Арав.мн

Харь гарагаас хариу хүлээгч

Харь гарагаас хариу хүлээгч

2040 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Япончууд тэр үед амласан ёсоороо цөмийн зэвсгээс ангижирсан байна. Харин Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж 27 нас хүрнэ. Гэхдээ футурист буюу ирээдүйг зөгнөгчид энэ мэт тодорхой өөрчлөлтөөс илүүтэй харь гарагийнхантай холбоо тогтооно гэсэн итгэл тээн 2040 оныг хүлээж байна. Соёл иргэншилт хэчнээн олон гараг сансар огторгуйд орчин байна, төдий хэрээр бид өөр гарагийнхантай хурдан холбоо тогтооно. Тэгэхээр ийм түүхэн явдал 2040 оноос өмнө ч тохиож мэдэх юм. Энэ талаар илүү ихийг мэдье гэвэл хэн бүхнээс түрүүлж Фрэнк Дрейк гэдэг хүний талаар хэдэн зүйл тодруулах хэрэгтэй болов уу. 

Тэрээр бүхий л сансар огторгуйд биш юм гэхэд дэлхий дээрх хамгийн бага ганцаарддаг нэгэн байх. Учир нь хэдэн сая гарагийн хаа нэгтээ байгаа ахан дүүсээ тэр хайж байгаа. Биднээс өөр оюун ухаантнууд бий юү гэсэн асуултад олонх маань үл итгэсэн байр сууриас ханддаг бол Фрэнк Дрэйк астрофизикч төдийгүй Калифорнид төвтэй SETI буюу Харь гарагийнхныг илрүүлэх хүрээлэнгийн ерөнхийлөгчийн хувиар биднээс өөр ухамсарт амьтан гадаад сансарт бий гэдэгт өчүүхэн ч эргэлздэггүй. 

1961 онд тэрээр АНУ-ын Баруун Виржиния мужийн Гринбанк дахь Үндэсний одон орон судлалын радио ажиглалтын төвд ажиллаж байхдаа Сүүн зам буюу Тэнгэрийн заадаст оюун ухаантан байж болох хэчнээн гараг нэг жилийн дотор орчиж болохыг тогтоох аргачлал гаргажээ. Тэр нь хожим Дрэйкийн тэгшитгэл нэрээр шинжлэх ухааны хүрээнийхэнд танигдсан байна. Түүний тооцоогоор дэлхийтэй төстэй, нараа тойрон эргэдэг, амьдрал байх боломжтой олон гараг бий гэнэ. Огторгуйд бүрэн “ажиллагаа”-тай эрхэс гэж болох 100 тэрбум гаруй гараг байх магадлалтай гэж судлаачид үздэг. Харин бодит байдал дээр үүнээс гурав дахин олон ч байж болох юм. Ямартай ч Дрэйкийн тооцоогоор тэдгээр 100 тэрбум гарагийн 20-50 хувь нь гарагийн системтэй буюу өөрийн гэсэн нар, дагуул, тойрог замтай байх магадлалтай бол тэдгээрийн тавны нэг нь дэлхийтэй төстэй байх боломжтой юм. Харин тэр бүх боломжит гарагийн магадгүй 10-20 хувьд нь амьдрал ямар нэг хэлбэрээр оршин байж болох. 

Тэднээс дохио ирэхийг Дрэйк 50 гаруй жил хүлээж байна. Түүний итгэдгээр харийнхан манай гарагаас дохио хүлээж авдаг төдийгүй бидэнд зориулан “соронзон” мэдээлэл бэлтгэж суугаа. Манай нарны аймгийнх шиг нар 10 орчим тэрбум жил идэвхтэй байдаг. Харин дэлхий дээрх амьдрал 3.5 тэрбум жилийн өмнө үүссэн бол хүн төрөлхтөн ганц зууны өмнө л радио холбоотой болсон. Хэрэв бид байгалиа сүйтгэснээс болж, эсвэл цөмийн холокостод нэрвэгдэн маргааш устаж үгүй боллоо гэхэд огторгуйгаар нэг өөрсдийгөө зарлах радио холбоо маань үүрд тасарна. Харин дахин хэдэн мянган жил оршиж гэмээнэ бусадтай харилцаатай болж, бүр харилцан зорчдог болох нь байж боломгүй зүйл биш. Тэнгэрийн заадас дахь бусад соёл иргэншил ч гэсэн яг л бидэн шиг замаар явж, биднийг хайж байгаа гэж Дрэйк боддог. Түүний болон SETI-гийн мэргэжилтнүүдийн тооцоогоор зөвхөн радио холбооны тусламжтайгаар бид хором бүрт 1000 орчим “амьд” гараг илрүүлж болно. Харин бүхлээр нь тооцвол 2040 онд гэхэд 10 мянга гаруйг илрүүлсэн байх гэнэ. 10 мянга гэх тоог хамгийн дээд магадлалаар авч үзэн, үржүүлбэл сая гэсэн тоо гарна. Радио холбоогоор нэг сая гараг илрүүлж гэмээнэ, дундаас нь лавтайяа амьдралын ул мөр олдож таарна. Дрэйкийн энэ тэгшитгэл ёсоор бол, өөрөөр хэлбэл сая гарагийг бид дор дор нь “сканнердаж” амжвал наад тал нь 2028 он гэхэд харь гарагийнхантай холбоо тогтоох боломжтой гэсэн үг. 

Гэхдээ энэ тооцоог үнэн зөв хэмээн хүлээн зөвшөөрөх хүн цөөн байна. Өөдрөг үзэлтнүүд хүртэл Дрэйкийн тэгшитгэлийг “мэдэхгүй, чадахгүй байгаагаа л цэгцлэх арга төдий" гэжээ. Харийнхнаас дохио хүлээж буй одон орончид одоогоор хэдхэн мянган гараг л шинжээд байгаа. Гэхдээ SETI хүрээлэнгийн ахлах одон оронч Сет Шостакийн ярьснаар радио долгион бүхий дуран авай ашиглан эрдэмтдийн нээн илрүүлж байгаа гараг эрхсийн тоо хоёр жил тутамд 6-10 хувиар нэмэгдэж буй гэнэ. Энэ хурдаар бол эрдэмтэд 2034 он гэхэд нэг сая орчим гарагт амьдрал бий, эсэхийг тогтоосон байна. Дрэйкийн тэгшитгэлээр бодвол сая гараг тутамд амьдрал тээсэн, оюун ухаантан байх магадлалтай нэг гараг бий. Харин судалгааны ажил болоод эцсийн дүгнэлт хийх хугацааг тооцвол нэмэлт зургаан жил гэдэг хангалттай. Тэгэхээр, харийн анд нөхөд минь, 2040 онд уулзацгаая!

TIME

 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Маш сонирхолтой
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start