Арав.мн

“Алдартнуудын ховор ярилцлага” цувралаас онцлох 10 суутны яриа

“Алдартнуудын ховор ярилцлага” цувралаас онцлох 10 суутны яриа

Өнгөрсөн зууны нэр алдартай эрхмүүдийн ховор ярилцлагуудын эмхэтгэл орчуулагч Г.Лхагвадуламын хөрвүүлснээр гурван дэвтэр болон хэвлэгдэн гарч буйн эхний хоёр нь “Оршихгүйгээр оршихуй”, “Амьдрал нэрт кафед” нэрээр уншигчдын гарт очоод байна. “Алдартнуудын ховор ярилцлага” цувралын дэвтэр тус бүрт 36 алдартны ярилцлага багтжээ. Цувралын сүүлийн дэвтэр ирэх оны эхээр хэвлэгдэх юм. Уг хоёр ном "Аз Хур", "Интерном", "Мажестик", "Мир" номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.


10

Мухаммед Али

“Хамгийн аугаа тулаанч”-ийн “Playboy” сэтгүүлд 1975 онд өгсөн ярилцлага.

...

-Таныг исламын шүтлэгт оруулсан Элайжа Мухаммед цагаан арьстнуудыг бүгдийг нь цэнхэр нүдэт чөтгөрүүд гэдэг байсан. Та бас тэгж боддог юм биш биз?

-Хүн бүр өөр гэдгийг би мэднэ ээ. Миний амьдралд таарсан хамгийн адгийн хүмүүс цагаан биш, өнгөт арьстнууд байсан. Гэхдээ л би цагаан арьстнуудыг гэрийн маань үүдэнд бөөгнөрсөн мянган могой шиг санадаг юм. Тэдний зуу нь сайхан сэтгэлтэй, зөв бодолтой байж болно. Үгүйсгэхгүй. Харин тэдэнтэй нь найзархах гээд үүдээ нээчихвэл бусад нь ороод ирнэ шүү дээ. Өнгөт арьстай хүн бүр л цагаан арьстан сайн найзтай гэдэг. Гэтэл тэдний биднийг дэмжиж байгаа нь хаана байгаа юм бэ? Америкийн 25 сая өнгөт арьстан эрхийнхээ төлөө жагсаж байхад дэргэд нь 25 сая цагаан арьстан үзэгдэхгүй л байна шүү дээ. Энэ орны хавчигдаж гадуурхагдсан өнгөт арьстнууд өөрсдийн гэсэн улстай болдог л юм бол би бүх мөнгөө тэр улсад хандивлана.

-Зөвхөн сүүлийн хоёр жилд л гэхэд та тулаанаас 10 сая ам.доллар олсон. Бүх хөрөнгөө үнэхээр тэгээд өгчихөж чадна гэж үү?

-Тийм ээ, эргэлзэх юмгүй шууд л хандивлана. Өмнөдийн мужуудад хүмүүсийн амьдрал ямар байгааг та мэдэх үү? Саяхан даа, би машинаа уначихаад нэг гудамж уруудаж явахдаа хуучирч муудсан хүрэм өмссөн нэг хар эрийг байшингийн буланд эхнэр, хүүхэдтэйгээ автобус хүлээгээд зогсож байхыг харсан юм. Хүү нь ямар өрөвдмөөр харагдсан гэж санана. Гутал нь цоорчихсон, жаахан хүү байсан. Гэтэл би тэнд “Роллс-Ройс” уначихсан явж байгаа юм. Тэгээд гэнэт тэр хүүг "Миний хүү байсан бол..." гэж бодоод учиргүй уйлсан. Гэхдээ намайг өрөвдөөд л өнгөрдөг нэгэн гэж битгий бодоорой. Майамигийн эргээр ганц өгсөж уруудаад л би хэдэн арван хүнийг ажилтай болгож чадна. Жорж Формантай тулалдахаа би 850 мянган ам.доллараар бэлтгэл хийсэн. Тэгэхдээ ажиллуулж болох хэдэн сайхан хар залууг хөлсөлсөн юм. Бас Кид Гавиланыг Кубад асуудалтай болоод Майамид цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байхад нь олж аваад одоо багтаа ажиллуулж байна...


09

Нил Армтсронг

Саран дээр хөл тавьсан анхны хүний 2011 онд Австралийн СPA телевизэд өгсөн ярилцлагаас.

...

-Нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Сар луу 24 хүн нисэж, 12 нь сарны гадарга дээр хөл тавьсны дараа ч та бүхнийг саран дээр буугаагүй, ерөөсөө энэ бүхэн жүжиг байсан гэж ярьдаг. Үүнд итгэдэг хүн ч олон байна. Ийм яриаг та яаж хүлээж авдаг вэ?

-Хүмүүс цуу үг, хуйвалдааны элдэв онолд дуртай. Гэхдээ би тоодоггүй юм. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт саран дээр очих хүн миний үлдээсэн камерыг буцааж авчирна гэдэгт эргэлздэггүй. Тэгээд ч НАСА-гийн 18 мянган ажилтан худлаа хэлнэ гэж үү. Тэдний хэн нэг нь эрт, орой нэгэн цагт ам алдах л байсан шүү дээ. Гэтэл өдий олон жил өнгөрөхөд тийм зүйл болсонгүй. Бидэнд өөрсдийгөө батлан харуулах гэж зүтгэх ямар ч шаардлага байхгүй. Хэн хүссэн нь одоо Google Map-ийн тусламжтайгаар сартай танилцаж болно. 1969 оны бичлэгийг ч одоогийн сарны зурагтай харьцуулж харах боломжтой шүү дээ...


08

Клод Моне

Импрессионизмын “эцэг”-ийн 1900 онд Францын “Le Temps” сонинд өгсөн ярилцлага/дурдатгалаас.

...Одоо санахад би тун ч эрх дураараа өсчээ. Гэхдээ цадигаа алдсан хүүхэд байсан ч сурч мэдсэн бүхнээ зөвхөн гэрийн хүмүүжлээр олж авсан гэдгээ бахтайяа өчсү. Сургуулийн амьдрал надад эгээ л шорон гяндан шиг санагддаг байв. Аав маань миний дэггүй, дураараа занд ихэд сэтгэлээр унаж, урам хугардаг сан. Харин багш нар маань миний өнцөг буланг нь гоёж гоодсон хичээлийн ном, дэвтрүүдийг харж, овоо авьяастай гэж үнэлснээс би 15 нас хүрэх жилээ нутаг орондоо шог зураачийн нэр хүнд олсон юм. Би ижийнхээ санал болгосноор хүмүүсийн зургийг үнэ хөлстэй зурах болж, үйлчлүүлэгчийнхээ ааш аяг, бүтээлийнхээ өнгө үзэмжээс хамаарч нэг зургаа 10-20 франкаар арилжих болов. Хэрэв тэр янзаараа ажиллаад байсан бол би гэдэг хүн өдийд хосгүй баян болох байлаа...


07

Мария Каллас

Дуурийн Библи гэгддэг нэрт сопраногийн 1973 оны ярилцлага.

...Надад эрж хайсан, хүлээсэн юм алга. Дараа сард, арванхоёрдугаар сарын 2-нд би 50 нас хүрнэ. Өдий насанд би сэтгэл хангалуун хэвээрээ байна. Би зөв үед төрж, өөрт заяасан давуу талуудаа зөв ашигласан. Алдаж эндсэн минь олон ч би их азтай хүн. Юу ч үгүй, хэн ч биш байсан хэрнээ одоо намайг магтан сайшаагаад байгаа хүмүүсийн тэр бүх сайхан үгэнд тэнцэхээр болсон.

-Сүүлийн асуулт болгож таны аялан тоглолтын талаар нэг зүйл тодруулъя. Зарим шүүмжлэгч таныг карьертаа маш сайхан төгсгөл хийх нь гэж байгаа бол зарим нь өмнөх шигээ сайн дуулж чадахгүй, тэр нь сонгодог урлагийн түүхэн дэх эмгэнэлт явдал болох нь гэсэн. Та тэдэнд ямар хариу хэлэх вэ?

-Одоогоор эмгэнэлтэй зүйл болоогүй байна. Болсон ч гэсэн намайг уйлна гэж саналтгүй. Би чинь грек хүн шүү дээ. Үнэхээр муу юм болчихоогүй л бол грек хүмүүс барьц алддаггүй. Бас өөрсдийнхөө эмгэнэлт жүжгийг үзээд уйлдаггүй юм. Би ч бас тийм л хүн. Хэцүү бэрхтэй дасан зохицдог. Тэгэхээр сайн сайхан зүйл л хүлээж байя...


06

Кшиштоф Киесловски

Польшийн нэрт кино найруулагчийн 1995 онд Оксфордын их сургуулийн сонинд өгсөн ярилцлага.

...

-Таны кинонуудыг жилээс жилд улам л ойлгомжгүй, орооцолдсон өгүүлэмжтэй болж байна гэлцдэг. Та дүрүүдээ төдийгүй, тэдний ойр тойрны эд юмсыг улам л ойроос авч, тэднээс ямар нэгэн зүйл эрж байх шиг байдаг. Чухам юу хайдаг юм бэ?

-Хүний, эд юмсын сүнслэг чанарыг гэх үү дээ. Бүр өргөнөөр авч үзвэл би ертөнцийн нийтлэг үнэнийг хайж байгаа юм. Гэхдээ үнэн гэдэг цаг хугацаатай эгээ адил, нэгэнт талийж одсон бол дахиад бараа нь харагдахааргүй барьцгүй зүйл юм даа.

-Таны “Декалог” (Dekalog, 1988) кино санамсаргүй, гэнэтийн учралаар дүүрэн. “Гурван өнгө” (Three Colors)-д ч нэг киноноос нөгөөд шилжиж, “нэвчсэн” мэт дүрүүд олон байдаг.

-Би тийм ер бусын учрал, тохиолдолд дуртай. Хүн болгон өдөр бүр л сонин хачин хүмүүстэй тааралддаг шүү дээ. Ерөөс амьдрал гэдэг тэр чигтээ бидний одоо суугаа энэ жижигхэн кафе шиг л зүйл юм. Хүмүүс цаг ямагт орж, гарна. Танихгүй хүмүүсийн хажууд тухлан суугаад кофе ууна. Тэгснээ гэнэтхэн гараад явчихна. Тохой нийлүүлэх шахам сууж байсан энэ хүмүүстэйгээ дахиад хэзээ ч тааралдахгүй байж мэднэ гэдгээ ч тэд ухамсарладаггүй. Тааралдсан байлаа ч мөнөөх хүнтэйгээ зэрэгцэн сууж, хэсэгхэн зуур нэг гэрт орсон мэт яг ижил аяганаас цай, кофе оочилж сууснаа санахгүй. Ингэж бодохоор хүмүүс хоорондын харилцаа гэдэг тун сонирхолтой юм...


05

Владимир Набоков

Орос-Америкийн нэрт зохиолчийн 1964 онд “Playboy” сэтгүүлд өгсөн ярилцлага.

...

-Орост төрсөн ч та Америк, Европт олон жил ажиллаж амьдарсан. Аль улсад иргэн нь мэт сэтгэлээр ханддаг вэ?

-Би бол Германд 15 жил амьдрахаасаа өмнө Англид Францын утга зохиол судалсан, Орост төрсөн Америкийн зохиолч. 1940 онд Америкт ирээд иргэн нь болж, эх нутгаа болгохоор шийдсэн. Энэ улсын сэхээтнүүдийн өнөр бүл, аядуу зөөлөн, элгэмсэг уур амьсгал нь намайг ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм. Гайхамшигт номын сангууд нь, үзэсгэлэнт Их хавцал нь сэтгэлийг минь татсан. Амьтан судлалын музейнүүдийнх нь лабораторид ч ажиллаж байлаа. Надад Европт байгаагүй олон найз нөхөр Америкт байна. Миний хуучин, шинэ гэлтгүй бүх ном энд л тогтсон уншигчидтай болсон. Тамхиа хаяснаасаа болж би амттанд дурлаж, 90 гаруй кг жинтэй болсон. Тэгэхээр миний гуравны нэг хувь яалт ч үгүй америк юм. Америк цус маань намайг дулаацуулж, хамгаалж байдаг даа.

-Гэхдээ та Америкт 20-иод жил амьдарсан атлаа өөрийн гэсэн орон гэргүй, бараг л жинхэнээсээ суурьшаагүй гэхэд болно. Найз нөхдийн тань хэлснээр зочид буудал, бүхээгт машин, түрээсийн орон сууц, чөлөөндөө гарсан профессоруудын байранд амьдардаг байсан гэсэн. Тогтвор суурьшилтай байх дургүйдээ тэр үү, эсвэл хаа нэг газар суурьших нь танд хэцүү байдаг юм уу?

-Хүүхэд насны маань орчинг бүрдүүлэх ямар ч оролдлого миний сэтгэлд хүрдэггүй нь үүний гол шалтгаан байх. Дурсамжаа одоогийн нөхцөл байдалдаа тааруулах гэж хичээхгүй юм чинь төстэй юм хайж, төвөг удаад яах вэ. Аа бас, өдөөлтийн асуудал байна. Оросоос холдоход надад хэдий аягүй байсан ч дотроо бол би тун ч  эрч хүчтэй, урамтай явсан юм. Түүнээс хойш яг л тэр эрчээрээ нааш цааш хөлбөрсөөр явна. Хорхой хүргэдэг “жинхэнэ профессор” гэдэг нэр зүүтлээ эргэлдсэн минь үнэн л дээ. Гэхдээ би дотроо хэзээд “зочин багш” байсан. “За, энд л амьдаръя” гэж бодсон удаа хэд хэд бий. Харин тэр бүрийд миний хөл хүрээгүй хэдэн зуун газраас цасан нуранги бууж айсуй нь дуулдах шиг болж, тэр дууг би хаа нэг газар суурьшсанаараа үгүй хийх гэж байгаа юм шиг санагддаг. Тэгээд л эцэст нь ширээ, сандал, гэрэл чийдэн, ширдэг хивс мэтийн тавилга сэлт надад огт хамаагүй болж, биет баялаг утгаа алддаг. Элбэг хангалуун өнгөрөөсөн бага насандаа би эд баялаг юу ч биш гэсэн хандлагаар хүмүүжсэн. Магад тийм болоод ч гэрийн маань тэр их хөрөнгө хогшил хувьсгалаар үгүй болоход харамсаж, халаглаагүй байх...


04

Жузеппе Верди

1895 онд Америкийн “The Etude” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлага/тэмдэглэл.

...Нэлээд олон жилийн өмнө нэг герман хөгжимчин “Италичууд та нар симфони бичиж чадахгүй” гэж хэлж билээ. Хариуд нь би “Германчууд та нар харин дуу зохиож мэдэхгүй” гэсэн. Ерөөс хүн бүрт өөрийгөө дээгүүрт тавьж, бодол санаагаа бусдад тулгах гэдэг өөдгүй зан өчүүхэн боловч бий. Гэхдээ би үүнийг бие хүний мунхаглал гэж боддоггүй, тухайн улс үндэстний сэтгэхүй болов уу гэж санадаг. Улс орны нийтлэг сэтгэлгээ, түгээмэл хандлага яг л жимс ургах адил удаан боловсордог. Германчууд яагаад найрал хөгжимдөө хэнийг ч дагуулахааргүй байна вэ гэхээр их цас, өтгөн манан, уйтай дүнсгэр орчноосоо болж герман хүмүүс дулаахан гэртээ шигдэж, хэд гурваараа нийлэн хэдэн цагаар ном, хөгжим сонирхон, урт өвлийг бараад сурчихсан. Харин Неаполь шиг нутагт хэн л гэртээ бүгж суух вэ дээ. Гадагшаа гарахад л нарлаг сайхан хөндий, цэлмэг тэнгэр угтана. Тэгээд л өөрийн мэдэлгүй дуу аялна шүү дээ. Ийм болохоор л италичууд бид олон сайхан дуутай байдаг юм...


03

Мари Кюри

Америкийн “Delineator” сэтгүүлд 1923 онд хэвлэгдсэн ярилцлага/нийтлэл.

...Америк орныг Кюригийнхэнд танилцуулах хугацаандаа би хатагтайгаас “Дурдатгал бичээч” гэж нэг бус удаа хүссэн юм. Тэгэхэд өнөөх л даруухан зангаараа “Сонирхолгүй ном болно доо. Онцын гойд зүйл үзээгүй, энгийн л амьдрал туулсан хүн шүү дээ, би. Варшавт мэндэлсэн. Аав, ээж маань хоёулаа багш байсан. Тэгээд Парист сурч байгаад Пьер Кюритэй гэрлэсэн, хоёр охин төрүүлсэн. Францын иргэн болж, тэндээ олон жил ажилласан. Сонирхуулах өөр зүйлгүй” гэж товч, тодорхой хариулсансан. Энгийн ч гэсэн үнэхээр сайхан хариулт. Хүний амьдралын иймхэн зайд хэн л юу л бүтээдэгсэн билээ. Дэлхийн их дайн дэгдсэн ч тэр нь түүхийн ном сударт хэдхэн хуудас л нэмж, хэдэн засаг солигдсон ч ард иргэдийн амьдрал бахь байдгаараа л байдаг хугацаа. Харин Мари Кюри их сургуульд сурч, гэр бүлийн амьдрал зохиож, нэг нутгаас нөгөөд идээшин дасаж, хөндлөнгийн хүний нүдээр бол гоц гойд учрал, тохиолгүй урсан өнгөрсөн жилүүддээ хожмын түүхээс хэзээ ч арчигдаж, балрахааргүй зүйл бүтээжээ...


02

Никола Тесла

“The New York World” сонины 1894 оны долдугаар сарын 22-ны дугаарт нийтлэгдсэн “Манай үеийн шилдэг цахилгаанчин” нийтлэл.

...Тэрбээр физик, гэрэл, эрчим хүч зэрэг үг хэрэглээгүй байхдаа маш энгийн, туйлын дөлгөөн хүн юм. Тесла славян угсаатан гэдгээрээ бахархдаг бөгөөд серб, хорват хэлээр бичигдсэн шүлэг найргууд соёл иргэншлийнхээ оргилд хүрсэн гэх олон орны иргэдийг гайхшируулна гэдэгт эргэлздэггүй. Харин жин нэмэхээс эмээдэг тухайгаа ярьж байгаад хоол хүнсэндээ ихэд анхаарч, 20-иодхон минутын дотор эрч хүч оруулах амин дэмтэй жимс, ногоо иддэгээ ярилаа. Тэрбээр “Хүн ажлаас болж ядардаггүй. Их идэж, зугаа цэнгэлээ хэтрүүлснээс болж л ядардаг” гэсэн юм. Түүнийхээр хайрлан дурлаж, гэр бүлтэй болно гэдэг ч дэмий зүйл бөгөөд цаг үрсэн энэ “ашиггүй” зүйл хүнийг ямар ч амжилтад хүргэдэггүй гэнэ. Телепат буюу алсаас мэдрэх онцгой чадвар гээч зүйлд тэрбээр мөн итгэдэггүй аж. Гэхдээ хүний оюуны чадамж хязгааргүй гэдэгт хамгийн их итгэдэг гэлээ...


01

Андрей Тарковский

Зөвлөлтийн нэрт найруулагч Тарковксийн 1985 оны ярилцлага.

...

-Таны амьдрал амар байгаагүйг бид мэднэ. Харин гэр бүлийн тань амьдрал, таны өссөн орчин ямар байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Барууны уран бүтээлчид амьдралаа бараг л тэр чигээр нь бүтээлдээ тусгадаг бол оросууд тийм биш шиг санагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Барууны өнөө цагийн уран бүтээлчидтэй харьцуулахад оросууд хаалттай нь үнэн. Гэхдээ би өөрийгөө шинэ зууны гэхээсээ XIX зууны уран бүтээлчидтэй оюун санааны хувьд илүү ойр гэж боддог юм. Толстой, Достоевский, Чехов, Тургенов, Лермонтов, Бунин нарын амьдрал тухайн үедээ л өвөрмөц сонин байсныг, тэр нь уран бүтээлд нь хэрхэн тусгалаа олсныг бид мэднэ. Гэлээ ч өөрийгөө тэдэнтэй адилтгалаа гээд 1960-1980-аад оны Зөвлөлтийн амьдралаас би ангид байж чадахгүй. Би ердөө л хувьсгалын дараа Оросын урлаг соёлд үүссэн шинэ орчинтой эвлэрч чадаагүй юм. Тийм албадмал орчинд урлаг хөгжихгүй. Үрсэлгээний оронд соёлохоо байсан ургамлыг л хаа сайгүй суулгачихсан. Түүнээс болоод тэр үеийн уран бүтээлчдийн хувь заяа ямар эмгэнэлтэйгээр эргэв? Толстой, Горький, Маяковский, Блок. Эд л бараг хамгийн азтай нь байсан болов уу. Харин дараах үеийнхнээс Бунин яаж зовов, Ахматова юу туулав, Цветаевагийн хувь тавилан ямар гашуун байв? Урлагийг туршиж, урлагаар тоглож болохгүйн нотолгоо энэ шүү дээ. Аливаа үндэстний урлаг соёл, оюуны өв рүү халдана гэдэг бие махбодийг нь тарчлаахаас ч том нүгэл. Гэхдээ Оросын сонгодог урлаг амь бөхтэй оршсоор байна. Урлагийн төлөө амь, амьдралаа өөрсдөө ч мэдэлгүй золиослосон тэр олон хүн Оросын өнгөрсөн үеийг ирээдүйтэй холбож өгсөн. Надад ч гэсэн тэр холбоос, түүхэн улбаа хамгийн эрхэм, үнэ цэнтэй юм. Тэр бүхэн үгүй болчихвол би хэн ч биш. Гэр бүлийнхээ тухайд гэвэл би олон зүйл хэлж чадахгүй дээ. Эцэг маань яруу найрагч, орчуулагч байлаа. Хувьсгал гардаг жил 11 настай байсан. Тэгэхээр уламжлалт сургуулиар хүмүүжсэн гэсэн үг. Аав цаг үеийнхээ аль л сайн, нэр хүндтэй гэгдэх яруу найрагчдыг бүгдийг нь таньдаг байсан юм билээ. Би ижийгээ л илүү мэднэ дээ. Намайг гуравтайд аав биднийг орхиод явчихсан юм. Ингэж бодохоор яруу найраг уншиж, шүлэг оролддог болоход минь аав бараг нөлөөлөөгүй гэсэн үг. Харин миний ээж ёстой л гэгээнтэн байсан. Охин дүү бид хоёрыг ганцаараа өсгөж, биднийг том болтол дэргэдээсээ холдуулаагүй, бас дахиж гэрлээгүй. Өөрөө хүссэн хэмжээндээ сурч боловсорч чадаагүй хэрнээ хэвлэлийн газарт редактор хийж, амьдралаа залгуулдаг байлаа. Яаж болгодог байсан юм, бүү мэд, ямар ч байсан дүү бид хоёрыг их сургуульд сургаж, ажил мэргэжилтэй болгосон доо...


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Bargiin non fiction, fiction s deer nom shuu. Loved it!
+1
Танай сайт,нийтлэл,өнгө аясанд чинь үнэхээр хайртай шүү
+5
гоё ном бололтой. Авнаа
+2
Мария Калласыг тэгж хэлж байсан гэж үү хахаха. Энэ чинь дуурийн дуучин болж газар бууж ирсэн охин тэнгэр шүү дээ :)
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start