Солк Институтын генийн экспрессийн лабораторийн судлаач, профессор Жуан Карлос Изпизуа Бельмонте (Juan Carlos Izpisua Belmonte) “Бид амжилттай хийсэн туршилтынхаа үр дүнг үнэлүүлэх арай болоогүй. Уг туршилт нь анхны чухал алхам болсон. Бид дараагийн туршилтандаа гахайн эрхтэнд хүний эсийг шилжүүлэн суулгаж түүний үүргийг алдагдуулахгүйгээр эд юмуу эрхтэн ургуулах зорилготой байгаа” гэжээ.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хүнээс өөр төрөл зүйлийн амьтны ДНХ-г ашиглан тухайлсан амьтны эд, эрхтэн хөгжиж чадах эсэхийг харахын тулд хулганы үр хөврөл рүү хархны үүдэл эсийг оруулж анхны харх-хулганы эрлийзийг гарган авчээ Энэхүү аргаа гахайд ашиглаж хүн-гахайн эрлийз үр хөврөлийг бий болгож түүнийг эм гахайнд шилжүүлэн суулгасан байна. Ингээд эрдэмтэд өсөлт хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгахын тулд 3-4 долоо хоногийн туршид байнгын хяналтанд байлгах явцад тээгч эсүүд зөвхөн булчингийн бүтцэд муу нөлөө үзүүлж буйг ажигласан байна. Уг судалгааны ажлын үр дүнгээ “The Cell” сэтгүүлд хэвлүүлсэн нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтдийн анхаарлыг татаад байна. Тухайлбал: Эдинбургийн Их сургуулийн, амьтны биотехнологийн профессор, Рослин Институтын орлогч захирал, Брусс Вайтлав (Bruce Whitelaw): “Энэ өгүүлэл үнэхээр сэтгэл догдлом, гахайны үр хөврөлд хүний эсийг нэвтрүүлснээр хүн-гахайны эрлийзийг бараг л гаргаж ирснээр үл барам шинжлэх ухааны үр дүнтэй нийтлэл болж чадсан. Энэ нь үр хөврөлийн эсийн хөгжил, механизмыг ойлгох боломж олгож байгаагаас гадна хүний эсийг ашиглаж чадвал онцгой чимерануудыг гарган, хүний эд эрхтнийг ургуулан шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн чимераг бүтээснээр эрдэмтэд ургийн өсөлт хөгжил, өвчин дарангуйлах системийг ойлгож авахаас гадна шинэ эмийг туршиж биотехнологийн шинэ бүтээгдэхүүн гарган авах боломжтой юм” гэжээ.
Амьтныг өөр амьтан болгох, амьтанд хүний эрхтний хэсгийг оруулах туршилтууд Их британид Home office-ийн (цагаачид, терроризмын эсрэг, цагдаа, эмийн бодлого, холбогдох шинжлэх ухаан ба судалгааг хариуцдаг засгийн газрын байгууллага) журмын дагуу, харин Америкт үүдэл эс судлалын хүрээлэнгийн зааврын дагуу явагддаг. Чимера нь хэдийгээр шинжлэх ухааны хувьд шинэ дэвшил болж чадаж байгаа ч зарим хүмүүс үүнд эсрэг байр сууринаас хандаж байна. Тэдний үзэж байгаагаар ийм төрлийн туршилт хийхээсээ өмнө олон нийтийн саналыг авах шаардлагатай. Хэрэв хүний эс амьтны тархинд нөлөөлөн хүний ухамсрын шинж тэмдэг илэрч эхэлбэл ёс зүйн хүнд асуудлыг хөндөхөөс гадна “мангасыг” бий болгохвий гэсэн болгоомжлолтой байгаа юм.