Арав.мн

Псевдо Шинжэх Ухаан

Псевдо Шинжэх Ухаан

-Миний гараашинд луу амьдардаг.
-Харъя л даа.
-Үгүй ээ, энэ чинь үл үзэгдэгч луу байхгүй юу.
-Аан, тэгвэл шалан дээгүүрээ гурил цацчихвал хөлийнх нь мөрийг харж болох нь ээ!
-Үгүй ээ, тэр луу агаараар хөвөөд явж байдаг юм.
-Тэгвэл инфра-улаан камер ашиглаад лууны амнаас гарч байгаа галыг нь харъя л даа.
-Нөгөө юу л даа, амнаас гарч байгаа гал нь халуун биш байхгүй юу...

Гэх мэтээр лууны оршихуйг батлах бүхий л зүйлийг асуулаа. Гэвч асуулт бүрээс ингэж зугтаад л байв. Ингэхээр үл үзэгдэгч, агаараар хөвдөг (луу бүр л агаарт хөвдөг байх л даа), илчгүй галаар үлээдэг луу болон огт луу байхгүйн хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Асуулт бүрт минь хариулж чадахгүй, ямар нэгэн туршилт хийх боломжгүй юм бол, ерөөсөө луу байдаг гэх чинь утгагүй биш гэж үү?

/Carl Sagan – Demon Haunted World номын “Dragon in My Garage" номын хэсгээс/

Үүнтэй адилаар псевдо шинжлэх ухааныг дэмжигчид, яригчид нь аливаа шинжлэх ухаанч хандлага, онол туршилтын баталгааны оронд өөрийн мэдрэмж дээр суурилсан, тайлбарлаж буй зүйл нь байж болох мэт авч, тэрхүү санааг нь батлах шинжлэх ухааны туршилт, тайлбараар дутагдаж байдаг. Pseudo Science буюу Псевдо шинжлэх ухаан гэх үгийн үүсэл нь ч тэр “pseudo – хуурмаг/хуурамч + science – шинжлэх ухаан” гэсэн утгатай.

/Pseudo Science – Псевдо шинжлэх ухааныг өөрөөр Заримдаг шинжлэх ухаан гэх нь ч бий./

Хэдий худал хуурмаг, баталгаагүй боловч бидний амьдралд, бидний эргэн тойронд заримдаг шинжлэх ухааны жишээ түм бум олдох нь харамсалтай. Дэлхийн бүх хүмүүсийг 12 одны ордод хувааж, орд бүрийн ээлтэй чулуу зарна. Орд бүрийн өдөр тутмын зурхайг хэн нэгэн, хаанаас ч юм зохиож, бидний амьдралыг “хэн нэгэн” “дээрээс” шийднэ. Сонирхол, үзэл бодол нэгдэж, тодорхой хугацааг хамт өнгөрүүлсэн, хайртай хосуудыг “Ивээл биш ордны барилдлага” гэсэн бодол салгаж байвал хайран биш гэж үү. Гэвч үнэндээ шөнийн тэнгэрт нүдэнд харагдах хэдэн мянга (байршлаас хамааран шөнийн тэнгэрт харагдах оддын тоо өөрчлөгдөнө. Yale Bright Star Catalog-ийн хувьд дунджаар 4000) одод тэнгэрт түгэхэд аль нь аль од вэ? гэдгийг ялгаж хэлэхэд төвөгтэй учраас оддыг холбож үүссэн дүрсээр нь одны ордыг зохиосон байдаг. Түүнээс бус нарны аймагтай хамгийн ойрын од, 4,37 гэрлийн жилийн алсад байрлах, бүүр үхчихсэн ч байх боломжтой Альфа Цэнтаур од гэх мэт сансрын биетүүд бидний амьдралд нөлөөлөх нь хэр үнэмшилтэй вэ?

Эдгээр одны ордны барилдлага, зурхайд итгэгчид одны нийт 12 орд байдагт л үнэмшихээс бусдыг нь тоохгүй. Гэтэл шинжлэх ухаан, астрономи бүүр 4000 жилийн өмнө нүдэнд харагдах бүхий л оддыг нийт 88 одны ордонд хуваасан байдаг шүү дээ. Хунгийн орд, Их баавгай, Бага баавгай, Маралын мананцар, Мичид зургаа... бүгд л Хилэнцийн, Нумын гэдэгтэй адил одны ордууд. Тэд одны орд бүр өөрийн дахин давтагдашгүй шинж чанартай, тэдгээр хүн бүрийн ахин давтагдашгүй “төрхийг” бий болгож байдаг гэлцдэг.
Үнэхээр тийм гэж үү? Хүн бүр дахин давтагдашгүй гэдэгтэй би хувь даа санал нийлнэ /Билгүүн/. Гэхдээ үүнд итгэхэд бидэнд заавал уг гарал, баталгаа нотолгоо, үнэн бодит нь үл мэдэгдэх одны ордны зурхай хэрэгтэй юу? Хялбар тооцоо хийж үзэцгээе. Дэлхий дээр 6 тэрбум гаруй хүн байдаг. Үүнийг нийт 12 одны ордод харьцуулж үзвэл нэг одны ордод хамаарагддаг хүмүүсийн тоо дор хаяж 500 сая байх болно. Төсөөлөөд үз дээ! Хилэнцийн ордонд төрсөн, 500 сая хүн дор хаяж байх нь байна шүү дээ! Тэд бүгд өөртөө Хилэнцийн одны ордныхны шинж чанаруудыг агуулсан байх болно. Хатгачихмаар юм юу байна гэх мэт... Өнөөх хүн бүрийн дахин давтагдашгүй шинж чанар маань энэ хүрээд л нураад уначихлаа. Аргаа илүү нарийвчилж, 88 одны ордон дээр авч үзсэн ч энэ тоо хэдэн зуун саяар тоологдсон хэвээр л байх болно.
Энэ 88 одны орд нь өөрөө зөвхөн шөнийн тэнгэрт хүний нүдэнд харагдах оддыг л ангилсан хэрэг шүү дээ! Хэт ягаан туяа, радио телескоп, алсын галактик дахь однууд... Тэд бүгд л манай нартай, Алтан гадастай, Хөхдэй мэргэнтэй адил одод. Нэгэнт л ийм зүйл хийхээр шийдсэн бол тэднийг бүгдийг нь ч мөн тооцох хэрэгтэй. Орчлон ертөнцөд дундажаар 500 тэрбум галактик, эдгээр галактик тус бүр нь дундажаар 250 тэрбум ододтой гэсэн тооцоо бий. Эндээс ертөнц дэх нийт одны тоо дор хаяж 125000 тэрбум тэрбум ( 125 000 000 000 000 000 000 000 ) -с их гэсэн тооцоо гарна. Энэ бол дэлхий дээрх нийт элсний ширхэгээс ч их тоо. Сая энэ бүх оддыг ангилж одны ордонд оруулж, хүмүүсийн төрөлттэй “ямар нэгэн” сэжмээр холбосон цагт зурхай “барьцтай” юм гэж хэлвэл үндэслэл төрж магад. Гэхдээ юу л бол...

Өөр нэгэн олонд танигдсан хуурамч шинжлэх ухааны жишээ бол Масару Эмото. Усанд сайхан үг хэлэх, усыг хараах ерөөх үед усны талст хэлбэрээ өөрчилдөг гэж үзэн бүүр үүний тухай ном ч гаргаж байсан нэгэн. Тэрхүү ном дотор “зарим үед төсөөлөл бол бодит байдлыг ойлгох хамгийн сайн арга байдаг” гэж дурдсан нь ч бий... (Хэний үгтэй адилхан сонсогдож байна таагаарай?) Гэвч шинжлэх ухаан ийм барьцгүй зүйл биш шүү дээ. Ус бол хамгийн энгийн молекулын бүтэцтэй бодис. Бид бүгд мэднэ. H2O! Шингэн төлөвт байхад нь түүний молекулууд хоорондоо чөлөөтэй зөрж, хөдлөх боломжтой байдаг бол хатуу төлөвт эдгээр нь Хаосын хуулиар замбараагүй үүссэн талстуудыг бүтээнэ. Хэрэв давстай далайн ус, эсвэл уулын эрдэс чулуулагт ус байвал өөр минералуудтай холилдон өөр, өөр талтсуудыг бий болгох болно. Магадгүй өөдрөг бодол түгээж, өөдрөг дэлхийг бүтээхийг Масару Эмото хүссэн байж болох ч хүний бодол үгс усанд нөлөөлдөг гэсэн онол арай л “хэтэрсэн” болов уу.

Аливаа томоохон онолыг нээчихлээ, баталчихлаа хэмээн яригсад ч бий. Тэдний зарим нь Монголд ч бий. Үүнд буруу зүйл огт байхгүй. Гэвч шинжлэх ухааны зарчим бол дата, бүүр маш их дата цуглуулан түүнийг боловсоруулдаг. Үүний дараа туршилт, ажиглалт. Мөн хамгийн чухал бас нэг зүйл нь peer review буюу мэргэжлийн хүнээс үнэлгээ авах. Өөрийн бичсэн өгүүллээ шинжлэх ухааны судалгааны сайтуудад байршуулж, бусадтай хуваалцаж, шинжлэх ухаанд нууц гэж байдаггүй гэх зарчмыг дагах нь зүй. Гэтэл нээсэн онолынхоо математик, физик баталгааны талаар огт ярилгүй яагаад энэ онол чухал вэ, энэ онолын түүх юу вэ? гэсэн тойруу асуултанд тойруугаар хариулж, тархи угаагч хэсэг хүмүүс ч бий болсон. Хэрэв үнэхээр л дэлхийд үнэлэгдэх “үнэн” нээлт бол бусад эрдэмтэд ч хүлээн зөвшөөрөх ёстой бус уу? Ерөөсөө л бид аливаа зүйлд скептик байдлаар хандаж, эх сурвалж тодорхойгүй мэдээлэлд итгэхээс татгалзаж, нэг уншсан ч 2 нягталдаг байх аваас аливаа зүйлийн “үнэн бодит” чанарт илүү дөхнө. 


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Заримдаг шинжлэх ухаан гээд нийтлэлийг товчлоод тавьжээ
-2
Санаа сайхан байлаа, сачий дутлаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start