Арав.мн

Гоц авьяаст зураач Энди Уорхолын тухай 10 баримт

Гоц авьяаст зураач Энди Уорхолын тухай 10 баримт

Словак гаралтай Америк зураач Энди Уорхолын бүтээсэн Мэрилин Монро болон Элизабет Тэйлорын олон өнгөтэй хөрөг зургууд интерьер, график урлагт хамгийн өргөн ашиглагддаг бүтээлүүдийн нэг. Энди Уорхол (англ. Andy Warhol, 1928 оны 8 дугаар сарын 6 - 1987 оны хоёрдугаар сарын 22) буюу Андрей Вархола (англ. Andrej Varchola) нь зураач, дизайнер, кино найруулагч, продюсер, зохиолч бөгөөд “поп-арт” урлагийн томоохон төлөөлөл болсон хүн байв. Тэрээр 1965 онд байгуулагдсан Америкийн рок хөгжмийн домогт "Velvet Underground" хамтлагийн продюсерээр ажиллаж байгаад амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд хүч оюунаа дайчилсан сод авьяастан байсан юм. Түүний 1963 онд зурсан “Найман Элвис” хэмээх Рок-н-роллын хаан Элвис Преслигийн хөрөг 100 сая долларын үнэ хүрсэн нь хамгийн өндөр үнэ хүрсэн уран зургийн бүтээлүүдийн 11-рт Пабло Пикассо, Винсент ван Гог нарын зураачдын бүтээлүүдийн удаад орсон сод бүтээл болж байжээ. Өөрийн урлангаа “Үйлдвэр” гэж нэрлэсэн ба тэндээ урлагийн алдартнууд, ододтой уулзаж суудаг байсан тэрээр 1979 онд "Нью-Йоркийн Урлагийн Академи"-ийг байгуулсан билээ.  Мөнгөлөг цагаан хиймэл үстэй энэ өвөрмөц төрхтэй зураачийн талаар бүх зүйл нь учир битүүлэг. Түүний талаар судлах тусам илүү олон зүйлийг олж мэднэ. Харин олон зүйл мэдэх тусам илүү бага ойлгодог болно.  Улаан лоолийн лаазалсан шөл, кока коланы лонх, гадил жимс гээд өдөр тутмын энгийн зүйлсийг ч дахин давтагдахгүй гайхамшигтай урлагийн бүтээл болгож чаддаг энэ этгээд зураачийн амьдрал, уран бүтээлийн талаарх 10 сонирхолтой баримтыг танилцуулж байна.


10

Бүхнийг цуглуулагч Энди Уорхол

Энди Уорхолын урлангаар орсон юм буцаж гарна гэж байхгүй. Тэрээр бүх зүйлийг цуглуулдаг байсан гэдэг. Уран зургийн хэрэгсэл, зурагт хуудас, кассет, гэрэл зураг, ном, сэтгүүл, гоёл чимэглэлийн эд зүйлс гээд юу ч байсан хамаагүй хадгалдаг байв. Эдгээр зүйлс нь хэзээ нэг өдөр уран бүтээл болно гэж үздэг байжээ. Түүний цуглуулгад 220 гаруй куб метр зайг дүүргэх хэмжээтэй янз бүрийн материал бий. Музейн хэллэгээр тоолж үзвэл 500 мянга гаруй ширхэг эд зүйлс байдаг ба үүний дотор аудио хуурцаг л гэхэд 4000 гаруй ширхэг байдаг аж.

Түүнчлэн “Цаг хугацааны капсул” гэгддэг хайрцаглан битүүмжилсэн зүйлс ч бий. Энди Уорхолын 1974 оноос эхлэн цуглуулсан эдгээр мини-архивууд 600 гаруй ширхэг байх агаад дотор нь гэрэл зураг, захидал, урилга гэх мэт янз бүрийн сонирхолтой эд зүйлс агуулагддаг юм байна. Хэрэв та түүний агуулахад орж, өдөрт 100 ширхэг обьект авна гэж тооцвол бүгдийг нь дуусгахад 13 жилийг зарцуулах ажээ.


09

“Хамраа ухагч” цуврал

Уорхол уран бүтээлийн гараагаа эхэлсэн даруйдаа л олон нийтийн анхаарлыг татсан нэгэн. Коллежийн оюутан байхаасаа л тэрслүү зүйлийн үнэ цэнийг мэдэрсэн тэрээр 1949 онд хамраа ухаж буй хөргөө зуран “The broad gave me my face but I can pick my own nose” хэмээн нэрлээд оюутны үзэсгэлэнд өгсөн байдаг. Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг сонгон шалгаруулж байсан шүүгчдийн бүрэлдэхүүн энэ зургийг баталснаар дараах жилд нь олон нийтэд дэлгэсэн байна.

Энди Уорхол энэ зургийнхаа нэрийг тухайн үед “Don’t pick on me” буюу “Намайг бүү өд” (үгэн дээр тоглосон) хэмээн өөрчилсөн нь ч урлаг сонирхогчдын анхаарлыг татаж чадсан юм. Бүтээлээсээ урам авсан залуу зураач “Хамраа ухагчид”-ын цувралаа туурвисан билээ.


08

Ээжийн хүү

Уорхолын гэр бүлийнхний хэлснээр Эндид хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь түүний ээж Юлия Завацкая байжээ. Тэрээр 1921 онд нөхрөө даган АНУ-д цагаачилсан Чехословак гаралтай эмэгтэй байв. Юлия  гэр бүлийн уламжлалаа даган өөрийн гурван хүүгээ хөгжим, зураг, бүжгийн урлагаар хичээллүүлсэн байдаг.

Ердөө 6 настай байхдаа Энди булчингийн зохицуулалтын алдагдлын эмгэг гэгч өвчин туссан байна. Энэ өвчин нь маш ховор бөгөөд мэдрэлийн системд нөлөөлж, улмаар олон сарын турш хэвтэрт оруулдаг байна. Чухам энэ үед л Эндигийн ээж нь хүүдээ зураг зурахыг зааж эхэлсэн байдаг. Ах нар нь ч дүүдээ комик ном, Холливудын зургуудыг авчирч үзүүлдэг байсан нь түүний поп-арт урлагийн мэдрэмжийг нь сэдрээсэн гэж үздэг. Юлия хүүгээ 9 настай байхад нь анхных нь гэрэл зургийн аппаратыг авч өгсөн байна. Гэрэл зурагт гүн дурласан Энди подвалдаа харанхуй өрөө бэлдэн авсан гэрэл зургуудаа боловсруулдаг болсон юм.


07

Дэлгэцийн урлагт хүчээ сорьсон нь

Уорхолын урын санд кино урлаг асар том байр суурийг эзэлнэ. Ижил хүйстэн гэдгээ хэнээс ч нуудаггүй байсан тэрээр 1963 онд найз залуу Жон Гиомогийнхоо унтаж буйг харуулсан 5 цагийн “Sleep” буюу “Нойр” гэдэг бүтээлээ гаргаж байв. Мөн 1964 онд “Empire” гэх Нью-Йорк хотын Эмпайр Стэйт цамхгийг удаашруулсан хөдөлгөөнт дүрс бичлэг бүхий үргэлжилсэн 8 цагийн бүтээлээ гаргав. Авант-гарде төрлийн хэд хэдэн кино хийсний дараа түүнд амжилт авчирсан анхных нь бөгөөд магадгүй хамгийн алдартай бүтээл нь 1966 онд Пол Моррисситэй хамтран найруулсан “Chelsea Girls” гэх кино туршилт ажээ. Челси зочид буудалд болон Нью-Йорк хотод амьдарч байгаа залуу эмэгтэйчүүдийн амьдралыг хуваасан дэлгэцээр харуулсан энэ кино 3 цаг гаруй үргэлжилдэг.

Энди Уорхол 1964 оноос дүрс бичлэгээр хөрөг бүтээх болов. Целлойдон хальс түүний хувьд зотон даавуутай ижил үүрэг гүйцэтгэж байлаа. Тэрээр 400 гаруй хүний дэлгэцийн хөрөг бүтээсэн байх ч дийлэнх нь хэн гэдэг нь тодорхойгүй байдаг. Гэхдээ тэдний дунд зарим нэг алдартнууд ч бий. Дурдвал, үргэлж уйтгартай төрхтэй Боб Диланы энгийн төрх, камерын дуранг цоо ширтэх живрээ сахалт Сальвадор Дали, үе үе лонхтой кока-коланаас балгах донжтой Лу Ридийн видео хөргүүд бий.


06

Хөгжмийн урлаг

Уорхол хэд хэдэн цомгийн хавтасны зургийг бүтээж байв. Маш энгийн боловч хүмүүсийг татах увдистай бүтээл туурвидаг эл зураачийн хамгийн алдартай цомгийн зургууд бол “Velvet Underground & Nico” хамтлагийн 1967 оны анхны цомогт зориулан хальсалдаг гадил жимсний зураг бүхий хавтас, домогт “Rolling Stones” хамтлагийн 1971 онд гаргасан “Sticky Fingers” цомгийн цахилгаантай хавтас юм.

Гэхдээ Уорхол эднээс хамаагүй өмнө буюу 50-аад оноос эхлэн хөгжмийн цомгийн нүүрний загвар гаргадаг байжээ. Түүний “балласан зураас” бүхий арга барил нь маркетингийн мэргэжилтнүүд болон сэтгүүл зүйн салбарынхны сонирхлыг ихэд татдаг байсан аж.

Уорхол Каунт Бэйзи, Кенни Буррелл, “Thelonious Monk” зэрэг алдартай жазз дуучдын цомгийн хавтасны загвар дээр ажилласан ба алдарт жүжгийн зохиолч Теннесси Уильямстай ч хамтран ажилласан байдаг.


05

Рок од Уорхол

Пол Морриссигийн хэлснээр алдарт Broadway шоуны продюсер тэдэн дээр ирж хамтран ажиллах санал тавьснаар Уорхол рок хамтлагийн менежер, продюсер болжээ. Тус байгууллага Квийнс дэх нисэх буудлын эзэнгүй ангар дотор бүжгийн клуб нээх төлөвлөгөөтэй байсан ба алдартай зураачтай хамтран ажиллахыг хүссэн нь энэ аж. Моррисси хамтран ажиллахын тулд өөрийн хамтлагуудаа авчиръя хэмээн санал болгосны дагуу Уорхол авьяастнуудын эрэлд гарсан байдаг. Тэрээр Лу Рид болон “Velvet Underground & Nico” хамтлагийнхныг “Café Bizarre”-аас олж, 1965 оны сүүлээр гэрээ байгуулан менежер нь болсон юм.

Үүнээс 20 жилийн дараа Уорхол өөрийнхөө хамгийн анхны рок хөгжмийн видеогоо бүтээсэн нь “Cars” хамтлагийн 1984 оны хит дуу болох “Hello Again” байлаа. Хамтран найруулсан энэ бүтээлдээ Уорхол өөрөө бартендерийн дүрээр тоглосон байх агаад гол имиж нь болох нүдний шилээ тайлж, контакт линз зүүсэн байдаг юм.

Түүнчлэн Мик Жаггер, Жон ЛеннонДиана Росс нарын бүтээлүүд дээр ч ажиллаж байсан авьяаслаг продюсер юм.


04

Устах аюулд орсон амьтдын зургууд

Уорхолын 1983 онд зурсан устах аюулд орсон 10 амьтны зургийг төдийлөн дурсаад байдаггүй. Энэхүү принт цувралд буй амьтад нь Африкийн заан, халзан бүргэд, том эвэрт аргаль, хар хирс, Гревигийн алаг тахь, аварга пандаорангутан, Сибирийн бар, модны мэлхий болон цоохор эрвээхий юм. Контемпорари урлагийн галерейн эзэд болох Рональд болон Фрэйда Фелдман нартай аюулд орсон амьтдын талаар ярилцаж байгаад тэдгээрийг урлагийн бүтээл болгох захиалгыг хүлээн авч, дээрх бүтээлүүдээ туурвисан байна. Түүний зургуудын ачаар эдгээр амьтдад учирч буй аюул заналхийллийг дэлхий дахинд мэдрүүлж, хүчтэй мессежийг хүргэж чадсан гэдэг.


03

Ойлгоход хэцүү нэгэн

Хэдийгээр Уорхолтой холбогдоход амархан байдаг ч түүнээс ярилцлага авна гэдэг сэтгүүлчдийн хувьд хүнд даваа байлаа. Тэрээр график урлагийн ертөнц дэх Боб Дилан лугаа адил байжээ. Олон нийтийн анхаарлын төвд байх дуртай мэт боловч өөрийнхөө талаар мэдээлэл өгөхөөс ухамсартайгаар зайлсхийдэг нэгэн байв. Тухайлбал, 1966 онд Cavalier сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр сэтгүүлч “Хэрэв та эдгээр зургуудыг өөрөө зураагүй байсан бол хөндлөнгийн нүдээр харахад хэр үнэ цэнэтэй бүтээл байх вэ?” гэж асуухад “Мэдэхгүй юм даа” гэж хариулж байв. Яагаад зураг зурдаг вэ гэсэн асуултад Уорхол “Зүгээр л хийх зүйлтэй байх гэж” гэж товчхон боловч нууцлаг хариулт өгсөн байдаг.

Мөн телевизэд ярилцлага өгөх үед хар савхин хүрэм, нарны шил зүүсэн байх агаад ард нь буу барьсан Элвисийн зураг, нөгөө талд нь Campbell-ийн лаазалсан шөлний зураг байх аж. Асуултуудад нь тодорхой хариулт өгөхгүй байгаад сүүлдээ залхсан сэтгүүлч “Таны хариулж чадах асуулт асууя” гэхэд Уорхол шивнэх шахуу “Хариултуудыг нь ч гэсэн хэлээрэй” гэж хэлж байгаа нь сонсогдоно.

Тэр бүү хэл урлагаас тэс хөндлөн зүйл буюу мэргэжлийн нохой зодооны шоуны талаар асуухад Уорхолын амнаас ердөө “Хэлэх ч үг алга”, “Маш сонирхолтой. Юу хэлэхээ ч мэдэхгүй байна” болон “Амьдралдаа харсан хамгийн гоё нь” гэх учир битүүлэг, тодорхойгүй хариулт өгч байв. Үүнийг нь үзсэн үзэгчид Уорхол үнэндээ энэ шоуг нь үзсэн юм болов уу гэж бодоход хүрч байсан гэдэг.

1981 онд ВВС агентлагтай хийсэн ярилцлагын хэсгээс толилуулъя:

Эдвард Смит: “Тэгвэл та өөрийнхөө зургуудыг аль болох олон ханан дээр байгаасай гэж хүсдэг үү?”

Энди Уорхол: “Мм, үгүй ээ. Тэд хаалттай шүүгээн дотор байхад би дуртай”

Эцэст нь Уорхолтой хийсэн ярилцлага зураачийн талаар бус сэтгүүлч, сурвалжлагчийнх нь талаар илүү мэдээллийг өгдөг байна. Ихэнх тохиолдолд түүний ярилцлагаас зарим сэтгүүлчид ямар ч чадваргүй болох нь харагддаг байсан гэдэг.


02

Хийгээгүй зүйлийнхээ ч алдрыг хүртдэг

XX зууны хамгийн олон удаа гэрэл зургийн дуранд өртсөн, нийтлүүлсэн зураачдын нэг болох Уорхолын хэлсэн үгс ч хүмүүсийн анхаарлыг татдаг. Тухайлбал, түүний хэлсэн үгс, эшлэлүүдийг багтаасан “Энди Уорхолын философи (А-гаас Б руу ба Буцаад А руу)” гэдэг ном их хэмжээгээр борлогдсон юм.

Түүнчлэн “Warhol’s Interview” сэтгүүлийн редактораар 12 жилийн турш ажилласан Боб Колачелло л гэхэд Уорхолтой биш зураачийн туслах Пэт Хакеттын хамт энэ төслийг бүтээсэн аж. Хакетт эхлээд Уорхолтой тусдаа ярилцлага хийж, тэндээс авсан мэдээллээ шүүж, номын эхийг гаргаад дараа нь Колачелло болон Уорхолын хамтран зүтгэгч Брижит Берлин нартай ажилласан байдаг.

Гэвч Колачеллогийн бүтээлийг Энди Уорхол өөрөө бичсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилж эхлэхэд эл редактор үнэхээр их гомдсон байна. Тэрээр “Би маш том худал хуурмаг зүйлсийн дунд орсон билээ. Хэдийгээр хэтэвч минь зузаарсан ч миний дотоод хүн, олонд танигдах гэсэн найдвар минь үгүй болсон. Пэт Хаккетад бүр муухай байсан байх. Түүний бичсэн бүхэл бүтэн 9 бүлэг, миний бичсэн дөрвөн бүлэг, Брижитийн бичсэн ‘The Tingle’ гэх нэг бүлгийн  бүгдийнх нь нэр хүндийг Уорхолд өгсөн. Уг нь бид гурвуулаа удиртгал дээр нь хүртэл хамтарч ажилласан шүү дээ” гэж хэлсэн байдаг юм.


01

Өөрийгөө ч урлагийн бүтээл болгосон Уорхол

Гадаад төрх бол Уорхолын хувьд маш чухал зүйл байв. Өөрийнхөө гадаад төрхөд үлэмж их анхаардаг түүний өвөрмөц дүр төрхөд урлагийнх нь мэдрэмж хэр нөлөөлсөн бол?
Хэлэхэд бэрх. Ямартай ч энэ зураач дэлхий хэрхэн өөрийг нь харах вэ гэдгийг үхэн үхтлээ өөрөө зохицуулж ирсэн гэж урлаг судлаачид үздэг юм.

Залуу байхдаа арьс нь толботой болоход ихэд эмзэглэн энгэсэг түрхдэг байв. Өөрийнхөө хамартаа дургүй байсан тэрээр 1950-аад онд гоо сайхны мэс засалд орж, хамраа засуулав. Уорхол бүхий л амьдралынхаа турш гоо сайхны бүтээгдэхүүн, коллагены бэлдмэл хэрэглэж байлаа. Мэдээж түүний имижийн гол зүйл болох ардаа бор, хажуу болон урд талдаа мөнгөлөг, шаргал өнгөтэй хиймэл үсийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ үснүүдээ урлагийн бүтээл болгон жаазлах талаар ч бодож үзсэн гэдэг. Энэ хиймэл үс нь өөрийнх нь жинхэнэ үс биш гэдэг нь анхнаасаа л тодорхой байсан билээ. Үүнийгээ ч Уорхол мэддэг байсан нь ойлгомжтой.

Энди Уорхол 1987 оны 2 дугаар сарын 22-ны өдөр цөсний мэс заслын дараах хүндрэлээс болж таалал төгссөн юм.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Why iim goyo site yumbeeee
+3
Одоо бол бараг ингээд хийчих апп гарчихсан байгаа. Тэр үед ийм юм огт харж үзээгүй хүн ингэж сэтгээд зурна гэдэг бас гоё шүү. :)
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start