Арав.мн

Тахлын үеийн “толь бичиг”

Тахлын үеийн “толь бичиг”

Бид урьд хожид байгаагүй хачирхалтай, сонирхолтой цаг үед амьдарч байна. Тиймээс бидний хэл яриа, үгсийн сан ч аяндаа өөрчлөгдөн, зарим талаар бүр баяжжээ. Энэхүү цоо шинэ, этгээд сонин цар тахлын үед мэдрэгдэх юмсыг чухам юу гэж нэрлэвэл зохилтой вэ? Өвчингүй атлаа олны дунд санаандгүй найтаачих үед төрөх эвгүй, санаа зовох мэдрэмжийг, гудамж талбай эл хуль байхад гадуур явах сэтгэгдлийг, ердийн үед зүгээр л “өөдгүй этгээд” гэгдэх хөндлөнгийн хүн хөл хорионы дэглэм зөрчсөн жинхэнэ “хорлон сүйтгэгч” болохыг ухаарахыг юу гэж онож хэлэх вэ?

Хэлний мэргэжилтнүүд болон нийгэм судлаачид үүнд хэдийнээ санаа тавьж эхэлжээ. Тэдний нэг Нидерландын уугуул, антропологич, АНУ-ын Канзасын улсын их сургуулийн профессор Харальд Принс CNN агентлагт өгсөн ярилцлагадаа шинэ коронавируст халдварт өвчин болох Ковид-19-ийн дэгдэлтээс болж бидний хэл ярианд хэдийнээ шинэ үгс нэмэгдсэн болохыг тайлбарлажээ. Ялангуяа профессорын эх хэлэх болох нидерланд хэлний үгсийн санд коронавирустэй холбоотой 700 орчим үг нэмэгдээд байгаа аж. Тэрээр заримыг нь дараах байдлаар орчуулсан байна.

Huidhonger/skin-hunger буюу Арьсны өлсгөлөн: хөл хорионы үед болон нийгмийн харилцаанаас тусгаарлагдаад удсан үед өөрийн эрхгүй хэн нэгэнд хүрэхийг хүсэх, хүрэлцэх мэдрэмжийг үгүйлэх

Anderhalvemetereconomie/six-feet-economy буюу Зургаан футийн эдийн засаг: вирус тархахаас сэргийлсэн эдийн засгийн хориг цээр

Hoestschaamte/cough-shame буюу Ханиаснаасаа ичих: санаандгүй ханиаснаасаа болж эргэн тойрнын хүмүүсээс санаа зовох, олны дунд эвгүй байдалд орох мэдрэмж

Coronahufter/coronajerk буюу Коронач “новш”: дэлгүүр хоршоонд юм уу олон нийтийн газарт бусдаас зай барих дүрмийг баримтлахгүй, бусдыг хүндлэхгүй хүн

Druppelcontact/spray-contact буюу Шингэний харилцаа: ханиаж, найтаах үедээ амаа дараагүйгээс болж хүмүүс рүү шүлсээ үсэргэх

Onthamsteren/dehoarding буюу Илүүдэл нөөцөөсөө салах: хөл хориогоор хэрэглэнэ гэсэн хүнсний нөөц илүүдэж, ганц хоол хийхдээ хэт ихийг бэлдэх

Straatschaamte/street-shame буюу Гудамжнаас ичих: маш чухал хэргээр гадагшаа гарч байгаа боловч хүн харж байх вий гэж санаа зовох, хөл хорионы дэглэм зөрчиж байгаа мэт санагдах

Toogviroloog/blather-virologist буюу Чалчаа судлаач: өөрөө мэргэжлийн нян судлаач мэт хэт мэдэмхийрэгч нэгэн коронавирусийн талаар худал мэдээ дамжуулах, цуурах

Зөвхөн нидерланд хэлэнд ийм өөрчлөлтүүд гарсан юм биш. Испани, итали, франц, англи хэлэнд ч иймэрхүү үгс нэмэгджээ. Жишээ нь, “quarantini” буюу хөл хорионы үеийн согтууруулах ундаа (карантин, мартини хоёрын нийлбэр), “coronials” буюу цар тахлын дараахан мэндлэх хүн амын шинэ их “тэсрэлт”-ийн хүүхдүүд, “covidiot” буюу хөл хорионы хорио цээрийг зөрчсөн хүн (COVID-19, idiot гэсэн хоёр үгийн нийлбэр) зэрэг үг шинээр нэмэгджээ. Мөн WFH буюу гэрээс ажиллах (Work from Home гэсэн үгийн товчлол), “zumping” буюу хосууд Zoom зэрэг видео дуудлагын үеэр муудалцаж салах гэсэн утгатай шинэ хэлцүүдийг нэмж болох юм.

Гэхдээ Принс нарын мэргэжилтнүүд иймэрхүү үгсийг олон жил хэрэглэгдэхгүй байгаасай гэж хүсэж байна. Тиймээс цар тахал бүрэн намжтал бүх төрлийн “coronajerk”, “covidiot” нараас хол байхыг анхааруулжээ.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start