Арав.мн

Олимпийн наадамд байсан хачирхалтай 10 спорт

Олимпийн наадамд байсан хачирхалтай 10 спорт

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл Олимпийн наадам дөрвөн жилд нэг удаа болдог. Зуны, өвлийн Олимп хэмээн ялгавал хоёр жил тутам болдог гэж хэлж болно. Зуны Олимпийн наадмын хувьд гүйлтийн зам, талбай, гимнастик, усанд сэлэлт, элсний воллейбол дээр төвлөрдөг бол Өвлийн Олимпийн наадамд уран гулгалт, цана, хоккей, болон чарга зэрэг спортоор өрсөлддөг билээ. Мэдээж та улаан фэн бол бадминтон, кёрлинг, биатлон зэрэг арай түгээмэл биш спортуудыг ч үздэг байх. Ерөнхий мэдээлэл өгөхөд Зуны Олимпийн наадамд 26 төрлийн спорт байдаг бол Өвлийн Олимпийн наадамд мөс, уул болон Нордын гэсэн гурван төрөлд хуваагдсан 15 спорт бий. Орчин цагийн Олимпийн наадамтай харьцуулахад XIX-XX зууны эдгээр спортууд маш сонин. Мэдээж тухайн үедээ оролцож байсан баг тамирчдын хувьд энэ маш чухал байсан нь тодорхой тул тэдэнд баяр хүргэх нь зүйтэй болов уу. 


10

Уртын шумбалт

Уртын шумбалт хэмээх энэхүү усан спорт 1904 оны Ст.Луис хотын Зуны Олимпийн наадамд ганцхан удаа оржээ. Спортыг тайлбарлавал, тамирчин байрнаасаа аль болох хол харайх ба хөлөөрөө эхэлж ус руу шумбана. Тамирчин усан дор орсноос хойш 60 секундын дараа эсвэл тамирчны толгой уснаас гарсаны дараа хэмжилтийг хийдэг ба тамирчин усанд байх хугацаандаа хөдлөх ёсгүй байжээ. Уртын шумбалтын тэмцээнд ердөө тавхан тамирчин өрсөлдсөн ба бүгд АНУ-ынх байв. Мэдээж АНУ бүх медалийг авсан гэдгийг дурдах нь илүүц биз.


09

Крокет

1900 оны Парис хотын Зуны Олимпийн наадамд ганцхан удаа орсон нэг спорт бол крокет юм. Ганцаарчилсан (нэг ба хоёр бөмбөгтэй), хосолсон гэсэн гурван хэсэгт хуваагдах ба нийт 10 тамирчин орсоны ес нь Франц хүн байлаа. Бельги улсаас нэг тамирчин оролцсон ч эхний тойргоос хэтрээгүй байдаг. Сонирхолтой нь эдгээр тамирчдын гурав нь эмэгтэй байсан ба хүйс үл харгалзан хоорондоо өрсөлдсөн юм. Францын тамирчид ганцаарчилсан төрөлд алт, мөнгө, хүрэл медалиудыг авав. Харин хосолсон төрөлд ганцхан баг л оролцон ба Бельгийн тамирчинд хамтрагч олдсон бол мөнгөн медаль авах байсан юм. 


08

Моторт завины уралдаан

1908 оны Лондон хотноо болсон Зуны Олимпийн наадмаас хойш дахин зохиогдоогүй моторт завины уралдаан тус бүрийн ангилалтай гурван төрлөөс бүрддэг байв. Тэмцээн найман милийн зайтай зам дээр таван тойрог уралддаг байлаа. Гэхдээ Байгаль эхэд хэн ч Олимпийн наадмын үеэр тогтуун байхыг сануулаагүй бололтой. Учир нь гараанаас гарсан завинуудаас ганц завь л бариандаа орж байжээ. Маш хүчтэй салхинаас болж бусад завь тэмцээнээ үргэлжлүүлж чадаагүй аж. Тэмцээний үр дүнд гурван алтан медаль олгосон ба мөнгө, хүрэл медаль авсан хүн байсангүй. 


07

200 метрийн саадтай сэлэлт

Нэг удаа л Олимпийн наадамд орсон спортын төрлүүдийн буухианы үргэлжлэл болж саадтай сэлэлтийн төрөл 1900 оны Парисын Зуны Олимпийн наадамд Сена мөрөнд болжээ. Тамирчид 200 метрийн замыг туулахдаа гурван төрлийн саадыг туулдаг байна. Эхлээд шон дээгүүр авирч, эгнүүлэн тавьсан завинууд дээгүүр гүйж, дараа нь завинууд доогуур сэлдэг байлаа. Өмнөх спортуудаас ялгаатай нь уг тэмцээнд таван улсын 12 тамирчин өрсөлдсөн байна. 


06

Хоёр гараар шидэх спорт

Мөн л Олимпийн наадамд ганц удаа орсон спортын төрөл. Бишээ, спортын төрлүүд. 1912 оны Стокхолмын Зуны Олимпоор жад, зээрэнцэг, бөөрөнцөг түлхэх спортуудад хоёр гараар шидэх төрлийг оруулж байсан байна. Тамирчид эхлээд баруун гараараа гурван удаа, дараа нь зүүн гараараа гурван удаа шидэх бөгөөд хоёр гарын хамгийн урт шидэлтүүдийн нийлбэрээр ялагчийг шалгаруулдаг байна. Тамирчид нэг гарт болон хоёр гарт төрөлд хоёуланд нь медаль хүртсэн тохиолдол олон гарсан нь тийм ч сонин биш. Тухайлбал, Финляндын Жулиус Сааристо нэг гарт төрөл дээр мөнгөн медаль, хоёр гарт төрөлд алтан медаль авсан бол зээрэнцэг шидэлт дээр Финляндын Армас Тайпале хоёр төрөлд алтан медаль авсан байна. Харин бөөрөнцөг түлхэлтийн эхний дөрвөн байрт орсон тамирчид нөгөө төрөлдөө ч эхний дөрвөн байрт орсон байдаг.



05

Олсоор авирах

Олсоор авирах спорт дөрвөн Олимпийн наадамд орсон төрөл юм. Орчин цагийн Олимпийн наадмын нээлт болох 1896 оны Афины Олимпийн наадамд гимнастикийн спортын нэг төрөл болж орж байлаа. 1924 онд Парисын Олимпийн наадамд есөн улсын тамирчин оролцсон нь хамгийн олон тамирчин оролцсон тохиолдол байлаа. Олсоор авирах спорт харьцангуй өргөн дэлгэрсэн ба өнөөг хүртэл олон улсын олсоор авирах тэмцээн зохиогдсоор байдаг. Олимпийн наадамд байх үед тамирчид суугаа байрлалаас эхэлж, зөвхөн гараа ашиглан авирдаг ба шүүгчид тамирчдын хурд, авиралтын чанар (хөл нь газартай аль болох тэгш байх ёстой)-ыг харгалзан үзэж, оноо өгдөг байжээ.


04

Олс таталтын тэмцээн

1900-1920 оны хооронд таван Олимпийн наадамд орсон олс таталтын тэмцээн бол маш өргөн тархсан спорт билээ. 1904 оны Ст.Луисын наадамд АНУ-ын багууд бүх медалийг авсан бол дөрвөн жилийн дараа Британийн баг тамирчид эхний гурван медалийг нутаг дээрээ авсан байдаг. Сонирхолтой нь 1908 оны Лондоны Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлсэн Британийн багийн тамирчид бүгд цагдаагийн албан хаагчид байжээ. Ливерпүүлийн цагдаа нар АНУ-ын чөлөөт шидэлтийн тэмцээний тамирчдаас бүрдсэн багийг анхны таталтаараа л буулган авсан байдаг.


03

Креста /Скелетон/

Өвлийн олимпийн наадамд дуртай хүмүүсийн хувьд энэ спортыг жагсаалтаас хараад гайхах байх. Учир нь Скелетон 2002 оноос хойш Өвлийн спортын тогтмол төрөл болоод байгаа билээ. Одоогийн скелетоноос ялгаатай нь тамирчид хэвлий дээрээ хэвтэж, толгойгоо урагш харуулан уралддаг байв /одоо нуруун дээрээ хэвтдэг/. Энэ тэмцээний бас нэг онцлог бол ганцхан Швейцарийн Ст.Морицын Өвлийн Олимпийн наадамд 1928 ба 1948 онд орсон явдал юм. Учир нь бусад газарт скелетоны зам байгаагүй аж. Тэмцээнд АНУ-ын тамирчин Жон Хийтон 1928 онд мөнгөн медаль хүртсэн ба 1948 онд дахин оролцож, мөн л мөнгөн медаль авснаар нэг тамирчны авсан Олимпийн хоёр медалийн хооронд хамгийн урт хугацааны рекорд болсон юм. 


02

Амьд тагтаа буудах спорт

Энэ аймшигт спортоор тамирчид аль болох олон тагтааг дарааллан буудан алах ёстой байдаг. Тамирчин онолгүй хоёр шувууг алдвал тэмцээнээс хасагддаг байв. Бараг 300 тагтааг буудаж алдаг байв. Тэмцээний талбай удалгүй үхсэн, шархадсан тагтаанууд, цус, өдөөр хучигддаг байв. Ялсан хүний шагнал нь 20 мянган франк байсан юм.

Аз болж амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөнийхөн хангалттай эсэргүүцэл үзүүлж чадсанаар Олимпийн наадмын зохион байгуулагчид удаах тэмцээнүүдэд шавар тагтаа ашигладаг болжээ. Ямартай ч энэ тэмцээнээс хойш амьд амьтныг алах спорт орж ирээгүй байдаг.

Гэхдээ 1908-1948 оны Олимпийн наадмуудад 100 метрийн давхиж буй бугыг онох буудлагын тэмцээн болдог байв. Гэхдээ энэ буга нь картонон цаасаар хийсэн байсан юм.


01

Мөсний хоккей, уран гулгалт (Зуны Олимп)

“Юу вэ?” хэмээн дуу алдах гэж байгаа хүмүүс дахиад нэг уншаад үзээрэй. Учир нь Өвлийн Олимпийн наадмын хамгийн алдартай спортууд болон мөсний хоккей, уран гулгалтын тэмцээнүүд анх Зуны Олимпийн наадмаар оролцож байсан юм. Уран гулгалтын тэмцээн 1908 оны Лондон хотын Зуны Олимпийн наадмаар, харин мөсний хоккей 1920 оны Антверпены Зуны Олимпийн наадмаар дебют хийж байжээ.

1908 оны Лондоны наадмын хувьд “дулаан улирлын” гэх тодотголтой тэмцээнүүд 4 дүгээр сараас эхэлж, уран гулгалтын тэмцээн 10 дугаар сард болдог байсан тул хамгийн удаан үргэлжилсэн Зуны Олимп болон тэмдэглэгдсэн байдаг.

Мөсний хоккейн тэмцээний алтан медалийг Канад, мөнгөн медалийг АНУ, хүрэл медалийг Чехословак улсын баг тамирчид авсан байна. Үүнээс 4 жилийн дараа буюу 1924 онд анхны Өвлийн Олимпийн наадам болж, цана, бобслей, кёрлинг, уран гулгалт болон мөсний хоккейн тэмцээнүүд үзэгчдийг байлдан дагуулсан юм. 


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
Үнэхээр сонирхолтой байлаа .Өөр гоё зүйл зөндөө бичээрэй.
ok
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start