Зул сарын хачирхалтай 10 уламжлал
Есүс Христийн төрсөн өдрийг орон орны загалмайтны шашинтнууд өөр өөрийнхөөрөө ч басхүү төстэй тэмдэглэдэг. Харин тэдний дунд зөвхөн гацуур мод, гоёл чимэглэл, бэлэг сэлтийг чухалчлалгүйгээр шинэ оноо угтдаг улс бас бий. Зул сарын баярын дараах уламжлалууд инээдэмтэй, эвгүйцэм, бүр зарим нь аймаар агаад бүгдийг нь өвөрмөц сонин гэхээс өөр аргагүй.
10
Санта Клаусуудын олимп (Швейцарь)
The Santa Claus Olympics
Санта Клаус гэж заавал сахал, үсэндээ баригдсан, гүзээтэй хөгшин байх ёстой гэж хэн ч дүрэмдээгүйгээс хойш жил бүр Швейцарьт болдог дэлхийн аварга Санта Клаус шалгаруулах тэмцээнд эр, эм, хөгшин, залуу гэлтгүй хүссэн хэн ч оролцож болно. Өрсөлдөгчид Зул сарын баяраар Санта Клаус юу хийдэг вэ, тэр бүгдээр өрсөлдөх ба тэмцээний олон төрлөөс заримыг нь дурдвал дуулах, бүжиглэх, чаргаар уралдах, цас мөсөн баримал хийх, яндан өөд авирах зэргийг нэрлэж болох юм.
Итали, Австри, Швейцарийн хил нийлдэг Замнаун хэмээх буйдхан сууринд 2001 оноос хойш зохиогдож байгаа уг тэмцээнд оролцохын тулд 18 нас хүрсэн байхад л болно. Мөн сэтгэлээрээ хүүхэд байж, ичиж зовохыг умартах хэрэгтэй болов уу.
09
Өвлийн хоёр өвөө (Бельги)
Pere Noel and St. Nicholas
Бельги хүмүүст нэг Санта хангалтгүй ажээ. Пер Ноэль хэмээх өвлийн өвгөн өөрийн муу талын дүр болох Пер Фуэтартайгаа хамт францаар ярьдаг бельгичүүд дээр зочилдог бол валлон хэлт бельгичүүдийн өвлийн өвгөн нь Гэгээн Николас юм. Дуулгавартай хүүхдүүд Пер Ноэлиэс чихэр, шоколад бэлгэнд авах бол дэггүй хүүхдүүдийг Пер Фуэтар шоглож, айлгана. Харин Гэгээн Николас хүүхдүүд дээр Зул сарын баяраас өмнө буюу арванхоёрдугаар сарын 4, 6-нд хоёр ч удаа айлчилж ирдэг ёстой. Эхлээд ирэхдээ хүүхдүүдийн хэн нь томоотой, хэн нь дүрсгүй байсныг олж мэдчихээд хоёр дахиа ирэхдээ бэлгээ тараана.
Түүхэн талаасаа өвлийн энэ хоёр өвгөний гол ялгаа нь Гэгээн Николас гэгч үнэхээр байсан бол Пер Ноэль болон түүний дагалдагч нь шашин номтой холбоогүй, ердөө Дэлхийн I дайны үед бий болсон зохиомол дүр юм.
Santa Claus on a Canoe
Далайн эргийн амьдрал хэзээ ч уйтгартай байдаггүй гэдэг. Үүнийг батлах мэт хавайчууд Зул сарын баяраа эрэг дээр өнгөрөөдөг бөгөөд эндхийн Санта Клаус нутгийнхны уламжлалт каноэ завиар бэлэг тээн ирнэ. Энд Сантагийн чарга улаан өнгөтэй модон завь болж, цаа буга нь далайн гахай болжээ. Энэ тухай бүр дуу хүртэл бий. “Улаан завьтай Санта Ус гатлаад ирлээ...” гэж.
07
Талийгаачдаа эргэхүй (Финлянд)
Visiting the Dead
Бурхан болсон ойр дотныхныхоо булш бунханг эргэх нь шинэ жилийн баярын жагсаалтад бичигдэхээр зүйл биш ч финляндчуудын хувьд бараг л заавал үйлдэх ёс ажээ. Зул сарын баярын урьд орой буюу арванхоёрдугаар сарын 24-ний үдэш оршуулгын газар очигсод бүгд лаа асаах бөгөөд хэдэн мянга, бүр саяар тоологдох лаа, дэнлүү нь хайртай дотно хүмүүсээ алдаагүй улсыг ч оршуулгын газар руу татдаг байна. Энэ үед орчин тойрон үгээр хэлэмгүй амар амгалан, үзэмж төгс болох ба ийм л халуун дулаан, нам гүм, гэрэл гэгээтэйд финляндчууд хуучин оноо үддэг.
06
“Аягүй” амттан (Өмнөд Африк)
Eating Caterpillars
Африк тивийн өмнөд нутгаар төөлүүр хорхой тансаг зоогт тооцогддог агаад Зул сарын баяр зэрэг онцгой өдрүүдээр нутгийнхан эл зоогоо дуртайяа бэлдэж, амтархан иднэ. Төөлүүр хорхойг давстай усанд буцалгаж, дараа нь наранд хатаах юм уу утаж болгох ба ингэснээр бүр ч амттай болдог гэж нутгийнхан ярьдаг.
Идэж болохуйц олон төрлийн өт хорхойн үйлдвэрлэл өмнөд Африкт өдгөө хэдэн сая ам.долларын бизнес болжээ. Төөлүүр хорхой гэхэд л марганц, магни, цайр, зэс, кальц, калий, натри агуулдаг, бүр үхрийн маханд байдгаас ч илүү их төмөр агуулдаг гэхээр энэ нь ч аргагүй юм.
Burning of Thorns
Иракийн Христийн шашинтнууд хэдий цөөхүүлээ ч тун эв түнжинтэй, ёс заншлаа ихэд дээдэлдэг сүсэгтнүүд юм. Зул сарын баярын өмнөх орой ирак хүүхдүүд чанга дуугаар Библийн хэсгээс уншиж, эцэг эх болоод гэр бүлийн бусад гишүүн нь гартаа асаалттай лаа барин тэднийг анхааралтай чагнана. Тэгээд хүүхдүүдээ Библи уншиж дуусмагц тусгайлан түүсэн элдэв ургамлын өргөсийг мөргөлийн дуу хөгжөөнгөө овоолон шатаана. Харин шатаж дуусахад нь бүгд үнс нурман дээр нь гурав дэвсэлж, хүслээ шивнэдэг ёстой.
Иракийн загалмайтнуудын итгэж сүсэглэдээр галын наадам адил шажигнан дуугарч, очтон гялтганаад шатаж дуусах өргөснүүд тухайн гэр бүлийн аз хийморийг бэлгэдэх ба дараа жилийнх нь өнгийг тодорхойлдог байна. Хэдийчинээ хурдан шатаж үнс болно, төдийчинээ сайн.
Arrival of the Three Kings
Филиппинчүүд магадгүй, дэлхийн хамгийн “зул сарсаг” үндэстэн байх. Тэд бүр есдүгээр сарын эхэн үеэс л Зул сард бэлдэж, нэгдүгээр сарын сүүлч хүртэл наргиж нааддаг. Хүүхэд багачууд нь бүр аравдугаар сарын эхээр Зул сар, шинэ жилийн дуунууд дуулж айл айлын үүдэнд амттан горьдож дуулж бүжиглэнэ. Ийм их цаг зав байхад тэд элдэв юм сэтгэлгүй яахав.
Филиппинчүүдийн Зул сартай холбоотой элдэв уламжлалаас хамгийн сонирхолтой нь тэд Санта Клаусыг огт тоодоггүй нь байх. Оронд нь тэд нутгийнхны бүр хэдэн зуун жилийн өмнөөс шинэ оны бэлэг авчирдаг гэж ярьдаг Гурван хаан гэгч “өвөө” нарт итгэдэг. Филиппин хүүхдүүд Гурван хааны тэмээдэд өвс бэлдэн цонхон дороо тавих бол зарим нь оймсноос гадна гутлаа бэлгийн “уут” болгон цонхноосоо дүүжилж орхино. Гурвын гурвын өвөөгөөс бэлэг авах болохоор аргагүй биз.
03
Багтай эрлэгүүд (Латви)
Advent of the Masked Visitors
Шинэ жилийн баяраар, ер ямар ч баяр наадмын үеэр муу муухай зүйлсийн талаар бодохыг хэн ч хүсэхгүй. Харин латвичууд эсрэгээрээ тэр бүхнийг бодож тунгаан байж, биежүүлэн төсөөлж байж үлдэн хөөдөг гэж үздэг байна. Муу муухайн биелэл болж элдэв адгуус, ан амьтанд хувирагсад голдуу чоно, ямаа, баавгай, морь болох ба бөө, удган, бүр Үхэл болж хувцаслах хүмүүс ч бий.
Тэд айлуудын үүд тогшин, босгыг нь давахын тулд дуулж бүжиглэнэ. Харин даалгавраа биелүүлж дотогш орвол дайлуулж цайлуулж аваад гарахдаа тухайн айлын хамаг муу муухайг авч гаргаж хаядаг гэдэг. Энэ заншлын бас нэгэн сонин ёс нь дүрээ хувиргагсад дуу хоолойгоо мөн өөрчлөх ёстой бөгөөд хэн нэгэнд танигдчихвал багаа тайлах ёстой ажээ.
02
Өвөг дээдсээ дайлах нь (Болгар)
Leftovers for the Dead
Эл хачирхалтай заншил португалчуудын консода гэх уламжлалтай төстэй юм. Консода нь Зул сарын баярын өглөө баярын ширээнээ хоосон аяга таваг тавьж, үхэгсдийн сүнсийг зоогт урьдаг ёсон юм.
Харин болгарчууд Зул сарын баярын үдэш оройн зоогоо гэр бүлээрээ барьчихаад бүгд аяга тавгаа цэвэрлэлгүй, хоол ундаа шавхалгүй үлдээх бөгөөд тэднийг унтсан хойно өвөг дээдсийнх нь болоод өөд болоод удаагүй төрөл төрөгсдийнх нь сүнс ирж үлдээсэн хоолыг нь иддэг гэж үздэг байна.
01
Хоолны наадаан (Словак, Украин)
Throwing Food at the Ceiling
Энэ жагсаалт дахь хамгийн жигтэй заншил бол Словак, Украины зарим хэсэгт уламжлагдаж ирсэн Зул сарын баярын ширээнийхээ элдэв хоол хүнсийг тааз өөдөө шидэх ёс юм. Энэ нь хоолныхоо үлдэгдлээр тоглож байгаа хэрэг огт биш, харин ч ирэх жилдээ хэр азтай одтой байхаа үзэж байгаа хэрэг гэнэ.
Тийн наадах гол “тоглоом” нь локса хэмээх нэг төрлийн гамбир бөгөөд гэрийн эзэн эхний локсаг шидэх ёстой. Хэр их локса таазанд наалдана, төдий хэрээр ирэх оны ургац арвин байж, амьдрал ахуй элбэг дэлбэг, аз жаргалтай байна гэж үзнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.