Цагаан алттай холбоотой түүхэн 10 баримт
Дундад зууны европчуудыг хэдэн мянган хөлөг онгоц бүтээлгэж, дөрвөн зүг, найман зовхис руу холын аянд мордуулсан, Африкийн 12 сая хүнийг орон гэр, эх нутгаас нь хагацааж, дэлхийн өнцөг булан бүрт тараасан гол шалтгаан нь англичуудын цагаан алт хэмээн нэрлэсэн элсэн чихрийн худалдаа, үйлдвэрлэл байлаа. Дэлхийн түүхийг өөрчилсөн гол хүнсний бүтээгдэхүүний нэг цагаан алттай холбоотой 10 баримтыг хүргэе.
10
Чихрийн нишингэ Америк тивийн “уугуул” биш
Өдгөө Бразил улс нишингэ тариалалтаараа дэлхийд тэргүүлдэг. Харин Америкийн эх газрын зэрлэг байгальд эл тариа огт ургадаггүй байв. Төрөлх нутаг нь Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Ази болох чихрийн нишингэ 1492 онд өнөөгийн Доминиканы Бүгд найрамдах улсын нутагт хүрсэн Кристофер Колумбын хамт анх Шинэ ертөнцөд очжээ. Халуун орны уур амьсгалд ургац сайтай байсан тул Америкийн шинэ оршин суугчдын дунд чихрийн нишингийг амин зуулгаа болгох хүний тоо хурдацтай өссөн байна.
09
Анхны үйлдвэрлэгчид нь энэтхэгчүүд
Чихрийн нишингийг анхлан боловсруулж, элсэн чихэр гаргаж авсан хүмүүс нь энэтхэгчүүд юм. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр МЭ 500-гаад онд одоогийн Энэтхэгийн нутагт элсэн чихрийг гаргаж авсан гэх бөгөөд хожим Хятад, Ойрх Дорнодод чихрийн үйлдвэрлэл илүү өргөжин тэлж, чихэр ч хосгүй үнэтэй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болжээ. Элсэн чихрийн тухай тэмдэглэсэн хамгийн эртний бичгийн сурвалж ч Энэтхэгт хамаарна. МЭӨ 400-350 оны үед бичигдсэн “Махабася” нэрт сударт “саркара” хэмээгдэх чихрийг анх дурдсан байна.
Өрнө дахины элсэн чихэртэй анх танилцсан түүх МЭӨ 327 оны үед хамаарна. Македоны аугаа Александр хаан мөн онд Энэтхэгт хүрч, онцгой чихэрлэг зүйл амсаж үзсэнээ “нунтаг зөгийн бал” хэмээн нэрийдэж, нутаг буцахдаа авч явжээ. Гэхдээ тэр үед энэтхэг амттан тэгтэл түгэн дэлгэрч, танигдаж чадаагүй байна. Хожим дэлхий дахинд тарахдаа харин энэтхэг гарвалиа хадгалж, санскрит хэлний саркара гэх нэр суккар, зукеро, азукар, сукре, сахар, чихэр зэргээр уг хэлбэрээ алдалгүй дэлгэрчээ.
07
Доминиканаас эхэлсэн аялал
Испанийн колоничлогчид Кристофер Колумбын Доминикан дахь тариалангийн талбайгаас авчирсан үрээ Карибын тэнгис дэх эзэмшил газрууддаа тараажээ. Харин португалчууд XVI зууны сүүлчээр чихрийн нишингийн үрийг Бразилд авчирснаар чихэрлэг тариа Барбадос, Гаити зэрэг Британи, Голланд, Францын эзэмшил газруудад тархсан байна. Энэ нь хөгшин Европ хөлжихийн, хар тивийнхэн зовж зүдрэхийн эхлэл байлаа.
Өдрөөс өдөрт хүрээгээ тэлсэн тариалангийн талбайд ажиллах хүн хүч дутагдахыг Америк нутгийн шинэ эзэд удалгүй ойлгож харь өөр ертөнцөөс боол авчрах "мэргэн" санаа олов. Боолуудыг тээсэн анхны хөлөг 1505 онд Америкийн эрэгт хүрсэн бөгөөд өнгөт арьстнуудын энэ урсгал дараагийн 300 гаруй жилд нь тасралтгүй үргэлжилжээ. Боолуудын дийлэнхийг португалчуудын зааны яс, халуун ногоо болон бусад бараа бүтээгдэхүүнээ цуглуулдаг байсан баруун Африкаас авчирдаг байв. Эл харгислал сая сая хүнийг үхэл, хагацал, тамлага тарчлага руу түлхсэн ч ихэнх европчуудын хувьд ердөө л худалдаа, аж ахуйнх нь салшгүй хэсэг байлаа.
Чихрийн үйлдвэрлэлээс үүдсэн боолчлолыг түүхэнд Худалдааны гурвалжин хэмээдэг. Африкаас шинэ ертөнц рүү аваачсан боолуудын үнэлэгдээ нь үгүй хөдөлмөрөөс олсон ашгийг Европын нийслэлүүдэд аваачин борлуулж, орлогоороо Африкаас илүү олон боол авчрахыг ийн нэрлэдэг байв. XIX зууны дунд үе гэхэд 10 сая гаруй африкчууд хүчинд автан шинэ ертөнцөд боол болжээ. Боолчлол цэцэглэсэн гурван зууны турш элсэн чихэр Европын эдийн засгийг хөдөлгөгч гурав дахь гол бүтээгдэхүүн байлаа. Цагийн эрхээр техник технологи хөгжиж элсэн чихрийн найрлага, орцтой түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний тоо өссөн тул Сейнт Китсээс Ямайк хүртэлх газар нутагт чихрийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бэл бэнчин хэдэн саяар тоологдох болов. Элсэн чихрийн гол нийлүүлэгч тэдгээр эзэмшил газрууд, ялангуяа Британи, Францын мэдэлд байсан газрууд 1700-гаад онд хойд, өмнөд Америкийн газрын зургийг өөрчилсөн юм.
Наполеоны дайны жилүүдэд буюу XIX зууны эхээр Франц орон тэнгисийн худалдааны хоригоос болж элсэн чихрийн гол нийлүүлэгчдээ алджээ. Энэ нь анхандаа ихээхэн хохиролтой байсан ч Европын дотоодын чихрийн үйлдвэрлэлийн суурийг тавьсан түүхтэй. Тэр хүртэл ашиглагддаггүй шахам байсан чихрийн манжин энэхүү шинэ үйлдвэрлэлийн гол түүхий эд болжээ. Аз туршсан уг үйлдэл харин амжилттай болж, удсан ч үгүй францчууд хангалттай элсэн чихэртэй болсон агаад Наполеоны дайны дараа Европ дахин хэрэглээний нийт элсэн чихрийнхээ 30 хувийг дотооддоо үйлдвэрлэх болсон нь Францын дээрх үйлдвэрлэлийн үр шим байлаа.
03
Эмчилгээнд хэрэглэж ирсэн түүх
Элсэн чихрийг эмчилгээнд хэрэглэж байсан тухай хамгийн эртний бичгийн сурвалж IX зууны үеийн Иракт хамаарна. Тэр үед элсэн чихрийг олон төрлийн жимс, халуун ногоотой холин эмчилгээнд хэрэглэж байжээ. Энэ уламжлал олон зууны дараа Британид хүртэл хадгалагдаж байв. XVIII зууны үеийн англи эмч нарын жоронд сайтар нунтагласан элсэн чихрийг бараг бүх өвчнийг анагаах эм бэлдмэлд ашиглах тухай тэмдэглэсэн байлаа. Тэр бүү хэл өвчилсөн нүдэнд хүртэл шууд цацахыг зөвлөдөг байжээ.
02
Нэгэн үе халуун ногоонд тооцогдож байв
Элсэн чихэр анх XII зуунд Англид хүрчээ. Тэр үед элсэн чихрийг цагаан гаа, шанцай, нунтаг чинжүү зэргийн хамт халуун ногооны ангилалд багтааж байж. Мөн ховор бараа байсан тул зөвхөн ихэс дээдсийн хэрэглээ гэгдэж байв. 1558-1603 онд төр барьсан Английн их хатан анхдугаар Элизабет бүх идээ, ундаандаа, бүр махтай хоолондоо хүртэл чихэр хольдог байсан гэх бөгөөд түүнээсээ болж 30-аадхан насандаа хорхой идсэн, хав хар шүдтэй болжээ.
01
Америкийг тусгаар тогтноход хүргэсэн нь
АНУ-ыг Их Британийн хаант улсаас өрх тусгаарлахад хүргэсэн олон хүчин зүйл бий. Гэвч колони нутгийн эздийг Британийн төрийн эсрэг анхлан нэгтгэж, зэвсэглэн босоход хүргэсэн явдал нь 1764 оны наймдугаар сарын 5-ны өдөр Их Британийн парламентаас баталсан Элсэн чихрийн хэмээгдэх хууль байлаа. Эдийн засгийн нөхцөл байдал нэн хүндэрсэн үед батлагдсан эл хууль Америк дахь 13 колонийн худалдаачдад гадаадын бус, зөвхөн Английн бараа бүтээгдэхүүн худалдахыг зорьсон, гадаадын бараг бүх чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмсэн тогтоомж байжээ. Элсэн чихрийн тухай хуулийг батлагдсаны дараахан Бостоны худалдаачид эсэргүүцлээ илэрхийлэн, Британийн арлуудаас ямар ч бараа оруулж ирэхгүй хэмээн шийдсэн бол Рөүд-Айлендэд олныг хамарсан үймээн самуун дэгджээ. Энэ мэт эсэргүүцэл, тэмцлээс болж дээрх хуулийг 1766 онд цуцалсан ч тэр үед Америк дахь колонийн эздийн санаа бодол аль хэдийн Лондонд суугаа ихэс дээдсийнхээ эсрэг чиглээд байлаа.
Харин Америкийн тусгаар тогтнолын төлөөх хувьсгал нэгэнт эхэлсний хойно Британийн эзэнт гүрэн нишингийн үйлдвэрлэл хөгжсөн арлуудаа хамгаалсаар Америк дахь 13 колонио алдсан гэж үзэх түүхчид бий.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.