Арав.мн

Жим Торп

Жим Торп

Галт тэрэгний өртөө хөл ихтэй байлаа. Лафайет коллежийн оюутнууд галт тэрэгний тавцан дээр Карлайлын индиан сургуулийн тамирчдын багийг хүлээж зогсов. Энэ явдалд хэдхэн сарын өмнө л гэхэд хэн ч итгэхээргүй байв. Хэний ч сонсож дуулаагүй нэгэн сургууль гэнэтхэн л том том алдартай коллежийн багуудыг талбай дээр нь буулгаж эхэлжээ. Үнэхээр ч Карлайлын мөнөөх тамирчид галт тэрэгнээс яг л усан цэргийн салааныхан шиг сүр бараатай гэгч нь бууж ирвэй. Харин галт тэрэгнээс буугсад ердөө хоёулханаа агаад нэг нь өргөн булиа, нөгөө нь жижигхэн туранхай эр аж. Лафайетийн оюутныг “Багийнхан чинь хаана байна?” гэж асуухад хүдэр том нь “Бид хоёр л шүү дээ” гэж хариулжээ.

“Ердөө та хоёр гэж үү?”

“Үнэндээ би ганцаараа л даа. Энэ шавилхан эр манай менежер байгаа юм”.

Лафайетийн оюутнууд гайхаш тасарсандаа дэмий л толгой сэгсэрчээ. Хэн нэг нь тэднээр даажигнасан юм болов уу? Хэрэв энэ том булиа эр ганцаархнаа Карлайлын спортын баг юм бол тэр Лафайетийн бүтэн багтай яаж өрсөлдөх хэрэг вэ? Гэтэл тэр эр үнэхээр ганцаараа өрсөлджээ. Ойрын зайн, саадтай харайлтын, холын зайн гээд гүйлтийн бүх төрөлд гүйж, уртын болон өндрийн харайлтад ч оролцож, бас жад шидэлт, түлхэлттэй шидэлтэд ч амжилттай оржээ. Найман төрлийн тэмцээнд бүгдэд нь тэргүүн байр эзэлснээр өнөөх булиа эр Лафайетийн бүхэл бүтэн багийг ганцаараа дийлсэн гэдэг.

Тэрхүү хүдэр булиа эр бол Америкийн орчин цагийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчин гэгддэг Жим Торп байлаа. Тэрээр 1888 оны тавдугаар сарын 28-нд Оклахома мужийн Праг хотын оройлцоох хоёрхон өрөөтэй нэгэн фермчний байшинд мэндэлжээ. Түүний эцэг эх Сак, Фокс нэрт индиан омгийнх агаад алдартай дайнч овгийн удирдагч Хар харцагын шууд удмынхан байж. Жим хүүсак, фокс удмын хүний хувьд Ва-То-Хюк буюу орчуулбаас Гэрэлт жим гэсэн утгатай тун ч өвөрмөц индиан нэртэй байлаа. Хүү хэдийгээр бусад индиан эрчүүдийн хамт ан гөрөөнд явах, загасчлах зэрэг боломжтой байсан ч бусад олон зүйл дээр хүссэнээ хийх эрхгүй байжээ. Америкийн Засгийн газар индианчуудын амьдралыг тэр чигт нь зохицуулж байсны дээр индианчууд бусад хүмүүс шиг шуудхан улсынхаа бүрэн эрхт иргэн болчихдоггүй байв. Индиан цустай хэнбугай ч шударгаар боловсрол эзэмших эрхгүй байснаас амьдралдаа өсөж дэвжих боломж ч тэдэнд байдаггүй байж. Бага залуу Гэрэлт жим ч ялгаагүй Оклахомагийн тариалангийн талбайд насаа элээх байлаа. Харин өсвөр насанд хүрэхэд нь нутгийн эрх баригчид түүнд Пеннсильванийн Карлайлын индиан сургуульд суралцах боломж олгожээ. Удалгүй тус сургууль спортын салбарт амжилт гаргах өөрийн гэрэлт жимээр замнаж эхэлсэн байна. Жим Торп спортын ямар ч төрлөөр хүч үзсэн манлайлж эхэлжээ. Тэрээр бейсболл, гүйлт, бөх, лакросс, сагсанбөмбөг, хөлбөмбөг гээд бүх л спортын од боллоо. Ялангуяа хөлбөмбөгт тун ч чадамгай байснаас жижиг сургуулиудын олонх нь Карлайлын эсрэг тоглохоос татгалздаг байв. Удалгүй жирийн нэг индиан сургуулийн хөлбөмбөгийн тоглолтын хуваарь XX зууны эхэн үеийн томоохон сургуулиуд болох Питтсбург, Харвард, Пеннсильванийн их сургууль болон Пеннсильвани мужийн Зэвсэгт хүчний багуудтай хийх тоглолтоор дүүрчээ.

Торп хагас хамгаалагч байлаа. Тэрээр 185 см өндөр, 83 кг жинтэй, гайхмаар хурд, хүчтэй байв. Байгалиас заяасан авьяасаа өдөр тутам хөгжүүлж, дасгалжуулагч юм уу, хэн нэгэн тоглогчийг хүнд хэцүү үйлдэл хийхийг ажиглан, өөрөө даган дуурайн туршиж үзнэ. Ингэхдээ хэдхэн хормын дотор л шинэ арга барилд суралцдаг байв. Тоглолт болгон дээр өрсөлдөгч багийнхан Торп дээр бөөгнөрөх буюу түүнийг дарж, өшиглөж, нудрах зэргээр талбайгаас гаргах гэж яаж ч хичээгээд тусыг эс олно. Олон жилийн дараа хэн нэгэн түүнээс “Та талбай дээр бэртэж байсан уу?” гэж асуухад Торп “Бэртэх ээ? Хөлбөмбөг тоглож байгаа хүн яагаад бэртэж гэмтэнэ гэж?” хэмээн хариу асууж байжээ.

Гэхдээ хөлбөмбөг Торпийн ололт, амжилтын алтан салбар биш байлаа. Тэрээр 1912 оны олимпод оролцох Америкийн гүйлтийн багийн гишүүнээр сонгогдон, Шведийг зорьжээ. Хөлөг онгоцон дээр бусад тамирчин бэлтгэл сургуулилалт хийж байхад Торп өндөр орон дээрээ унтаж байв. Шведэд очоод бусдыгаа бас л бэлтгэл хийж байхад Торп дүүжин орон дээрээ аанай л амарч байдаг байлаа. Онц шаардлагатай биш л бол тэр өөрийгөө хүчилдэггүй байж. Торп олимпийн тоглолт эхлэхэд л дүүжин орноосоо өндийж, хамгийн их хурд, хүч шаардсан хоёр ч тэмцээнд оролцжээ. Нэг нь таван төрөлт буюу 200 метрийн болон 1500 метрийн гүйлт, уртын харайлт, зээрэнцэг болон жад шидэлт багтсан пентатлон, нөгөө нь арван төрөлт буюу 100, 400, 1500 метрийн гүйлт, саадтай гүйлт, уртын болон өндрийн харайлт, тулгууртай үсрэлт, түлхэлтэт болон зээрэнцэг, жад шидэлт цөм багтсан декатлон байлаа. Ихэнх тамирчин зөвхөн арван төрөлтийн тэмцээнд л сульдаж орхидог бол Торп аль алийг нь торохгүй давжээ. Гүйлтийн зам дээр түүний хар үс салхинд хийсэж, инээмсэглэл нь зурсхийн өнгөрч, булчин шөрмөс зангирсан бие нь зам дээр эгээ л гулсах мэт үзэгдэж байж. Тэрээр тав, арван төрөлтийн тэмцээнд хоёуланд нь түрүүлсэн нь олимпийн түүхэн дэх гайхамшигтай амжилтын нэг болжээ.

Шведийн V Густав хаан Торпт хос алтан медалийг нь гардуулахдаа “Эрхэм ээ, та дэлхийн хамгийн шилдэг тамирчин байна” гэсэн бол Америкийн Ерөнхийлөгч Уильям Ховард Тафт “Жим Торп бол манай эрхэм дээд иргэн юм” гэж хэлсэн байдаг. Харин Густав хааны зөв, Ерөнхийлөгч Тафтын буруу байсан юм. Жим Торп улс орондоо алдар нэр авчирч, хэдэн мянган хүн түүнийг Америкт газардахад нь цэцгийн баглаа барин угтаж, Нью-Йорк хотноо түүнд зориулсан баярын жагсаал хүртэл болсон ч тэрээр улсынхаа жинхэнэ иргэн биш байв. Жим Торпийг 1916 онд л сая бүрэн эрхт иргэн болгожээ. Түүнийг индиан хүн учир Засгийн газраас тусгай журам баталж байж, иргэн болгосон гэдэг. Торп олимпийн наадмын дараа баатар адил хүндлэгдсэн ч удалгүй гунигтай, төөрөлдсөн нэгэн болжээ. Олимпийн наадмаас хоёр жилийн өмнө түүнийг хагас мэргэжлийн бейсболлын тоглолтод оролцохоор хэдэн доллар төлснийг нь хэн нэгэн илрүүлж орхиж. Мэргэжлийн бус тамирчид өөр нэрээр хөлс мөнгөтэй тоглолтод оролцох нь их байдаг ч Торп өөрийнхөө нэрээр оролцсон байлаа. Ингээд түүнийг Стокгольмын олимпод оролцохдоо бүх тамирчин нь сонирхогч байх ёстой гэсэн олимпийн алтан дүрмийг зөрчсөн, сонирхогч биш байсан хэмээн үзэж олимпийн медаль, өргөмжлөл гээд юм бүхнийг нь хураан авч, хоёрдугаар байранд орсон тамирчинд шилжүүлжээ.

Сэтгэлийг нь шархлуулсан энэ явдлын дараа Торп мэргэжлийн спорт руу шилжиж, бейсболлын гол лигт зургаан жил тун ч амжилттай тоглосон байна. Дараа нь мөн л зургаан жил мэргэжлийн хөлбөмбөгчин байжээ. Түүний оролцсон мэргэжлийн хөлбөмбөгийн сүүлчийн улирал нь 1926 оных байлаа. Харамсалтай нь тэрээр бага залуудаа хичээл сурлагаа хайхраагүй, спортоос өөр салбарт ажил хөдөлмөр эрхлэх хүсэлгүй зэргээсээ болж хожмоо ахуй амьдралаа залгуулах гэж ихэд зүдэрчээ. Түүнд ажил олдсонгүй, найз нөхөд нь ч дэргэд нь байсангүй. Олимпийн медалиудаа эргүүлж авах талаар хөөцөлдсөн нь нэг бус ч шагнал урамшлуудаа буцааж авсангүй. Тэрээр 1926 оноос 1956 он хүртэл буюу өөд болох хүртлээ ядуу даржин, гань ганцаардмал, баяр жаргалгүй амьдрал туулжээ. Харин 1950 онд “Associated Press” агентлагаас зууны эхэн хагасын хамгийн шилдэг тамирчныг тодруулах санал асуулга явуулахад олимпийн алтан медалиудаа алдсаныг нь, амьдралынхаа сүүлийн жилүүдэд уруудан доройтсоныг нь эс тооцон олон түмэн Жим Торпийг бараг дуу нэгтэйгээр орчин цагийн хамгийн шилдэг тамирчнаар нэрлэсэн байна. Олон улсын олимпийн хороо мөн хэдий хожимдсон ч гэлээ 1983 онд буюу нас барснаас нь 30 жилийн дараа Торпийн медалиудыг нэхэн буцаах шийдвэр гаргажээ.


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start