Арав.мн

Түүхэн дэх хамгийн хүчтэй 10 дэлбэрэлт

Түүхэн дэх хамгийн хүчтэй 10 дэлбэрэлт

Сансар огторгуйг төрүүлсэн гэх Их тэсрэлт (The Big Bang) уг жагсаалтад багтаагүй ч энд зайлшгүй дурдах ёстой үзэгдэл юм. Нэрнээс нь болж Их тэсрэлтийг маш хүчтэй дэлбэрэлт болсон гэж олон хүн боддог. Гэвч тийм биш ажээ. Сансрын уудам буцлам халуун байх үед сансрын биетүүд олонхын таамагладаг шиг цул байснаа тэсэрч тархаагүй, харин аажмаар тэлж, үржсэн байх магадлал нь илүү юм. Харин доорх дэлбэрэлтүүд бол болж өнгөрсөн нь баттай, түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй, хамгийн их гамшиг дагуулсан тэсрэлтүүд гэнэ. 


10

Техасын дэлбэрэлт

АНУ-ын Техас мужийн Техас хотод 1947 онд болсон дэлбэрэлтийг аж үйлдвэржилтийн эриний хамгийн их хор хохиролтой осол гэдэг. Тус хотын боомтод зогсож байсан 2300 гаруй тонн аммонийн нитрат тээсэн “Grandcamp” хэмээх хөлөг онгоцон дээр дэлбэрэлт болсноос дээгүүр нь нисэж явсан хоёр онгоц сүйрчээ. Харин хоёр онгоцны нэг нь газарт унахдаа мөн л 1000 гаруй тонн аммонийн нитрат агуулсан өөр нэгэн хөлөг онгоцыг сүйрүүлсэн байна. Ослын уршгаар 600 гаруй хүн нас барж, 3500 гаруй хүн гэмтэж бэртжээ.


09

Халифаксын осол

Дэлхийн I дайны үед буюу 1917 оны арванхоёрдугаар сард тулааны талбар дахь цэргүүддээ зэр зэвсэг, тэсрэгч хүргэхээр явсан Францын нэгэн хөлөг онгоц Канадын Халифакс боомтын ойролцоо Бельгийн хөлөг онгоцтой мөргөлдсөн нь тухайн үедээ хүний нөлөөгөөр болсон түүхэн дэх хамгийн хүчтэй, аймшигт дэлбэрэлт гэгдэж байв. TNT-ийн гурван килотонны хүчтэй байсан гэх уг дэлбэрэлтээс үүдсэн утаа тортог 6100 гаруй метр өндөрт дэгдсэн бол хүчтэй тэсрэлтийн улмаас бий болсон цунами 18 метрийн өндөрт хүрчээ. Хоёр орчим ам.км талбай эзэлсэн гамшгийн уршгаар 2000 гаруй хүн нас барж, 9000 орчим хүн шархадсан байна. Мөн боомтын ойролцоох олон арван байшин барилга сүйджээ. Уг ослыг хөлөг онгоцтой холбоотой түүхэн дэх хамгийн хүчтэй дэлбэрэлт, хамгийн том осол гэдэг. 


08

Чернобылийн гамшиг

1986 онд Украины Чернобыль дахь цөмийн үйлдвэрт болсон дэлбэрэлт түүхэн дэх хамгийн их гамшиг тарьсан цөмийн осол юм. Үйлдвэрийн 2000 гаруй тонн жинтэй реакторын тагийг дэлбэлж, Хирошима хотод унасан цөмийн бөмбөгийн ялгаруулснаас 400 дахин их цацраг идэвхт туяа ялгаруулсан уг тэсрэлтийн нөлөө Европын 200 мянга гаруй ам.км нутаг дэвсгэрт мэдрэгдсэн гэдэг. Цацраг идэвхт бодист 600 мянга гаруй хүн хордож, 350 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 


07

Тринитигийн туршилт

АНУ-ын нутаг Нью Мексико мужийн Аламогордо хотын ойролцоох Тринити хэмээх газарт 1945 онд болсон энэ тэсрэлт бол түүхэн дэх цөмийн зэвсгийн анхны туршилт юм. ТNT-ийн 20 килотонны хүчтэй байсан гэх уг дэлбэрэлтийг холоос харж зогссон эрдэмтэн Роберт Оппенхаймер тэрхэн мөчид хиндү шашны Багавад Гита судрын “Би ертөнцийг сүйтгэгч Үхэл боллоо”  хэмээх үгийг санасан гэдэг. Дээрх туршилтын дараахан Америкийн цөмийн зэвсгийн хөтөлбөр дэлхийн түүхийг аймшигтайгаар бичилцэж, цөмийн зэвсгээс айх олон арван жилийн түгшүүрийг бий болгосон билээ. 


06

Тунгускийн оньсого

1908 онд Тунгуск мөрний ойролцоо болсон нэгэн нууцлаг тэсрэлт Сибирийн тайгын 2000 гаруй хавтгай дөрвөлжин км талбай буюу Токио хотын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээтэй их ой хөвчийг газартай тэгшилсэн юм. Тунгускийн дэлбэрэлт 20 орчим метрийн өргөн голчтой, 186 мянган тонн жинтэй (“Титаник” хөлгөөс долоо дахин хүнд) солир унаснаас болсон гэж эрдэмтэд таамагладаг. Харин тэсрэлт нь хэр хүчтэй байсан нь ихээхэн маргаантай бөгөөд олонх судлаачийн тооцоогоор ТNT-ийн дөрвөн мегатонн буюу Хирошима хотыг сүйтгэсэн атомын бөмбөгөөс 250 дахин хүчтэй байжээ. 


05

Тамбора галт уулын дэлбэрэлт

1815 онд ТNT-ийн 1000 мегатонны хүчтэй тэсэрсэн Индонезийн Тамбора галт уулын дэлбэрэлт одоогоор бүртгэгдээд буй галт уулын дэлбэрэлтүүдээс хамгийн хүчтэй нь юм. 140 тэрбум гаруй тонн магма агаарт цацаж, Сумбава болон зэргэлдээх Ломбок арлын 71 мянга гаруй хүний аминд хүрсэн уг дэлбэрэлт дэлхийн уур амьсгалыг хүртэл өөрчилжээ. Дараа жил нь буюу 1816 он түүхэнд Зун болоогүй жил хэмээн бүртгэгдсэн агаад урин дулаан уур амьсгалтай бүсэд цас орж, олон мянган га тариалангийн талбай сүйдсэнээс дэлхийн өнцөг булан бүрт мянга мянган хүн өлсгөлөнгөөр нас барсан нь чухамдаа Тамборагийн дэлбэрэлтийн нөлөө байлаа. 


04

К-Т сүйрэл

Цаг уурын өөрчлөлт, байгалийн гэнэтийн араншин 65 сая гаруй жилийн тэртээ дэлхий дээрх бүх амьд биетийн тал хувийг, тэр дундаа үлэг гүрвэлийн өнөр бүлийг устгасан байдаг. Эрдэмтдийн дунд К-Т сүйрэл гэгддэг уг мөхөл сөнөлийн өмнөхөн гариг дэлхий хэдийгээр уур амьсгалын хувьд хямралын ирмэгт байсан ч мөхлийн оргил үе буюу үлэг гүрвэлийн эриний сүүлийн гогцоо сансрын биет дэлхий дээр унаснаас үүдсэн их тэсрэлтээс болж алдарчээ. Олонх эрдэмтний таамагладгаар Мексикийн эрэгт орших Чикшулуб хэмээх газарт буй 180 км өргөн тогоо тэрхүү тэсрэлтийн ул мөр байх магадлалтай юм. 


03

Гуталчин-Леви 9 сүүлт од болон Бархасбадийн мөргөлдөөн

Одон орончдын Гуталчин-Леви 9 хэмээн нэрийдсэн сүүлт одны 1994 онд Бархасбадь гаригтай мөргөлдсөнөөс үүдсэн тэсрэлт нүдэнд үзэгдэхүйц 21 өөрчлөлт авчирсан гэдэг. Аварга гаригийн татах хүч сүүлт одыг 1.8 миль буюу гурван км хүртэлх өргөнтэй хэд хэдэн хэсэг болгон буталсан бөгөөд хоёр биетийн мөргөлдсөн хурд 60 км/секунд байсан гэдэг. Тэсрэлтээс үүдсэн гал сансар дахь Иованны үүл гэгддэг цэгээс 1800 миль буюу 3000 гаруй км-ийн өндөрт хүрч, хар толбо нь бараг дэлхийн дайтай буюу 12 мянга гаруй км-ийн уудамд тархжээ. Мөргөлдөөний хүч TNT-ийн 6000 гигатонн байсан гэж эрдэмтэд тооцдог. 


02

Супернова

Энэ үзэгдэл бол огторгуйг бүхлээр нь гэрэлтүүлдэг оддын тэсрэлт юм. Хамгийн хүчтэй супернова 1006 оны хавар дэлбэрсэн Лупус хэмээх биетийн дэлбэрэлт хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Өдгөө SN 1006 гэгддэг тэрхүү тэсрэлт 7200 гэрлийн жилийн зайд болсон байна. Олон сарын турш өдрийн цагаар харагдсан гэх Лупусын дэлбэрэлтээс үүдсэн гэрэлд шөнийн цагаар ч юм уншиж болдог байсан тухай эртний Европын түүхчид тэмдэглэн үлдээжээ. 


01

Хамгийн холын тэсрэлт

Гамма туяаны тэсрэлтийг огторгуйд болсон дэлбэрэлтүүд болон хүн төрөлхтний судалсан сансрын тэсрэлтүүдээс хамгийн аюултай, хүч ихтэй нь байсан гэж үздэг. GRB 090423 гэгддэг тэрхүү тэсрэлт 13 тэрбум гэрлийн жилийн зайд болжээ. Эрдэмтдийн секунд гаруйхан үргэлжилсэн гэж тооцоолдог гамма туяаны дэлбэрэлт нарны 10 тэрбум жилийн хугацаанд ялгаруулах эрчим хүчээс 100 дахин их эрчим хүч ялгаруулсан гэх судалгаа бий. Тэсэрсэн биет нь харин нарнаас 10-30 дахин том хэмжээтэй мөхсөн од байсан бололтой. 


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
wow
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start