метан хий агуулдаг. Монголын чулуун нүүрсний ордууд, тэр дундаа Тавантолгойн ордын нүүрс нь метан хийн агуулга өндөртэй ангилалд багтдаг. Урьдчилсан судалгаагаар Тавантолгойд метан хий үнэхээр байгаа нь илэрхий болсон. Гэхдээ ордын яг аль хэсэгт, хэчнээн хэмжээний хий байгааг тогтоохын тулд мөнгө зарцуулж нарийвчилсан хайгуул явуулах шаардлагатай. Хэрэв метан хийн хангалттай нөөц тогтоогдвол хий чигээр нь дамжуулах хоолойгоор Улаанбаатар руу нийлүүлэх, эсвэл газар дээр нь савлан тээвэрлэх боломжтой DME, LNG, CNG зэрэг хий болгон хувиргах үйлдвэр байгуулж, төмөр авто замаар тээвэрлэн нийлүүлнэ. Монгол шиг хүйтэн цаг агаартай газар утаанаасаа салах шийдэл нь байгалийн хий мөн ба гагцхүү асар их мөнгө, цаг хугацаа хэрэгтэй.
05
Гэр хорооллын орон сууцжуулалт
Сонсоход сайхан ч гэр хорооллын оршин суугчдын санхүүгийн боломж дийлэхгүй. Зөвхөн байр нь дангаараа магадгүй 80 сая төгрөг болно гэхэд түүнийг байгуулахын тулд дэд бүтцийг төрөөс бий болгох зардлаа нэмээд тооцвол 2 өрөө байр хамгийн багадаа 100 сая төгрөгөөс давсан үнээр босно. Үүний тулд гадаадаас том зээл авна. Том бүтээн байгуулалт явуулж цахилгаан дулааны дэд бүтцийн компаниуд, барилгын компаниуд, банкнууд сайн мөнгө хийнэ. Бизнес эрхэлж мөнгө хийхэд буруу зүйл мэдээж байхгүй, гэхдээ том компаниуд, банкнуудыг дэмжих энэ схем явсаар зорилтот зах зээл нь ханачихсан учраас олон арван мянган байр зарагдахгүй үлдсэн. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд гэр хорооллыг нийтээр нь орон сууцжуулах нь санхүүгийн хувьд бүтэшгүй. Энд тэнд ганц нэг хэсэг газар л боломжтой.
04
Хуучин байшингийн дулаалга
Улаанбаатарын гэр хорооллын 220 мянган өрхийн тал нь байшинд, тал нь Монгол гэрт амьдардаг. Тэр байшингуудын дөнгөж 10% нь стандартад нийцсэн дулаалгатай. Ихэнх нь байгаа мөнгөөрөө яаж ийж эвлүүлж дэвлүүлж барьсан учраас дулаалга муутай. Дулаалга муутай учраас нүүрс их түлдэг. Нүүрс их түлдэг учраас утаа их гаргадаг.
Үүнийг анзаарсан дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагууд өргөн хүрээтэй судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн. 200 гаруй янз бүрийн байшинг дулаалсан. Хана, тааз, шалыг дулаалаад зогсохгүй гаднах өнгө үзэмжийг сайжруулж шинэ юм шиг болгосон. Ингэхэд дунд зэргийн 6х8-ын байшин дунджаар 5 сая төгрөг болж байна. Тэдгээр өрхүүд урьд нь 4 тонн нүүрс түлдэг байсан бол дулаалгын дараа 2 тонн нүүрс түлэх болсон. Утаа тэр хэмжээгээр шууд буурна. Хүмүүсийн амьдралын тав тух нэмэгднэ.
03
Монгол гэрээс “Монгол байшин” руу
Саяхан дотоодын барилгын компаниуд нийлж байгаад нэг айлын хашаанд сайтар дулаалсан, чанартай материал ашигласан 64 м2 цахилгаан халаалттай яндангүй байшинг 35 сая төгрөгөөр 15 хоногт барьчихлаа. Энэ бол хөөсөн хавтан гэх мэт хямд материалаар барьсан байшин биш. Хөнгөн блокон ханатай, сайдинг фасадтай, гурван давхар шилэн цонхтой чанартай байшин. Тэдний тооцоогоор 5х8 харьцаатай жижгэвтэр байшин 20 сая төгрөгөнд багтана.
Монголын хот хөдөөд 5х8 хэмжээтэй, дундаа ханан пийшингээр тусгаарлагдсан 2 өрөө байшин түгээмэл байдаг. Нэг талаасаа хямд. Нөгөө талаасаа халуун бүлээрээ бөөнөөрөө амьдардаг манай онцлог шингэсэн. Олон улсад моодонд орж байгаа амьдралын минималист хэв загвар. Жижиг учраас нүүрс бага түлнэ. Дулаахан барьчихвал бүр бага түлнэ. Цахилгаанаар халаасан ч тог бага зарцуулна. Эцсийн дүндээ утаа буурна.
Товчдоо өндөр үнэтэй нийтийн орон сууц барих гэхээр худалдаж авч чадахгүй ямар хэцүү хүмүүс вэ гэж халаглаж суухаар хямд өртөгтэй дулаахан байшин барьж суугаад утаагаа бууруулах боломжийг нь олгох бага хүүтэй зээлийг гэр хорооллын өрхүүдэд санал болгоё. Дэд бүтэц энэ тэр хөгжүүлэхээ түр орхиод зүгээр л хямд байшин барих боломжийг нь эхлээд олгоё. Ингэж чадвал барилгын том компаниудын хувьд борлуулалт буурч, үнэ унах сөрөг үр дагавартай ч гэр хорооллын иргэдэд бол сайхан боломж.
Ид шидтэй нано, эко, органик, супер пүпер технологи хайх шаардлага байхгүй. Хангалттай хайж, туршилт судалгаа хийсэн. Шийдэл байна. Тууштай хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.
Сайжруулсан зуух утаа бууруулах нь онолын үндэстэй ба олон улсын туршлага бий. Гэвч үүнийг далимдуулж үнэн худал зуух шахсан бизнес хийсэн. Сайжруулсан түлш утаа бууруулах нь онолын үндэстэй ба олон улсын туршлага бий. Гэвч үүнийг далимдуулж хуурамч түлш зарагдаж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн. Цахилгаан халаалт хотын утааг бага хэмжээгээр бууруулж чадна. Харин үүнийг далимдуулж их хэмжээний хөрөнгө оруулалтыг түгээх сүлжээ, цахилгаан станцын өргөтгөлд оруулах нь зохимжгүй. Эрчмийн салбарт ийм хөрөнгө оруулалт маш чухал, гэхдээ утаа бууруулах зорилгоор биш. Утааг ашиг олох боломж гэж харалгүй, шийдлээ хүлээсэн нийгмийн асуудал гэж харах цаг нь болжээ.
Улаанбаатарын агаарын бохирдлыг ойролцоогоор 85% нь гэр хороолол, 10% нь тээврийн хэрэгсэл, 5% нь цахилгаан станцуудаас үүдэлтэй. Тиймээс тээврийн хэрэгслийн утааг бууруулахад хөрөнгө оруулах тухай түр мартъя. Цахилгаан станцын яндангаас ялгарах утааг бууруулахын тулд хөрөнгө оруулах тухай бас мартъя. Асуудлын гол нь гэр хороололд байхад багахан нөлөөтэй тээврийн хэрэгсэл, цахилгаан станц руу хөрөнгө хүчээ тарамдах нь утга үгүй. Нэг бол асуудлаа ерөөсөө ойлгохгүй байгаа хүмүүсийн хийж байгаа ажил, эсвэл утааны эсрэг нэр барьж төрийн мөнгөөр “гоё автобус” энэ тэр нийлүүлж бизнес хийх оролдлого. Тиймээс утааны эсрэг бүхий л ажиллагааг одоохондоо ЗӨВХӨН ГЭР ХОРООЛОЛД төвлөрүүлье.
- 10%-ыг цахилгаанаар халааж болно. Эрчим хүчний хэмнэлттэй технологийн туршилт амжилттай болбол энэ хэмжээ магадгүй хоёр дахин өснө.
- 90% нь хүссэн хүсээгүй нүүрсээ түлж таарна. Нүүрс муухай гэж мянга давтавч Монголд нүүрсийг орлох түлш алга. Нүүрсээ түлэхдээ утаа бага ялгаруулдаг Европын туршлагыг дагаж таарна. Түлшээ сайжруулж таарна. Зуухаа сайжруулж таарна. Алсдаа байгалийн хий ашиглах нь зөв чиглэл. Үүнд цаг хугацаа, их мөнгө хэрэгтэй.
- 100% дулаан байшин. Хуучин байшингаа дулаалъя. Монгол гэрийн оронд жижигхэн боловч дулаахан “Монгол байшинг” хямд өртөгөөр барья.. Дулаахан учраас бага нүүрс түлж утааг хоёр дахин бууруулна. Дулаахан учраас бага цахилгаанаар хална. Дулаахан учраас ирээдүйд байгалийн хийтэй боллоо гэхэд бага хий зарцуулна. Ямарч түлш, халаагуур ашигласан утааг бууруулах үндсэн шийдэл бол дулаан сууц мөн. Ийм дулаан сууцанд зориулсан бага хүүтэй зээл олгохыг төрөөс шаардъя. Утааны эсрэг тэр их зээл тусламжийг янз бүрийн зүйлс турших, том том бизнес хийхэд биш ядаж л хүмүүст наалдацтай зүйлд зарцуулъя. Хамгийн наалдацтай зүйл бол орон байр мөн. Ашиг биш ХҮН дээд.
Инженер Золжаргал
2018-1-21
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.