Арав.мн

Таны CV-г тоохгүй байх 10 шалтгаан

Таны CV-г тоохгүй байх 10 шалтгаан

Ажил хөдөлмөр бол тухайн хүний амьдралынхаа идэвхтэй цаг хугацаа, эрч хүч, мэдлэг оюунаа зарцуулж буй “онцгой талбар” юм. Тиймээс “Аль нэг байгууллагад ажилд орно гэдэг бол Амьдралын ханиа сонгох мэт чухал зүйл байдаг” гэвэл тийм ч их сүржигнэсэн болохгүй байх. Тэнд та нийгэмшиж, хүмүүстэй харилцаж, мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа ахиулж байдаг. Хэрвээ та үүнд хайнга хандаж "хаана ч ажилласан яахавдээ" гэж боддог бол таны ажлаас гарах үр дүн, карьерийн ахиц дэвшил төдий хэмжээтэй л байна гэсэн үг юм шүү.
Тиймээс ажил хөдөлмөрийг үргэлж хүндэтгэн бодож, ажиллах байгууллагаа хариуцлагатайгаар сонгож, өөрийн сонголтондоо үнэнч бөгөөд хариуцлагатайгаар ажиллах хэрэгтэй юм. Ажил горилогчид өгөх таны нэрийн хуудас бол CV /Curriculum Vitae/ буюу ажлын туршлага, ур чадвараа илтгэсэн таны ажлын анкет байдаг. Ажил олгогчид таныг сонгож ажилд авах хамгийн анхны алхам бол CV ажлын анкетанд хийх дүгнэлт юм. Тиймээс CV-гээ хэрхэн гологдуулахгүй хэмжээнд бичиж сурах вэ? 

Гологдсон CV-үүдэд байдаг нийтлэг 10 алдааг эндээс харна уу.


10

Далан булчирхайгаа тоочсон байх

Ажил олгогчид таны CV-тэй танилцахдаа тухайн ажлын байранд тавигдах наад захын шаардлагуудыг хангасан эсэх, мөн ажлын туршлагыг харах зорилготой бөгөөд та тэнд заавал бүх зүйлийг дэлгэрэнгүй бичсэн байх албагүй юм.
Жишээлбэл: хүүхдийн регистрийн дугаар, 10 жилийн хичнээн сургууль дамжиж шилжсэн, мэргэжлийн чиглэлээсээ тэс өөр дугуйланд хамрагдсан зэрэг нь таныг тийм ч сайнаар илэрхийлэхгүй. Мөн зарим хүмүүс хувийн мэдээллээ маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Ингэх шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ таныг буруугаар ойлгох шалтгаан болно.


09

Үг үсгийн алдаа

Таны CV-ийг уншиж байхдаа үг үсгийн алдаа гарч ирээд байвал утгад нь анхаарах биш алдааг нь өөлөхөөс өөр аргагүй болно. Зарим ажлын байруудад хийх ажлын онцлогоос нь шалтгаалаад зөв бичих дүрмийг мэддэг байх нь тийм ч чухал биш учраас уучилж болох талтай. Гэхдээ л та бүрэн дунд боловсрол эзэмшсэн л бол Монгол хэлээрээ зөв бичгийн дүрмийн дагуу бичиж чаддаг байх хэрэгтэй юм. Мөн энд ганцхан зөв бичгийн дүрэм сайн мэддэг эсэхийн тухай яриагүй бөгөөд таныг CV-ээ байгууллагад өгөхийн өмнө хэрхэн анхаарал хандуулж, аливаа зүйлд нухацтай, нямбай ханддаг эсэхийг илэрхийлж байдаг. Үнэтэй сайхан хувцаслаж, гоо энгэсэг түрхэж, үнэртэй ус ханхлуулчихаад үг үсгийн алдаа дүүрэн CV бариад явж байгаа бол таны нэр хүнд шалаар нэг боллоо л гэсэн үг. Тиймээс хэн нэгнээр хянуулах, эсвэл зөв бичгийн дүрмийн программ ашиглаад CV-ээ нэг шалгачихад илүүдэхгүй шүү.


08

Хэтэрхий олон чиглэлийн ажил сонирхох

Ихэнх байгууллагын анкетанд “Таны бусад ажлын санал” гэсэн таны хөрвөж ажиллах боломжтой ажлын байруудыг тодруулах зорилготой хэсэг байдаг. Та тэнд юу юу гэж бичсэн, бичиж байсан, эсвэл юу гэж бичих вэ? Энэ хэсгээс таныг өөрийн ажил мэргэжлийн талаар мөн өөрийнхөө ур чадварын талаар хэр мэдлэгтэйг харж болдог. Нягтлан бодогчоор сурч төгсчихөөд Оффис менежер, Борлуулалтын мэргэжилтэн эсвэл бүүр Маркетингийн ажил хийхээр сонирхож байгаа бол энэ нь таныг өөрийгөө олоогүй нэгэн болохыг харуулдаг. Тиймээс ажил олгогчид өөрийгөө сайн таньж мэдээгүй “Би чадна” –уудаас зугтаадаг.


07

Англиар бичсэн үгээ алдаагүй бичих

Заримдаа хүмүүс галиглах, эсвэл Монгол хэлээр бичихийн дундуур нь Монголоор ч юм шиг, эсвэл Англиар ч юм шиг бичиж маш бүдүүлэг алдаа гаргасан байдаг. Жишээ нь: menejment, biznes, arhitektor гэх мэтээр бичих. Хэрвээ энэ мэт үгийг бичихдээ нэгэнт галигаар нь бичихээр бол зөв галигаар нь бичих эсвэл Монголоороо бичих хэрэгтэй. Хэрвээ таны CV-д ийм алдаа гарсан бол таныг ямар нэг зүйлд хэт хайнга ханддаг, замбараагүй, дээрээс нь англи хэлний наад захын мэдлэггүй болохыг илэрхийлнэ.


06

Update хийгээгүй байх

Та CV-ээ хэзээ шинэчилсэн бэ? Хэрвээ та ямар нэг байгууллагад CV илгээх гэж байгаа бол заавал нэг гүйлгэж уншаад шинэчлэх шаардлагатай. Нэн ялангуяа ажилд хэзээнээс орох боломжтой талаар мөн сүүлийн үед хамрагдсан сургалт зэрэг зүйлсээ нэмээд нэг Update хийчихэд илүүдэхгүй. Ажил олгогч хэрвээ таны хуучирсан огноотой CV-г хүлээн авбал төдий хэмжээгээр хариуцлага муутай хүн гэж ойлгогдоно.


05

Давуу болон сул тал

Та өөрийнхөө давуу болон сул талаа хэр үнэн зөвөөр тодорхойлж чаддаг вэ? Орчин цагт хүнийг биш өөрийгөө илүү шинжиж, өөрийн онцлог зан чанар, авъяас чадварыг нээн хөгжүүлснээр амжилттай карьер ахих боломжтой болсон. Учир нь хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үе биднээс илүү мэргэшсэн, нарийн мэргэжлийн байхыг шаардаж байна. Хэрвээ та өөрийнхөө давуу сул талаа бичихэд хүндрэлтэй байгаа бол өөрийгөө таньж мэдэж чадаагүй байгааг шууд илтгэнэ. Мэдээж хүн бүр төгс байдаггүй учраас танд ямар нэг сул тал бий. Өөрийн сул талаа мэдэж байна гэдэг бол нэмэх оноо бөгөөд заавал нуух гэж оролдолгүйгээр бичиж болно.


04

Хэт өндөр үнэлгээ

Хэлний мэдлэг, компьютерын программтай ажиллах чадвар, хувь хүний чадварууд гээд өөрийгөө үнэлэх хэсэгт ихэнх үзүүлэлтийг хамгийн өндрөөр нь үнэлж бичсэн байх тохиолдол маш олон байдаг. Жишээлбэл: Word, Excel программыг ашиглах чадвар гэсэн хэсэгт Мэргэжлийн, эсвэл Сайн, Онц гэсэн үнэлгээгээр өөрийгөө үнэлэх хэсэг байдаг. Эсвэл 100%-р илэрхийлсэн үнэлгээ ч байх тохиолдол бий. Энэ хэсэгт өөрийгөө хэт өндөр үнэлсэн нь ярилцлагын явцад болон мэргэжлийн шалгалтын явцад илэрсэн бол танд итгэх итгэлийг бууруулах нь зайлшгүй. Тиймээс та бодит үнэлгээ өгөхийг хичээх нь зүйтэй. Хэлний мэдлэгийн хэсэгт та албан ёсны ямар нэг шалгалт өгсөн бол түүнийхээ оноог бичих нь илүү оновчтой байх болно.


03

Жижиг жижиг шагналууд

Таны өмнөх ажил, амьдралдаа гаргаж байсан амжилтуудыг мэдэх зорилготой хэсэгт хэт олон жижиг шагналуудыг оруулан бичих нь зохимжгүй байдаг. Жишээ нь 10 жилийн сургуулийн тэмцээний медаль авсан тухайгаа бичсэн байдаг. Харин үүнээс илүү таны өмнөх ажил дээрээ гаргасан амжилтуудыг чинь сонирхох болно. Жишээ нь удирдаж ажилласан төсөл, хэмнэсэн зардал, өөрчилсөн бодлого шийдвэр, хандлага гэх мэт зүйлс байж болно. Мөн ажил мэргэжил, хувь хүний хөгжлийн чиглэлийн дагуу авсан шагнал, мэргэжлийн чиглэлээрээ ямар нэг олон нийтийн арга хэмжээнд оролцож илтгэл тавьсан, сэтгүүлд нийтлэл, судалгааны ажлаа нийтлүүлсэн гэх мэт зүйлс нь ажил олгогчид илүү сонирхолтой байх болно.


02

Өнгө үзэмж муу байх

Өнгө үзэмж гэхээр олон янзын өнгөтэй, графиктай гоё сайхан харагдуулахыг хэлэхгүй харин системтэй, эмх цэгцтэй, ойлгомжтой байхыг хэлж байгаа юм. Хэт том фонтоор бичсэн, эсвэл фонт хольж бичсэн, өгүүлбэрийн эхний үсгийг жигээр бичсэн, өгүүлбэр хаана эхлээд хаана дуусаж байгаа нь мэдэгдэхгүй байх, он сар, дугаарлалтыг янз бүр хийсэн, эсвэл хаа нэгтэйгээс хуулж авчраад тавьсан зүйлс нь таны CV-г өнгө үзэмжгүй харагдуулдаг.


01

Уялдаа логик муутай байх

Таны CV бүхэлдээ тухайн ажлын байрны онцлогт тохирсон байх хэрэгтэй. Тэрнээс 1 хэвийн CV-г олон төрлийн ажлын байранд илгээж байгаа бол та өөрийгөө энэ тал дээр илүү сайн хөгжүүлэх шаардлагатай, карьер зөвлөхийн зөвлөмж шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс та нээлттэй ажлын байрны зарыг анхааралтай уншиж тухайн ажлын байранд тавигдах шаардлагад аль болох нийцэхээр CV-ээ бичихийг хичээх хэрэгтэй. Байгууллагын зорилго өөрийн тань ирээдүйд 10, эсвэл бүр 20 жилийн дараа очихоор төлөвлөж буй алсын хараатай хэрхэн нийцэж байгааг сайтар тунгаан бодож, үнэхээр таны карьерт чухал нөлөөтэй ажлын байр, компани бол өөрийн CV-ээ илгээгээрэй.


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
CV-ee neg Update hiih tsag ni boljee. Boduushtai goe zuvluguu bn, bayarlalaa.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start