Ер бусын 10 авто зам
Бид өдөр бүр л аль нэг замаар аялж, ажил гэрийн хооронд давхидаг. Өргөн нарийн, сайн муу, түгжрээ их, бага гэж л ялгахгүй бол ерөнхийдөө нэгэн адил замууд. Гэхдээ ер бусын сонин, зориуд бодож зорьж хийсэн, ихээхэн ур дүй шаардсан гээд хачирхалтай авто замууд ч бас бий. Бүгд л ер бусын үүх түүх, гайхан шагших зүйлтэй.
Авто ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй гэдгийг бүгд мэддэг. Тэгвэл, АНУ-ын баруун өмнөд Нью-Мексико мужийн Тээврийн газраас жолооч нарын хурдыг сааруулахын тулд тун сонирхолтой бөгөөд бүтээлч, бас зальжин арга сэджээ.
Тус мужийн Route 66 хурдны зам дээгүүр давхин өнгөрөх зуур “America the Beautiful” дуу эгшиглэдэг. Зам өөрөө хөгжимддөг гэсэн үг.
Гэхдээ жолооч замын баруун талын сэрэмжлүүлэх догол бүхий доргионтой хэсгээр /rumble strips/ 72 км/цагийн хурдтай явахад хөг, аялгуу төгс зохицсон эх оронч дууг сонсож болно. Энэ нь зөвшөөрөгдсөн хурдыг тохируулж явсных нь төлөө жолоочийг урамшуулж буй “шагнал” юм.
09
ТЭХИЙ ГОЛДОО ТОМ БАЙШИНТАЙ ЗАМ
Өмнөд хөрш Хятадад 2012 онд ийм нэгэн явдал болсон юм. 70 нас шүргэж яваа Луо Баоген гэгч эр эхнэрийн хамт хурдны замын тэхий голд амьдрах, басхүү хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарал дунд аж төрөх ямар байдгийг биеэр үзэж туулжээ.
Хятадын засгийн газар шинээр ашиглалтад орсон төмөр замын буудалд хүрэх хурдны зам тавихаар болов. Газар чөлөөлөх шаардлага гарч Сьяжаняны иргэдэд нөхөн төлбөр төлж нүүлгэсэн боловч Луо овогт нөхөн төлбөрийн мөнгө нь шинэ байшин барихад хангалтгүй хэмээн татгалзжээ. Тохиролцоонд хүрч чадаагүй ч засгийн газар төлөвлөснөө гүйцэлдүүлэхийн тулд Луогийн байшинг тойруулан хурдны зам барьжээ. Дөрвөн эгнээтэй хурдны замын тэхий голд Баогийн таван давхар байшин үлдэж, “хадаасан байшин” болов.
Удалгүй Луогийн өөрийнх нь хүсэлтээр байшинг буулгажээ. Тэрбээр эхнэрийн хамт засгийн газраас санал болгосон 260 мянган юанийн нөхөн төлбөрийг авахыг зөвшөөрсөн байна.
08
НИСЭХ ЗУРВАС ДАГУУХ ХУРДНЫ ЗАМ
Пиренейн хойгийн өмнөд үзүүрт орших Их Британийн эзэмшил нутаг Гибралтарт тэгш хавтгай, тал газар гэж бараг үгүй. Тиймээс ч зам харгуй, чиглэл маршрут заримдаа таагүй сэтгэгдэл төрүүлнэ.
Тодруулбал, Гибралтарын нисэх буудлын нисэх, буух зурвасын нэлээд хэсэг нь Уинстон Черчиллийн өргөн чөлөөний замтай яг таг давхацдаг. Тэрхүү авто зам Гибралтарын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй зам ажээ. Учир нь Испанитай холбодог ганц гарц, мөн нисэх буудалд хүрэх боломжит ганц зам нь гэнэ.
Онгоц хөөрөх болон буух үед замын гарц, хашлага бүгдийг хааж, замын хөдөлгөөн нам зогсдог аж. Онгоцны замд таарах явган хүнийг ч мөн холдуулдаг.
Хоёр замын энэ давхцал мэдээж аль аль талдаа маш осолтой. Азаар, нисэх буудал долоо хоногт 30 орчим нислэг л хүлээн авдаг, хөл хөдөлгөөн багатай гэнэ.
Гибралтарын засаг захиргаанаас авто замыг онгоцны нисэх зурвасаас салгаж, газар доорх хонгил барих шийдэл бүхий шинэ төсөл төлөвлөж байгаа аж. Ингэснээр авто замын түгжээ, нислэг саатах, хамгийн чухал нь аюулгүй байдлын асуудлыг шийдэх боломжтой гэж үзжээ.
Хурдны замын зөвшөөрөгдсөн дээд хурд таны сэтгэлийг хөдөлгөдөггүй, хангалтгүй санагддаг бол АНУ-ын Нью-Мексико мужид байрлах Холломан агаарын баазын Өндөр хурдны туршилтын зам танд яг тохирно. Тэндхийн дундаж хурд дууны хурдаас 10 дахин их гээд л бод. Зам дагуу “Мах 10” гэсэн тэмдэглэгээ харагдана. Харин та хурдны хязгаарыг давбал торгууль, шийтгэл бус, харин үхэлтэй халз тулгарч мэднэ.
1940-өөд оны сүүлч, 50-иад оны эхээр баригдсан уг зам зүгээр нэг хурдан машин, галзуу хурд хүсэгчдэд зориулсан эд биш. Харин өндөр хурдны туршилт хийх зорилгоор баригджээ.
Шүхэр, ослын бүс, цөмийн технологи гээд шинэ содон олон дэвшилтэт зүйлийг энэ зам дээр туршиж байв. Энэ зам дээр бүртгэгдсэн хамгийн дээд хурд 1017 км/цаг!
Atlanterhavsveien хэмээн нэрлэдэг Атлантын далайн зам нь Норвегийн эргийн дагуу 8.3 км үргэлжилдэг. Гүүр, далан, виадук, явган хүний зам, жуулчдад зориулсан тусгай хэсэг гээд бүгдийг багтаасан энэ замыг “тэнгисийн туннель” ч гэж нэрийддэг. Норвегийн зууны шилдэг бүтээн байгуулалт гэгддэг юм.
Норвегийн засгийн газар анхандаа гүүр барихаар төлөвлөсөн байсан ч хожим зам барих шийдэлд хүрчээ. Замын ажил 1983 онд эхэлж, зургаан жил үргэлжилсэн байна. Энэ хугацаанд далайн хар салхи, шуурганы улмаас 12 удаа замын ажил саатаж байжээ. 12 сая крон /1.5 сая орчим ам.доллар/-ы хөрөнгөөр бүтсэн Атлантын далайн зам 1989 оны долдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн юм.
2004 онд ашиглалтад орсон Виадук Мийо бол дэлхийн хамгийн өндөр гүүр юм. Францын ерөнхийлөгч асан Жак Ширак үүнийг “Урлаг, уран барилгын цогц гайхамшиг” хэмээсэн нь бий.
Британийн архитектор Норман Фостер, франц инженер Мишел Вирложе нарын төсөөллөөр биеллээ олсон Виадук Мийо 343 метр өндөр, 2460 метр урт. Парисаас Барселон руу чиглэсэн их урсгалыг сааруулж, замыг дөтлөхийн тулд уг гүүрийг барьжээ. Барилгын ажил гурван жил орчим үргэлжилсэн байна.
Төсөлд нийт 400 сая евро зарцуулсан гэдэг. Дотоодын Eiffage фирм хувийн санхүүжилтээр Виадук Мийог барьсан бөгөөд 2080 он гэхэд замын татварын орлогоор санхүүжилтээ нөхөхөөр тооцжээ. Эйфелийн цамхгаас ч өндөр Виадук Мийо гүүрээр аялал жуулчлалын оргил үед /зургаагаас есдүгээр сард/ гарахад дугуйтай хүн 4.80 евро, суудлын тэрэг 9.80 евро, ачааны машин 34.80 евро төлдөг байна.
Үүлэрхэг өдөр гүүрээр гарахад үүлэн дээр хөвж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
Америкийн өрнөдийн цөл дундуур 158 км үргэлжлэх Невада мужийн 375 дугаар хурдны замыг “Харь гаригийн зам” гэж нэрлэдэг. Хурдны замаар олон дахин нааш цааш холхисон нутгийн иргэд үл мэдэгдэх нисдэг биет /UFO/ харсан, үзсэн тухай домог, цуу яриа, мэдээ, мэдээлэл чамгүй олон удаа гарч байсан тул ийн нэрлэгджээ.
375 дугаар хурдны зам дагуу үл мэдэгдэх нисдэг биетийн тухай яриа аль эрт 1980-аад оноос эхтэй. Боб Лазар гэх инженер эр 1989 онд дээрх зам дагуу орших 51 дүгээр амралтын бүсэд харь гаригийн хөлөгт орж ажилласан гэж телевизээр ярьсан юм. Боб Лазарын мэдээллээс хойш сонирхолдоо автсан дотоод, гадаадын хэрэгт дуртай жуулчдын цуваа 375 дугаар хурдны замаар хэсэгтээ л тасраагүй гэдэг.
Мужийн захиргаа ч үүнийг овжин ашиглаж, 375 дугаар хурдны замыг “Харь гаригийн зам” гэж албан ёсоор нэрлэжээ. Нэрийг нь солих ёслолд алдартай жүжигчид хүртэл ирж оролцсон гэдэг.
АНУ-ын Мичиган мужийн Макино арал дээрх М-185 нь нэг ширхэг ч автомашин явдаггүй авто зам юм. 13.4 км үргэлжлэх энэ замаар зорчигчид явганаар, эсвэл морьтой, сүйх тэрэгтэй, дугуйтай л зорчдог. Арал даяар автомашин хэрэглэхийг хориглосны дараа дээрх замын үндсэн хэрэгцээ нь гажжээ.
Арлыг зорин ирсэн жуулчдын дийлэнх нь автомашинтай ирж, нөгөөх нь арлын амар амгалан, нам гүм байдлыг эвдэж байсан тул 1898 онд автомашины хэрэглээг бүрэн хориглосон байна.
Арал дээр зөвшөөрөгдсөн цорын ганц машин бол цагдаагийн Jeep машин. Гэхдээ зөвхөн өвлийн улиралд ахмад настнуудад туслах зорилгоор хэрэглэж болно. Ард иргэдийн хувьд цасны моторт чаргыг өвөлдөө хэрэглэдэг. Хүүхдүүд 12 нас хүрээд цасны моторт чарга унах эрхтэй болдог гэнэ.
Орчин цагийн инженерийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн Чесапикийн булан дахь гүүр-хонгил. 37 км үргэлжлэх энэ зам дагуу дөрвөн хиймэл арал, дөрвөн гүүр бий. Хамгийн гайхалтай нь энэ зам далайн усан доогуур тавьсан тус бүр нь 1.6 км үргэлжлэх хоёр хонгилтой.
АНУ-ын Виржиния мужид орших энэ гүүр-хонгилын систем нь 1964 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээгджээ.
Далайн түвшнээс дээш 5000 метрийн өндөрт орших Каракорумын хурдны зам нь дэлхийн хамгийн өндөрт орших олон улс хоорондын хатуу хучилттай зам юм. Нийтдээ 1300 км үргэлжилдэг уг замыг Каракорумын нурууг дамнуулан Пакистаныг Хятадтай холбохоор хоёр улсын засгийн газар хамтран тавьжээ. 1960-аад оны сүүлчээр замын ажил эхэлж, 1986 онд ашиглалтад орсон байна. Энэ замыг барих явцад нэг бээр ахих тутамд нэг хүн үрэгдэж байсан гэдэг. Пакистаны талаас нийт 800, Хятадаас 200 гаруй ажилчин амь эрсэдсэн гэх тоо баримт бий.
Өдгөө ч энэ зам “үхлийн хөндий” хэмээх Балтора мөсөн гол, “алуурчин уулс” гэгдэх Каракорумын ноён оргилд хөтлөх аюултай зам. Талибанчуудын террорист халдлага, уулын хад нурах, хөрсний гулгалт болох, цасны ирвэстэй таарах гээд зам зуур ямар ч аюулын дохио хангинаж мэднэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.