Арав.мн

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 боксчин

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 боксчин

Дэлхийн хамгийн агуу боксчин хэн бэ? Спортын ESPN агентлаг энэ асуултын хариултыг олох гэж маш их судалгаа хийн, спорт сонирхогчдын дунд санал асуулга явуулж, бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг 50 боксчны жагсаалтыг гаргасан байна. Энэ жагсаалтыг тэргүүлсэн 10 тамирчныг танилцуулъя.


10

Sam Langford

Жингийн ангилал: Lightweight, welterweight, middleweight, heavyweight

Гаргасан амжилт: 180-29-39 (128 КО)

Идэвхтэй жилүүд: 1902-1926

“Бостоны аймшиг”, “Бостоны яс бутлагч” хочит Самуэль Э.Лангфорд бол ХХ зууны эхэн үеийн хамгийн шилдэг боксчдын нэг. Түүнийг “Хэний ч мэдэхгүй хамгийн шилдэг тулаанч” ч гэж нэрлэдэг. Учир нь тэрээр 24 жилийн турш рингэн дээр гарахдаа хөнгөн жингээс хүнд жин хүртэл өрсөлдсөн цөөн тамирчдын нэг.

Оргил үедээ 171 см өндөр, 84 кг жинтэй байсан Лангфорд тухайн цаг үеийнхээ домог болсон тамирчид, дэлхийн аваргуудыг буулган авч байв. Хүнд жинд хүртэл асар хүчтэй цохилтоороо алдартай байв. Хурд, хүч, тэсвэр хатуужил нь түүнийг өрсөлдөгчийнхөө нүдэнд “хадны мангаа” болгож байлаа.

Харамсалтай нь тэрээр нэг ч удаа дэлхийн аварга болох нь битгий хэл аваргын төлөө тоглож чадаагүй. Нэг нүд нь бүрэн сохорч, нөгөө нүд нь хагас сохорсон ч тулалдсаар л байсан түүнд хүртэх ёстой боломжийг нь хүнд жингийн дэлхийн анхны хар арьст аварга Жэк Жонсон өгөөгүй юм. Тэд нэг удаа тулалдахдаа 6 дугаар раундад Жэк Жонсон Ландфордыг хүнд цохилтоор нэг удаа унагаасан байдаг. Энэ тэмцээнд Жэк Жонсон ялсан ч үзэгчдийн хувьд Ландфорд хамаагүй илүү байжээ. Дараагийн удаа нүүр тулах юм бол Жонсоны аваргын титэм бараг унах нь тодорхой байв.

Ялагдахаас айсан Жонсон болон дэлхийд дахиад л нэг хар арьст аварга гарч ирнэ гэж эгдүүцсэн суртал ухуулагчид Ландфордыг аваргын төлөө тоглох тулаанд оруулахаас удаа дараа татгалзсаар иржээ. Оронд нь Лангфордтой 12 удаа тоглохдоо 9 ялагдаж, 3 удаа тэнцсэн Жим Жонсон аваргын төлөө тулалдаж байв.

Дэлхийн аваргын төлөөх тулаан хийж чадаагүй Лангфорд 1910-1918 оны хооронд нийт 5 удаа Дэлхийн өнгөт арьстнуудын хүнд жингийн аварга болсон юм. Бүрэн сохорч, спортын карьерээ өндөрлөсөн Лангфорд дампуурч, 1944 он хүртэл олон нийтээс нуугдаж амьдарсан байна. 1944 онд түүнд зориулан хандив цуглуулж, 10 мянган ам.долларыг гардуулан өгчээ. Үүний дараа түүнийг нүдний мэс засалд оруулсан нь амжилттай болсон юм. 1955 онд Алдрын танхим бичигдсэнээсээ хойш нэг жилийн дараа таалал төгсжээ. 


09

Jack Dempsey

Жингийн ангилал: Heavyweight

Гаргасан амжилт: 54-6-9 (44 КО)– Шийдвэр гараагүй 6

Идэвхтэй жилүүд: 1902-1927

“Kid Blackie”, “Манассагийн хэмлэгч” хочит Уильяам Харрисон “Жэк” Дэмпси 1914-1927 оны хооронд рингэн дээр тулалдах хугацаандаа хүнд жингийн ангилалд 1919-1926 оны хооронд ноёрхож байсан аварга юм. Маш ширүүн тоглолттой, асар хүчтэй цохилттой тэрээр дэлхийн хамгийн алдартай боксчдын нэг.

1920-иод оны соёлын бэлгэ тэмдэг болж байсан түүний тоглолтыг үзэх гэж ирсэн үзэгчдийн тоо, олсон орлогын хэмжээ байнга рекорд тогтоож байв. Жэк Дэмпси бол 1 сая ам.долларын босгыг давсан анхны боксчин. Магадгүй энэ ч утгаараа The Ring сэтгүүлийн бүх цаг үеийн хүнд жингийн шилдэг боксчдын жагсаалтад 10 дугаар байрт, Toп-100 цохигчдын жагсаалтын 7 дугаарт бичигдсэн байдаг.

Баруун болон зүүн гарын хүч нь ижил уг тамирчин 185 см өндөр байв. Тэрээр алдарт Луи Фирпо, Жин Танни нарын эсрэг тулалдаж байсан юм. Рингний гадна царайлаг, хүмүүсийн сэтгэлийг булаасан тэрээр рингэн дотроо жинхэнэ мангас болон хувирдаг байсан гэдэг. Дэлхийн аварга болохдоо аварга Жесс Виллардын эрүүг бутартал цохисон бол дэлхийн аваргын бүсээ 1926 онд Жин Таннид алдахдаа 120 мянган үзэгчийг цуглуулж чадсан байна. Жин Таннигийн эсрэг дахин нэг тулаан хийж, аваргын бүсээ эргүүлэн авах гэж оролдохдоо Танниг хүнд цохилтод оруулжээ. Танни хэдийгээр шүүгчийг 9 хүртэл тоолоход хөл дээрээ боссон ч үнэн хэрэг дээрээ 14 секундын турш хэвтсэн байдаг. Энэ явдлыг спортын түүхэнд “удаан тооллого” гэж дурсах нь бий. Энэ тулаанд ялагдсан Демпси зодог тайлаад Нью Йорк хотод ресторан нээн ажиллуулсан юм.

Олон улсын боксын хүндэтгэлийн танхимд нэрээ бичүүлсэн Жэк Дэмпси 87 насандаа нас барсан билээ.


08

Жэк Жонсон

Жингийн ангилал: Heavyweight

Гаргасан амжилт: 73-13-10 (40 КО) – Шийдвэр гараагүй 5

Идэвхтэй жилүүд: 1897-1928

“Галвестоны үлэмж биет” хочит Жэк Жонсон бол Жим Крөвийн оргил үед нь гарч ирсэн хамгийн анхны хар арьст дэлхийн аварга юм. Тэрээр 1908-1915 оны хооронд хүнд жингийн ангилалд ноёрхож байсан боксын спортын домог болсон тамирчин билээ.

Тухайн үеийн боксын рингэн дээр төдийлөн дэлгэрээгүй өвөрмөц стильтэй Жэк эхний цохилтыг хийснийхээ дараа хамгаалан тоглож, өрсөлдөгчөө ядрах үед маш ширүүн давшилт хийдэг, яван чангардаг тамирчин байжээ. Энэ арга барилыг нь спорт шүүмжлэгчид “хулчгар хүн”-ий заль мэх гэж буруушаадаг байв. Гэхдээ Жэкээс 10 жилийн өмнө “Жентельмэн” хочит дэлхийн аварга Жим Корбетт яг энэ арга барилаар тулалддаг байхдаа “боксын спорт дахь хамгийн ухаалаг хүн” гэж сайшаагддаг байсан аж.

Жэк Жонсоны 1910 онд Жэймс Ж.Жеффрийстэй хийсэн тулааныг Зууны шилдэг тулаан гэж нэрлэх нь ч бий. Учир нь дийлдэшгүй өнгөт арьст аваргыг зогсоолгохын тулд хөгжөөн дэмжигчид зодог тайлсан аварга Жэймс Ж.Жеффрийсийг рингэн дээр дахин гарч ирж, Жонсоныг буулган ав хэмээн олон сарын турш ятгаж байлаа. Ингээд урьд өмнө нь харагдаж байгаагүй мөнгө буюу 120 мянган ам.доллар (одоогийн ханшаар 3.2 сая ам.доллар) амласны дараа Жеффрийс зөвшөөрсөн байдаг. Тэрээр Жонсоны эсрэг тулалдахын тулд 100 гаруй паунд хасч, формондоо оржээ. Ийнхүү 1910 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 20 мянган үзэгчийн өмнө тулаан болж, 15 дугаар раунд болоход хоёр ч удаа унаад байсан Жеффрийсийн дасгалжуулагч алчуур шидэн бууж өгсөн юм. Энэ тэмцээний дараа Техасаас Колорадо хүртэлх 25 мужид, Нью Йорк, Вашингтон зэрэг 50 хотод арьс өнгөөр ялгаварлагчдын бослого болж, 20 гаруй хүн алагдаж, олон зуун хүн гэмтэж байжээ.

Бүхэл бүтэн 15 жилийн турш дэлхийн хамгийн алдартай хар арьстан гэгдэж байсан Жэк Жонсон АНУ-ын арьс өнгөөр ялгаварлах үзлийн түүхийн нэг хэсэг болсон юм. Рингэн дээр өрсөлдөгчгүй бөгөөд рингнээс гараад зоригтой, шулуун, биеэ тоосон мэт зангаараа цагаан арьстнуудын дургүйг хүргэдэг байлаа. Тэрээр цагаан арьст эхнэртэй байсан бөгөөд үүнээсээ болж баривчлагдаж байв. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан хэргээр түүний спортын карьерийнх нь оргил үед 1 жилийн хугацаанд хорих ял оноосон байдаг. Шоронд орохгүйн тулд Жэк Жонсон АНУ-аас зугтаж, өөр улсуудад 7 жилийн турш боксын тэмцээнүүдэд оролцож байгаад 1920 онд эргэн ирж, хорих ялаа биеэрээ эдэлсэн юм. Түүнд ял оноосноос 105 жилийн дараа буюу 2018 оны 5 дугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өршөөсөн билээ.


07

Benny Leonard

Жингийн ангилал: Lightweight

Гаргасан амжилт: 89-6-1 (70 КО) – Шийдвэр гараагүй 4

Идэвхтэй жилүүд: 1911-1932

Еврей гаралтай Бенжамин Лэйнер (Бенни Леонард) хөнгөн жингийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин. Дэлхийн, Олон улсын болон Ring сэтгүүлийн алдрын танхимд нэрээ бичүүлсэн “Еврей шидтэн” хочит энэ тамирчин маш хурдтай, техник сайтай, гайхамшигтай хөлийн ажиллагаатайгаас гадна маш хүнд гартай байсан гэдэг. Бенни Леонард гудамжинд байхдаа зодолдож сурсан нэгэн бөгөөд мэргэжлийн боксчин болоод нийт 96 тулаан хийхдээ 89 ялсаны 70-ыг нь хүнд цохилтоор унагаж байсан нэгэн.

Тэрээр 1917 оны 5 дугаар сард хөнгөн жинд анхныхаа аваргын бүсийг авснаасаа хойш 1925 онд аварга хэвээрээ зодог тайлах хүртлээ дэлхийн аварга гэсэн алдрыг зүүж байснаараа энэ жингийн түүхэн дэх хамгийн удаан ноёрхлыг тогтоосон юм. Зодог тайлснаасаа хойш 7 жилийн дараа рингэн дээр эргэн ирж, 19 тулаан хийхдээ 18 удаа ялсан байдаг. Түүний ялагдсан цөөн хэдэн тулааны 3 нь карьерынхаа эхэн үед, нэг нь торгуулиар, нэг нь Жими МакЛарнины эсрэг хийсэн түүний сүүлийн тулаан байсан юм. Дахин зодог тайлсаныхаа дараа Бенни Леонард рингний шүүгч болжээ. Тэрээр 51 настайдаа Марио Рамон, Бобби Уильямс нарын тэмцээнийг шүүж байхдаа рингэн дээр зүрхний шигдээсээр нас барсан билээ.


06

Roberto Duran

Жингийн ангилал: Lightweight, welterweight, light middleweight, middleweight, super middleweight

Гаргасан амжилт: 119-16 (70 КО)

Идэвхтэй жилүүд: 1968-2001

“Чулуун гарт” хочит Роберто Дуран Саманиего бол Панам гаралтай, 1968-2001 он хүртэл 30 гаруй жил рингэн дээр тулалдахдаа дөрвөн жингийн дэлхийн аварга болж байсан тамирчин билээ. Өрсөлдөгчөө шахаанд оруулж, хурдтай, хүчтэй цохилтоороо нүддэг тэрээр автомашины осолд орж, хүнд гэмтэх хүртлээ буюу 50 нас хүртлээ рингэн дээр тулалдсан юм.

Ердөө 8 настай байхаасаа боксын клубт туршлагатай тамирчидтай бэлтгэл хийж эхэлсэн Роберто 1968 онд 16 настайдаа мэргэжлийн боксчны гараагаа эхэлсэн байдаг. 1972 онд Кен Бучананаас хөнгөн жингийн аваргын бүсийг булаан авсан тэрбээр уг жиндээ 7 жилийн турш аварга байж байгаад, 1980 онд “welterweight” жинд Шюгар Рэй Леонардыг буулган авч, аваргалжээ. Үүний дараа 32 настайдаа буюу 1983 онд “light middleweight” жинд Дэйви Моорыг илт давуу буулган авч мөн аварга болов. Харин 1989 онд Иран Барклигийн эсрэг тулалдан ялж, дунд жингийн дэлхийн аварга болсон байдаг.

Дураныг 2006 онд Дэлхийн боксын спортын алдрын танхимд, 2007 онд Олон улсын боксын спортын алдрын танхимд оруулсан юм.

Тэрбээр 1979 онд Rocky II кинонд Роки Балбоагийн бэлтгэлийн хамтрагчийн дүрд тоглож байжээ. Роберто Дураны амьдралаас сэдэвлэн хийсэн “Чулуун гарт” кино 2016 онд нээлтээ хийсэн ба гол дүрүүдэд Эдгар Рамирез, Роберт Де Ниро болон Ашер нар тоглосон юм. 


05

Willie Pep

Жингийн ангилал: Featherweight

Гаргасан амжилт: 229-11-1 (65 КО)

Идэвхтэй жилүүд: 1940-1966

Дэлхийн хоёр удаагийн аварга, хамгаалан тоглох стилийн домог болсон тамирчин бол Вилли Пеп юм. Карьерынхаа 26 жилийн турш нийт 241 тулаан хийдээ 1956 раунд тулалдсан байдаг. ХХ зууны хамгийн шилдэг тамирчдын нэг Пеп нь маш хурдтай, бултах, хамгаалахдаа гарамтай нэгэн байлаа. Олон улсын боксын спортын алдрын танхимд 1990 онд бичигдсэн түүнийг бүх цаг үеийн хамгийн хамгийн агуу featherweight ангиллын боксчин гэдэг.

1947 онд онгоцны осолд орж, амь насанд нь заналхийлсэн гэмтэл авсан ч эдгэрч, гайхамшигтай амжилтаа үргэлжлүүлсэн юм. Анх рингэн дээр гарсан цагаасаа хойш 63 тулаанд нэг ч ялагдаагүй байж байгаад Сэмми Анготтод ялагдсан байдаг. Үүний дараа дахин 72 тулаанд ялагдалгүй байсны эцэст Сэнди Саддлерт ялагдаж байв. Баригддаггүй, оногддоггүй Пепийг ялж чаддаг ганц тамирчин нь Сэнди Саддлер байсан гэдэг. Тэрээр Пептэй 4 удаа тулалдахдаа гуравт нь ялсан ч үргэлж маш их алдаа хийж, бохир тулалдаж байсан гэдэг.

Анх 1937 онд сонирхогчийн боксоор тулалдаж байгаад 1940 онд мэргэжлийн тамирчин болсон Пепийн ур чадвар үнэхээр гайхалтай байжээ. Зарим тохиолдолд өрсөлдөгч рүүгээ цохилт хийхгүйгээр хүртэл ялж чаддаг байсан гэх нь ч бий.

Пеп тамирчны карьераа өндөрлөсөн ч боксын спортоо хаялгүй, шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Тэрээр 2006 онд 84 насандаа өөд болжээ. 


04

Joe Louis

Жингийн ангилал: Heavyweight

Гаргасан амжилт: 66-3 (54 КО)

Идэвхтэй жилүүд: 1934-1951

“Бор бөмбөгдөгч” хочит Жөү Луис дэлхийн хүнд жингийн аваргын бүсийг 1937-1949 оны хооронд хамгаалж байсан бүх цаг үеийн хамгийн шилдэг хүнд жингийн боксдын нэг. Тэрээр 140 сарын турш аварга байсан ба энэ хугацаанд 26 удаа аваргын бүсээ хамгаалсан тулаан хийсэн байдаг. Энэ нь Хулио Чезар Чавезын рекорд болох 27-гийн араас бичигдэх амжилт юм.

Түүний нэр хүнд рингээс ч гадуур хүчтэй байлаа. АНУ-ын Үндэсний баатар болсон анхны Африк гаралтай хүн гэгдэж байсан тэрээр нацист хөдөлгөөний эсрэг хүчтэй тэмцэгч байв. Мөн гольфын спортод хүчээ сорьсноор АНУ-д уг спортын арьс өнгөний үзлийг зогсооход хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг.

Жөү Луис нь Ring сэтгүүлийн Бүх цаг үеийн 100 шилдэг цохигч жагсаалтын нэгдүгээр байранд бичигдсэн ба Олон улсын Боксын судалгааны байгууллагын гаргасан 2005 оны жагсаалтад Бүх цаг үеийн хамгийн шилдэг хүнд жингийн тамирчин болсон юм.

Эцэг эх хоёр нь боол гаралтай байсан Жөү Луис төрөхдөө 5 кг жинтэй байв. Ээж нь түүнийг хийлч болгохыг хүсдэг байсан ч багаасаа тулаанд сонирхолтой байсан тэрээр хийл хөгжмийнхөө саванд боксын бээлийгээ нуун бэлтгэлдээ явдаг байсан гэдэг. 1932 онд 17 настайдаа анхны тулаанаа хийсэн Луис мэргэжлийн тамирчин болоод 69 тулаан хийдээ 66-д нь ялалт байгуулж, үүний 52-ыг нь өрсөлдөгчөө нокаутанд оруулж ялсан байна. Хэсэг хугацаанд завсарлага авсан Луис 1950 онд рингэн дээр эргэн ирсэн ч аварга болж чадааүй ба 1951 онд домогт Рокки Марчианод хүнд цохилтоор ялагдсаныхаа дараа зодог тайлсан юм. 

1942 онд хуучны өрсөлдөгч Бадди Баэртай Тэнгисийн цэргийн хүчинд хандив цуглуулах зорилготой тулаан хийж, 47 мянган ам.доллар босгосон ба тулааны маргааш нь АНУ-ын армид сайн дураараа элссэн билээ. Дайны үеэр түүний хэлж байсан үг болох “Бурхан бидний талд байгаа болохоор бид ялна” гэдэг үгийг уриа болгон ашиглаж байв. Урьд өмнө нь хар арьстан хүнийг цагаан арьстнууд дэлхийн элч болгон хүлээн зөвшөөрч байсан тохиолдол байхгүй юм.


03

Henry Armstrong

Жингийн ангилал: Featherweight, lightweight, welterweight

Гаргасан амжилт: 151-21-7 (101 КО)

Идэвхтэй жилүүд: 1932-1945

Хенри Армстронг нэрээр тулалдаж байсан Хенри Жэксон Жр. бол нэг дор гурван жинд аваргын бүсийг хамгаалж байсан домогт тамирчин юм. 1931 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ал Иовиньогийн эсрэг анхны мэргэжлийн тулаанаа хийсэн Армстронг гуравдугаар раундад хүнд цохилтоор ялагдсан байдаг. Тэр жилдээ Сэмми Бурнсын эсрэг анхны ялалтаа авсан тэрээр Лос Анжелес хотод ирээд дахин хоёр ялагдал хүлээсэн боловч цаашид 11 дараалан ялсан билээ.

Түүний ур чадвар, нэр хүнд өдөр ирэх тусам нэмэгдсээр 1937 онд Сарроны эсрэг тулаанд өрсөлдөгчөө нокаутанд оруулснаар Featherweight ангилалд дэлхийн аварга болов. 1938 онд welterweight ангилалд Россыг буулган авч, дэлхийн аварга болоод дахин жин хасч lightweight ангилалд Лу Амберсыг ялж, дэлхийн аварга болсноор нэг дор гурван жингийн аваргын бүсийг зэрэг эзэмшигч болсон анхны боксчин болжээ. Гэвч тэрээр featherweight ангилалд дахин өрсөлдөхгүй гэж шийдсэнээр тус жингийн аваргын титмийг сул хаясан байдаг.

Хенри Армстронг welterweight ангилалд аваргын бүсээ 19 удаа хамгаалсан домогт тамирчин юм. Түүнийг Ring сэтгүүлээс сүүлийн 80 жилийн хамгийн шилдэг 80 боксчны хоёрдугаар байрт 2007 онд бичсэн байдаг.

Карьерынхаа турш 181 тулаан хийхдээ 152 ялалт, 21 ялагдал, 9 тэнцээ хийсэн Армстронг 1945 онд зодог тайлсан юм. Тамирчны замналаа дуусгасан Армстронг харьцангуй тайван амьдралаар амьдарсаар 75 насандаа 1988 онд таалал төгсжээ. Тэрээр Олон улсын Боксын спортын алдрын тамхимд бичигдсэн, түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг билээ. 


02

Muhammad Ali

Жингийн ангилал: Heavyweight

Гаргасан амжилт: 56-5 (37 КО)

Идэвхтэй жилүүд: 1960-1981

Домогт Мухаммад Али бол маргаангүй дэлхийн хамгийн алдартай боксчин, тэмцэгч байсан билээ. ХХ зууны спортын хамгийн нөлөө бүхий, алдартай од байсан Али олон нийтэд урам өгсөн, дэлхийг байлдан дагуулсан нэгэн.

Кентаки мужид төрж өссөн тэрээр 12 настайгаасаа сонирхогчийн боксоор хичээллэж байгаад 18 настайдаа 1960 оны Зуны Олимпийн наадмаас light heavyweight ангилалд алтан медаль хүртсэн байдаг. Мөн ондоо мэргэжлийн боксын рингэд хөл тавьж, 22 насандаа WBA, WBC-гийн аварга болсон юм. Хэдийгээр тэрээр Кассиус Маселлус Клэй Жр. нэртэй байсан боловч энэ нэр нь “боолын нэр” гэж үзэн, төд удалгүй Мухаммад Али болгон өөрчилсөн байна. Цагаан арьстнуудын давамгай эрхийг үгүй хийхийн төлөө хүчтэй тэмцэгч байсан тэрээр Африк гаралтай Америкчуудын гол төлөөлөгч байв.

Хүнд жингийн дэлхийн аварга болсноосоо хойш хоёр жилийн дараа Алид АНУ-ын Армиас зарлан ирэхэд шашин шүтлэг, Вьетнамын дайны эсрэг үзэл бодлоосоо болж цэрэгт явахаас татгалзсан юм. Үүнээс болж түүнийг баривчилж, боксын аваргын цолуудыг нь хураан авав. Бараг дөрвөн жилийн турш рингэн дээр гарах боломжгүй болсон Али 1971 онд АНУ-ын Дээд шүүхэд давж заалдсанаар ялалт байгуулсан юм. Тамирчин хүний оргил үеээ ийнхүү алдсан тэрээр 1971 онд Жо Фрейзерийн эсрэг тулалдан ялагдав.

Гэвч 1974 онд Жорж Формэнээс дахин аваргын бүсээ эргүүлэн авч, 1978 онд Леон Спинкст алдан, мөн ондоо дахин авсан юм. Тэрээр ийнхүү хүнд жингийн дэлхийн аваргын цолыг гурван удаа авсан анхны тамирчин болсон аж. Түүний 5 ялагдлын гурав нь карьерынх нь сүүлийн 4 тулааных байсан юм. Али нийт 61 тулаан хийхдээ 56 ялж (37 нокаут), 5 ялагдсан байдаг.

Мухаммад Али бол боксын спортыг орвонгоор нь эргүүлсэн тамирчин гэдгээрээ алдартай. Хүнд жингийн тамирчдын удаан, болхи, хүчтэй арга барилаас тэс ондоо буюу маш хурдтай, ур чадвартай, үзүүштэй тоглолтуудаараа спорт сонирхогчдын хайрыг татсан билээ. Үүнээс гадна бусад тамирчид шиг дасгалжуулагч, менежерүүдээрээ яриулахын оронд үзэл бодлоо өөрөө чөлөөтэй илэрхийлдэг байснаараа Америкийн дайсан, мөн баатар болж байлаа. Доромжлох, толгой холбох, шүлэглэн ярих зэргээрээ олны анхаарлыг ихэд татдаг байсан тэрээр шаггүй хөгжимчин байв. Түүний хоёр ч альбом Грэммигийн шагналд нэр дэвшиж байжээ. Мөн амьдралынхаа тухай хоёр ном бичсэн нь асар их амжилт олсон юм.

1981 онд зодог тайлсныхаа дараа сайн үйлсийн аян, бурхан шашны ажлуудад цагаа зориулдаг болсон төдийгүй олон сая ам.долларыг хүмүүнлэгийн байгууллагад хандивлаж, өлсгөлөнд нэрвэгдсэн 22 сая хүнийг хоолоор хангах ажилд оролцож байв. 1984 онд Али боксоос болж Паркинсоны синдромтой болох нь тогтоогдсон цагаас хойш олон нийтэд цөөн харагдах болсоор 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр таалал төгссөн юм. 


01

Sugar Ray Robinson

Жингийн ангилал: Welterweight, middleweight

Гаргасан амжилт: 175-19-6-2 (109 КО)

Идэвхтэй жилүүд: 1940-1965

Жагсаалтын тэргүүн байранд Шюгар Рэй Робинсон буюу Уолтер Смит Жр. бичигдэж байгаад гайхах хүн цөөн биз ээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг паунд-паунд боксчин гэгдэг Робинсон хамгийн анх “pound-for-pound” гэх эрэмбийг гаргахад нөлөөлсөн хүн юм.

Ring сэтгүүлийн Сүүлийн 80 жилийн 80 шилдэг тулаанчийн жагсаалтын тэргүүн байрт 2002 онд бичигдсэн Робинсон сонирхогчийн боксоор өрсөлдөж байхдаа 85-0 амжилттай байсан гэдэг. Эдгээрийн 69 ялалт нь нокаутаар, 40 нь нэгдүгээр раундад дууссан гэхээр хэр тамирчин байсан нь ойлгомжтой байх.

1940 онд мэргэжлийн боксын гараагаа 19 настайдаа хийсэн Уолкер 1951 он гэхэд 128 ялалт (84 нокаут), 1 ялагдал, 2 тэнцээтэй болсон байлаа. 1943-1951 он хүртэл Робинсон 91 тулаанд оролцохдоо нэг ч ялагдаагүй байдаг нь мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн ялалт болсон юм. Тэрээр 1946-1951 оны хооронд welterweight жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байгаад мөн ондоо жин өгсөж, middleweight жинд дэлхийн аварга болсон билээ.

Дивизийн дэлхийн аваргыг таван удаа авсан анхны тамирчин болсон тэрээр 1952 онд зодог тайлаад, 2 жил хагасын дараа эргэн ирж, 1955 онд дахин аваргын бүсийг булаан авсан агуу тамирчин юм.

Рингнээс гадуур гял цал болсон амьдралд дуртай байсан тэрээр боксын амьдралаа дуусгасны дараа энтертэйнмэнтийн салбарт хүч үзсэн ч амжилт олоогүй. Харамсалтай нь Шюгар Рэй Робинсон 1965 он гэхэд карьерынхаа турш олсон 4 сая ам.долларыг үрж дуусаад, дампуурснаа зарласан юм. Тэрээр 1989 онд нас барах хүртлээ санхүүгийн хямралтай амьдарсан билээ.

Ring сэтгүүлийн Алдрын танхимд 1967 онд, Олон улсын боксын спортын алдрын танхимд 1990 онд бичигдсэн энэ агуу тамирчны 200 тулаанаас 173 ялалт, 19 ялагдал, 6 тэнцээтэй дуусгасан амжилтыг давах тамирчин ойрын ирээдүйд гарахгүй л болов уу.


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Marciano, Iron Mike, Floyd гэх мэт нөхдүүд эхний 10-т ордоггүй юм байх даа?
+1
Эд нарын хочууд гоё шүү
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start