Уилльям Л.Ширер
Адольф Гитлер, Эва Браун нарын гадаад ертөнцөөс тусгаарлагдан нуугдаж байсан газар доорх хоргодох байранд дөрөвдүгээр сарын 29-ний их үдэд нэгэн мэдээ иржээ. Гитлерийн адил фашист дарангуйлагч, эзлэн түрэмгийллийнх нь хамсаатан Муссолини амраг бүсгүй Клара Петаччийнхаа хамт үхэлтэйгээ нүүр тулсан байв. Италийн босогчид Швейцарь руу оргож босохыг завдсан тэднийг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр барьж аван, шүүх хурлаар хурдхан оруулсан болоод цаазаар авчээ. Дөрөвдүгээр сарын 28-ны бямба гаригт нь тэдний цогцсыг ачааны тэргээр Милан руу авчирч, хотын төв талбайд хаясан байна. Харин маргааш нь цогцоснуудыг гэрлийн шонгоос хөлнөөс нь дүүжилж, дараа нь буулгаж орхисноос бүрлээч болсон их удирдагчийн хүүр ням гаригийнх нь үдээс хойш болон оройжин муу усны нүхэнд хэвтсэн гэдэг. Тавдугаар сарын 1-нд нь буюу Хөдөлмөрчдийн баяраар л Муссолинийг амраг бүсгүйтэй нь хамт Милан хотын оршуулгын газрын ядуусын хэсэгт булж орхиж. Ийнхүү Муссолини болон фашизмын уналт, босолт цочир аймшигтай уруудал доройтлоороо түүх болон үлдэв.
Гэхдээ Муссолинийн олиггүй муухай үхлийн чухам хэчнээхэн нарийн ширийнийг Гитлерт мэдэгдсэнийг эдүгээ мэдэх аргагүй. Хэрэв тэр бүхнийг дуулсан бол өөрийгөө болон сүйт бүсгүйгээ амьд, үхсэн алин боловч бусдын өмнө үзүүлэн болгохгүй гэсэн ганц л бодол Гитлерт төрөх байсан нь маргаангүй юм. Тэр Муссолинийг үхсэн тухай дуулмагцаа өөрийгөө эцсийн замд бэлтгэж эхэлжээ. Герман хоньч үүлдрийн хайртай нохойгоо болон өөр хоёр нохойгоо хордуулан унтуулж, үлдээд байсан хоёр эмэгтэй нарийн бичгээ дуудан хэрэв ойртон ирж буй оросууд дайран орж ирвэл, хэрэв өөрсдөө хүсвэл уугаарай гэж хор хүртэл өгсөн гэдэг. Бас илүү дээр салах ёс гүйцэтгэж чадахгүйдээ уучлалт хүсэж, олон сар жилээр өөрт нь үнэнч шударга үйлчилсэнд нь баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Ингээд Адольф Гитлерийн амьдралын сүүлчийн үдэш иржээ. Тэр нарийн бичгийн дарга нарынхаа нэг хатагтай Юнгээс үлдсэн бүх бичиг баримтыг нь устгахыг хүсэж, хоргодох байран дахь нэг ч хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр орондоо орж болохгүй гэсэн тушаал буулгажээ. Энэ нь түүний салах ёсоо гүйцээх цагтай холбоотой байж. Харин шөнө дундаас хойш удалгүй, дөрөвдүгээр сарын 30-ны өглөөний хоёр цаг гучин минутын орчимд их удирдагч хоргодох байран дахь өөрийнхөө өрөөнөөс гарч ирээд хоолны өрөөнд орон тэнд цуглаад байсан эмэгтэйчүүд голдуу ойр тойрныхоо хориод хүнтэй үг сольсон гэх гэрчүүдийн мэдүүлэг бий. Гитлер эгнэн зогссон тэр бүх хүнтэй гар барьж, тус бүртэй нь хөндлөнгөөс үл сонсогдох хэдэн үг сольж амандаа бувтнасан гэх.
Хатагтай Юнгийн дурссанаар Гитлерийн нүдэнд нулимс цийлэгнэсэн байсны дээр сайтар ажихул харц нь холын холыг, бүр хоргодох байрны хана туурганаас цаашихыг ажиглаж байх шиг харагджээ. Түүнийг буцаж өрөөндөө орсны дараа нэгэн жигтэй явдал болж. Нуувчин дахь бараг л тэсэж тэвчихийн аргагүй болж ирсэн хүнд дарамттай байдал гэнэтхэн л сэт татах мэт ярагдаж, хэдэн хүн байрны хоолны өрөөнд цугларан бүжиглэж гарчээ. Энэхүү хачин жигтэй үдэшлэг тун удалгүй чих дөжрөм болж ирсэн тул удирдагчийн өрөөнөөс хүртэл дуугаа намсгахыг хүссэн шаардлага ирсэн гэдэг. Оросууд хэзээ мөдгүй орж ирээд бүгдийг нь хөнөөж мэдэх байтал, хэдийгээр зарим нь яажшуухан зугтаж гарах байснаа аль хэдийнээ бодож амжаад байсан ч, тэрхүү хэдэн хоромд тэнд байгсад бүгд Гитлерийн чанга хатуу засаглал эцэс болсныг, басхүү хаана, хэрхэн яаж өөрсдөө мэдэн зугаацахаа олж ядан байх шиг хөгжилдөж байлаа. Тэдэнд тайтгарч чөлөөлөгдсөний мэдрэмж тийм гүн бат төрсөн үү, бүжигт цэнгүүн нь шөнөжин үргэлжилжээ.
Берлин хот нэгэнт ахин хамгаалах аргагүй болоод байв. Оросын цэрэг хэдийнээ хотын ихэнх хэсгийг эзлээд байсан тул канцлерийг барих үгүй нь гагцхүү цаг хугацааны л асуудал болоод байлаа. Гитлер, Борманн нар дөрөвдүгээр сарын 30-ны бага үдэд цаг үеийн байдлаар сүүлчийн удаа хуралдахдаа нөхцөл байдал хэдийн бишдэж, гарах гарцгүй болсныг ухаарчээ. Оросууд ердөө хэдхэн гудамжны цаана байлаа. Адольф Гитлерийн хувьд эцсийн шийдвэрээ гүйцэлдүүлэх цаг иржээ. Сүйт бүсгүй нь тэр өдөр унд хоол идэх ямар ч сонирхолгүй байсан тул Гитлер хоёр нарийн бичигтэйгээ, бас удирдагчийнхаа сүүлчийн зоогийг бэлтгэж өгснөө магад мэдэлгүй өнгөрсөн цагаан хоолтон тогоочтойгоо хамт хооллосон байна. Тэднийг хоёр цаг гучин минутын үед өдрийн хоолоо идэж дуусцгаах үед канцлерийн гараажийг хариуцдаг, их удирдагчийн хувийн жолооч Эрик Кемпка канцлерийн цэцэрлэгт лаазтай 200 литр түлш даруй авчрах тушаал хүлээж авчээ. Кемпка тийм их бензин түлш цуглуулах гэж багагүй зүдэрсэн ч яаж ийгээд 180 литр түлш базааснаа гурван эрийн тусламжтайгаар хоргодох байрны аюулгүйн гарцан дээр аваачсан гэдэг.
Викинг маягийн оршуулгыг ийнхүү бэлтгэж байх зуур Гитлер сүүлчийн зоогоо дуусгаад ахин нэг удаа салах ёс гүйцэтгэхээр Эва Браунтай хамт хамгийн ойрын итгэлт хүмүүс болох доктор Геббельс, генерал Кребс, Бургдорф болон нарийн бичгийн дарга нар, мөн тогооч хатагтай Манзялий нартайгаа уулзжээ. Ингээд бүгд салах ёсоо гүйцэтгэж дуусаад өөр өөрсдийн өрөөндөө орцгоож. Харин хонгилын хэсэгт доктор Геббельс, Борманн тэргүүтэй хэдэн хүн үлдэж хоцорсон байлаа. Хэдхэн хормын дараа буун дуу тасхийж, бүгд амьсгаа түгжин нам гүм болохтой хамт гагц анир чимээгүй ноёрхов.
Хэсэг хугацааны дараа тэднийг удирдагчийн өрөөнд ороход Адольф Гитлерийн цогцос буйдан дээр цусанд бялдсан байж. Тэр ам руугаа буудсан байлаа. Харин хажууд нь Эва Брауны цогцос, бас хоёр гар буу хэвтэж байв. Гэхдээ сүйт бүсгүй нь бууны гохон дээр дараагүй, хор залгисан байв. Энэ бол 1945 оны дөрөвдүгээр сарын 30-ны даваа гаригийн өдрийн гурван цаг гучин минутад буюу Адольф Гитлерийн тавинзургаан насны төрсөн өдрөөс яг арав хоногийн дараа, түүний Герман улсын канцлераар сонгогдон Гуравдугаар Рейхийг үндэслэн байгуулснаас арванхоёр жил, гурван сарын дараа болсон явдал билээ. Түүний тогтоосон засаглал ердөө долоо хоногийн дараа нуран унасан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.