Арав.мн

Алдар цуутай 10 тагнуулч эмэгтэй

Алдар цуутай 10 тагнуулч эмэгтэй

2010 оны зургадугаар сарын 27-нд Америкийн тусгай албаныхан Нью-Йорк хотоос Оросын тагнуулч гэх 10 хүнийг баривчилсны дотор 28 настай залуухан орос эмэгтэй байсан нь Анна Чэпмэн юм. Тагнуулч туршуулаар ажиллаж, маш нууц мэдээ мэдээллийг ОХУ руу дамжуулдаг байсан нь тогтоогдсоны дараа буюу сарын дараа түүнийг тагнуулч солилцох гэрээгээр эх нутагт нь буцаасан билээ. Хэсэгтээ л шуугиан тарьж, хэвлэлийн баатар болсон түүнийг нэгэн үе орчин цагийн хамгийн алдартай тагнуулч эмэгтэйгээр нэрлэж байв. 


10

Анна Чэпмэн (Anna Chapman)

Төрөлх Орос нутагтаа Гал улаан үст хэмээгдсэн Анна Чэпмэн Волгоград хотод төрсөн, КГБ-ийн ажилтны охин юм. Тэрбээр 2001 онд Британийн иргэн Алекс Чэпмэнтэй гэрлэж, Орос, Их Британийн давхар иргэншилтэй болжээ. Харин гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтмэгц Америк руу нүүж, Манхэттений нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоо сүлбээ тогтоон Кремль рүү онц чухал мэдээлэл дамжуулж эхэлсэн байна. Анна Америкийн тусгай албаныханд баригдан, нутаг буцсаныхаа дараа ч нам гүм байсангүй. Оросын төр засгаас одон хүртэж, “Дэлхий ертөнцийн нууц” хэмээх нэвтрүүлэг хөтөлж, “Комсомольская правда” сонинд нийтлэл бичиж, “Максим” сэтгүүлийн нүүрэнд хүртэл зургаа авахуулжээ. Хэсэг чимээгүй байсан түүнийг 2012 онд Европын хаа нэгтээ Ерөнхийлөгч Барак Обамагийн нэгэн зөвлөхийг урхиндаа оруулах дөхсөн гэх мэдээлэл цацагдсан ч Америкийн тал үүнийг няцаасан байна. Хамгийн сүүлийн мэдээгээр тэрбээр 2015 онд хүүтэй болжээ.


09

Шарлотт де Саув (Charlotte de Sauve)

Францын язгууртан энэ эмэгтэй хожим IV Хенри нэрээр Францын хаан суусан Наваррын хааны олон амраг хүүхний нэг юм. Тэрбээр хатан эх Кэтрин де Медичийн үүсгэсэн Нисдэг бүлгийнхэн хэмээгдэх үзэсгэлэнтэй, залуу бүсгүйчүүдийн тагнуулчдын бүлгэмийн гишүүн байжээ. Хатан хаан Кэтрин авааль нөхрөө өөд болсны дараа хааны ордон дахь хүч нөлөөгөө алдахгүйн тулд ийм бүлгэм байгуулсан бөгөөд бүлгэмийн гишүүд төрийн хэрэгт ойр, нэр хүндтэй сайд түшмэд, сурвалжит язгууртнуудыг гоо сайхнаараа татан, заримынх нь бүр нууц амраг болж, хатан эхэд мэдээлэл дамжуулах үүрэгтэй байв. Хатан эхийн хамгийн итгэлт туршуул байсан Шарлотт де Саув 1574 онд хожим Наваррын төдийгүй Францын хатан хаанаар өргөгдсөн Маргарет де Валуагийн нууц амраг Жозеф Бонифас де Ла Молийг хөнөөх хуйвалдаанд оролцсон бол дараа жил нь хатан эх Кэтрин де Медичийн тушаал, түүний хүү III Хенри хааны ятгалгаар хааны дүү, хатан эхийн отгон хүү Алансоны гүн Франсуагийн сэтгэлийг татаж, өөртөө урвуулж дөнгөжээ. Энэ нь Наваррын хаан, Алансоны гүн хоёрыг хожим холбоотон болгохгүй гэсэн далд зорилготой байлаа. Уг явдлын дараа Шарлотт де Саувын нэр түүхийн ном сударт дурдагдалгүй байсаар 1599 онтой золгожээ. Мөн онд хуучин нууц амраг IV Хенри хааны авааль хатнаасаа гэрлэлтээ цуцлуулах шүүх хуралдаанд гэрчээр дуудагдан оролцсон тэрбээр 1617 онд 66 насандаа таалал төгссөн байна.


08

Мануела Саэнз (Manuela Sáenz)

Латин Америкийн орнуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийн гол баатар, Венесуэлийн хувьсгалч Симон Боливар бүр амьд ахуйдаа л El Libertador буюу Чөлөөлөгч хэмээн өргөмжлөгдсөн билээ. Харин түүний Libertadora del Libertador буюу Чөлөөлөгчийн чөлөөлөгч хэмээн нэрийдсэн баатар эмэгтэй нь Мануела Саэнз байжээ. Хожим Боливарын амраг бүсгүй байснаараа илүүтэй танигдсан ч энэ эмэгтэй үнэн хэрэгтээ нэрт хувьсгалчтай танилцахаасаа ч өмнө хувьсгалын үйл хэрэг, улс нийгмийн амьдралд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Мануела Саэнз авааль нөхөр, Английн худалдаачин Жеймс Торнийн хамт Испаниас Перуд томилогдсон Дээд захирагч Хосе де ла Серна и Хинохосаг суудлаас нь түлхэн унагах 1819 оны нууц хуйвалдаанд гар бие оролцсон гэх бөгөөд 1822 онд Симон Боливартай танилцаж, 1830 онд өөд болох хүртэл нь түүнтэй ойр дотно явжээ. Их хувьсгалчийг 1828 онд Богота хотоос зугтахад нь тусалсан гол хүн нь чухам Мануела Саэнз юм. Тэрбээр хувьсгалчдын хооронд мэдээлэл дамжуулагч гол туршуул байсан бөгөөд Боливарыг нас барсны дараа эхлээд Ямайк руу, дараа нь Эквадор, Перу руу цөллөгдөн, ядуу тарчигхан амь зууж байгаад Перугийн баруун хязгаарын Пайта сууринд 1856 онд өөд болжээ. Зуу илүү жил мартагдсан түүнийг Венесуэлийн төр засаг 2010 онд зохих ёсоор үнэлэн төрт ёсны оршуулгыг нь ёслол төгөлдөр гүйцэтгэсэн бол төрөлх нутаг Эквадор нь түүнд бэлгэдлийн Генерал цол нөхөн олгожээ. 


07

Этель Розенберг (Ethel Rosenberg)

Этель Розенберг нөхөр Юлиусийн хамт цөмийн хөтөлбөрийн нууц мэдээ мэдээллийг ЗХУ-д дамжуулсан хэргээр цаазлагдсан АНУ-ын иргэн юм. Этель нөхөртэйгөө 1936 онд Бүх Америкийн залуу коммунистуудын чуулганаар танилцжээ. Юлиус Розенберг 1942 оноос КГБ-тэй харилцаатай болж, Зөвлөлтийн талд үнэнч мэдээлэгч хэмээн үнэлэгдээд зогсохгүй олон ч америк хүнийг коммунист үйл хэрэгт татан оролцуулсан байна. Харин ЗХУ 1949 онд цөмийн зэвсэг туршсаны дараа л Америкийн албаныхан Розенбергийнхны үзэл баримтлал улс орных нь аюулгүй байдалд ноцтой болохыг мэджээ. Этель Розенбергийг нөхрийнх нь хамт 1951 онд шүүж эхэлсэн байдаг. Хоёр жил үргэлжилсэн шүүх ажиллагааны эцэст Розенбергийнхнийг эх орноосоо урвасан хэргээр 1953 онд “Синг Синг” гянданд цахилгаан сандалд хороосон байна. Энэ нь тагнуулын хэргээр энгийн иргэд цаазлагдсан АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол юм. Этелийн цахилгаан сандалд суугаа гэрэл зураг хожим ихэд түгсэн билээ.


06

Кристина Скарбек (Krystyna Skarbek)

1940 онд Британийн тусгай албанд элсэж, дайны дараа 1946 онд тус улсын иргэн болсон энэхүү сурвалжит гаралтай польш эмэгтэй нацист Германд эзлэгдсэн Польш, Францын нутаг дахь бослого тэмцэлд гар бие оролцон, дайны үйл хэрэгт түүхэн гавьяа байгуулсан бүсгүйчүүдийн нэг юм. Тэрбээр мөн дайны жилүүдэд Британийн тусгай албанд хамгийн удаан ажилласан эмэгтэйчүүдийн нэг аж. Дайн эхлэх үед Унгарын нутагт байсан тэрбээр Польшийн уулын цаначин Иан Марусажийг даган Татры уулыг -30 хэмийн хүйтэнд даван төрөлх Польш нутагтаа иржээ. Тэрбээр бага насны хүүхдүүдэд франц хэл зааж байсан ээжийгээ Польшоос гаргахыг оролдсон ч ээж нь сурагчдаа орхихгүй гэснээр германчуудын гарт амь үрэгдсэн байна. Кристина Скарбек удалгүй Британийн талд мэдээлэгч болж, польш цэргүүдийг тухайн үед төвийг сахиж байсан Югославын нутаг руу сэм гаргах ажлыг гардан гүйцэтгэж байгаад 1941 онд нацистуудад баригджээ. Гэсэн ч германчуудын гараас мултарч дөнгөсөн бөгөөд хэлээ хазаж, цусаар ханиан “үзүүлсэн” түүнийг дайснууд нь сүрьеэтэй хэмээн сулласан байна. Скарбек удалгүй Унгараас зугтан Англид хүрч, тэндээсээ Францын өмнөд хэсэгт 1944 онд томилогдон ажиллажээ. Дайны эхэн үед нацистуудын ЗХУ руу халдах Барбаросса төлөвлөгөөний талаар анх барууныханд дуулгасан тэрбээр дайны сүүлчээр Францын босогч, Италийн тэмцэгчид хоорондын дунд гол холбогч нь болж, Германы нэн чухал гарнизонуудыг татан буугдахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Кристина Скарбек дайны дараа Британийн төр засгаас эр зоригийн Жоржийн одонгоор шагнуулсан байдаг. Харамсалтай нь, тэрбээр 1952 онд Лондон хотын Шельбурн зочид буудалд Деннис Малдовни хэмээх этгээдийн гарт амиа алджээ. Гэмт этгээд Скарбекийн ажилд ороод удаагүй байсан зорчигч тээврийн хөлөг онгоцны ажилтан байсан агаад өөрийг нь тоогоогүйд хорсон бүсгүйг хутгалж хөнөөснөө хүлээсэн байна. Сонирхуулахад, Жеймс Бонд цувралын 21 дэх кино “Casino Royale”-ийн тагнуулч эмэгтэйн дүрийг (Ева Гриний бүтээсэн) Скарбекээс санаа авч бүтээсэн гэдэг. 


05

Виржиния Холл (Virginia Hall)

“Доголон хатагтай” гэгдэж асан энэ эмэгтэй өрөөсөн хөл нь хиймэл нэгэн байв. Нацистуудыг Франц руу довтлох үед эмнэлгийн түргэн тусламжийн тэрэгний жолоочоор ажиллаж байсан тэрбээр Мэрилэндэд мэндэлсэн, Америкийн иргэн авч их сургуульд франц, герман, итали хэл үзэж, ихэд “европжсон”, 1931 онд Польш дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажилд орсон дипломат ажилтан байлаа. Тэрбээр 1932 онд Туркт ан хийж явахдаа хөл рүүгээ санаандгүй буу алдаж, хөлөө тайруулжээ. Гэсэн ч энэ нь түүнийг дайн эхлэх үед Английн тусгай албанд сайн дураар нэгдэж, Лондонд ажиллахад нь саад болсонгүй. Виржиния Холл дайн эхэлмэгц америк сурвалжлагчийн хувиар зэвсэгт босогчдыг цуглуулж, заримыг нь удирдан зохион байгуулах болжээ. 1942 он гэхэд германчууд түүнийг аль хэдийн Холбоотны хүчний хамгийн аюултай тагнуулчийн тоонд оруулаад байв. Иймд доголж явдаг онцгой шинж тэмдэгтэй, амархан баригдах магадлалтай түүнийг америкчууд хамгаалалтандаа авч, 1944 онд Францын нутаг руу нууцаар нэвтрүүлжээ. Түүнийг Францын нутагт шүхрээр буухад хиймэл хөл нь үүргэвчинд нь байсан гэдэг. Виржиния Холл газрын зураг гаргах, франц босогчдын дунд мэдээлэл дамжуулах,  англи болон францчуудын дунд гүүр болох зэрэг чухал албанд зүтгэж, 1944 оны зургадугаар сарын 6-нд Холбоотны хүчний Нормандын эрэгт газардсан түүхэн явдлыг өрнөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр дайны дараа буюу 1951 онд Францын тусгай албаны ажилтантай гэрлэж, тус улсын хэрэг эрхэлсэн Америкийн Тагнуулын төв газрын тусгай хэлтэст ажиллаж байгаад 1966 онд чөлөөндөө гарч, 1982 онд 76 настайдаа төрөлх Мэрилэнддээ таалал төгсчээ. 


04

Вайолет Сабо (Violette Szabo)

Дэлхийн II дайны үед Британийн тагнуулчаар ажиллаж байсан Вайолет франц ээж, англи аавтай ч Лондонд өсөж, тухайн цагтаа шилдэгт тооцогдож байсан Брикстоны их сургуульд суралцсаны хувьд эцэг эхээсээ ч илүү Британид элэгтэй, эх оронч нэгэн болж хүмүүжжээ. Дайн эхлэх үед Брикстон хотын үнэртний дэлгүүрт ажиллаж байсан тэрбээр унгар гаралтай Этиень Сабо хэмээх франц офицертэй танилцан 1940 оны наймдугаар сард хуримласан байна. Тэр үед Вайолет 19-тэй, харин Этиень 31 настай байлаа. Вайолет удалгүй охин төрүүлсэн ч эр нөхрөөсөө хагацжээ. Нөхрөө дайнд алдсан нь Британийн тусгай албанд нэгдээд удаагүй байсан түүнийг тагнуулын үйл хэрэгт эргэлт буцалтгүй оруулсан гэдэг. Холбоотны хүчин Вайолетын франц хэлний төгс мэдлэгийг ашиглан Франц, Германы хоорондох мэдээллийн долгионыг тандуулдаг байж. Хожим Германы бүслэлтэд байсан Франц оронд Холбоотны хүчний үйл ажиллагааг өргөжүүлэхэд ч тэрбээр их хувь нэмэр оруулсан юм. Харамсалтай нь, 1944 оны зургадугаар сарын 10-нд нэгэн нууц ажиллагааны үеэр төв Францын нутагт герман цэргүүдтэй таарч гэнэ алдан баригдсан нь Вайолетыг үхэлд хүргэжээ. Германчууд түүнийг эрүүдэн шүүж, хэдэн сарын турш тамлан зовоосны эцэст 1945 оны хоёрдугаар сарын 5-нд Равенсбрюкийн хорих лагерьт цаазалжээ. Вайолет 23-хан настай байв.


03

Лиу Хюлань (Liu Hulan)

Хятадын иргэний дайны үед Коммунист намд хүчин зүтгэж байсан Лиу Хюлань Шаньси мужийн Вэньшуи тойргийн Юүншоуси тосгонд 1932 онд төржээ. Тэрбээр 13 настайдаа Коммунист намд элсэж, удалгүй Ардын чөлөөлөх армийн эмэгтэйчүүдийн туслах салаанд нэгдсэн байна. Армийн наймдугаар салаанд хүнс хүргэх, цэрэг эрсийн хувцас хунарыг оёх, онц мэдээ мэдээлэл дамжуулах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэж байсан Хюлань охин орон нутгийнхаа хамгийн идэвхтэй намын залуу гишүүний нэг байлаа. 1947 оны нэгдүгээр сарын 12-нд Гоминьданы арми Юүншоуси тосгоныг эзэлж Коммунист намын гишүүн, тагнуулч гэх хүн бүрийг барьж, хөнөөж эхэлжээ. Нууц мэдээлэл дамжуулж байсан гэгдэн Хюланийг олны нүдэн дээр цаазлах болоход Гоминьданыхан түүнд өршөөл эрэх сүүлийн боломж олгосон гэдэг. Гэвч Хюлань үзэл бодлоосоо няцахгүй гэснээр 14-хөн настайдаа цаазлагдсан байна. Тэрбээр эр зоригоороо ард түмний дунд домог мэт яригдсаар орчин цагийн Хятадын түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болжээ.


02

Нурь Инаят Хан (Noor Inayat Khan)

1944 оны есдүгээр сарын 13-нд Дахаугийн хорих лагерьт нацист германчуудын гарт 30-хан настай нэгэн энэтхэг эмэгтэй амиа алдсан нь Нурь Инаят Хан байлаа. Өрнийн орнуудад Нора Бейкер нэрээр танигдсан тэрбээр Британийн тагнуулч бөгөөд германчуудад эзлэгдсэн Парист радиогийн мэдээлэл дамжуулагчаар ажилласан анхны эмэгтэй юм. Москвад төрж, Лондон, Парист өссөн Нурь XVIII зууны үед Өмнөд Энэтхэгийн багагүй хэсгийг захирч байсан ханхүү Типү Султаны үр удам юм. Түүний аав Назрат Инаят Хан алдартай дуучин, хөгжимчин байжээ. Дэлхийн II дайн эхлэх үеэр ээж, дүү нарынхаа хамт Парист амьдарч байсан Нурь гэр бүлийнхнээ аван Лондон руу дүрвэсэн байна. Гэвч германчуудын эзлэн түрэмгийллийг удаан тэвчсэнгүй, Британийн армид нэгдэж туршуул болоход мэргэшжээ. Британи, Францын талд хүчин зүтгэж асан хамгийн чадварлаг гурван эмэгтэй тагнуулчийн нэг байсан Нурь 1943 оны аравдугаар сард илчлэгджээ. Зодуулж, хэдэн өдрөөр унд хоолгүй зүдэрч, олон cap гав, дөнгөтэй тарчилсан ч Нурь германчуудад нэг ч үг алдаагүй гэдэг. Бүр жинхэнэ нэрээ ч хэлээгүй байна. Толгой руу нь буудахаас өмнө Нурь “Liberte” буюу “Эрх чөлөө” хэмээн хашхирчээ. Түүнд зориулсан дурсгалын хөшөө өдгөө Лондоны Гордоны талбайд бий. Энэ нь Британийн нутаг дахь ази төдийгүй исламын шашинт эмэгтэйд зориулсан анхны хөшөө юм.


01

Maтa Хари (Mata Hari)

Нидерланд гаралтай энэ эмэгтэй түүхчдийн тэмдэглэдгээр “эр хүн бүрийн хүсэл шунал, эмэгтэй хүн бүрийн атаач харцан дор” өсчээ. 1876 онд Нидерландад төрсөн Мата Харийн жинхэнэ нэр нь Маргарета Гертруида Зелла Маклеод юм. Тэрбээр өөрийгөө энэтхэг бүжигчин гэж бусдад танилцуулдаг байсан ч дорнын бүжиг бүжиж, өвөрмөц өмсгөл, зүүсгэл сэлтээр гоёдог байсан нь үнэн хэрэгтээ Индонезид амьдарч байсантай нь холбоотой байлаа. Хожим Парист алдаршиж, цаг үеийнхээ Европын хамгийн хүчирхэг эрчүүдийг гоо үзэсгэлэн, арга мэхээрээ татсан Мата Хари Нидерландын иргэний хувьд олон орноор чөлөөтэй зорчих эрхтэй байв. Учир нь тус улс дэлхийн дайнд төвийг сахисан үзэлтэй байлаа. Гэвч чөлөөтэй аялж, олон эрийн дунд мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан нь хожим тагнуулч гэгдэн баригдахад хүргэжээ. Мата Хари германчуудын явуулгаар Францын эсрэг тагнуул хийсэн хэргээр 1917 онд яллагдсан юм. Түүнийг мөн оны аравдугаар сарын 15-нд буудан хороожээ. Орчин цагийн түүхчид Мата Харийг Францын даалгавраар Германд мөн тагнуул хийж байсан гэж үздэг бол зарим судлаач огт тагнуулч байгаагүй, ердөө хэлмэгдсэн гэж үздэг байна. Мата Хари ялын тогтоол гүйцэтгэгчийг буугаа цэнэглэсний дараа буюу амьсгал хураахынхаа өмнөхөн “Би завхай зайдан байж болно. Гэхдээ урвагч биш” гэж хэлсэн гэх нотлогдоогүй түүх бий.   


8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start