Арав.мн

Хараа муудах гажигтай холбоотой таван баримт

Хараа муудах гажигтай холбоотой таван баримт

Хараа муудахын гол шалтгаан болдог генийг эрдэмтэд саяхан нээжээ. Энэ нь дэлхий нийтийн дунд хамгийн түгээмэл байдаг нүдний гажгийн нэг буюу холын хараа муудах өвчнийг үндсээр нь үгүй хийхэд алхам ойртлоо гэсэн үг. Гэхдээ үүнийг нүдний шил хэрэглэгдэхээ болино гэж ойлгож болох уу?


05

Mиопия

Нүдний шилтнүүдийн зовлон бүр бага байхаас нь эхэлдэг. Дөрвөн нүдэт, номын, ноомой гэж хочлуулах энүүхэнд. Шинжлэх ухааны хэллэгээр миопия гэгддэг холын хараа муудах гажиг сүүлийн хэдэн жилд урьд байгаагүйгээр газар авч, өдгөө дэлхийн хүн амын 800 саяас 2.3 тэрбум нь холын хараа муутай юм уу байнга нүдний шил зүүдэг гэх албан бус тооцоо бий. Энэ нь мэдээж хотжилт, суурин газрын соёл, хурц тод туяа ялгаруулагч дэлгэц бүхий цахилгаан хэрэгслүүдтэй холбоотой. Азийн зарим оронд хүн амынх нь 75-90 хувь холын хараа муутай гэнэ. Харин энэ үзүүлэлт Европ, АНУ-д дунджаар 30-40, Африкт 10-20 хувь байдаг байна. Азиудын дунд хараа муутнуудын хувь их байгаа нь ганц Хятад улсын үзүүлэлттэй холбоотой ажээ. Тус улс харааны гажигтай иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд 1.3 тэрбум хүнийх нь бараг 500 сая нь холын хараа муутай гэгддэг. Хятадын бага, дунд сургуулийн сурагчдын 77.3, коллеж, их, дээд сургуулийн оюутнуудын 60-аад хувь нь холын хараа муутай. Харин Европын орнуудаас Их Британи нэлээд дээгүүрт бичигддэг, зарим жагсаалтад бүр тэргүүлдэг. Тус улсын насанд хүрсэн гурван иргэн тутмын нэг нь харааны шил тогтмол зүүдэг байна.  


04

Удамшил

Харин Лондон дахь Хааны коллежийн эрдэмтэд энэ тоог арав гаруйхан жилийн дотор хэдэнтээ бууруулахад дөхөм болох онцгой судалгаа хийснээ саяхан зарлажээ. Тэд миопия үүсгэгч генийг таньсан бөгөөд тэрхүү генд нөлөөлөх эм бүтээхээр судалгааны ажилдаа ороод байна. Холын хараа муудаж эхэлмэгц улам муудахаас нь сэргийлж эм уух нь одоогоор хамгийн боломжит арга бөгөөд 10-15 жилийн дараа нүдний тусгай дусаалгаар харааны гажгийг засах боломж бүрдэнэ гэдэгт судалгааг ахалсан Крис Хэммонд хэмээх эрдэмтэн найдаж буй аж. Насны эрхээр мууддаг харааны гажигт хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь удамшил. Эцэг эхийнх нь нэг хараа муутай бол холын хараа түргэн муудах магадлал бараг 50 хувь илүү байдаг байна.

Холын хараа муудахад нөлөөлдөг генийг тогтоох судалгаа бүтэн 12 жил үргэлжилсэн бөгөөд Нидерландын эрдэмтэд дээрхээс хараат бус өөр нэг судалгааны дүнд миопия үүсгэгч өөр нэгэн генийг илрүүлжээ. Доктор Хэммондын үзэж буйгаар нэлээд олон төрлийн ген харааны гажиг үүсэхэд нөлөөлдөг бололтой. Нүдний алим томорч гэрэлд төвлөрөх боломжгүй болдгоос хараа мууддаг. Ихэнх хүүхэд холын хараа сайтай төрдөг. Өөрөөр хэлбэл, холын юмсыг ойр байгаа зүйлсээс илүү тод хардаг гэсэн үг. Хүнийг нас, биед хүртэл нүдний алим өөрчлөгддөг бол харааны гажиг нүдний алимтай хамт бүрэн тогтохоос өмнө нүдний дусаалга, эмээр хараа муудахыг бүрэн зогсоох боломжтой гэж Хэммонд эмч үзжээ. Гэхдээ дорнын орнуудад тахлын хэмжээнд тулсан харааны гажгийг багасгах хамгийн үр дүнтэй арга нь боловсролын заах арга барилыг өөрчлөх гэнэ.   


03

Пресбиопия

Сингапурт хүн амын 80 хувь нь миопиятай нь судлаачдын санал нийлдгээр сургалтын хэт нягт орчин, технологижсон арга барилтай холбоотой байх жишээтэй. Хааны коллежийн эрдэмтдийн үзсэнээр миопиятай хүн бүрийг дусаалга, эмээр анагаах боломжгүй ч олны дунд эзэлдэг хувийг нь хэд дахин бууруулах боломжтой юм. Гэсэн ч эрдэмтдийн онцолсноор нүдний шилийг бүрэн халах боломжгүй. Миопиягийн тархалтыг бууруулсан ч пресбиопия буюу ойрын хараа муудах гажгийг бүрэн анагаах аргагүй бөгөөд линз, лазерын хагалгааны аль нь ч нас тогтох үед ойрын хараа мууддаг жамыг өөрчилж чадахгүй гэнэ. Линзийг 24 цагийн турш зүүх боломжгүйгээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин лазерын хагалгаа гоо сайхны ажилбар тул засах буюу дахин хийх боломжгүй. 


02

Нүдний шил хэрэглээнээс гарах болоогүй

Тиймээс нүдний шил загварлаг гоёл байхаа болих ч нийтийн хэрэглээнээс хэзээ ч хасагдах аргагүй юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд нүдний шилний загварт хувьсал гарч илүү дэгжин, илүү хүлээн зөвшөөрөгдөхүйц болсон. Мөн хараа муутнуудын тоо хэдэн арван жилийн өмнөхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн тул нүдний шилтэй хүмүүс бусдаас өөр харагдахаа больсон юм. Тиймээс харааны генд нөлөөлөх эм, дусаалга нийтийн хэрэглээнд нэвтэрсний дараа ч нүдний шилтнүүд цөөрөхгүй. Шинэ төхнологид хүн бүр итгэлгүй ханддаг тул нүдний шил лав ойрын хэдэн жилдээ сонгодог хэрэглээ хэвээр байх нь эргэлзээгүй юм. 


01

Нүдний шилний товч түүх

  • Нүдний шил бий болохоос бүр хэдэн зуун жилийн өмнө ч хүмүүс нүдний болрын тухай арвин мэдлэгтэй байв. 
  • Салвино Д’Арматэ гэгч итали эр 1284 онд анхны зүүж болох нүдний шил зохион бүтээсэн гэх дам яриа бий. Гэхдээ үүнийг нотлох баримт өнөө ч олдоогүй. 
  • Нүдний шилтэй холбоотой анхны бичгийн өв 1289 онд хамаарна. 
  • XVIII зууны эхээр Лондоны нүдний эмч Эдвард Скарлетт нүдний шилэнд анх чихний араар тохож болох “гуя” зүүжээ. 
  • Үүнээс 100 жилийн дараа Америкийг үндэслэгчийн нэг Бэнжамин Франклин түүхэн дэх анхны давхар фокустай шил зохион бүтээсэн байна. 
  • XX зууны эхэн хүртэл нүдний шил түгээмэл биш байв. Харин 1930-аад онд Холливудын одод нарны шилээр гангарах болсноор ихэд тархсан гэдэг. 
  • Өнөө ч Бразил, Аргентин зэрэг зарим оронд залуус нүдний шилийг хуучинсаг эд гэж үзэн тогтмол зүүхээс цааргалдаг.

9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start