Винсент Ван Гог 1878 оны хавар 25 нас хүрчээ. Туулж өнгөрөөсөн богинохон амьдралаа эргэцүүлэн бодож, хойшид яажшуухан амь зуухаа шийдэж ядан байхад нь түүнд ирээдүй нь сайн сайхан байна гэх өчүүхэн ч найдвар төрсөнгүй. Тэрээр аль ч цагийн үнэлэмжээр заяа нь хаясан амьтан байлаа. Уран зургийн худалдаачин болох гэж Гааг, Лондон, Парисаар хэрэн бэдэрсэн хэдэн жил нь ч түүнийг аварсангүй. Дуу цөөтэй, бүрэг ичимхий түүнд худалдаа наймааны авьяас хаанаас байх билээ. Дараа нь Англид багшлах гэж, номын худалдаачин болох гэж үзсэн ч аль алинд нь дөргүй байснаас бас л гавьсангүй, нутгийн зүг Амстердамдаа буцаж эцгийнхээ адил номлогч болохоос аргагүйд хүрчээ.
Цөхрөл
Гэвч Ван Гогт шашин номын үйлд бие даан зүтгэх тэсвэр тэвчээр дутав. Тэгээд 1878 оны сүүлчээр, 25 хүрснээсээ хэдхэн сарын дараа Брюсселийг зорьж, тэнд номлогчийн сургуульд сурахаар шийдлээ. Бусдын шахалтаар ч болох нь ээ хамаагүй ажил мэргэжилтэй болчихно гэсэн бодол нь бас л буруу байж, гуравхан сарын дараа тэр сургуулиасаа хөөгдсөн байна. Ингээд ганц өөрөө ч биш, гэр бүлийнхэн нь хүртэл аргаа барж, санаа зовж эхлэв. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц байр сууриа олох нь бүү хэл, хүний өөдөөс эгцэлж ч хардаггүй, аятайхан хувцаслаж ч сураагүй хүүгээ тэд яах учраа олсонгүй. Эцэг нь ууган хүүгээ сэтгэцийн өвчтэй байх гэж хардсандаа галзуугийн эмнэлэгт хүртэл хэвтүүлэх гэж үзэв. Цөхөрч гүйцсэн Ван Гогт гэрт нь багтаж шингэх зай олдсонгүй. Элдвээр гоочлох эргэн тойрныхноосоо зугтан, номлогчийн ажил олохоор 1878 оны сүүлчээр дахиад л замд гарлаа. Энэ удаад тэрээр Бельгийн Монс хотын баруунтаа орших Боринаж хэмээх уурхайчдын сууринд очжээ.
Суутан төрсөн нь
Өдгөө Боринажийн Төв музейд буй баримт сэлтээс харахад хожмын суут голланд зураач маань 1880 оны аравдугаар сар хүртэл тэнд амьдарсан байдаг. Ядуу дорой ард, уурхайн хар ажилчдын дунд шашны сургааль номлолыг дэлгэрүүлэх гэсэн анхдагч зорилго нь аажимдаа бүтэлгүйтсэн ч чухам энд л Ван Гог зураач болохоор шийдсэн байна. Бельгийн хязгаар нутагт очоод ч хөлөө олоогүйг нь дуулсан гэрийнхэн нь түүнийг эргэж ирэхийг гуйн, охин дүү нь ахыгаа талхчны дамжаанд сургая хэмээн шийдээд байхад Ван Гогийг хэзээ ямагт түшиж ирсэн дүү Тео нь түүнийг зураач болохыг нь дэмжжээ. Боринажийн дүнсгэр уйтай орчин, хүмүүсийнх нь бор бааздуухан төрх эгнэгт ганцаардагчийн дүртэй Ван Гогт харин ч хань болж, тэр хүртэл чухам юу болох нь үл мэдэгдсэн онгодыг нь хөглөсөн болов уу. Бийр, будаг нийлүүлэхэд хүргэсэн Боринажийн ахуй байдал түүнийг насан туршид нь дагасан мэт байдаг. 1890 оны зун цээж рүүгээ буудаж, амиа хорлох хүртлээ зурсан бүх л зурагт нь байх дүрэлзсэн атал цаана нь уй гуниг мэдрэгдээд байдаг шийдэл нь “өнөөх уурхайчдын төрх” гэж үзэх судлаачид бий. Боринажид Ван Гог урцанд амьдарч байв. Өөрт байсан хэд гурван мөнгөө ядууст тарааж, өнгөтэй өөдтэй хувцсаа хар ажлын хувцсаар сольжээ. Уран яруу илтгэх авьяасгүй түүнийг зорьж очин, номлолыг нь сонсох хүн ч төдий олон байсангүй. Дээр нь нутгийнхны “гаж” франц хэлийг ойлгох гэж зүдэрнэ, өөрийнхөө хатуу аялгатай францыг ойлгуулах гэж ядна. Ийн мунгинаж байхад нь 1879 оны долдугаар сард Боринажийн албаны хүмүүс түүнд шашны номлол айлдах туршилтын хугацаа нь дууссаныг мэдэгдэж, явахыг шаардсан байна. Ингээд тэр зурж эхлэв. Шашинд үнэнхүү сүсэгтэй ч номлогч болж чадахгүйтэйгээ бүрнээ эвлэрсэн түүнд шашны сургааль номлолоос гадна таньж мэдэрсэн ганц л зүйл байсан нь уран зураг юм. Түүний удмын эрчүүд нэг бол уран зургийн худалдаачин, үгүй бол шашны номлогч л болдог нь Ван Гогт тэгтэл нөлөөлсөн үү гэдэг харин эргэлзээтэй. Англи, Францаар хэсүүчилж, тухайн цагийн урлаг соёл болоод нийгмийн үзэл санааны өөрчлөлтийг мэдэрсэн нь, бас дүү Теогийнхоо ачаар импрессионистуудтай танилцсан нь түүнийг зураач болоход илүү түлхүү нөлөөлсөн болов уу. Боринажаас явахынхаа өмнөхөн буюу 1880 оны зун Теод бичсэн захидалдаа Ван Гог “Уран зурагт л байх улс орныг бэтгэртлээ санаж байна” гэсэн нь аль нэг бодит улсыг биш, харин уйгагүй урлан бүтээж эхэлсэн үедээ ганц хоног зураг зурж чадаагүйдээ харамсан халаглаж буйгаа хэлсэн хэрэг юм. Тэр намраа Ван Гог Боринажаас Брюсселийг зорьж, тэндхийн Уран зургийн академид сурахаар шийдэв.
Өрөвч сэтгэл
Боринажийн чухам юу нь түүнийг тэгтэл татсан болоод Ван Гог зураач болохоор шийдэв гэдэгт урлагийн түүхчид янз бүрийн хариулт өгдөг. Хамгийн элбэг тааралдах нь Ван Гог уурхайчдыг өрөвдсөн, тэднээс өөрийгөө олж харсан гэх таамаг юм. Үнэхээр ч боринажийнхны олонх нь бичиг үсэггүй, хүнд хүчир ажилд нухлагдсан хүмүүс байв. Насан туршдаа ганцаардаж, хаа явсан газраа найз нөхөр хайвч хэн бүхэнтэй таарамжтай байж сураагүй Ван Гогийн хувьд тэдгээр бүдүүн хадуун, зовж зүдрэх ч хувь заяатайгаа эвлэрсэн уурхайчин эрс анхны найз нөхөд нь байлаа. “Энд л би байгалийг анх удаа ойроос мэдэрлээ. Энд л би хүний амьдралын үнэ цэнийг, эгэл ахуйн эл дол үнэнийг нээлээ” гэж Ван Гог дүүдээ бичжээ. Түүнийг өрөвч сэтгэл, цөхөрч ганцаардсан санаа бодол нь зураач болгосон гэхэд болно. Тиймдээ ч дотроо шатаан байж эрч хүчтэйгээр буулгасан гэмээр хурц тод өнгө, харсан даруй л нүд нээн цэлмээх зоримог агаад сэтгэлийн хөдөлгөөн нь мэдрэгдэх эрэмгий шийдэл бүхий, орчин цагийн анхны “үнэн” зургуудыг Ван Гог бүтээж чадсан юм. Боринаж дахь ноорхой урцандаа номлогчийн хувцсаа тайлж орхиод түүний бийр барьсан нь тэгэхээр гагц өөрийнх нь хувь заяаг бус, урлагийн түүхийг бүхлээр нь өөрчилсөн шийдвэр байлаа.
BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна