Юуны өмнө бяцхан түүх ярья.
Бид өнөөдөр технологийн эринд амьдарч байна. Хүн бүр л ингэж ярьдаг, бараг амны уншлага болсон уйтгартай зүйл, гэвч... Чухам уг эриний тухай нарийн тодорхойлолтыг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. Анх 1785 онд Англиас эхэлсэн уг хувьсгалыг бид түүхэн цаг хугацааны тэнхлэг дээр ерөнхийд нь таван дэд технологийн хувьсгалд хуваадаг. Эхнийх нь "усан" буюу усны урсгалын хүчийг эргэлтийн хүч болгон хувиргаж ээрмэлийн машинуудыг ажиллуулах үйлдвэрлэл явуулж эхэлснээр тухайн үеийн ээрүүлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурдыг 40 дахин ихэсгэж, чанарыг нь ч нэгэн хэвийн, тогтвортой болгож чаджээ. Энэ бол технологийн анхны хувьсгал хийгээд, энд л анх машин, технологи, инноваци гэсэн үгнүүд гүйлгээнд орж эхэлсэн юм.
Гэвч уг усанд суурилсан технологийн хувьсгалын асуудал нь үйлдвэрүүд заавал хүчтэй гол мөрөн бараадах, гол мөрний ширгэлт, газар зүйн баригдмал байдал гэх мэт байгалийн хүчин зүйлсээр хэт хязгаарлагдаж байсан нь дараагийн технологи болох "ууран" хувьсгалд хүргэх шалтгаан болжээ. Ууршуулсан л болохоос уур нь өөрөө ус байлтай, гэвч уурын хүч уснаас илүү ид шидтэй бололтой. Учир нь уг хувьсгалын ачаар үйлдвэрүүд ээрмэл зэргээр хязгаарлагдалгүй, бүхий л эргэлтийн хүчийг ашигласан, илүү хүчтэй машин механизмуудыг ашиглаж эхэлснээр аварга мануфактурууд бий болов. Энэ нь дээрх усны технологийн асуудлыг арилгахын сацуу илүү хүчирхэг, цаашлаад зөөвөрлөгдөх боломжтой хүчийг бидэнд өгсний тод жишээ нь уурын галт тэрэг билээ.
Гэвч... дахиад л гэвч. Уурын технологи нь үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, суурин үйлдвэрлэлийг илүү олон төрөл болгож, тээврийн салбарт хүртэл хүрээгээ тэлсэн ч уг хүчийг ашигладаг машин, тоног төхөөрөмжүүдийн арчилгаа нь хүний хүчийг шаардсаар л байв. Хүний хүчийг орлуулж чадсан мэт боловч үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлснээс хүнийг халж чадсангүй. Өөр бас нэг хүндрэл нь галт тэрэг ч тэр, үйлдвэр ч тэр, бүгд өөрсдийн гэсэн ууршуулах зуухыг тасралтгүй галлах шаардлагатай байв, үүнд нь мэдээж галлах материал болох түлшний асуудлаа шийдэх нөр их ажил нэмэгдэнэ. Эдгээр асуудлуудын гарцыг дэлхий даяар хайсны эцэст хамгийн боломжит, хөдөлмөрийн цоо шинэ хуваарилалтыг санал болгох "цахилгаан" технологийн хувьсгал биеллээ олсон билээ, энэ нь технологийн гурав дахь хувьсгал болж байна. Өнөөдрийн хөдөлмөрийн хуваарь, үйлдвэрлэл, технологи, ерөөсөө бид бүхний амьдралын хэв маяг тэр чигтээ уг хувьсгалын үр дүн гэдгийг ойлгож ядах зүйлгүй. Үйлдвэр бүр зуух галлаж, галлах түлшээ зөөх нөр их ажлыг төвлөрсөн цахилгааны эх үүсвэр болох цахилгаан станцаар шийдэж, хүссэн газраасаа хэчнээн ч километрийн алсаас уг цахилгаан хүчийг металл утсаар дамжуулан авч болох эрх чөлөө бий болов. Нэг үгээр цахилгаан хүчийг ашигласнаар газар зүй, байршил, түлш, байгаль цаг уур, арчилгаа тордлогоо зэрэг үйлдвэрийн хамгийн хүнд ачаануудаас ангижирсан билээ.
Гэвч энэ нь жинхэнэ утгаараа цоо шинэ мэдлэг, инновацийг шаардаж байв. Үүнтэй зэрэгцэн өөр нэг асуудал үүссэн нь уурын галт тэргийг цахилгаанаар ажиллуулж чадах инноваци төдийлөн үүсээгүй байснаас "дотоод шаталтын" гэх дөрөв дэх хувьсгал бий болов. Яг үнэндээ ч уурын галт тэргийг орлуулах гэсэндээ бус, зам тээврийн технологийг эдийн засгийн чухал зүйлд тооцсоноор уг хувьсгал биеллээ олж, нийгмийн амьдралыг ор үндсээр нь өөрчилж чадсан юм. Уг хувьсгалын ачаар явдаг, нисдэг, хөвдөг үйлдвэрүүд бий болох нь тэр. Уг технологийн эринд хүн бүр машинтай болж, орон зай, цаг хугацааг ялан дийлж, цахилгааны хэрэглээ айл бүрд хүрч өдөр шөнийг захирч эхэлснээр технологи айл өрх, хувь хүн бүрд хамгийн чухал зүйл болж хувирав. Цөмийн энерги ч мөн энэ хувьсгалд хамаардаг. Цахилгаан болон дотоод шаталтын технологиуд нь та бидний өдөр тутмын амьдралыг бүрдүүлж буй бөгөөд эдгээр хувьсгалын ач холбогдол нь өнөөгийн нийгмийн оршихуйтай ярьж чадах тийм хүчирхэг юм.
Харин тав дахь хувьсгалыг та юу гэж бодож байна? Энэ нь таны уншиж буй уг нийтлэлийг дэлгэц дээрээ хэвлэж буй наад төхөөрөмжийн чинь талаар гэвэл та цахилгаан хувьсгалтай андуурахвий. Энд цахилгааныг ашигладаг ч дан ганц цахилгаанаас гадна цахилгааныг ашиглах цоо шинэ инноваци болох "электроникийн" хувьсгал яригдаж байна. Компьютер, тооцоолол гэх үгнүүд энэ үед гүйлгээнд орж эхлэв. Энэ хувьсгалыг бий болгосон, өдийг хүртэл гол дүр нь хэвээр байгаа "хэргийн эзнийг" транзистор гэдэг. Өмнөх бүх хувьсгалууд зөвхөн хүний булчингийн ажлыг орлуулж байсан бол уг хувьсгал нь хүний тархины ажлыг орлуулах, цаашлаад хүний булчин ч, тархи ч хийх боломжгүй цоо шинэ ойлголт бүхий технологийн хэрэглээг бий болгосон юм.
Анх аварга том заалыг ч хөнгөхөн дүүргэчихдэг байсан вакуум лампан транзисторуудаар хийсэн компьютер өнөөдөр хагас дамжуулагч цахиурын тусламжтайгаар шүдний завсар орчихвол олдохоо байх тийм бичил хэмжээнд хүрч, хүчин чадал нь эртний вакуум ламптай компьютераар заал байтугай 40 км2, зүйрлэвэл 1000 Сүхбаатарын талбайг дүүргэх хэмжээний аварга төхөөрөмжийг орлохуйц болж ээ. Энэ хувьсгалын ачаар хүн төрөлхтөн сансарт гарцтай болж, оюуны хүчийг илүү чухалд тавьж эхэлснээр үйлдвэрлэлийн автоматжуулалт бүрэн утгаараа хэрэгжив. Уг хувьсгалын ачаар хүнийг бараг бүр мөсөн халж чадлаа. Хүнгүй үйлдвэрлэл, хүнгүй тээвэр. Дээхэн үед үйлдвэрийн талаар ам дамжин ярьдаг байсан домог мэт зүйл өнөөдөр биеллээ олж ээ, энэ яриа нь "Гутлын үйлдвэрт хүн ажиллах шаардлагагүй болно, гэвч тэнд ажиллах байсан хүмүүс орлогогүй болж гутал авах чадваргүй болно, ингэснээр үйлдвэрийн орлого байхгүй болно, иймд хүнгүй үйлдвэр байх боломжгүй" гэсэн зүйл байв, гэвч амьдрал илүү хөгжсөөр, хүний булчингийн бус оюун ухааны хэрэгцээ өсөн нэмэгдсээр.
Одоо бол том үйлдвэрлэлийн түвшинд кочегар, грузчик гэх хүмүүс хэрэггүй болсон ба зөвхөн хянагч гэх орон тоонд л хүний хэрэгцээ шаардагдаж байна. Энэ нь яваандаа интернет бий болох үндэс болж, оюун ухааны хүчийг ашиглан оюун ухааны нөөц буюу интеллектуал ресоорсыг олборлох эхлэл болов. Уг интеллектуал ресоорсыг бий болгохын тулд даян дэлхийн интернетээр дамжуулж хүн төрөлхтний нийт мэдлэгийн санг олборлож чадах хүчирхэг тооцоолох технологийг бүтээх шаардлага урган гарсан юм. Ийнхүү жинхэнэ утгаараа аварга том заалыг ч дүүргэхүйц хагас дамжуулагч супер компьютеруудыг ажиллуулж байна. Үүнийг л “үүлэн тооцоолол” хэмээн нэрлэдэг билээ.
Тэгэхээр технологийн эриний тооллоор бол бид үүлэн технологийн эринд амьдарч байна гэж хэлж болох нь. Энэ эринд өнөөдөр таны үнэ төлбөргүй ашиглаж буй Twitter, Facebook, Google гэх мэт олон нийтийн цахим үйлчилгээний чинь цаанаа ямар бодит ашиг сонирхол байдаг гэж бодож байна. Зар сурталчилгаа, бизнес үйлчилгээн дээр тулгуурлан ашиг олдог гэж бүгд ярьдаг. Facebook-ийн page boost, Google-ийн ads, adword, Twitter-ийн promoted tweet гэх мэт. Гэвч энэ бүгд зүгээр л өнгөлөн далдлалт юм. Уг өнгөлөн далдлалтын хөшгийг хярваас цаана нь чухам юу байдгийг сонирхох боломжийг Edward Snowden бидэнд олгосон билээ.
Энд дээр нэр нь дурдагдсан хийгээд тэдэнтэй адил маш олон онлайн олон нийтийн үйлчилгээнүүд АНУ-ийн засгийн газрын NSA гэх байгууллагад үйлчилдэг, тодруулбал NSA-ийн PRISM нэртэй хяналтын аппаратын сенсорууд байсан нь илчлэгдсэн. Манайхан "Гадны том улсууд өчүүхэн хумхын тоос миний бичсэн зүйлсээр үлийгээ хийх вэ" гэж эндүүрдэг, гэвч тантай адил олон сая хумхын тооснуудын бөөгнөрлөөс үүл бий болж, тухайн үүл ямар хэлбэртэй байгаа нь хэн нэг Сергей Брин, Зукерберг мэтийн нөхдөд маш хялбархан ажиглагдах боломжтой болж байгаа юм. Ингээд л тэд Монгол гэдэг улсын нийгмийн байдал, улс төрийн хандлага, үзэл бодлыг нэгтгэн дүгнээд хялбархаан хэдэн өгүүлбэр болгоод NSA-д “зарчихна”. Үүнийгээ тэд “Нийгмийн аюулгүй байдлын төлөө бид АНУ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна” гэж гэмгүй дүр эсгэн тайлбарлахаа ч бодоод олчихсон байх нь лав.
Яг үнэндээ та ч тэр, Монгол улсын газар нутаг дээр ямар нэг сервер ажиллуулаад цахим үйлчилгээ явуулж байвал Монгол улсын хуулийн дагуу зохих байгууллагуудад хувь хүний мэдээллийг шахан шаардуулалгүйгээр гаргаж өгөх үүрэгтэй, “таны мэдээллийг чандлан хадгалах болно” гэж хэчнээн уриалсан ч тэр шүү дээ. Тиймээс ингэж хэлээд таны хувийн мэдээллийг шаардаж буй ямар ч үйлчилгээнд тэгтлээ итгээд байх хэрэггүй байх нь. Тэр ч бүү хэл Монгол улсаас ийм төрлийн цахим орчинг тагнах програмыг ашиглах лицензийг авахын тулд 1.3 сая евро зарсан нь Wikileaks дээр нийтлэгдсэн байсан ба энэ нь Монгол улсын иргэн надад гайхах, түгших хоёрыг зэрэг төрүүлнэ. Нэг үгээр таны найзтайгаа ярьсан яриаг монгол, хятад, англи зэрэг ямар хэл дээр байх нь хамаагүй, утас, хувийн чаат, ер нь интернет, цахим төрлийн бүхий л хэрэглээнээс чинь "шүүгээд" л гаргаад ирнэ. Яг нарийн яривал өнөөдрийн ухаалаг гэгдэх утаснууд унтарчихсан байсан ч хэн нэгэн эрх мэдэлтэн нөхрийн чагнах хэрэгсэл болох боломжтой гэвэл та итгэх үү?
Ингэхээр бас л манайхан "Миний яриаг сонсоод, чагнаад суудаг завтай хүн хаана байхавдээ" гэж боддог. Гэвч нийт өгөгдлийн урсгал дундаас текстэн болон дуу авианы шүүрдлэг хийх нь хүн оролцоод байх шаардлагагүй, компьютержчихсан автомат ажил юм, ингээд л хар тамхи, хүний наймаа, садар самуун гэх мэт хар жагсаалтад орсон үг хэрэглэсэн л бол таны нэр дэлгэцэн дээр поп гээд л гараад ирнэ. Яагаад энэ бүхнийг сэдвээсээ хазайн нуршив гэхээр бидний цахим, олон нийтийн онлайн хэрэгцээг хангагч дээрх нэр нь дурдагдсан үйлчилгээнүүд нь санхүүгийн бус, улс төрийн ашиг сонирхолтой байдаг гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгвэл тэр ашиг сонирхол нь чухам юу юм бэ гэж та бодохыг ч зүрхлэхгүй байгаа биз? Хэрвээ бодож байгаа бол та тэдний хувьд надтай хамт устгагдах ёстой сөрөг эд эс юм.
Үүлэн компьютер гэдэг нь зүгээр л аварга том, илүү хүчтэй л болохоос бидний мэдэх компьютер юм, гэхдээ таны төсөөлж байгаагаас ч том. Хялбараар бол яг таны компьютер шиг хэд хэдэн компьютеруудыг холбож нэг компьютер мэт хүч нэмэгдүүлж ажиллуулахыг кластер тооцоолол буюу cluster computing гэдэг. Үүнтэй ижлээр олон кластерыг холбоод нэг бодлого бодуулахыг грид буюу grid computing, харин олон грид нийлээд ирэхээр сая нэг үүлэн тооцоолол буюу cloud computing маань бий болж байна. Үүнийг веб сервер байдлаар ашигласнаар 1 тэрбум хүнийг нэгэн зэрэг холбож буй Facebook-ийн үйлчилгээ биеллээ олох технологийн нөхцөл бий болно.
Ингэж тэнгэр баганадсан хүчин чадлыг гаргаж авчхаад, түүнийгээ танд зүгээр л ашиглуулж байдаг гэж бодож байна уу? Үгүй. Таны төлж байгаа төлбөр бол өгөгдөл буюу “дата” юм. Таны бичиж байгаа, товшиж, чирч, хааж, нээж, гүйлгэж, уншиж, шэйрлэж байгаа бүхий л үйлдлийг чинь дата гэж нэрлэнэ. Энэ бүхнийг чинь тэд үсэг, миллиметр, пиксел ч алдалгүй нарийн чанд бүртгэж авч байдаг. Тэгвэл энэ их датагаар тэд юу хийх юм бэ? Тодорхой бүлгийг нийлүүлэн дүгнэж, үүлний зургийг гаргахад ашиглаж байгааг дээр дурдсан. Гэхдээ үүнээс илүүтэйгээр ирээдүйд болох шинэ технологийн хувьсгалд зориулж энэ бүх мэдээллийг "зетта зетта"-гаар нь (1 zettabyte ≈ 1'000'000'000'000 gigabyte) хадгалж байдаг. Дээр бид үүлэн тооцооллын эрин буюу технологийн 5 дахь хувьсгалын үед амьдарч байгааг дурдсан. Өөрөөр хэлбэл бид усан, ууран, тогон, дотоод шаталтын гэх дөрвөн үндсэн технологийн эринүүдийг даван өнөөдөр бидний цахим эринд аж төрж байна. Тэгвэл энэ 5 дахь эриний дараа технологийн 6 дахь хувьсгал юу байх нь хэзээний тодорхой болж ээ. Үүнд нано, био, инфо гэх зэрэг маш олон зүйл хамаардаг ч би зөвхөн бичиж буй зүйлийнхээ хүрээнд нано, цаашлаад хэмжих боломжгүй жижиг ертөнцийн шинжлэх ухаан болох квант тооцооллын талаар энгийн үгээр сийрүүлэн бичье.
Moore-н хуулиар 2 жил тутам компьютерийн хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ гэж ээ. Яг үнэндээ жинхэнэ хууль нь 2 жил тутамд нэг чипэндэх транзисторуудын тоо 2 дахин нэмэгдэнэ гэдэг нь дээрхтэй төдийлөн ялгаагүй утгатай юм. Нэг үгээр 2 жил тутам чипний хэмжээ 2 дахин багасаж, үнэ нь 2 дахин хямдарна л гэсэн үг. Ийнхүү өнөөдөр цахиур буюу silicon хагас дамжуулагчаар хийх чип нь байж болох хамгийн жижиг хэмжээндээ үйлдвэрлэгдэх болсон. Тэгвэл үүнээс цааш яах вэ? Энэ хууль өдийг хүртэл хэрэгжсэн ч ингээд зогсох уу, эсвэл энэ хуулийг үргэлжлүүлэхийн тулд бид халаасандаа багтахгүй гар утас, өрөөндөө багтахгүй хувийн компьютертай “вакуум лампан” зэвсгийн үедээ эргэж очих уу?
Учир нь энэ байдлаараа транзисторын тоог нэмээд байвал хэмжээ нь ихсэхээс цаашгүй юм. Уг асуултын хариултыг нано компьютер, цаашлаад квант компьютер гэх цоо шинэ технологиуд өгнө хэмээн дэлхийн шинжлэх ухаан найдаж байна. Нано гэдэг нь ямар нэг цоо шинэ ойлголт биш ба зөвхөн хэмжээний л тухай нэршил юм. Майкро технологи бол майкро буюу 1 миллиметрийг 1'000 хуваахад үүсэх микрометрийн хэмжээнд яригддаг байхад энэ хэмжээг нанометр буюу миллиметрийг 1'000'000 удаа хуваахад үүсэх хэмжээсээр ярьж эхэлбэл үүнийг нано технологи гэж нэрлэнэ, энэ нь атомын түвшинд яригдана гэсэн үг. Майкро технологийн гол түүхий эд нь хагас дамжуулагч буюу силикон байдаг бол нано технологийн гол түүхий эд нь нүүрс төрөгч буюу карбон болно. Энэ талаар илүү гүнзгий, тусдаа, маш сонирхолтой сэдэв тул энд нь үлдээе. Харин оронд нь квант технологийн тухай илүү сонирхолтой сэдэврүү орцгооё.