Арав.мн

Түүхэн дэх хамгийн баатарлаг эцсийн тулаанууд

Түүхэн дэх хамгийн баатарлаг эцсийн тулаанууд

Мянга мянган цэрэгтэй Персийн армийг Спартын 300 цэрэг тогтоож, эх орныхоо төлөө тулалдан эцэст нь амиа алдаж байгааг харуулах “300” кино гарсан даруйдаа л хит болсон. Түүхэндээ МЭӨ 480 онд болсон энэхүү Фермопилийн тулаанд Спарта, Грекийн 1000 гаруй цэрэг баатарлагаар бүтэн гурав хоногийн турш дайснаа тогтоож байсан гэдэг билээ. Түүнчлэн манай сайтад өмнө нь тавигдсан “Ганцаараа бүтэн армийн эсрэг байлдсан 10 дайчин” жагсаалтаас ч та баатарлаг эрсийн тухай уншиж болно.

Ганцаараа ч бай, олуулаа ч бай зарим эрчүүд эх орныхоо төлөө баатарлагаар амь үрэгдэж, түүхэнд алдар нэрээ дуурсгах хувь тавилантай мэндэлсэн байдаг бололтой. Тоо, хүчний хувьд хавьгүй илүү дайсны эсрэг эцсээ хүртэл тулалдсан эдгээр эрчүүдийн цусаараа бичсэн түүх хэзээ ч мартагдахгүй болов уу. Энэ удаа бид ялах боломжгүй тулаанд дайсны бүтэн армийн эсрэг эцсийн хүнээ хүртэл тулалдсан түүхэн дэх хамгийн баатарлаг “last stands” буюу “эцсийн зогсолт”-уудыг онцолж байна. 


10

Ла Консепсьоны тулаан (1882)

Номхон далайн дайны үеэр Чилийн армийн 77 цэрэг Перугийн 1300 хүнтэй бүтэн армид бууж өгөхийн оронд эх орныхоо төлөө амь насаа үл хайхран тулалдсан  байдаг. Ла Консепсьонд болсон энэ тулаан 27 цаг орчим үргэлжилсний дараа Чилийн цэргүүд ухарч, хотын сүмд нуугдан, тэндээ эцсийн зогсолтоо хийсэн юм. Дээвэр нь шатаж байсан сүмийн дотор коммандлагч нь болох Дэслэгч Игнасио Каррера Пинтог алдсаныхаа дараа ч винтов буугаар зэвсэглэсэн цэргүүд дайсныхаа эсрэг байлдсаар байжээ. Эцэст нь дөрөвхөн хүн үлдсэн ба сүүлийн сумаараа буудсаныхаа дараа бууныхаа жадаар зэвсэглэн дайсны галын шугам руу давшсан гэдэг.

Утаа арилах үед Чилийн бүх цэрэг амиа алдсан байсан бол Перугийн армийг бүрдүүлж байсан 300 цэргээс 40 нь, 1000 партизанаас 250 нь амиа алдсан байжээ.


09

Визнагийн тулаан (1939)

Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед танк, их буу болон бүрэн зэвсэглэсэн 40 мянган цэргээс бүрдсэн асар хүчирхэг Германы арми Польш руу дайрсан юм. Нацистууд Нарев болон Биебрза голуудыг гатлах замд байх Визна тосгон руу ирэх үед маш хүчтэй эсэргүүцэлтэй тулсан билээ. Польшийн зэвсэгт хүчин дайн эхлэхээс ердөө хоёр сарын өмнөхөн 9 км-ийн урттай хамгаалах шугам тавьсны тэг дунд нь Визна тосгон байжээ. Тосгоныг дайсны дайралтыг зогсоох, хоёр голын гармыг хамгаалах бэхлэлт болгон бэлэн байдалд оруулсан байлаа. Нийт 60 бункер барих төлөвлөгөөтэй байсан ч дайнаас өмнө ердөө 16-г нь л дуусгаж амжсан аж. Анх явган цэргийн ганцхан батальон буюу Хошууч Якуп Фоберын удирдсан 71 дүгээр батальон л энэ хэсгийг хамгаалж байсан бол дайн эхэлснээр Ахмад Владислав Рагинисын удирдсан автомат бууны салаа нэмэлт хүч болон очсон байдаг.

Визнагийн тулаан 1939 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр эхэлсэн юм. Түүхчдийн хэлснээр ойролцоогоор 350-720 орчим Польш цэрэг 40 мянган германчуудын эсрэг бүтэн гурван өдрийн турш тасралтгүй тулалдсан байна. Гүүр, замын дээрээс нь харсан уулан дээр байрлуулсан бункеруудыг намаг, өргөст тор, минажуулсан бүс хамгаалж байсан нь Германы армийн хөдөлгөөнд асар их саад болж байсан аж.

Эцэст нь Германы танкууд Польшийн хамгаалалтыг сэтэлж, нуувчуудыг нэг нэгээр нь сөнөөсөөр хамгийн сүүлийн бункерыг 9 дүгээр сарын 10-ны үд дунд буулган авсан байна. Ялах боломжгүй энэ тулааны бэлгэ тэмдэг болсон нэг хүн бол Ахмад Владислав Рагинис юм. Польшийн хамгаалалтын шугамыг удирдаж байсан тэрээр үхэн үхтлээ байрлалаа хамгаална гэж тангарагласан нэгэн. Сүүлийн хоёр бункерт сум дууссаны дараа л ахмад Рагинис цэргүүдээ бууж өгөхийг тушаагаад өөрөө гар бөмбөгөн дээр хэвтэн, амиа хороосон юм. 


08

Роркийг хамгаалсан нь (1879)

Англо-Зулугийн дайны үед Британийн колоний 150 гаруй цэрэг 4000 орчим хүнтэй Зулу омгийн индианчуудын эсрэг стратегийн байршлаа хамгаалсан байдаг. Зулугийн дайчдын дайралт бүрт хамгаалалтын шугам багасч байсан ч британичууд дайснуудаа удаа дараа зогсоож байлаа. Олон цагийн турш байлдаж ядарсан цэргүүд сум дуусахын алдад гар тулаанд хүртэл шилжсэн байна. Харин дараах өдөр нь Зулучууд дайралтаа бүрэн зогсоож, ор мөргүй алга болсон аж.

Гайхамшигтай нь энэ тулаанаас Британийн цэргүүдээс ердөө 17 нь амиа алдсан бол Зулу омгийн 350 дайчин үхсэн байдаг. Тулаанд дайтсан 11 цэрэгт Викториягийн эр зоригийн одон олгосон билээ. Нэг үйл хэрэгт ийм олон одон олгосон тохиолдол үүнээс өөр байдаггүй аж.


07

Шанганийн эргүүлийн салаа (1893)

Өнөө цагийн Зимбабве улсын нутаг дэвсгэрт 1893 онд болсон Англо-Матабелийн дайны үеэр 34-хөн хүнтэй Британийн эргүүлийн салаа Матабеле омгийн 3000 гаруй дайчдын отолтонд оров. Бүслэлтэд орсон Британийн цэргүүдийг удирдаж байсан Хошууч Аллан Уилсон ялах боломжгүй тулаанд бууж өгөхөөс татгалзан тулалдахыг сонгосон юм.

Матабеле омгийн хаан Лобенгулаг барих зорилготой Хошууч Патрик Форбесын зэвсэгт хүчний урд тандалт хийж байсан эргүүлийн салаа 1893 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Шангани бүсэд нэвтэрсэн байна. Тэндээ Матабеле омгийн буут цэргүүдийн бүслэлтэд орсон аж. Үхсэн морьдынхоо ард нуугдсан тэд бүх сумаа дуустал байлдахдаа дайсныхаа 300-500 цэргийг хөнөөжээ.

Сумаа шавхсан үлдсэн цэргүүд босч зогсон гар гараасаа бариад “Хатан хааныг бурхан ивээг” гэх төрийн дууллаа дуулсан гэх түүх бий. Тэдний эр зоригийг Матабеле омгийнхон ч үнэлэн дайсныхаа цогцсыг мөчилдөг уламжлалаасаа татгалзан, амь үрэгдсэн цэргүүдийн цогцост гар хүрэлгүй үлдээсэн гэдэг.

Энэ тулааны ой буюу 12 дугаар сарын 4-ний өдрийг Родези даяар бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, 1920 он хүртэл тэмдэглэсэн байдаг юм.


06

Аламогийн тулаан (1836)

1836 оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 6-ны хооронд болсон Аламогийн тулаан бол Техасын хувьсгалын салхийг эргүүлсэн чухал үйл явдал юм.  Мексикийн алдарт генерал, Ерөнхийлөгч Антонио Лопез де Санта Аннагаар удирдуулсан Мексикийн цэргүүд Техас руу дайрсан энэ тулаанд муухан зэвсэглэсэн 180 Техас дайчид 1800 хүнтэй Мексикийн армийн эсрэг тулалдсан билээ.

Энэ үйл явдлаас хэдэн сарын өмнө Техасын зэвсэгт хүчин мексикийн цэргүүдийг нутгаасаа хөөсөн бөгөөд Сан Антонио де Бексар буюу өнөөгийн Сан Антонио хот дахь Аламод 100 гаруйхан цэргээ үлдээсэн байжээ. Дайралт эхлэх үед Жэймс Бөүви болон Уильям Б.Травис нараар удирдуулсан цөөн тооны нэмэлт хүч ирж, хамгаалагчдын тоог 180 гаруй болгосон юм.

Техасыг эргүүлэн авах гэсэн мексикчүүд 2 дугаар сарын 23-нд анхны дайралтаа хийсэн байна. Жижиг дайралтууд амжилт олохгүйг мэдсэн мексикчүүд эцэст нь 3 дугаар сарын 6-нд бүх хүчээрээ довтлов. Хоёр ч довтолгоог нь амжилттай зогсоосон техасчууд гурав дахь дайралтыг зогсоож чадалгүй бэхлэлтээ алдан хотын дотор байшингуудад нуугдан байлджээ. Эцсийн зогсолт сүм дотор болж, мексикийн цэргүүд бүх хамгаалагчдыг устгасан байлаа. Түүхчдийн үзэж буйгаар хамгаалагчид мексикийн 600 гаруй цэргийг хөнөөж чадсан гэдэг.

Аламогийн тулаанаар техасчуудын зүрхийг мохоохыг хүссэн Санта Аннагийн найдвар орвонгоороо эргэж, түүний харгислалыг эсэргүүцсэн Техасын иргэд хувьсгалчдын эгнээнд нэгдсэн байна. Ингээд мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Мексикийн армийг буулган авснаар Техасын хувьсгал дууссан юм. Өдгөө Аламогийн сүм Техасын хамгийн алдартай аялал жуулчлалын төв болсон билээ. 


05

Камароны тулаан (1863)

Мексикт явуулсан Францын хоёр дахь дайралтын үеэр Ахмадынхаа хамт амь тавьтлаа тулалдах андгай тангараг өргөсөн Францын легион цэргүүд 3000 хүнтэй Мексикийн армийн эсрэг тулалджээ. Францын легионы түүхэн дэх хамгийн баатарлаг үйл явдалд тооцогддог энэ тулаанд Ахмад Жан Данжоу болон Дэслэгч Клемент Маудет, Жан Уилайн нараар удирдуулсан 65 цэрэг морьт салаа, явган цэргээс бүрдсэн мексикчүүдтэй 10 гаруй цагийн турш баатарлагаар тулалдсан юм.

Францын зэвсэгт хүчин Пуэбла хот руу дайрах үед нэмэлт хүч болон очиж байсан нэгдүгээр батальоны гуравдугаар салааг Мексикийн арми отолтонд оруулах гэж байгаа тухай нутгийн индиан туршуулууд мэдэгдсэн байна. Өндөр цолтой офицер байхгүй байсан тул дээр дурдсан гурван офицер сайн дураараа удирдлагыг гартаа авахаар шийдсэн юм.

Ийнхүү 4 дүгээр сарын 30-ны өдөр тэд дайсантайгаа нүүр тулав. Легионерууд Пало Вердегийн хажууханд байх Каморонд эцсийн зогсолтоо хийсэн байна. Мексикийн армийн зүгээс Ахмад Рамон Лайн ирж, утга учиргүй цэрэг эрсээ алуулахын оронд бууж өгөхийг санал болгоход Данжоу татгалзсан аж. Өглөөний 11 цагаас эхэлсэн тулаан 18 цаг гэхэд дуусав. Бүх сумаа дуусгасан таван цэргийн дунд Дэслэгч Маудет байлаа. Тэд бууныхаа жадаа барин дайсан руугаа дайрах үед хоёр нь үхэж, үлдсэн гурван хүн баригджээ. Тэднийг Мексикийн командлагч Паула Милан дээр аваачихад “Үлдсэн хүмүүс нь ингээд л болоо хэрэг үү? Бурхан минь, эд чинь хүн биш чөтгөр байна!” гэж уулга алдсан гэдэг. Тулаанд шархадсан 17 легионерыг баривчилж, 1863 оны 7 дугаар сарын 14-нд хоригдол солилцоогоор сулласан аж.

Ахмад Данжоугийн хиймэл модон гарыг Франц руу илгээсэн бөгөөд өдгөө Легионы дурсгалын музейд хадгалдаг аж. Түүнчлэн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Камароны өдөр болгон тунхаглаж, Легионер баатарлаг эрсийн дурсгалыг хүндэтгэн жагсаал хийдэг болсон юм.


04

Широяамагийн тулаан (1877)

Холливудын алдарт жүжигчин Том Крузын тоглосон “Сүүлчийн самурай” (2003) киног үзээгүй хүн бараг үгүй байх. Энэ киноны үйл явдлыг 1877 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болсон Широяамагийн тулаанаас сэдэвлэн бүтээсэн байна. Уг тулаан нь Сацумагийн бослогын сүүлийн тулаан болсон бөгөөд Сайго Такаморигоор удирдуулсан самурай нар Эзэн хааны армийн эсрэг үхэн үхтлээ тулалдсан билээ.

Генерал Ямагата Аритомо болон Кавамура Сумиёоши нарын удирдсан эзэн хааны арми тоогоор хамаагүй дутуу самурай босогчдыг дарсан юм. Түүхийн хуудаснаа бичсэнээр Сайго Такаморид үнэнч самурай нар Широяама уулан дээр бүгсэн байдаг. Өмнө нь 20 мянга гаруй байсан самурай нараас ердөө 500 орчим нь үлдээд байхад Генерал Ямагата 30 мянган цэргээрээ босогчдыг бүслэв. Түүнчлэн таван дайны хөлөг онгоц хөдөлгөж, самурай нар руу их буугаар галлахад бэлэн байдалд оруулжээ. Ямагатагийн хувьд дайснууд руугаа бүх талаас нь дайрах төлөвлөгөөтэй байсан ба хэрэв самурай нар бүслэлтийг сэтлэхээр дайрах юм бол өөрийн цэргүүд рүү ч хамаагүй их буугаар гал нээх тушаалыг өгсөн байсан гэдэг. Нөгөө талд Сайго цөөн тооны буу, цөөхөн хэдэн их буутай байсан агаад төмөр хөшөө хайлуулж сум хийж цэргүүдээ зэвсэглэж байв.

Бүтэн шөнийн турш их буугаар галласны дараа Ямагатагийн цэргүүд давшилтанд оров. Гэвч Сайгогийн самурай нар эргэн дайрч, эзэн хааны армийн давшилтыг зогсоож чаджээ. Ойрын зайнд сэлмээр байлдах чадваргүй байсан эзэн хааны арми ердөө хэдхэн минутын дотор эмх замбараагүй болж, үймж эхэлсэн байна. Сайгогийн цэргүүд хэсэг хугацаанд давшилтыг зогсоож чадсан ч удалгүй тооны дутуугаасаа болж ухрахад хүрэв.

Тулааны үеэр Сайго гэдэс болон гуяны гол артерийн судсандаа хүнд шархадав. Түүнийг Бэппу Шинсуке үүрэн зугтаж, сеппуку ёслол үйлдсэнийх нь дараа толгойг нь аваад нуусан байдаг. Үүний дараа Беппу үлдсэн самурай нарынхаа хамт сэлмээ гарган уулын уруу эзэн хааны арми руу дайрч, тоо томшгүй бууны суманд амиа алдацгаасан билээ. Энэ тулаанаар Сацумагийн бослого дуусгавар болсон юм.

Сацумагийн бослогыг дарахад төрийн зүгээс асар их хөрөнгө зарцуулсан ба алтаар тооцоо хийдэг байсан явдлыг халж, цаасан мөнгөн тэмдэгт ашиглахад хүргэсэн юм. Түүнчлэн самурай гэх нийгмийн давхарга үгүй болсон аж. 1889 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Эзэн хаан Мэйжи нас барсан Сайгод өршөөл үзүүлсэн билээ. Өдгөө Сайго Такаморигийн дурсгалд зориулсан хөшөө Уэно цэцэрлэгт хүрээлэн болон Кагошима цайзын балгасын ойролцоо байдаг юм.


03

Швейцарийн хүндэт харуулуудын тулаан (1527)

Ром хотыг эзэлсэн тулаан буюу 1527 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Пап лам Клементийг эсэн мэнд зугтаалгахын тулд Швецарийн хүндэт харуулын салаа Ромын Ариун эзэн хаан Чарльз V-ын цэргүүдийн эсрэг эрэлхэгээр тулалдсан билээ.

Хабсбургын династыг эсэргүүцэж байсан Ватикан Франц улсаас тусламж хүссэнээс болж Хабсбургын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эзэн хааны болон Испанийн цэргүүдээс бүрдсэн Хабсбургын армийг Дюк де Бурбоны удирдлага дор захирч байлаа. Хөлсний цэргүүд ихтэй энэ арми Эзэн хаанаас цалингаа авч чадахгүй байсан тул маш хэрцгий болж, үймээн самуун дэгдээх нь элбэг байсан гэдэг. Энэ хандлагыг дарахын тулд Бурбон баян тансаг Ром хотыг эзлэхээр шийдсэн аж. Бараг хамгаалалтгүй хоцорсон Ром хот руу дайснууд ирэхэд Пап лам ард иргэдийг зэвсэг барин хамгаалахыг тушаахад ердөө 500 хүн зөвшөөрч зэвсэг барин тэмцсэн гэдэг. Тэдний хамгаалалтыг Хабсбургын арми төвөггүйхэн дарж орхив. Соёл, шашны төв болсон эртний хотыг сөнөөж, тонож эхлэхэд Пап ламын элит хамгаалагчдын салаа болох 189 хүнтэй Швейцарийн хүндэт харуулууд зэвсгээ барив. Тэдний ахмад Каспар Ройст Пап ламыг эсэн мэнд зугтаахад хангалттай хэмжээний цаг хожих зорилгоор Тютоникийн оршуулгын газрын дагуу хамгаалалт босгожээ. Хүн хүчээр хол дутуу байсан Швейцарь цэргүүд баатарлагаар тулалдсан ч эцэст нь дийлдсэн билээ. Эхний дайралтаас амьд үлдсэн 40 гаруй цэрэг Пап ламын араас нэхэж байсан Хабсбургын цэргүүдтэй дахин тулалдсаар амжилттай зугтаалгаж чадсан юм.

Түүхийн хуудаснаа бичсэнээр Швейцарийн хүндэт харуулууд буюу Swiss Guard-ыг 1506 онд Пап лам Жулиус II үүсгэн байгуулсан байдаг. Швейцарь улс өнөө цагийн хамгийн чинээлэг улсуудын нэг ч 500 жилийн тэртээ ядуухан ард түмэн байжээ. Эрчүүд нь өөр газар очиж, хөлсний цэрэг болдог байсан бөгөөд үнэнч зан, тулалдах чадвараараа алдартай байсан гэдэг. Пап ламын амь насыг хамгаалахын төлөө өөрөө ч үхэхэд бэлэн байх ёстой гэх шаардлагатай энэхүү арми бол дэлхийн хамгийн жижиг зэвсэгт хүчин билээ. Тэд Ватиканы энх тайван байдал болон Пап ламын амь насыг өнөөг хүртэл хамгаалж байгаа юм.

Сонирхуулахад, Ватиканд мөн Жандармын салаа байдаг. Энэ салааг 1816 онд Пап лам Пиус VII үүсгэн байгуулсан ба бүх цэргүүд нь Итали хүмүүс байдаг аж. 


02

Павловын байшин (1942)

Дэлхийн хамгийн агуу тулаануудын нэг болох Сталинградын тулааны үед Сталинград хотын төв, Волга мөрний хөвөөнд орших дөрвөн давхар орон сууцыг Түрүүч Яков Федотович Павловын удирдсан улаан армийн цөөхөн хэдэн цэрэг хамгаалан байлдсан билээ. Стратегийн хувьд онц чухал энэ байшинг хамгаалах тушаал авсан Павловын салаа эх орныхоо төлөө амь биеэ үл хайхран Нацист Германы хүчирхэг армийн эсрэг 25-уулаа тулалдсан энэхүү баатарлаг түүх Дэлхийн II дайны хамгийн алдартай түүхүүдийн нэг.

1942 оны 9 дүгээр сарын сүүлээр 42 дугаар болон 13 дугаар салаа энэ байшинг германчуудаас эргүүлэн авч чадсан байна. Тэд нэн даруй байшинг бэхлэлт болгон хамгаалалт босгож, хажууд нь байх талбайг минажуулсан байна. Цонхон дээр автомат буу, танк сөнөөгчид байршуулан, байшинг тойруулан гурван давхар өргөст тор татав. Энэ байшинг хамгаалах нийт 25 хүн л үлдээсэн байдгийн нэг нь Павлов. Сталины 227 дугаар тушаал буюу “Нэг ч алхам ухрахгүй!” тушаалыг зүрхэндээ шивсэн Түрүүч Павлов эцсийн сумаа дуустал, сүүлийн хүнээ үхтэл энэ байршлыг хамгаалах ёстой байсан юм.

Уг байшин нь гудамжуудын огтлолцол дээр орших ба тал бүр рүүгээ 1 км-ийн зайг харах боломжтой тул маш давуу талтай байсан аж.

Дайснууд ирэх үед Волга мөрний нөгөө эргээс Улаан арми их буугаар дэмжиж байлаа. Мөн завиар хоол хүнс, сум, зэвсэг зөөж байв. Гэсэн хэдий ч ус, хүнс тэжээлийн хомсдолд орж, ядарч туйлдсан Павловын цэргүүд шөнө ч унтаж чаддаггүй байсан гэдэг. Тэдний хүчийг сулруулж, ядарч туйлдуулах зорилгоор германчууд шөнө үе үе гал нээн сэрээдэг байжээ. Танкуудын эсрэг тэсрэх бөмбөг, танк сөнөөгч ашиглан, явган цэргүүд рүү автомат буугаар шүршсээр тэд 60 хоногийн турш байршлаа хамгаалж чадсан билээ.

Павлов 9 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 25-ныг хүртэл буюу Зөвлөлтийн арми сөрөг довтолгоо хийн тэднийг чөлөөлөх хүртэл зогсолтгүй тулалдсан байдаг. Павловын баатарлаг үйлсийг үнэлж, ЗХУ-ын Баатар цолоор шагнасан юм. Сталинградын тулааны үеэр хоёр тал асар их хохирол амссан ч Улаан арми олон сар үргэлжилсэн энэ тулаанд шийдвэрлэх ялалт байгуулснаар Нацист Германы ялагдлын эхийг тавьсан билээ. Зүүн фронт дагуу хийсэн Германы сүүлийн томоохон давшилт болох Сталинградын тулаанд 250 мянган Герман цэрэг амиа алдах буюу олзлогдсон байдаг. Гитлер 1941 онд Москва, Ленинград хотуудыг эзэлж чадаагүй тул Сталинградыг эзэлж, хотын аж үйлдвэрийн баялаг, цаашлаад Кавказын газрын тосны нөөцийг авах болон Волга, Дон мөрний дагуу Улаан армийн холбоог таслах гэж улайрсан нь ялагдах үндэс болсон гэж үзэх нь бий. Энэ тухай Нацистууд дэлхийн 2-р дайнд ялж болох байсан 10 баримтаас дэлгэрэнгүйг уншаарай.


01

Сарагаригийн тулаан (1897)

Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн баатарлаг эцсийн зогсолтуудын тоонд зүй ёсоор ордог энэ үйл явдал 1897 онд болжээ. Британи, Энэтхэгийн нэгдсэн армийн 21 Сих цэрэг 10 мянган Афган босогчдын эсрэг одоогийн Пакистаны нутаг дэвсгэр дээр тулалдсан билээ.

Сарагари нь хилийн дагуу орших Кохат мужийн жижиг тосгон юм. Хурандаа Ж.Кукийн удирдлага дор Британи, Энэтхэгийн армийн 36 дугаар Сих салааг 1894 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан байдаг. Тус салааг 1897 оны 8 дугаар сард тав хуваан Самана уулс, Кураг, Сангар, Сахтоп Дхар болон Сарагарид байршуулсан байна. Британичууд энэ бүс нутгийг удирдлагадаа авч чадсан ч гэсэн үе үе босогчдын дайралтад өртөж байжээ. Үүнээс болж тэд хэд хэдэн бэхлэлтийг сэргээн засварлах ажилд орсон байна. Тэд хоорондоо хэдэн милийн зайтай орших Локхарт бэхлэлт болон Гулистан бэхлэлтийг сэргээн засварлаад, дунд нь харилцаа холбооны хэрэгсэл болгох зорилгоор Сарагаригийн бэхлэлтийг босгосон аж. Тэндээ Ишар Сингхаар удирдуулсан нийт 21 цэрэг байршуулжээ. Хадны хавцал дээр барьсан уг бэхлэлт жижиг тоосгон байшин, дохио өгөх зориулалттай цамхагаас өөр зүйлгүй байлаа.

Афганчуудын бослого хүчээ авч эхлэн дээрх гурван бэхлэлтийг эзлэх гэж оролдох болов. Гэвч 36 дугаар Сихийн цэргүүд довтолгоог амжилттай хамгаалж чадаж байсан юм. Энэ үеэр Сарагари руу нэмэлт хүч явуулснаар дундах жижиг бэхлэлт нийт 3 оффицер, 18 цэрэгтэй болоод байв. Гэтэл 1897 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 мянган хүнтэй арми Сарагари руу дайрах нь тэр!

Энэ тулааны талаарх нарийвчилсан баримтууд харьцангуй үнэн зөв бичигдсэн гэж үздэг. Учир нь Сарагири дахь цэргүүд нарны тусгал ашигладаг хелиографын аргаар нөхцөл байдлыг тухай бүрт нь зэргэлдээх бэхлэлтүүд рүү мэдээлж байсан юм. Ирүүлж байсан дохионы тэмдэглэлээс харахад:

  • 9:00 цагийн орчим 10 мянга орчим Афганчууд Сарагаригийн дохионы цамхагт ойртон ирэв.
  • Бэхлэлт дайсны дайралтанд өртсөн тухай зэргэлдээ орших Локхарт бэхлэлт дэх Хурандаа Хаухтонд мэдэгдэв.
  • Хаухтон нэн даруй нэмэлт хүч илгээх боломжгүй байгаа тухай хариу мэдэгдэв.
  • Сарагари дахь цэргүүд үхэн үхтлээ тулалдахаар шийдсэн тухай мэдэгдэв.
  • Бхагван Сингх амь үрэгдэв. Лал Сингх хүнд шархадлаа.
  • Дайснууд бэхлэлтийн ханын зарим хэсгийг нь нураалаа.
  • Хурандаа Хаухтоны тооцоолсноор 10-14 мянган цэрэг Сарагари руу дайрч байна.
  • Сарагари дахь цэргүүдийг бууж өгөхийг шаардав.
  • Хаалгыг онгойлгох гэсэн хоёр том дайралт амжилтгүй боллоо.
  • Ханыг нураав.
  • Гардан тулаанд шилжлээ.
  • Ишар Сингх үлдсэн хүмүүсээ дотогш орохыг тушаан өөрөө тулалдаж үлдэх болов.
  • Нэг хүнээс бусад нь бүгд амь үрэгдлээ. (Гурмунх Сингх буюу Хурандаа Хаухтонд дохио дамжуулж байсан хүн л ганцаараа үлдсэн байв.)
  • Тэр дайсны 20 хүнийг хөнөөсөн ба түүнийг хөнөөхийн тулд цамхагийг галдан шатааж байгаа тухай мэдэгдсэн нь түүний илгээсэн сүүлийн дохио байжээ.

Амиа алдаж байх үедээ Гурмунх Сингх “Bole So Nihal, Sat Sri Akal!” хэмээн хашгирч байсан гэдэг. Энэ нь “Эцсийн үнэн бол Бурхан билээ хэмээн алдаршуулсан хэн ч мөнхөд ивээгдэх болно!” гэсэн утгатай аж.

Сарагариг буулгаж авсан афганчууд Гулистан бэхлэлтийг зорив. Сарагарид маш их хугацаа алдсан тул Гулистанд 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө нэмэлт хүч хэдийнээ ирсэн байжээ. Хожим Сарагаригийн бэхлэлтийг афганчуудаас дахин эзлэхэд их бууны гал ашигласан билээ. Буцаан авсан бэхлэлтийн ойролцоо 600 орчим цогцос олдсон байдаг. Энэ дайнд нийт 4800 орчим хүн амиа алдсан байдаг бол Сарагаригийн тулаанд Сихийн 21 цэрэг амиа алдаж, афганчууд 180 гаруй хүнээ алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Баатарлагаар тулалдан амиа алдсан 21 Сих дайчинд тухайн үед Энэтхэгийн цэрэгт олгож байсан хамгийн дээд шагнал болох Эр зоригийн одонг нөхөн олгосон юм. Өдгөө жил бүрийн 9 дүгээр сарын 12-ны өдрийг тэдний дурсгалд зориулан тэмдэглэдэг байна. 


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
байтаг богдын тулаан 1т
+8
Сингхүүд бол энэтхэг даяар алдартай дайчид байдаг. Урт сэлэм зүүж толгойгоо алчуураар ороож явдаг. Одоо ч сингх дайчид байдаг.
+4
Сүүлийн хэдэн Энэтхэг яг кинон дээрх шигээ үзэлцсэн юм шиг төсөөлөгдөөд инээд хүрээд байх юм.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start