Арав.мн

CNN агентлаг 2017 оны 10 баатрыг зарлав

CNN агентлаг 2017 оны 10 баатрыг зарлав

CNN агентлаг жил бүр гаргадаг дэлхийг өөрчилж буй энгийн боловч эгэлгүй баатруудын 2017 оны жагсаалтыг гаргасан байна. Энэ уламжлал тогтсоноос хойш 11 жилийг үдэж байгаа бөгөөд бусдад тусалж, гай зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд нөр их хөдөлмөрлөж буй хүмүүст Peabody болон Эммигийн шагнал олгодог юм.

Энэ жагсаалтад орсон хүмүүс өнчин хүүхдүүдийг орон гэртэй болгож, хямралд өртсөн хүмүүсийг хооллож, дайнаас болж сэтгэл зүйн гүн хямралд орсон хүмүүст дэмжлэг болдог. CNN агентлагийн зүгээс эдгээр 10 баатарт 10 мянган ам.долларын шагнал өгөх ба “Оны шилдэг баатар” болсон нэг хүний үйл хэрэгт нь туслалцаа үзүүлэх зорилгоор нэмэлтээр 100 мянган ам.долларыг хандивлах юм. Эгэлгүй 10 баатрын нэрийг 12 дугаар сарын 17-ны өдөр зарласан бөгөөд АНУ даяар санал асуулга явуулж, шилдгийн шилдгийг тодруулж байгаа бөгөөд яг одоо санал асуулгын дүн дууссан байгаа билээ. Энэ бүтэн сайн өдөр буюу 1-р сарын 7-ны өдөр ялагч нь тодрох юм. Ингээд CNN агентлагаас нэр дэвшүүлж буй 2017 оны 10 баатрыг танилцуулж байна.

/Монгол улсад маань ч гэсэн маш олон сайн санаат хүмүүс өөрийгөө үл хайхран бусдад туслаж байдаг. Тэдний жагсаалтыг ч гаргаж, төрөөс үйл ажиллагааг нь дэмжих шаардлагатай мэт. Нийгмийн сайн сайхны төлөө эндээс санаа авах хувь хүн, байгууллагууд гарах байх гэж найдаж байна. Манай сайтын хувьд 2017 оны "ОНЫ ХҮН" санал асуулгыг явуулж байгаа бөгөөд та бүхэн энд дарж саналаа өгөөрэй/.


10

Стэн Хэйс

Барбекьюгийн тэмцээний аварга Стэн Хэйс өөрийн чадвараа ашиглан хоол тэжээл нэн шаардлагатай байгаа хүмүүст хоол хийж өгдөг нэгэн. Тэрбээр 2011 оноос хойш ашгийн бус Operation BBQ Relief хэмээх кампанит ажлаа эхлүүлсэн цагаасаа хойш гамшгийн хохирогчдод хоол тэжээлийн тусламж үзүүлж байгаа аж. Хамгийн сүүлд гэхэд Техас болон Флорида мужуудад тохиосон хар салхины хохирогчдод тусалсан ба нийт 1.75 сая хоолыг хүмүүст өгчээ.

“Хүмүүс хэрхэн ажиллаж байгааг хараад хийсэн хоол чинь ямар их нэмэр болж байгааг мэдрэх үед нүүрэнд чинь инээмсэглэл тодорч, нүдэнд нулимс цийлэгнэдэг” гэж Хэйс хэлжээ.

Хамгийн анх 2011 оны 5-р сард EF-5 хуй салхи Миссури мужийг дайрахад автомашинаар 2.5 цаг яваад хүрэх газар амьдарч байсан Хэйс эхнэр болон найзуудынхаа хамт бусдад туслахаар шийдсэн байна. Тэрбээр барбекьюныхаа тоног төхөөрөмжийг аваад 3-4 хоногийн хугацаанд 5000 орчим хоол хийх тооцоотой байсан ч хэрэгцээ маш их байж, хүнс тэжээлийн тусламж ч ар араасаа цуварч байсан аж. Хэйс 300-400 орчим сайн дурынхантай нийлэн 11 өдрийн турш 120 мянган хоол хийж, хүмүүст тараажээ. Өдгөө түүний баг 45 гамшгийн бүсэд нийт 6800 орчим сайн дурын хүмүүстэй ажиллаад байгаа юм.


09

Самир Лахани

2014 онд Самир Лахани Камбожид сайн дурын үйл ажиллагаанд оролцдог оюутан байхдаа хувцас угаадаг савангаар дөнгөж төрсөн хүүхдээ угааж буй эхийг хараад зочид буудлын өрөөнд нь буй жижиг саван ямар их өөрчлөлт бүтээж чадахыг ухаарсан байна. Лахани Eco-Soap Bank-ийг байгуулж, өдгөө Камбожид 35 нутгийн эмэгтэйг ажиллуулан саван дахин боловсруулах дөрвөн цэгийг ажиллуулж байгаа аж.

“Би ийм залуудаа ийм үр дүнтэй юм хийнэ гэж бодоогүй. Хүсэл эрмэлзэл, гэнэн байдал эсвэл тэнэглэлийг хольчихвол юу ч бүтээж чаддаг юм байна” гэж Лахани хэлж байна.

Камбожийн иргэдийн хувьд саван гэдэг дээд зэрэглэлийн бараа гэж болно. Ердөө гараа угааж чадахгүйгээсээ болж өвчин эмгэгтэй болж буй мянга мянган хүүхэд байдаг. UNICEF-ийн тооцоолсноор Камбожид 5 наснаас доошхи хүүхдийн эндэгдлийн 1/5-ийг ариун цэврийг хангаж чадаагүйгээс болсон суулгах өвчин эзэлдэг байна.

Самирын компани зочид буудлуудаас савангийн хаягдлыг цуглуулан авч, хэрэгтэй хүмүүст нь тараадаг аж. Өдгөө 186,698 ширхэг саванг хандивласан нь 666.5 мянга гаруй хүнд тусласан хэрэг болсон юм.

“Өдөрт ердөө 1.5 ам.долларын цалин авч байгаа хүн үүнийхээ 1 ам.долларыг импортын саван авахад зарцуулахгүй шүү дээ. Тэдэнд үнэтэй савангаас илүү хэрэгцээ бий. Иймд тэд хамгийн хямд сонголт болох угаалгын нунтаг авч хэрэглэдэг нь маш их өвчин авах эрсдлийг дагуулдаг юм” хэмээн CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.


08

Женнифер Маддокс

Чикаго мужид өссөн цагдаагийн ажилтан Женнифер Маддокс төрсөн газрынхаа болж бүтэхгүй зүйлсийг засахаар ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр “Future Ties” хэмээх үнэ төлбөргүй, аюулгүй орчныг бүрдүүлж 100 гаруй хүүхдийг сурж боловсрох, хөгжих боломжоор хангадаг аж.

“Бид болохгүй бүх зүйлсийг баривчлах замаар асуудлыг шийдэж болохгүй. Бидэнд энэ асуудлыг үүсгэж буй гол үндэс болсон зүйлсийг өөрчлөхүйц нийгмийн ажлууд хэрэгтэй байгаа” хэмээн Женнифер ярьдаг.

Цагдаагийн байгууллагад 20 гаруй жилийг өнгөрүүлэх хугацаандаа тэрбээр Чикаго хотод залуухан хүүхдүүд хэрэг төвөгт ихээр орооцолдож байгааг ажигласан ба бөгөөд гудамжинд буй аллагуудаас болж 5-7 настай хүүхдүүд хайртай хүмүүсээ алдаж байгаад санаа зовж иржээ. Өнгөрсөн жил гэхэд 762 аллага тус мужид гарсан байна.

Маддокс хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхээр сүүлийн 6 жилийн турш ажиллаж, сургуулийн дараахь хөтөлбөрийг нээн ажиллуулж байгаа аж. Өдгөө 100 орчим хүүхдэд хичээл заадаг ба цаашид энэ тоог 1200 хүргэнэ гэсэн зорилготой гэнэ. 


07

Рөүзи Машэйл

Сургуулийн багшаар ажилладаг байсан Рөүзи Машэйл 10 жилийн турш Өмнөд Африкийн Кейпитаун хотод өөрийн гэртээ үнэ төлбөргүй цэцэрлэг ажиллуулсан нэгэн. Тэтгэвэртээ гарахын өмнөхөн тэрээр өнчин хүүхдийн асрамжийн газар байгуулж, 5000 гаруй өнчин, өвчтэй хүүхдүүдийг тэжээх болжээ. “Бид дэвжиж байна” гэж орчуулагддаг “Baphumelele” асрамжийн газарт буй хүүхдүүдийн дунд ДОХ-оос болж эцэг эхгүй болсон хүүхэд олон бий.

“Манай хүүхдүүдийн зарим нь том болоод нийгмийн ажилтан болно гэж ярьдаг. Тэд миний хийж буй ажлыг хийнэ гэж боддог. Хүн бүрт мөрөөдөл бий. Харин миний мөрөөдөл бол тэд мөрөөдөлдөө хүрэх юм” гэж Машэйл CNN-д ярьжээ.

Өмнөд Африкийн 2 дахь том хот болох Кейптаунд ирээд Машэйл гэрийнх нь ойролцоо байгаа хогийн цэг дээр хог түүж хоол олж идэхийг хичээж буй хүүхдүүдийг хараад цочирдсон тэрбээр нэг өдөр хүүхдүүдийг дуудан хооллож, ярилцсан байна. Ийнхүү тэрбээр анхныхаа цэцэрлэгийг 1989 онд байгуулжээ. Үүнээс хойш 10 жилийн дараа Машэйл тэтгэвэртээ гарах тухай бодож эхлэв. Гэвч 2000 онд түүний хаалганы урд хаягдсан нэг хүүхэд ирснээр зорилгоо өөрчилжээ. Машэйл хүүг цагдаагийн газар хүргэж өгсөн ч цагдаа нар өөрөө хүүхдээ асрах хэрэгтэй гэж хэлснээр асрамжийн газар байгуулахаар шийдсэн байна. UNICEF-ийн тооцоолсноор Өмнөд Африкт 3.7 сая өнчин хүүхэд байдаг аж.

“Би бурхантай хэлэлцээр хийсэн юм. Би энэ хүүхдүүдийг асарч хамгаална. Хариуд нь бурхан надад тэднийг тэжээх нөөцийг минь бүрдүүлж өгөх ёстой” гэж Машэйл ярьдаг аж.


06

Эндрью Манзи

Тэнгисийн цэргийн бага түрүүч Эндрью Манзи Иракт хоёр удаа ажиллаад ирэхдээ тархиндаа авсан гэмтэл болон дайны дараахь сэтгэл зүйн хямралаа эмчлэх зорилгоор мэргэжлийн хүнд хандаж байлаа. Гэхдээ үүнээс илүү үр дүнд хүргэсэн нэг зүйл нь Surfing буюу далайн давалгаа дээр гулгах байв. Тэрээр Warrior Surf хэмээх ашгийн бус байгууллагыг байгуулж, ахмад дайчид болон тэдний гэр бүлд зориулсан зургаан долоо хоногийн зуслан ажиллуулах болжээ. Энэ нь албаа дуусгасан цэргүүдийг сэтгэл зүйн дарамтаас салахад нь тусладаг аж.

“Хажууд чинь найзууд чинь хамт хөвж байгаа тохиолдолд танд хамаагүй аюулгүй санагдах болно. Бид эмчилгээг байгалийн аргаар хийж байгаа юм” гэж Марзи CNN-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Иракт байх хугацаандаа Марзи олон цагаар эргүүлд гарч, үргэлж амь насаа аюулд учруулдаг байв. Алба хаах үедээ маш ширүүн буудалцаан, тулаанд оролцож, хамтран зүтгэж байсан олон найзаа алдсан нэгэн. Одоо 32 настай Марзи 2005 онд гэртээ ирсэн ч дайны дараах хямрал маш хүчтэй байж, олон жилийн турш шаналсан байна. “Би өөрийгөө удирдаж чадахгүй байсан. Өөрөөсөө ч айдаг болсон байлаа” гэж дурсах энэ залуу өдөр бүрийн амьдралаа хэвийн болгох гэж мэргэжлийн хүмүүстэй уулздаг байжээ. Нэг өдөр тэрбээр задгай талбайн худалдаанаас худалдаж авсан хөвөгч тавцангаа аваад далайг зорьсон нь амьдралыг нь өөрчилсөн гэнэ. “Давалгаа дээгүүр гулсах үед толгойд минь ганцхан энэ мөчийн тухай л бодогддог. Бясалгах маш сайхан арга. Амьсгалах, йог хийх зэргээр оюун бодол маань бие махбодтойгоо нэгдэж чаддаг” гэж Манзи сурвалжлагчийн асуултад хариулсан байна.

Түүний зүрх сэтгэл эмчлэгдэж, 2013 он гэхэд өөрөө Өмнөд Каролина мужийн Фолли эрэг рүү нүүжээ. Тэндээ давалгаан дээгүүр гулгах хичээл заахын хажуугаар дайнаас ирсэн бусад ахмад дайчидтай танилцан surfing-ийн ид шид тэдэнд ч нөлөөлсөн болохыг мэдсэн байна. Өдгөө 300 гаруй цэрэг түүний үнэ төлбөргүй хөтөлбөрт хамрагдаж, амьдралаа өөрчлөөд байгаа аж.


05

Лесли Мориссетте

Лесли Мориссеттийн хүү Грэхэм ердөө 6 настай байхдаа цус багадалт өвчнөөр оношлогдож, 8 настайдаа хорвоог орхижээ. Уй гашуугаа тайлахын тулд Лесли “Grahamtastic Connection” гэх ашгийн бус байгууллагыг нээн, хүнд өвчтэй хүүхдүүдэд үнэгүй компьютер, iPad, робот бэлэглэн өвчнөө даван туулахад нь тусладаг болсон байна. Өвчтэй хүүхдүүд найзууд, гэр бүл, ангиа маш их санадаг тул тэдэнтэйгээ холбоотой байхад нь эдгээр бүтээгдхүүн том дэмжлэг болдог ажээ.

“Хүнд өвчтэй хүүхдүүд энгийн хүүхэд шиг л байхыг хүсдэг. Тэд сургуульдаа явж, ангийнхаа хүүхдүүдтэйгээ байхыг хүсдэг. Бид энэ боломжийг нь олгох багаж, хэрэгслүүдийг нь тэдэнд өгдөг юм” гэж Лесли өөрийн байгууллагынхаа үйл ажиллагааг тайлбарлаж байна.

Хүүгээ нас барах хүртэлх хоёр жилийн турш Лесли үргэлж эмнэлэгт цагаа өнгөрүүлдэг байв. Хүүхдээ хүнд өвчинтэй хэрхэн тэмцэж байгааг харах шиг аймшигтай зүйл байхгүй тул Грэхэм интернэтийг ашиглан гэр бүл, найзуудтай нь холбоотой байлгахыг зорьжээ. 1990-ээд он байсан тул интернэт гэх зүйл тийм ч өргөн дэлгэрээгүй байв. Гэртээ интернэттэй, компьютертэй байсан ч тэднийгээ эмнэлэгт авчрах боломжгүй байлаа. Харин хүү Грэхэм нь тааралдсан хүн болгонтойгоо харьцаж, настай хүн, хүүхдүүдтэй ярилцан хөгжөөдөг нэгэн байжээ. Бусад хүүхдүүдэд тоглоомоо өгч, үргэлж сайхан энерги тарааж явдаг байсан Грэхэм хүү 1997 онд өвчнөө дийлэлгүй нас барсан байна.

Хүүгээ хэрхэн амьдарч, бусад хүмүүст урам зориг өгч байгаагаас үлгэр жишээ авсан ээж Лесли нь хүүгийнхээ дурсгалд зориулан “Grahamtastic Connection” гэх байгууллагыг байгуулсан байна. Өдгөө тус байгууллага 1998 оноос хойш 1500 гаруй хүнд өвчтэй, хорт хавдартай хүүхдүүдэд тусалж, гадаад ертөнцтэй холбогдон, сурч боловсрох хүслийг нь дэмжиж байгаа юм байна. 


04

Мона Пател

Согтуу жолоочийн машинд мөргүүлэх үедээ Мона Пател 17 настай байжээ. Ослоос болж олон удаагийн хагалгаанд орсон тэрбээр насан туршдаа тахир дутуу болсон юм. Мона харин амьдралд бууж өгсөнгүй Сан Антониогийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санг байгуулсан ба үүгээрээ дамжуулан өөртэйгээ ижил хүмүүст дэмжлэг өгч, боловсрол олгон, нөхөн сэргээх эмчилгээ хийхийн хажуугаар хиймэл үе мөчтэй болоход нь санхүүгийн дэмжлэг өгдөг байна.

“Тахир дутуу болсон хүн нийгэмд зүгээр л оршин тогтноход аймшигтай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь би өөрөө тийм амьдралаар амьдарсантай холбоотой байх”.

Мона Пател 1990 онд машинд мөргүүлсэн ба нэг хөлөө хайс, машин хоёрын дунд хавчуулсан цагаас хойш бүтэн 7 жилийн турш янз бүрийн хагалгаа, мэс заслуудад орж хөлөө авахуулсан байна. Гэсэн ч Мона бакалавр, хоёр чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, нийгмийн ажилтан болсон болжээ. Энэ бүх хугацаанд бие махбодын бүрэн бүтэн бус байдлаас болж ихэд зовсон ба өөр шиг нь хүмүүст тусладаг байгууллагууд олох гэж их зовдог байв. Ийнхүү 1997 онд сүүлийн мэс засалдаа орохынхоо өмнө "хөл дээрээ дахин босох л юм бол би өөрөө ийм байгууллага нээнэ" гэж тангаргалсан байна.

Өнөөдөр түүний байгуулсан ашгийн бус байгууллага нь 30-60 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цуглуулж, ярилцан, сэтгэл санааны болон бусад дэмжлэгийг өгдөг байна. Энэ хугацаанд тэрбээр 1100 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслаад байгаа юм. Уг байгууллага мөн эрүүл мэнд, фитнессийн сургалтууд явуулдаг байна. 2015 онд л гэхэд Пателын хамт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Танзани улсад байрлах Африк тивийн ноён оргил Килиманжаро уулын оройд амжилттай гарсан ажээ.


03

Хали Свийни

Хали Свийни гэгч энэ хүн буруу хүмүүсийн дунд өсч торнисон хүүхдүүдийг сөрөг зүйлсээс зайлсхийж, сайн хүн болоход нь туслах зорилгоор “Downtown Boxing Gym Youth Program” гэх боксын клубыг байгуулжээ. Тэрбээр Детройт хот дахь бэлтгэлийн зааландаа 100 орчим хүүхдэд долоо хоногт 5 удаа бэлтгэл хийж, хичээл заадаг байна. Тус хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 260 гаруй хүүхэд хамрагдаж төгссөн ба тэд бүгд ахлах сургуулиа амжилттай төгсөж, 98% нь коллежид элссэн гэнэ.

“Надад муу хүүхэд харагддаггүй. Зүгээр үгээ хэлж чадахгүй байгаа хүүхдүүд л харагддаг. Яг юу болоод байгааг нь олоод үзье. Би энэ хүүхдүүдээс сайн сайхан ирээдүйг л олж хардаг” хэмээн Свийни хэлж байна.

Детройт хотод өсч том болох маш хэцүү. Свийни ч энэ амьдралыг даван туулсан нэгэн. Түүнийг ердөө 6 долоо хоногтой байхад нь эцэг эх нь хөрш айлдаа өгчээ. Хэдийгээр түүнийг аль болох сайн асарч халамжилж байсан ч Свийни жинхэнэ гэр бүл олох гэж хичээдэг байв. Тэр үргэлж асуудалд оролцож, зодолддог байсан тул хаана явж байгааг нь мэдэх гэж мөрөн дээр нь чип хүртэл суулгаж байв. Ингэсээр Свийни буруу хүмүүстэй орооцолдсон байна.

“Гудамжинд байгаа хүмүүс гэр бүл чинь болж чадна. Гэхдээ үүнд золиос хэрэгтэй”. Эцэст нь Свийни сургуулиа орхиж, орон гэргүй, ажилгүй, боловсролгүй нэгэн болжээ.

Гэхдээ тэр амьдралаа өөрчилж чадсан бөгөөд хэрэв түүнд хэн нэгэн тусалж, зөв зам руу нь чиглүүлж чадсан бол бүх зүйл ямар өөр байж болох байсныг ухаарсан гэнэ. Ийнхүү Свийни залуу хүүхдүүдийг өөр шигээ амьдрал туулуулахгүйн тулд туслах ёстой хэмээн бодов. Свийни залуу байхдаа боксоор хичээллэж, түүндээ ч их дуртай байсан бөгөөд залуу хүүхдүүдэд хүрэх ганц зам нь тэдний сонирхлыг татах боксын дугуйлан байгуулах юм байна гэж үзсэн гэдэг. Тэрбээр өөрийн сурсан зүйлээ цөөн хэдэн хүүхдүүдэд гадаа зааж эхэлсэн ба 2007 онд өөрийн гэсэн заалаа байгуулж чадсан байна. Өдгөө тэр долоо хоногийн таван өдөр 100 орчим хүүхдийг сургуулиас нь авч, өөрийн зааландаа авчран хичээл заах замаар буруу хүмүүсээс хол байлгаж, амьдралын зорилгоо олж, зөв амьдрахад нь тусалж байгаа юм байна.  


02

Аарон Валенсиа

Өсвөр насандаа мансууруулах бодис, шорон, орон гэргүй байх зэрэг хүнд асуудлуудтай тулгарсан Аарон Валенсиа амьдралаасаа сургамж аван залуусыг цаг хугацаагаа зөв өнгөрүүлэх төслүүд хэрэгжүүлдэг нэгэн. Түүний байгуулсан ашгийн бус “Lost Angels Children’s Project” байгууллага нь хүүхдүүдэд хичээлээс гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

Тэр амьдралын төвшин доогуур, эрсдэлд учрах өндөр магадлалтай, өнчин хүүхдүүдийг цуглуулж, хуучны классик автомашин сэргээн засварлах сонирхолтой төсөл хэрэгжүүлдэг аж.

“Ингэж сургах нь механикийн боловсролыг сургуулиас авахаас илүү үр дүнтэй. Бид тэдний нүдийг нээж, юмсыг өөрөөр харахад нь тусалдаг” гэж Аарон ярьдаг.

Ядуу тарчиг амьдралд өөрийг нь байнга зоддог ээжтэйгээ хамт өссөн Аароны амьдрал маш аймшигтай байсан ба 9 настайгаасаа архи уух болж, 14 настайдаа мет гэх хар тамхи хэрэглэж, 15 настайдаа героинд орсон байна. Өсвөр насандаа үргэлж цагдаагаас зугтаж, хар тамхи зарж, шоронд хүртэл орж байв. Нэг мэдэхэд л тэр цэцэрлэгт хүрээлэнд унтаж, хаашаа ч явах боломжгүй болсон байгаагаа ухааран амьдралаа орвонгоор нь эргүүлэхээр шийдсэн байна.

1999 онд хар тамхины эмчилгээнд хамрагдснаасаа хойш дахин энэ зүйлтэй орооцолдоогүй аж. Тэрбээр классик загварын автомашинуудыг сэргээн засарлаж суран, Калифорнийн Ланкастерт жижиг засварын газар нээсэн байна. Хэдэн жилийн өмнө түүний засварын газрын ойролцоо эргэлдэж, хийж буй ажлыг нь сонирхож буй хүүхдүүдийг хараад түүнд нэгэн санаа төрсөн нь өнөөдөр “Lost Angels Children’s Project” буюу “Төөрсөн сахиусан тэнгэрүүд - хүүхдийн төсөл” болон өргөжсөн юм. Тэрбээр долоо хоногт гурван удаа, нэг удаадаа 15 хүүхэдтэй хичээлийн дараа автомашин засварлах ажил хийж, хүүхдүүдэд машин бүтээхийг зааж өгдөг байна. Түүн дээр ирдэг хүүхдүүд машины талаар юу ч мэдэхгүй ч ирээд бүх зүйлийг эхнээс нь суралцдаг байна.

2015 оноос хойш энэ төсөл нь тогтворжиж, 100 гаруй хүүхдийг хамруулаад байгаа гэнэ. Хэн хэндээ тустай энэ үйл ажиллагаанаас хүүхдүүд өөрт нь дутагдаж буй нэг зүйл болох “тогтвортой байдал”-ыг олж авдаг ажээ.


01

Эйми Врайт

Бие махбодын болон сэтгэлзүйн хувьд хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүмүүсийн 70% нь ажилгүй байдаг тухай сонссон Эйми Врайт болон түүний нөхөр энэ бүгдийг өөрчлөхөөр шийджээ. Тэдний дөрвөн хүүхдүүд бүгд Дауны синдромтой аж. Түүний Хойд Каролина дахь “Bitty and Beau’s Coffee” гэх кофены газар 40 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулдаг юм байна.

“Үүнийг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хүмүүстэй харьцаж, бидэнд ялгаатай талаас илүү ижил төстэй зүйлс олон гэдгийг мэдрэх боломжийг олгодог” хэмээн Эйми CNN-д ярьж байна.

Кофены газрын нэр нь тэдний хоёр хүүхдийн нэр аж. Харин энд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ нь тэдний анхны ажил бөгөөд эндээ байх тун дуртай гэнэ. Эйми Врайт кофе шопоо 2016 оын 1 дүгээр сард нээсэн даруйд гадаа нь үйлчлүүлэгчдийн цуваа тасраагүй гэнэ. Тэдний үйл ажиллагааг телевизүүд сурталчилж, төд удалгүй Эйми илүү том кофе шоп нээх шаардлагатай болсон байна.

Өдгөө хөгжлийн бэрхшээлтэй 40 ажилтантай үйл ажиллагаа явуулж буй ба хоёр менежер нь тусгай боловсролын хөтөлбөр дүүргэсэн хүмүүс гэнэ. Кофе шопын ажилчид маш сайн тосолсон хөдөлгүүр шиг сайн ажилладаг байна. Бүх ашгаа “Able to Work USA” гэх ашгийн бус байгууллагадаа өгч, бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил олох гүүр нь болоход зориулдаг ажээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+5
Зовж үзсэн хүмүүс л бусдад тусламж ямар хэрэгтэй байдгийг нь мэддэг. Тэд л ийм сайхан сэтгэлтэй, сайхан үйлс хийж байгаа юм даа.
+4
Goy gegeeleg medee blaaa
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start