Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист Германы давшилтыг тогтоон барьж, эрэлхэгээр тулалдаж байсан 12 хот, нэг бэхлэлтийг ЗХУ-ын дээд шагнал болох “Баатар” цолоор алдаршуулан шагнасан байдаг. Тэдний нэг нь Ленинград буюу өнөөгийн Санкт Петербург хот. Уран барилга, соёл урлагийн гайхамшиг болсон энэ хотод дайнаас өмнө 3 сая орчим хүн амьдарч байсан юм. Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон уг хот нь нийт аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 11 хувийг дангаараа гаргадаг, Зөвлөлтийн аж үйлдвэрлэлийн томоохон цөм байсэн билээ. Түүнчлэн олон тооны зэвсгийн үйлдвэрийг агуулж байлаа.
Энэ ч утгаараа Адольф Гитлерийн “Барбаросса ажиллагаа”-ны дагуу стратегийн онц чухал ач холбогдолтой гурван байршлын нэг хэмээн Ленинградыг онилов. Гитлер Ленинград хотыг хялбархан эзэлнэ гэж тооцоолж байсан төдийгүй ялалтын хүлээн авалтад урих зочдын нэрсээ гаргаж, урилга хүртэл хэвлүүлсэн байсан гэдэг.
Гэвч Улаан арми Ленинградыг эцсийн хүнээ хүртэл хамгаалахад бэлэн байлаа. 1941 оны 6-р сарын 27-ны баасан гаригт хотын захиргаа энгийн иргэдээс бүрдсэн хамгаалалт гаргасан бол Германы армиас ирэх аюулыг урьдчилан харсны ачаар үүнээс хэд хоногийн дараа гэхэд хотын 1 сая гаруй хүнийг дайчилж, бэхлэлт барьж эхэлсэн байдаг. Дайсны давшилтыг зогсоох хэд хэдэн хамгаалалтын шугам байрлуулж, хойд болон өмнөд зүгээ энгийн иргэдээр хамгаалуулжээ.
Ийнхүү 1941 оны 9-р сарын 8-ны өдөр Германы арми хотын захад хүрэв. Бүх цаг үеийн хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтүүдийн нэг, Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн олон хүний аминд хүрсэн тулаан ийнхүү эхэллээ. Бүслэлт 1941 оны 9-р сарын 8-наас 1944 оны 1-р сарын 27-ныг хүртэл буюу нийт 2 жил 4 сар 19 хоног буюу 872 өдөр үргэлжилсэн юм. Бүслэлтээс болж амиа алдсан энгийн иргэдийн тоо эх сурвалжаас шалтгаалж 300 мянгаас 1.5 сая, магадгүй түүнээс ч их байжээ. Гэвч Германы агаарын довтолгоо, их буу болон явган цэргийн дайралтаас илүүтэй өлсгөлөнгөөс болж олон зуун мянган хүүхэд, эгэл ардууд амиа алдсан билээ. Зарим эх сурвалжид бичсэнээр өлсгөлөнгөөс болж 800 гаруй мянган хүн амиа алдсан байдаг нь хотын нийт бүртгэлтэй хүн амын 40 хувь нь гэсэн үг. Харьцуулахад Алеппогийн бүслэлт үүнээс 26 дахин бага буюу 31 мянган хүн амиа алдсан байдаг. Алеппод өдөрт дунджаар 20 хүн амиа алдаж байсан бол Ленинградад өдөрт 900 хүн үхэж байсан юм.
Бүслэлтийн үеийн ард иргэдийн амьдралыг ихээхэн нуусан байдаг ч хүмүүсийн өдрийн тэмдэглэл ил гарч ирснээр бодит байдал ямар байсан нь илүү тодорхой болсон билээ. Бостоны Их сургуулийн профессор Алексис Перигийн бичсэн “The War Within: Diaries from the Siege of Leningrad” номонд бүслэлтэд байсан хүмүүсийн өдрийн тэмдэглэлүүд буй. Эдгээр тэмдэглэлүүд Оросын архивт хэдэн арван жил хадгалагдан үлдсэн байх агаад мартагдаж эхэлж байсан аж. Уншихад аймшигтай ч уран сайхны хэтрүүлэгт түүхийн эх сурвалжтай харьцуулахад аймшигт бүслэлтийн бодит байдлыг эндээс л харах боломжтой.
Сургуулиуд хаагдсанаар түүхийн багш Александра Миронова ажилгүй болов. Үүнээс удалгүй 1941 оны намар Ленинград хотын нэгэн асрамжийн газар шинэ ажилд орлоо.
Хүүхдүүдэд хичээл заахын оронд Александрагийн шинэ ажил нь ердөө хүүхдүүдийг үхүүлэхгүй байх болж хувирав. Есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 2 сая хүнийхээ хамт Нацист армид бүслүүлсэн Ленинград хот богино хугацаанд амьдрал буцалсан урлагийн төвөөс өлсгөлөнд нэрвэгдсэн газар болсон юм.
Александрагийн ажил үүргийн нэг хэсэг нь Германы бөмбөгдөлтийн үеэр ч хамаагүй эр зориг гарган Ленинград хотыг тойрон явж, орхигдсон эсвэл өнчирсөн хүүхдүүдийг хайн олж, аврах байлаа. Түүний харсан зүйл эгээтэй л хар дарсан зүүднээс ч аймшигтай байв.
Нэг байранд ороход хоёр жаахан охин идэх юм гуйх бөгөөд хажуугийнх нь сандал дээр эхийнх нь хоёр хоносон цогцос суух аж. Охидтой ярилцахад тэдний нагац ах нь саяхан ирсэн ч гэрт нь байсан модон тавилгыг түлээ болгон ашиглахаар хулгайлан аваад охидыг орхисон байлаа. Эцэж турсан ч гэсэн Александра хөл дээрээ тогтож чадахаа больтлоо сульдсан охидыг чарган дээр хэвтүүлэн асрамжийн газар руу чирэн явсан юм.
Үүнээс долоо хоногийн дараа Александра Шура нэртэй 11 настай охиныг олов. Овоолсон бохир даавуун дунд гудсан доор нуугдах энэ охины хажууханд үхсэн эх нь хэвтэх аж. Түүн дээр өмнө нь нэгэн сайхан сэтгэлтэй хүн ирсэн ч хөөрхий охины хоолны талоныг нь булаан авч зугтсан байлаа. Хоолны талонгүй хэнбугай ч үхсэн хүнээс ялгаагүй гэсэн үг.
Эцэг эх нь тэжээж чадахгүйгээс болж орхигдсон хүүхдүүд хот даяар үхлээ хүлээж байв. Өөрөө ч эх хүн тул Александра хүнлэг бус эл үйлдлийг ойлгож үл чадна. Александра өөрийнхөө гурван хүүхдийг орхих талаар хэзээ ч бодож байгаагүй нэгэн. Харин 1942 оны 2 дугаар сард бичсэн тэмдэглэлдээ тэрээр: “Костя минь үхлээ. Аня, Вася хоёр минь ч өөд боллоо. Миний амь амьдралууд минь. Хүүхдүүд яах болж байна? Ямар их уй гашуу вэ? Би амьд үлдэж, илүү олон хүүхэд аврах ёстой” хэмээн бичсэн байна.
Хүмүүс хүний хийж чадах “хамгийн хамгийн” зүйлсийг хийснийхээ ачаар амьд үлдсэн гэх. Зарим хүний амийг баатарлаг үйлс, сайхан сэтгэл, харамгүй зан аварч байсан бол зарим нь бусармаг зан, аллага, каннибализмын ачаар амьд үлдсэн байдаг. Аймшигт амьдрал хүмүүсийн хамгийн сайн чанарыг төдийгүй хамгийн муухай чанарыг ил гаргаж байлаа.
“Нөхөд өө, ялалт биднийх байх болно. Бид хүн төрөлхтнийг аймшигт дарангуйллаас аврахын тулд бүхнийг хийнэ!” хэмээн сурагч Елена Мухина тэмдэглэлдээ бичсэн байна.
Үйлдвэрийн ажилтан Алексей Евдокилов мөн “Муу худалч гүрвэлүүд. Та нар биднийг айлгахгүй. Бид гурав дахин илүү хүчээр тулалдах болно” хэмээн германчуудын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэлдээ бичсэн байх аж.
Удалгүй ийм үгс хий хоосон зүйл мэт болов. Герман арми Оросын газар нутагт нэвтэрснээс ердөө 11 долоо хоногийн дараа гэхэд Ленинградыг бүрэн бүсэлсэн юм. Хэдийгээр 500 мянга гаруй оршин суугчид зугтан гарсан ч бусад газруудаас ирсэн дүрвэгсэд хотыг дүүргэж, өмнөхөөсөө ч олон хүнтэй болсон байлаа.
Германчууд хотыг бусад газраас тусгаарлаад зогссонгүй оршин суугчдыг нь амьдын тамд унагаах бүх зүйлийг хийж байв. Хүнсний агуулахуудыг удаа дараа агаараас бөмбөгдсөнөөр хүмүүс ердөө нэг сарын хоол хүнстэй үлдсэн билээ. Ингэснээр нэг хүн өдөрт ердөө 255 грамм талхны нормтой болов. Талх мөнгөнөөс ч илүү үнэтэй зүйл болжээ. “Талхны сүр хүч харьцуулагдашгүй. Талх бүхнийг захирна. Талх юу ч хийж чадна” гэж нэгэн хүн тэмдэглэлдээ бичсэн байлаа.
Хэдхэн долоо хоногийн дотор хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэж эхэллээ. Амьд үлдсэн хүмүүс нь араг яс шиг болж, амьгүй мэт болон хувирав.
Бүслэлт эхлэхийн өмнө маш өөдрөг байсан 17 настай Елена Мухина толинд хараад “ирээдүй нь урд нь гэрэлтэж байсан залуу бүсгүй”-гээс “хөгшин өвгөн” болсноо мэдсэн хэмээн бичсэн байдаг.“Үрчийсэн арьс тохсон араг яс – Яг л чөтгөр лугаа адил” хэмээн 36 настай Александра Боровикова өөрийгөө дүрсэлжээ.
Өлсгөлөнгөөс болж хөвгүүд гэлтгүй бяцхан охидод ч сахал ургаж эхэлсэн ба “Бид тэднийг бяцхан хөгшчүүл гэдэг байсан” гэж нэгэн хүн дурссан байх.
Эрчүүдийн бэлэг эрхтэн хөвчрөхөө болж, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхээ больж, хөх нь хатуурч, сүү ч гарахаа болив. Нийтийн халуун усны газарт хүмүүс хувцсаа тайлсан ч хэн нь эрэгтэй, хэн нь эмэгтэй гэдгийг ялгах боломжгүй болсон байна. Иван Савинковын 1942 оны 1-р сард бичсэн тэмдэглэлд “Халуун усны газрын дүр зургийг бичмээр байна. Аймшигтай. Хүмүүс биш. Зүгээр л араг яснууд. Биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?” гэжээ. Гэвч Савинковын асуултын хариултыг хот даяар хэвтэх цогцсууд тодорхой харуулж байв. Өдөрт 1000 орчим хүн амиа алдаж байх энэ үед үхсэн хүн айдас ч төрүүлэхээ больсон байсан юм. Үхэгсдийг гуалин мэт өрөн тавьж, хүмүүсийн нүдэн дээр ялзарч байлаа.
“Талх хүлээн зогсох настай эмэгтэй алгуурхан газар уналаа. Гэвч хэн ч тоосонгүй. Тэр нэг бол хэдийнээ үхчихсэн, эсвэл удалгүй хүмүүсийн хөлд гишгэгдэн үхнэ” хэмээн баллетчин Вера Костровицкая тэмдэглэлдээ бичсэн байна. Түүний дэвтэрт унасан эмэгтэйн талхны талоныг хүмүүс хайж байгаа талаар өгүүлнэ.
Нормоор олгож байсан хүнсний хэмжээ асар бага байсан тул хүмүүс үхэгсдээс зөвхөн талоныг нь хулгайлж байсангүй. Үнэндээ цогцос өөрөө хүнс байв. Каннибализм газар авч, 1500 орчим хүнийг үүнээс болж баривчилсан тухай тэмдэглэл буй.
Орос хэлэнд каннибализмыг илтгэх хоёр үг байдаг: “трупоедство” буюу үхсэн хүний махыг идэх болон “людоедство” буюу идэхийн төлөө хүн алах. Харин Ленинградад энэ хоёр хоёулаа байв.
Түүхийн багш асан Александра Мироновагийн тэмдэглэлд каннибализмаар амь зогоодог Кагановын гэр бүлийг дүрсэлсэн байдаг. Александра хүүхдүүдийг нь авч асрамжийн газар руу хүргэх гэхэд хүүхдүүд түүхий махаа үлдээхийг хүсэхгүй байсан тухай бичжээ.
Хүний мах идэхгүй гэсэн хүмүүс өөр аймшигт зүйлс хийж байлаа. Хүүхдүүдээсээ хоол булаан идэх эцгүүд гэр бүлийнхэндээ үзэн ядуулж байв.
Валя Петрсон гэх 13 настай охины тэмдэглэлд хойд эцэг нь тэдний хоолыг булаан идээд ч зогсохгүй нохойг нь идсэн тухай өгүүлнэ. “Би түүнийг үзэн ядаж байна. Өлсгөлөн түүний бохир зүрхийг ил гаргаж. Одоо би түүнийг ямар хүн болохыг мэдэж авлаа.” Хойд эцэг нь эцэст нь үхэхэд Валя маш их баярлажээ: “Би баярласандаа үсэрмээр байвч надад тэгэх тэнхэл даан ч алга”.
Үүнтэй адил хүмүүсийг, тэр бүү хэл гэр бүлийнхнээ үхээсэй гэх хүсэл өдрийн тэмдэглэлүүдэд олон бичигдсэн байдаг. Тухайлбал, Аркадий Лепрович гэх хүн өлсгөлөнгөөс болж эхнэр Верочкагаа үзэн ядаж эхэлсэн байна. Түүнийг “банзал өмссөн шулам” хэмээн бичих Аркадий эхнэрээ хоолноос нь хумсалж байна хэмээн хардаж байв. “Верочка талхаа хуваан нууж, хэдийнээ муу байгаа миний эрүүл мэндийг золиослон өөрийгөө тэнхрүүлж эхэлсэн” гэж бичсэн байна. Ганцхан түүний гэр бүл бүслэлтээс болж нуран унаж байгаа юм биш гэдгийг Аркадий мэдэж байв. “Ээж хүүхэд, эхнэр нөхрүүдийн харилцаа хүний ёсноос гадуур болж хувирчээ. Хот бүхэлдээ ийм байдалтай байна. Амьдралын төлөөх тэмцэл хүн бүрийн дотор цөхрөлийг авчиржээ”.
Удалгүй Верочка хүрмийг нь зарж, нууцаар өөртөө хоол авсан хэмээн Аркадийг буруутгаснаар энэ хосын амьдрал нь төгсөв. Тэдний хувь тавилан хэрхэн үргэлжилсэн нь тодорхойгүй. Аркадийгийн өдрийн тэмдэглэл үүгээр төгсөх аж.
Өлсгөлөнгөөс болж хүмүүсийн сэтгэцэд өөрчлөлт орж, хий зүйлс харагдах болов. Жүжигчний сургуулийн сурагч, 18 настай Нина Мервольфийн өдрийн тэмдэглэлд бичсэнээр “хатаж хорчийсон” аав нь үе үе “Миний бие хаа байна? Надад юу тохиолдоо вэ? Надад юу болоод байгааг би ойлгохгүй байна. Миний бие хаана байна?” гэж орилдог болсон байна.
Түүнчлэн Наталья Усковагийн тэмдэглэлд, “Радио сонсон орондоо хэвтэж байхад гэнэт толгой минь хөөж томорсоор өрөөг дүүргэж, дэлбэрэх нь үү гэлтэй болж байна. Би ухаанаа алдаж байгаа юм болов уу?” хэмээн өөрөөсөө асуух аж.
Бөмбөгдөлт, өлсгөлөн, аймшгийн дараа ч гэсэн Ленинградын олон мянган хүн амьд үлдсэн билээ. Энэ нь Улаан арми хөлдүү Ладога нуурын дагуу нарийхан зурвас гаргаж, жаахан ч гэсэн хоол хүнс хот руу оруулж байсантай холбоотой юм. Үүний хажуугаар хүмүүс идэж болох бүх зүйлийг идэж байв. Арьсан бүсийг буцалгасаар нялцайсан зүйл болгож, цавууг шөл болгож, кофены шаараар гамбир хийж идэж байсан аж.
Болох юм болохоороо болж, тэнхэлтэй нэгнийх нь хувьд биеэ үнэлэх явдал гарч эхлэв. Эр эм гэлтгүй аль аль нь.
Эмэгтэй биеэ үнэлэгчдийг “бүслэлтийн эхнэрүүд”, “кафетерийн охид” хэмээн нэрлэх ба тэд идэх юмаар биеэ зарж байсан юм. Бусдыг бодвол өмссөн зүүсэн нь илүү, өлсгөлөнд арай бага нэрвэгдсэн эдгээр бүсгүйчүүд олон хүний дургүйцлийг төрүүлж байв. Иван Савинковын найзын бичсэнээр “Тэд ихэвчлэн залуу бүсгүйчүүд байлаа. Энэ өвөл хэвийн төрхөө хадгалж үлдсэн цорын ганц хүмүүс. Нэр төргүйгээр ч гэсэн хамаагүй амьд үлдэгсэд”.
Эрчүүд ч мөн адил биеэ үнэлнэ. Тэдний үйлчлүүлэгчид нь хүнс хуваарилдаг эмэгтэйчүүд. Хоол хүрэх холбоо гэдэг өндөр төвшний аристократууд гэсэн үг. Гэхдээ Савинков биеэ үнэлэх бодолгүй байв. “Нэг аяга шөлөөр худалдаад авчихна гэж бодож байгаа байх” хэмээн бичсэн байлаа.
Ямар ч үед өлсдөггүй өөр нэг бүлэг хүмүүс ч энэ бүслэлтийн үеэр байсан юм. Эдгээр нь нутгийн захиргааныхан, намын гишүүд байлаа. Хүмүүс мянга мянгаараа үхэж байхад намын гишүүн Николай Рибковский өдрийн тэмдэглэлдээ хэрхэн түрс, галуу, цацагт хяруул, гахайн мах зооглож байсан тухай бичсэн байна. Нэг удаа бүр хэт их идсэнээсээ болж эмнэлэгт хүртэл хүргэгдэж байсан аж. Гэсэн хэдий ч хүүрэнд дарагдсан эмнэлгүүдэд ажиллаж байсан эмч нарт удирдлагууд ямар ч хайр энэрэл үзүүлж байсангүй. Энэ асуудлыг шийдэж чадахгүй бол “хувьсгалын эсэргүү” хэмээх нэрийг авч, шоронд хатаадаг байв.
“Өөр гариг дээр өөр ертөнцөд” амьдарч байсан намын гишүүд үнэндээ өлсгөлөнгийн бодит байдлыг мэдэж байсан нь тодорхой. Тэр бүү хэл хүмүүсийн амьдралаа өгүүлэх тэмдэглэлүүдийг цуглуулж, хүмүүсээс ярилцлага авах ажлын хэсэг хүртэл гарган ажиллуулж байсан юм. “Ард иргэд аль болох их түүх авчрах хэрэгтэй” хэмээн зарлигдаж байлаа. Үүнийгээ дайны дараа дэлхий дахинд дэлгэн үзүүлж, хүмүүсийн зовлонг бусдад харуулах ёстой байсан юм.
Ингээд 1944 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бүслэлт дуусч, Ленинград хотыг “Баатар хот” цол болон Лениний одонгоор шагнасан байдаг. Харамсалтай нь 1949 оны үеэр Сталинд тус хотод үүсч буй эрх чөлөөт байдал таалагдаагүй ба хотын иргэдийн баатарлаг түүх нөгөө талаараа ЗХУ-ын аугаа удирдагч ард иргэдээ 2 жил хагасын турш аварч чадаагүйг давхар сануулж, түүний хүчийг султгаж байна гэж бодсон бололтой. Ийнхүү Сталин устгал хийх зарлиг гарган, бүслэлттэй холбоотой бүх материалыг цуглуулж, устгахыг нь устгасан байдаг. Материалуудыг цуглуулж байсан ажлын хэсгийн гишүүдийг Сталины агуу сүр хүчийг устгах суртал ухуулга хийсэн хэмээн ялласан юм.
СТАЛИНЫ ЗӨВЛӨЛТ ОРОСЫН АЙМШИГТ 10 ҮНЭН
Харин 1953 онд Сталиныг таалал төгссөний дараа байдал харьцангуй чөлөөтэй болсоор, өдгөө 70 гаруй жилийн дараа бид бодит үнэнийг мэдэх боломжтой болоод байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.