Арав.мн

Түүхийг өөрчилсөн Тера

Түүхийг өөрчилсөн Тера

3500 гаруй жилийн тэртээ Грекийн Тера галт уул дэлбэрээгүй бол дэлхийн газрын зураг өдгөө ихэд өөр байх байлаа. 

Галт уул судлаачид болон түүхч, газарзүйчид энэхүү дэлбэрэлтийг дэлхийн түүхэн дэх хамгийн гамшигт үзэгдэл гэж үздэг бөгөөд хэний ч төсөөлөхөөргүй тийм их хохирол, басхүү өөрчлөлт авчирчээ. Терагийн дэлбэрэлт зөвхөн Санторини аралд томоос том нүх үүсгээд зогсохгүй эртний Газар дундын тэнгис орчмын соёл иргэншил, цаашлаад дэлхийн түүхийг өөрчилж орхисон юм. Тухайн цагт бүс нутагтаа ноёрхож асан Минойн иргэншлийг эл сүйрэл үндсээр нь өөрчилж, улстөрийн газрын зургийг ч шинэчилсэн байна. Мөн дэлбэрэлтээс үүдсэн цаг уурын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт мэдрэгдсэн гэдэгт судлаачид огт эргэлздэггүй. Хятад, Хойд Америк, магадгүй Антарктидын уур амьсгалд ч нөлөөлснийг гэрчлэх олон баримт бий. Нэг өдөр, нэг шөнийн дотор усанд живж үгүй болсон гэх Атлантис тивийн тухай домог, Библийн сударт өгүүлдэг цар тахал, гамшигт үзэгдлүүд, эртний Египетийн бичвэрүүд ч эл түүхэн явдлаас үүдэлтэй гэлцэнэ. 

Түүхч, археологичид Тера галт уул чухам хэзээ дэлбэрсэн талаар өнөө ч маргалддаг. Юутай ч нийтийн он тооллын өмнөх 1645-1500 оны хооронд хэмээн тогтоод буй. Далайн гүнээс олдсон үнс нурамны дээжийг судалсан эрдэмтэд дэлбэрэлт үнэхээр юутай ч харьцуулашгүй хүчтэй байсныг нэгэн дуугаар баталсан. Тэр өдөр юу болсныг хэн ч тэмдэглэж үлдээгээгүй. Харин 1883 онд дэлбэрсэн Индонезийн Кракатоа галт уулын тарьсан гамшиг Терагийн тухай үлгэр домог мэт яриаг дахин дурсахад хүргэжээ. 120 гаруй метр өндөр цунами үүсгэж, 40 мянга гаруй хүнийг хэдхэн цагийн дотор хөнөөж, Ази тивийг үнс нурмаар хучиж, дэлхийн уур амьсгалыг хүртэл хүйтрүүлж, гурван жилийн турш нарны гэрлийг халхалсан Кракатоагийн дэлбэрэлт ч Терагийн дэлбэрэлтээс сул байсан гэх.  Индонезийн хамгийн алдартай уулын дэлбэрэлт 3000 гаруй бээрийн цаанаас ч сонсогдсон гэхээр Терагийн дэлбэрэлт хэчнээн аймшигтай байсан нь тодорхой (Улаанбаатараас Москва хүртэл 2900 орчим бээр). Газарзүйчдийн тооцоолсноор Терагийн дэлбэрэлт олон зуун атомын бөмбөгийн тэсрэлтийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц хүчтэй байжээ.  

Санторини орчмоос олдсон олон зуун хүний цогцосны үлдэгдэл, ахуйн төмөр эдлэл зэргээс Минойн иргэд галт уулын дэлбэрэлтийг урьдаас мэдэж байсныг, аюулаас зугтахыг хичээснийг харж болно. Гэсэн ч соёл иргэншил нь аврагдаагүйн дээр зэргэлдээх Крит арлыг төвөө болгосон минойчууд Терагийн дэлбэрэлтийн дараахан Газар дундын тэнгист ноёрхлоо алдсан юм. Хүчирхэг цунами тэдний тэнгисийн хүчин, эрэг дагуух өндөр хөгжилтэй хот суурингуудыг ч сүйтгэсэн гэж түүхчид үздэг. Мөн уур амьсгал эрс хүйтэрч, хүхрийн уршгаар тариалангийн талбай ч сүйджээ. Терагийн дэлбэрэлтээс үүдсэн эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр Минойн иргэншил 50-хан жилийн дотор мөхсөн байна. Энэ нь эртний Грекийн хот улсуудын суурийг тавьжээ. Газар дундын тэнгис орчмыг эзэгнэсэн тэдгээр хот улс хүн төрөлхтний улстөр, нийгэм, оюун санааг хэрхэн өөрчилснийг эдүгээ бид сайн мэднэ. Грекийн хот улсуудын үндэслэсэн Эгейн соёл нь Европ дахины шинэ үеийн иргэншлийн үндэс суурь болсон билээ. 

Терагийн дэлбэрэлт Европын соёлыг орвонгоор нь өөрчилснөөс гадна адал явдалд дурлагч, эрдэнэсийн хайгуулчдыг ч “ажилтай” болгосон байна. Грекийн их сэтгэгч Платон домогт галт уулын дэлбэрэлтээс мянга гаруй жилийн дараа алдагдсан хот-тив Атлантисын тухай бичихдээ Терагийн тухай амаас ам дамжсан домгийг ашигласан байдаг. Мөн Библийн судар дахь Моисейн түүх болон Египетийн номлол, бичвэрт ч хөлгүй тэнгисийн дундах нэгэн арал дээрх гамшгийн тухай өгүүлсэн нь Терагийн дэлбэрэлт юм. Ялангуяа Хуучин гэрээнд өгүүлдэг таван өдрийн харанхуй, гол мөрний булингар зэрэг нь Терагийн ул мөр гэж ихэнх эрдэмтэн үздэг байна.


03

Хиймэл дагуулаас авсан зураг


02

Санторини арал


01

Галт уулын тогоог арал дээрээс харахад


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start