Арав.мн

Уучлаарай, дөрөвдүгээр сарын 1...

Уучлаарай, дөрөвдүгээр сарын 1...

Английн уран зохиолын эцэг гэгддэг Жэфри Чосер (1343-1400) алдарт “Кентерберийн үлгэрүүд” зохиолдоо олон түмнийг хуурсан нэгэн зарын тухай өгүүлсэн байдаг. Түүний бичсэнээр Английн II Ричард хаан Бохемийн Анна гүнжтэй 1381 оны тавдугаар сарын 2-нд хуримлахаар байсан ч хуримын зарыг тараагчид “гуравдугаар сарын 1-нээс 32 хоногийн дараа” гэхийг “гуравдугаар сарын 32-нд” хэмээн ташаа бичсэнээс олон нийт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хааны ордны гадаа цугласан байна. Хурим найр болохыг өдөржин хүлээсэн иргэд нар жаргах үед л хууртагдсанаа мэдсэн гэдэг.  Түүхчдийн үздэгээр энэ нь барууны орнуудад дөрөвдүгээр сарын тэнэгүүдийн өдөр, хуурах өдөр гэгддэг тэмдэглэлт өдрийн эхлэл байлаа. Өдгөө дэлхийн бараг бүх улсад тэмдэглэдэг энэ өдрөөр бусдыг хуурч тоглох “заншилтай”. Харин хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүрэх давуу эрхээ ашиглан түүхэн дэх хамгийн жигтэй, хамгийн олон хүнийг хуурсан наргиануудыг сэдэж иржээ. Тэдгээрээс хамгийн олон хүн хуурсан, хамгийн хөгжилтэй 10-ыг нь онцолж байна. 


10

Эхнэрээсээ өндөр Саркози

Британийн “The Sun” сонины 2008 оны дөрөвдүгээр сарын 1-ний дугаарт Францын Ерөнхийлөгч Николя Саркози бие сунгах мэс засалд орж, 10 гаруй см-ээр өндөр болно гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Мэдээнд “Супер модель эхнэрээсээ өндөр харагдах Саркозийн хүсэл ингэж нэг биелэх нь” гэж ёжлон бичсэн байлаа. Харин дараа өдөр нь “The Sun” сонины эрхлэгч уг мэдээг наргиан байсныг зарлаж, тэргүүн нүүрэндээ редакцийн зурвас хэвлүүлжээ. Зурвас нь “Уучлаарай, Ерөнхийлөгч өө, өчигдөр дөрөвдүгээр сарын 1 байлаа” гэсэн гарчигтай байв.


09

Солгой гартнуудын бургер

Түргэн хоолны “Бургер Кинг” сүлжээ зөвхөн солгой хүмүүст зориулж, онцгой бургер худалдаалж эхэллээ гэсэн мэдээ 1998 оны энэ өдөр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таржээ. Солгой гартнуудын бургерт сүмс, кетчуп зэрэг шингэн амтлагч, хачируудыг зүүн тийш 180 хэмийн хазгай хийсэн тул баруун тийш асгарахгүй хэмээн сонин хэвлэлийнхэн бичиж байв. Мэдээний мөрөөр хэдэн мянган хүн “Бургер Кинг”-д хандаж, шинэхэн бургерийг амталж үзэхийг хүссэн бол төдий тооны хүн “Зөв гартнуудын энгийн бургер авъя” гэсэн захиалга өгсөн гэдэг. 


08

Өнгө нь хувирдаг зурагт

Өнгөт зурагт тансаг хэрэглээний нэгд тооцогдож асан 1960-аад онд Шведийн төв телевиз үзэгчдээ санаанд оромгүйгээр хуурчээ. Тус телевизийн техникийн мэргэжилтнүүд 1962 оны энэ өдөр нийлэг материалаар зурагтаа бүтээхийг үзэгчдэдээ зөвлөж, шууд дамжуулах студийнх нь тоног төхөөрөмж шинэчлэгдсэн тул хар, цагаан зурагтын дэлгэц өнгө мэдрэгчтэй болсон гэж ухуулсан байна. Тэдэнд хууртагдсан шведчүүд эмэгтэй хүний шилэн оймсыг хэдэн мянгаар нь худалдаж авчээ.


07

Нессийг барьсан нь

Лок Нессийн учир битүүлэг араатан олон жилийн турш дөрөвдүгээр сарын 1-ний “баатар”-аар тодорч байв. Тийм явдлуудаас хамгийн дуулиантай нь 1972 оны энэ өдөр англичуудыг хуурсан “Амь тавьсан Несс нуурын мандалд хөвж явна” гэсэн сонины мэдээ байлаа. Энэ үеэр юу нь үл мэдэгдэх аварга амьтан Дадлийн амьтны хүрээлэнд хүргэгдлээ гэсэн цуу тарсан нь уншигчдыг дээрх хачирхалтай мэдээнд бүр ч итгэхэд хүргэжээ. Хуурамч мэдээллээс долоо хоногийн дараа нуурын эргээс олдсон мөнөөх учир битүүлэг амьтан далайн хав байсан нь илэрч, гайхсан олны эргэлзээг тайлсан байна.


06

“Эйфелийг зөөнө”

1986 оны дөрөвдүгээр сарын 1-нд Парисын төв хэвлэлд нийтлэгдсэн ийм гарчигтай мэдээ хэрэв үнэн байсан бол Францын нийслэл өдийд огт өөр өнгө төрхтэй байх байлаа. Дурлалын хотын гол бэлгэ тэмдэг болсон гайхамшигт Эйфелийн цамхагийг хотын зүүн захад орших Европын Диснейн хүрээлэнд байрлуулна гэж “Le Parisien” сонин мэдээлсний дараа Францын Дотоод хэргийн яаманд дөрвөн сая гаруй гомдол ирсэн гэдэг.


05

Дубайн жингүйдэгч хот

Арабын нэгдсэн Эмиратын “Булангийн мэдээ” сонинд 2004 оны энэ өдөр нийтлэгдсэн агаарт хөвөгч хотын тухай нэгэн хачирхалтай нийтлэл хэд хоногтоо л уншигчдыг төөрөгдүүлж, эрдэмтдийг талцуулжээ. Дубай хотын дээгүүр 200 гаруй метрийн өндөрт гелийгээр дүүргэсэн шилэн бөмбөлөгт байх уг хотод 250 мянга гаруй хүн амьдардаг, тэд жилд нэг л удаа газарддаг гэж тэрхүү нийтлэлд бичсэн байв. Жингүйдэгч хотын тухай яриа худал болох нь хоёр хоногийн дараа батлагдах хүртэл олон орны техник технологи сонирхогчид эл содон хотын талаар цахим сүлжээнд мэтгэлцжээ.


04

Сиднейд “айлчилсан” мөсөн уул

1978 оны энэ өдөр Сидней хотын боомтын уснаа, алдарт Дуурийн ордны хажууханд аварга том мөсөн уулын хэлтэрхий үзэгдэж, олон түмнийг гайхашруулжээ. Энэ нь угтаа бизнесмэн Дик Смит гэгч хүний  орон нутгийн радио сувгуудтай хуйвалдан сэдсэн хууран мэхлэлт байлаа. Тэрбээр Антарктидаас хөвж ирсэн мөсөн уулын хэлтэрхийг 10 центээр зарна, уг мөс нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн тул онцгой амттай, ямар ч ундаанд хийсэн гойд сэрүүн мэдрэмж төрүүлнэ гэхчлэн ярьж байв. Тэр дагуу олон ч хүн радио сувгуудтай холбогдож, мөс худалдаж авах хүсэлтээ илэрхийлжээ. Харин “мөсөн уул” боомт руу ойртож ирэхэд мөнөөх нь цагаан даавуугаар бүрсэн хөөсөнцөр болох нь илэрсэн байна. 


03

Шинэ Биг Бен

Дөрөвдүгээр сарын 1-нийг “сэдсэн”-ий хувьд англичууд гойд наргианч хүмүүс. Энэ нь үндэснийх нь мэдээллийн төв агентлаг, олон улсад нэр хүндтэй BBC-гээс хүртэл харагддаг. Мэргэжлийн өндөр түвшний, ихээхэн нухацтай, буурьтай байгууллага атлаа BBC шиг үзэгчдээ хуурдаг мэдээллийн агентлаг өөр бараг үгүй биз. Тус агентлагийнхан 1980 оны энэ өдөр урьд урьдынхаасаа ч хатуу тоглож, хэдэн сая хүнийг цухалдуулаад авчээ. Тэд алдарт Биг Бен цамхагийн цагийг Засгийн газар дижитал болгохоор шийдсэн тухай мэдээлж, BBC-гийн радио сувагт эхэлж холбогдсон хоёр сонсогчид Биг Бений “хуучин” цагийн хоёр зүүг дурсгана гэж хүртэл ярьжээ. Энэ нь өв уламжлалаа дээдэлдэг британичуудыг BBC рүү зогсоо зайгүй утас цохиход хүргэж, албаны хүмүүсийг хүртэл сандаргасан байна.


02

Нисдэг оцон шувуу

“Сахилгагүй” BBC-ийнхний сүүлийн үеийн наргиануудаас хамгийн олон хүнд хүрсэн, хамгийн зугаатай дэггүйтэл нь 2008 оны дөрөвдүгээр сарын 1-нд цахим сүлжээгээр тарсан нисдэг пингвиний бичлэг юм. Тус агентлагийн “Хувьслын гайхамшиг” нэвтрүүлгийн хөтлөгч сүргээрээ нисэх оцон шувуудын наана зогсож байгаад “Туйлын шувууд өвлийн ид хүйтнээр Өмнөд Америкт очиж биеэ ээдэг нь саяхан тогтоогджээ” гэж үнэмшилтэй нь аргагүй ярьжээ. Харин үнэн хэрэгтээ нисдэг оцон шувуудыг ч, ойр тойрных нь цас, мөстэй орчин, Өмнөд Америкийн ой ширэнгийг ч компьютер графикийн аргаар ердийн студид бүтээсэн байлаа. Тэр өдөр Google-ийн хайлтын системд тэргүүлсэн арван үгийн нэгээр “нисдэг оцон шувуу” гэсэн үг тодорсон нь энэхүү хууралт амжилттай болсныг гэрчилнэ.


01

Гоймонгийн мод

BBC-ийнхны хамгийн алдартай хууран мэхлэлт харин 1957 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тохиожээ. Мөн өдөр тус телевизийн “Панорама” хэмээх нэвтрүүлгээр Швейцарьт ургадаг шпагеттийн мод гэгчийг харуулж, үзэгчдийг ёстой л алмайруулж орхисон байна. Тэр үед Британийн найман сая гаруй өрх телевизтэй байсан гэхээр багаар бодоход 25 сая хүн энэ мэдээг үзсэн гэсэн үг. Мэдээж тэр олон хүн үүнд хууртагдаагүй ч дараа өдөр нь хэдэн мянган хүн BBC-д хандаж, гоймонгийн модыг яаж ургуулах талаар зөвлөгөө авахыг хүссэн гэдэг. Олон жилийн хойно, 2009 онд Америкийн CNN агентлаг уг явдлыг “хэвлэл  мэдээллийн нэр хүндтэй байгууллагаас сэдсэн хамгийн өвөрмөц, хамгийн том хууран мэхлэлт”-ээр тодруулжээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
89
+1
Хэ хэ
+3
Сонирхолтой сайхан мэдээ байна.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start