Арав.мн

Наньжины 10 жил

Наньжины 10 жил

Дундад Иргэн Улсын Гоминьдан намынхан 1927-1928 онд Умар зүгт их аян хийсний дараа Наньжин хот тус улсын шинэ нийслэл болсноор Наньжины 10 жил хэмээгдсэн нэгэн үе эхэлжээ. Энэ үе нь 1937 онд Хятад-Японы дайн дэгдсэнээр өндөрлөсөн юм. Өмнөдийн армийнхан 1927 онд Хөх мөрний ай савд байрласан хот суурингуудыг эзэлж эрхэндээ оруулсан тул Гоминьданыхан дотоод, гадаадын дайснуудтай тэмцэхийн үүднээс дээр дурдсан их аяныг өрнүүлжээ. 1927 оны 4 дүгээр сарын 12-нд Чан Кайшигийн тушаалаар Шанхай болон бусад хотуудад коммунист үзэл суртлыг эсэргүүцсэн үйл ажиллагааг зохион байгуулснаар 4-р сарын 18-нд Чан Кайши нь Зянсу, Жөзян, Фүзян, Аньхуй мужуудыг нэгтгэсэн засгийн газраа Наньжинд байгууллаа. Гэтэл энэ зуур Гоминьданы зүүн жигүүрийнхэн Үханьд коммунистуудтай хамтарч, Үндэсний Засгийн газрыг эргээд Ван Зинвэй тэргүүлэх болжээ. Тэд Хунань, Хубэй, Зянси мужуудыг өөртөө нэгтгэв. 

Ингээд хэдийгээр Үханийн Гоминьдан намынхан 1927 оны 7 дугаар сарын 15-нд коммунист намаас салан тусгаарлаж байгаагаа мэдэгдсэн боловч улам бүр хүчээ авч буй Наньжины Засгийн газартай нэгдсэнгүй. Үүний зэрэгцээ тухайн үест Шанхайд нөлөөтэй байсан Сишанийн бүлгэмийнхэн тэр жилийн 6 сарын 20-нд Наньжингийн Засгийн газартай нийлсэн байдаг. Чингээд тэр жилийн зундаа Гуанси, Гуандун, Сычуаньд эрх барьж асан цэргийн бүлэглэлийнхэн Наньжины Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн авч Үханийнхан аанай л тусгаар хэвээр байлаа. Тэр байтугай Үханийн Засгийн газрын тэргүүн Ван Зинвэй нь Гоминьданы намын тэргүүнээр сонгогдох горьдлого тээж явжээ.

Энэ зуур 1927 оны 8 дугаар сарын 12-нд Чан Кайши Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч Япон руу гарав. Үханийн цэргийн захирагч Тан Шэнжи энэ боломжийг ашиглан Чан Кайшиг эзгүйчлэн Наньжины Засгийн газарт хэдийн нэгдсэн Гуанси мужийн эрх баригчдын эсрэг бослого гаргасан ч эрх баригчдын цэрэгт дарагдсанаар Гуанси мужийн цэргүүд Үхань хотыг эзэлжээ. Тэгмэгц Ван Зинвэй шадар туслахуудаа дагуулсаар Гуанжөүд шилжин суурьшлаа. Харин Чан Кайши тэр жилийн 11 дүгээр сард Японоос эргэж ирээд Ардын чөлөөлөх армийн ерөнхий командлагчаар томилогдов. Улмаар 1928 оны 2 дугаар сард чуулсан Гоминьданы 4 дүгээр их хурлаар Чан Кайшигийн үүсгэн байгуулсан засгийн газрыг тус намаас зөвшөөрөн хүлээснээр Наньжин хот Дундад Иргэн Улсын шинэ нийслэл хот болон тодорчээ.
Ингээд Ардын чөлөөлөх армийнхан 1928 оны 4 дүгээр сард Умарын аянаа зохион байгуулснаар тухайн үед Манжуурыг хамаарч байсан Жан Сюэлян нь тэр жилийн 12 дугаар сардаа мөнөөх засгийн газрыг хүлээн зөвшөөрч, ДИУ-ын цэрэг арми нэгдмэл нэгэн удирдлагатай боллоо. Тэр үест Гоминьданаас тус намын Төв хороо хийгээд өөрсдийн бүрдүүлсэн парламентыг төрийн эрх барих дээд байгууллага хэмээн зарлан тунхагласан боловч нам доторх зөрчил тэмцэл намжсангүй.

Ийм нөхцөлд Чан Кайши намынхнаа эвсүүлэх үүднээс 1929 оны 3 дугаар сард Гоминьданы 3-р конгрессыг зохион байгуулсан авч тус намын хэд хэдэн бүлэглэл үүнд оролцоогүй ажээ. Гоминьдан нам дотроо сөрөг хүчинд тооцогдож явсан эрхмүүд бослого дэгдээх санаатай байсан цэргийн эрхтнүүдтэй нэгдсэн юм. 1929 оны 3 дугаар сард Ли Цүнжэнь генерал бослого гаргасан ч Наньжины Засгийн газрын цэргүүдэд дарагдлаа. Үүний дараа 9 дүгээр сард Жан Факүй генерал Хятадын төв мужуудад бослого дэгдээсэн ч түүнтэй хэлэлцээ хийсэн байна. Түүнчлэн 10 дугаар сард бослого дэгдээсэн Фэн Үйсян жанжны цэргүүд ч Наньжины Засгийн газрынханд эрхгүй дарагдав.
Удалгүй Гоминьданы сөрөг хүчнийг тэргүүлж байсан Ван Зинвэй нь төр засагтаа сэтгэл дундуур явсан Ян Сишань тэргүүтэй цэргийн эрхтнүүдтэй нэгдсэнээр 1930 оны 5-11 дүгээр сард Төв хээрийн дайн хэмээх иргэний дайн дэгджээ. Гэхдээ Ван Зинвэй нарын салан тусгаарлагчид мужуудын эрх мэдлийг нэмэгдүүлэхээс өөр дорвитой шаардлага хүргүүлсэнгүй. Тэд Бээжин хотыг ДИУ-ын нийслэл хэмээн зарлав. Гэтэл тэдний талд байсан Жан Сюэлян 1930 оны 9 дүгээр сард гэнэтхэн Чан Кайшигийн талд урваж, Бээжин, Тяньжин хотуудыг эрхэндээ оруулжээ. Тэр жилийн 10 дугаар сард Төв Засгийн газрын цэргүүд Фэн Үйсяны цэргийг дарснаар хуучны милитаристууд нэг мөр дарагдсан гэж хэлж болно.
Харин 1931 оны эхээр Гуанжөүгийнхан мөн л Наньжины Засгийн газрын эсрэг бослоо. Гуандун мужийн цэргийн жанжин Чэн Зитан, Гуанси мужийн цэргийн жанжин Ли Цүнжэнь, Бай Чунси нар дээр дурдсан Ван Зинвэйг дэмжсэнээр тэд Гуанжөүд Гоминьданы ТХ болон Засгийн газартай эн дүйх байгууллагуудыг үүсгэн байгуулснаа зарлажээ. Чингээд үймээн самуун дэгдэх нь тодорхой байсан ч тухайн үед Японы цэргүүд Манжуурт нэвтэрснээр улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Гоминьданыхан эргээд нэгдэв. Япончууд 1904-1905 онд дэгдсэн Орос-Японы дайнд ялснаар Манжуурын өмнөд хэсгийн төмөр замыг эзэмших онцгой эрхтэй болсон юм. Квантуны армийнхан Ляодуны хойг дахь төмөр замыг харж хамгаалж байсан бөгөөд Токио хэдийгээр Квантуныхныг хэтэрхий их идэвх зүтгэл гаргаж байгаад дургүйцэж байсан ч Манжуурыг эзлэх төлөвлөгөөгөө хэдийн боловсруулсан байжээ. 1931 оны 3 дугаар сарын 31-нд Японы 3 офицер дээрх төмөр замын нэг хэсгийг дэлбэлснээр япончууд үүгээрээ шалтаглан Бэйдаин, Мүгдэн рүү дайрах боломжтой болсон юм. Япончууд 9 дүгээр сард Мүгдэн, Зилинь хоёрыг эзлэн авчээ. Чан Кайши тухайн үед япон цэргүүдэд эсэргүүцэл үзүүлж болохгүй гэсэн тушаал гаргасан байдаг. Тэр үед зүүн хойд армийн командлагч асан Жан Сюэлян нь хэдийгээр Наньжины Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн байсан ч дотроо бол ихэд эсэргүүцдэг байжээ. Гэлээ гээд япончуудыг зогсоохын тулд тусламж хүссэн ч Чан Кайши түүнд тусалсангүй.
Талууд 1931 оны 11 дүгээр сард Гоминьданы 4 дэх удаагийн нэгдсэн чуулганыг зарлан хуралдуулж, талууд харилцан буулт хийснээр 1932 оны 1 дүгээр сард Ван Зинвэйн толгойлсон шинэ Засгийн газар байгуулагдав. Тэгэхэд Чан Кайши Ардын чөлөөлөх армийн ерөнхий командлагчаар томилогджээ. Цэргийн бүлэглэлийнхэн энэхүү засгийн газарт уван цуван нэгдсэн боловч нэгдмэл нэгэн удирдлагатай болж чадсангүй.
Чан Кайшигийн үүсгэн байгуулсан Наньжины Засгийн газрыг анх АНУ, дараа нь Их Британи, улмаар Япон улс тэднийг умар зүгт нэвтрүүлэхгүй гэсэндээ хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Наньжины Засгийн газрынхан дотоодын үймээн хийгээд коммунистуудыг дарахаасаа өмнө япончуудад эсэргүүцэл үзүүлэхгүй байх бодлого баримталжээ. Энэ зуур япончууд Манж-Го улсаа байгуулж, 1933 онд Шанхай руу довтлоод, Жэхэ мужийг эзлэв. Тэгэхэд ДИУ, Япон хоёр 1935 оны 6 дугаар сарын 10-нд Хэ-Үмэзүгийн нууц гэрээ гээчийг байгуулжээ. Япончууд Хэбэй муж, тэр дундаа Бээжин, Тяньжинд ноёрхлоо тогтоож, тус мужийн захирагч Үй Сюэжүнийг огцруулах шаардлага хүргүүлсэн аж.
Япон цэргүүд 1935 оны 5 дугаар сарын 30-нд Бээжин хотод нэвтэрснээр Тяньжины захирагч Жан Тинпо, цагдаагийн газрын дарга Ли Жуньсян нарын албаны хүмүүсийг огцруулж, Гоминьданы цэргийг Хэбэй мужаас гаргаад, ДИУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Японы эсрэг үзэл баримтлалтай бүхий л байгууллагуудыг тараахын зэрэгцээ Тяньжин дэх Японы мэдээ мэдээллийн газрын даргыг бүрэлгэсэн хэрэгт холбоотой хэмээгдсэн хүмүүсийг баривчилж, нөхөн төлбөр төлүүлэх шаардлага хүргүүлээд, дээрх шаардлагуудаа 6 дугаар сарын 12-ноос өмнө хүлээж авахыг тулгалаа. Коммунистуудтай тэмцэхэд бүхий л хүчээ дайчилж байсан Гоминьданыхан эдгээр шаардлагыг арга буюу хүлээн авч, 1935 оны 6 дугаар сарын 10-нд ДИУ-ын талаас Хэ Инцин, Японы талаас Квантуны армийн штабын дарга, генерал Есизиро Үмэзү нар зөвшилцөл байгуулснаар япончууд Хэбэй мужийг Хойд Хятадын автономит бүс хэмээн зарлаад, тэндээ эзэн суув. Энэхүү гэрээ хэдийгээр нууцлагдаж байсан ч сонин хэвлэлийнхэн тэр тухай олж мэдсэнээр Японыг эсэргүүцэх хөдөлгөөн улам газар авч, 1937 оны 7 дугаар сард Хятад-Японы 2-р дайн дэгдсэн билээ.

Тэр үед Чан Кайши цэрэг армийн герман зөвлөхүүдийнхээ өгсөн зөвлөгөөгөөр коммунист бүсүүдэд эдийн засгийн хориг тавьснаар коммунистууд аргагүйн эрхэнд бүс нутгаа орхин, 1934 оны 10 дугаар сард Их аянд гарсан түүхтэй. Коммунистууд Хятадын зүүн ба өмнөд хэсгийн мужуудаар аян хийж, 1936 оны 10 дугаар сард Шэньси-Ганьсу-Нинсягийн Онцгой бүсэд хүрчээ. Чан Кайши 1936 оны 12 дугаар сарын 4-нд Сианьд ирмэгцээ Жан Сюэлян, Ян Хучэн нарт дээр дурдсан Онцгой бүс рүү цэрэглэн довтлох тушаал буулгасан ч Жан Сюэлян, Ян Хучэн нар хэдэн өдрийн дараа Чан Кайшиг өөрийг нь баривчлаад, дотоодын хүчээ нэгтгэн япончуудтай тэмцэхийг шаардлаа. Хэлэлцээ хийх зуур Чан Кайши намын нөхөд нь эрх мэдэлд хүрмэгцээ түүнийг хороохоос ер буцахгүй нь гэдгийг олж мэдсэн тул дээрх шаардлагыг хүлээж авснаар суллагдаж, улмаар Гоминьдан, Коммунист намын нэгдсэн фронтыг үүсгэн байгуулжээ.


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start