Украйн улсын Запорожийн атомын цахилгаан станц нь 1981 оноос баригдаж 1985 ашиглалтанд орсон. Суурилагдсан хүчин чадал 6000 мВт. Тус бүрдээ 1000 мВт-ийн 6 блокоос бүрдсэн уг цахилгаан станц жагсаалтын 10-р байранд орж байна.
Аливаа улс орны хөгжил дэвшлийг илтгэгч шууд бус үзүүлэлт бол тухайн улсын хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүч хэмээн ойлгож болох юм. Хүн төрөлхтөн цахилгаан дулааны эрчим хүч ашиглаж эхэлснээс хойших хугацаанд тухайн эрчим хүчийг гаргаж авах зориулалтаар янз бүрийн ажиллагаатай олон цахилгаан станцууд барьж байгуулсаар байна. Манай улсын хамгийн том цахилгаан станц 540 мВт хүчин чадалтай байхад дэлхийн №1 цахилгаан станц 22500 мВт байх юм. Нүүрс болон усаар ажилладаг цахилгаан станцуудыг хооронд нь харьцуулах нь учир дутагдалтай боловч тухайн улс хэр хэмжээний цахилгаан эрчим хүч ашигладаг вэ? тухайн улс орон хэр зэрэг хөгжил дэвшилтэй вэ? гэсэн асуултад хариулж чадахуйц харьцуулалт байх гэж би бодож байна. Ингээд та бүхэн дэлхийд одоогийн байдлаар ажиллаж байгаа хүчин чадлаараа шилдэг 10-т багтаж байгаа цахилгаан станцуудыг танилцуулъя.
Украйн улсын Запорожийн атомын цахилгаан станц нь 1981 оноос баригдаж 1985 ашиглалтанд орсон. Суурилагдсан хүчин чадал 6000 мВт. Тус бүрдээ 1000 мВт-ийн 6 блокоос бүрдсэн уг цахилгаан станц жагсаалтын 10-р байранд орж байна.
ОХУ-ын Красноярскийн усан цахилгаан станцыг 1956-аас 1972 оны хооронд барьж байгуулсан. Нийт 6000 мВт-ийн хүчин чадалтай. Енисей мөрөнд энэхүү усан цахилгаан станцыг байгуулсан бөгөөд 124 метрийн өндөр далан босгосон юм.
Хятад улсын өмнөд мужийн Сувдан голд байрлах энэхүү усан цахилгаан станц нь нийт 6426 мВт-ийн хүчин чадалтай. Төслийн ажил 1990 онд эхлэж 2009 онд дууссан бөгөөд 4,2 тэрбум доллар зарцуулсан байна.
Америкийн нэгдсэн улсад орших Их хавцлын усан цахилгаан станцыг барьж байгуулахын тулд 900 сая доллар зарцуулж 1942 онд ашиглалтанд оруулсан байна. Нийт суурилагдсан хүчин чадал нь 6809 мВт-ийн хүчин чадалтай.
Канадын Брюсийн атомын цахилгаан станц нь 7276 мВт-ийн хүчин чадалтайгаар 1987 онд ашиглалтанд орсон. Төсөлд 14,4 тэрбум Канад доллар зарцуулсан ба нийт 8 реактортой юм.
Бразил улсад орших Тукуригийн усан цахилгаан станц нь 8125 мВт-ийн хүчин чадалтай 1984 онд ашиглалтанд орсон. Төсөлд 5,5 тэрбум доллар зарцуулжээ.
Япон улсын баруун эрэгт байрлах Кашивазакийн атомын цахилгаан станц нь 8212 мВт-ийн хүчин чадалтайгаар 1985 онд ашиглалтанд орсон.
Венесуэль улсад байрлах Гүригийн усан цахилгаан станцын нийт чадал 10235 мВт, 1978 онд ашиглалтанд орсон.
Итайпу усан цахилгаан станц нь Бразил болон Парагвай улсуудын хил дээр орших бөгөөд 14000 мВт-ийн хүчин чадалтайгаар 1984 онд ашиглалтанд орсон. Төсөлд 19,6 тэрбум доллар зарцуулж байв.
Цагаан хэрэм барьж байгуулснаас хойших хугацаанд Хятад улсын бүтээж чадсан гайхамшгуудын нэг нь гэж хэлж болох Гурван хавцлын усан цахилгаан станцыг Япончуудын колоничлолын үед бүтээн байгуулах санаачилга гарч байсан боловч Япончууд дайнд ялагдсан мөн эдийн засгийн бэрхшээлээс болоод удаа дараалан хойшлогдож байсан юм. Улмаар 1994 онд уг станцыг барьж байгуулах төсөл эхэлж 26 тэрбум доллар зарцуулан 2008 онд ашиглалтад оруулсан юм. Гурван хавцлын усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 18200 мВт бөгөөд хамгийн ихдээ 22500 мВт-ийн хүчин чадалтайгаар ажиллах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.