Хойд Солонгосын хорих лагерийн тухай аймшигтай 10 баримт
БНАСАУ-д гэмт хэрэг үйлдсэн, эсвэл эрх баригчид болон төр засгийнхаа эсрэг үг хэлсэн хэнийг ч болов хорих лагерь руу илгээдэг. Хоригдлууд маш хүнд нөхцөлд албадан хөдөлмөр эрхлэх ёстой бөгөөд жижиг асуудал гаргасан ч хамаагүй хоолгүй өлсгөж, зодож нүддэг гэдэг. Аушвицын хорих лагериас амьд үлдсэн хүн энэ талаар сонссоныхоо дараа Хойд Солонгосын хөдөлмөрийн лагериуд Нацист Германы хорих лагериудтай ижил, магадгүй бүр илүү аймшигтай юм байна хэмээн хэлсэн байдаг. Харин НҮБ-ын зүгээс энэ лагериудыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг гэж зарлаад байгаа юм. Гэвч тэдний бодит үнэнийг ганцхан тэнд байсан хүмүүс л хэлж чаддаг. Энэ жагсаалтанд буй 10 хүн бүгд хорих лагерьт амьдралынхаа нэгээхэн хэсгийг өнгөрүүлж, аймшигт үйл явдлын гэрч болсон хүмүүс юм.
Жон Гуан-ил наймаачин байсан ба Өмнөд Солонгос болон Хятадуудтай арилжаа хийдэг нэгэн байлаа. Гэвч энэ нь Хойд Солонгосын хуулиар дайснуудтай холбоо тогтоосон гэмт хэрэг байв. Түүнийг баривчилж, дайсны тагнуулч хэмээн яллан хорих лагерь руу илгээсэн байна. Мөрдөгчид Жонг яргалан тамлаж, гэмт хэргээ хүлээхийг шаарддаг байжээ. Бүх шүдээ хугартал зодуулсан Жоны толгойныхоо ард авсан шарх нь одоо том сорви болон үлджээ.
Жонг “тагтаа тамлалт” гэх хэрцгий аргаар яргалдаг байв. Энэ арга нь яллагдагчийн гарыг нь ард нь гавлаж, хөлийг нь газраас хөндийртөл гавнаас нь дүүжилдэг юм. Зарим тохиолдолд энэ байрлалд Жон хэдэн өдрийг өнгөрөөдөг байсан ба маш их өвддөг байсан тул “нэг мөсөн үхчихвэл амар” гэх бодол байнга толгойд нь эргэлддэг байсан аж. Нийт 10 сарын турш яргалуулсаны эцэст Жон өөрт нь тохсон хилс хэрэгт гэм буруутай хэмээн мэдүүлэг өгсөн байна.
Үүний дараа түүнийг улсын хамгийн том хорих лагерь болох 50 мянга орчим хоригдолтой Ёодок шорон руу илгээжээ. Шоронгийн хаалган дээр “Хайрт удирдагч Ким Жон Илийн хувьсгалт манлайллыг хамгаалахын төлөө амь насаа золиослоё!” гэх лоозон шинээр ирэгсдийг угтана.
Хорих лагерийн онц хүнд нөхцлөөс болж олон хүн амиа алдсан билээ. Хоригдлууд өглөө 5 цагт босч, буудай, буурцагтай нэг аяга цагаан будаа идээд ажилдаа гардаг байна. Хавар цагт хоригдлууд тариан талбай дээр ажиллах ба өдөрт 1,170 м2 талбайг дуусгах нормтой байжээ. Үүндээ хүрэхгүй бол идэх хоолыг нь багасгадаг аж. Өвлийн цаг бүр хэцүү. Хоригдлууд 4 метр урт гуалингуудыг 3 километр газарт өргөн зөөдөг байв. Энэ хугацаанд олон хүн ослын улмаас амиа алддаг байсан бол гэмтэж бэртсэн хүмүүсийг хөдөлмөрийн чадвараа алдсан тул хоол өгөхгүй байсаар өлсгөн алдаг.
Жон шоронд гурван жилийг өнгөрүүлсэн ба нэг өдөр ахлах харгалзагч түүнийг хилс хэргээр ялласан байна хэмээн үзэж, сулласан байна. Гэртээ ирэх үед гэр нь байхгүй болж, гэр бүлийнхэн нь ч алга болсон байгааг мэдсэн Жон сарын дотор Өмнөд Солонгос руу зугтсан юм.
Пак Жи Юүний аав нь өвчтэй байсан ба гэр бүлээ Хойд Солонгосоос гар хэмээн гуйжээ. Ээж нь хилийн цэргүүдэд хахууль өгч, завинд суун БНХАУ-ыг зорив. Хятадад сайн ажил олж өгнө гэсэн сургаар явсан тэрбээр 5000 юаниар архичин тариачинд худалдагдсан байлаа. Гэтэл Пак тариачны гэрт өдөрт 16 цаг ажилладаг боол болон хувирсан байв. Чол нэртэй хүү нь л түүний ганц жаргал байсан гэдэг.
Бүсгүйг Хятадаас баривчлан, Хойд Солонгос руу илгээх үед Чол ердөө таван настай байжээ. Пакийг “хэлэхийн аргагүй аймшигтай нөхцөлд амьтад шиг ажиллуулдаг” хөдөлмөрийн лагерьт аваачив. Хоригдлууд ой модыг цэвэрлэж, тариан талбайг бэлддэг байв. Тэдэнд гутал өгдөггүй байсан тул хөл нь цэврүүтэж, цэврүү нь чулуун дээр хагаран, маш хүнд нөхцөлд ажиллах шаардлагатай байдаг байжээ. Шарх нь идээлж, сүүлдээ хөл нь үхжиж эхэлсэн байна.
Пакийг харгалзагчид “энд үхсэнээс шоронгийн гадаа үх” хэмээн суллан явуулахад тэрбээр шархаа бага багаар эдгээсээр доголсон ч гэсэн алхаж чаддаг болж, Хятад руу зугтаж чаджээ. Хятадад боол хэвээр үлдсэн хүүгээ олж, мөн Хойд Солонгосоос зугтсан нэгэн залууд дурлав. Тэдэнд Их Британи улсад орогнох зөвшөөрөл ирж, өдгөө аз жаргалтай амьдарч байгаа юм.
Кан Чёл Хуаны өвөө ард түмний эсэргүү, урвагч хэмээн яллагдаж, гэр бүлийнхээ хамтаар хорих лагерьт иржээ. Кан тухайн үед ердөө 10 настай байв. Тэнд очсон даруйдаа анзаарсан зүйл нь гуйлгачдаас ч муухай харагдах яс арьс болтлоо турсан хүүхдүүд байсан гэдэг.
Канг тэр даруй хүнд ажилд дайчилжээ. Мөрөн дээрээ том мод үүрээд өдөрт олон километр замыг туулдаг байв. Хэрэв хийх ёстой ажлаа хийж чадахгүй бол ажлыг багийн бусад гишүүдээс сонгон муу ажиллаж байгаа хүнийг зодуулдаг байжээ. Хоригдлууд харгалзагчийн тушаалыг биелүүлэхгүй байх боломжгүй байв. Тэгсэн хүнийг шорон доторх шоронд хорино. Тэднийг хүйтэн шавартай усанд зургаан сарын турш суулгадаг жижигхэн камерт хийнэ. Эндээс амьд үлдэх хүн бараг байгаагүй гэдэг.
Каныг хоригдох хугацаанд хоёр цэрэг зугтсан ч баригдаж, дүүжлүүлжээ. Мянга мянган хоригдлыг жагсаан, үхсэн цэргүүдийн хажуугаар алхуулж, “Ард түмнээс урвагч сөнөтүгэй!” хэмээн хашгирч, цогцсууд руу чулуу шидэхийг тушааж байсан гэдэг. Чулуу шидээгүй хүмүүсийг харгалзагч нар зодно.
Каны гэр бүлийг 10 жилийн дараа суллажээ. Үүнээс 5 жилийн дараа Кан, хорих лагерьт танилцсан нэг хүний хамтаар Хятад руу зугтаж, улмаар Өмнөд Солонгост ирсэн юм.
Залуу бүсгүй байхдаа БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений өмнө бүжиглэж байсан Ким Ён Сүнийг нэг өдөр нууц цагдаагийн албанаас дуудаж, цоожтой өрөөнд хоёр сарын турш намын дээд албан тушаалтнуудын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ хэмээн байцаасан байна. Тэр юу ч мэдэхгүй гэдгээ олон удаа хэлсэн ч дөрвөн хүүхэд, эцэг эхийнх нь хамтаар Юудог лагерь руу илгээсэн байдаг.
Хоол хүнсээр дутмаг энэ газарт хоригдлуудад шиш, давснаас өөр юм өгдөггүй байв. Өдрийн ажлын нормоо биелүүлээгүй хоригдлын хоол улам багасна. Өлссөн хоригдлууд гүрвэл, могой, харх иддэг байв. Ямар нэг амьтан харагдах л юм бол хоригдлууд барьж аваад түүхийгээр нь залгина. Тэдэнд хоол хийх боломж ч тэр, зав ч тэр байдаггүй байжээ.
Хоол тэжээлийн дутагдлаас болж бүх хүн сул дорой байлаа. Өдөр бүр хүмүүс үхэж байгааг хардаг байсан Ким энэ хугацаанд өөрийн эцэг эх, хүүхдүүд болон нөхөр гээд гэр бүлийнхнээ алдсан байдаг. Есөн жилийн дараа ахыг нь таньдаг байсан нэгэн офицер түүнийг таниад суллуулсан аж. Ким хуурамч бичиг баримт бүрдүүлэн Хятадад ирж, улмаар Өмнөд Солонгос улсад амьдрах болсон юм.
Ким баривчлагдах болсон шалтгаанаа бүр сүүлд мэдсэн байна. Түүний сайн найз Им Сон Хе гэх бүсгүй Ким Жон Илийн амраг байжээ. Өмнө нь гэр бүлтэй байсан Сон Хегийн амьдралыг бусдаас нуухыг хүссэн албаныхан түүнийг таньдаг, түүнтэй холбоотой байсан бүх хүнийг баривчилж хорих лагерьт хорьсон ажээ.
Шоронгийн харгалзагчаар 10 гаруй жил ажилласан Ан Мён Чолыг хоригдлуудтай хүнлэг харьцаж болохгүй гэж сурган бэлтгэсэн байна. Оргохыг оролдсон хэнийг ч болов алах ёстой гэж заадаг байсан гэдэг. Хэрэв зугтаж байсан хүнийг олж, хороож чадвал тухайн харгалзагчийг шагнадаг байсан байна. Зарим харгалзагчид өөрсдөө сургуульд орохын тулд гэм зэмгүй хүмүүсийг ч алдаг байсан аж. Нэг удаа хамт ажиллаж байсан хуяг нь хоригдлыг хашаа давахыг тушаан, тушаалыг нь биелүүлж байх үед нь буудан алжээ. Тэр хуяг үүнийхээ ачаар коллежид элссэн гэдэг.
Зарим хуягууд зугаацахын тулд ч хүн алдаг байв. Аны нүдэн дээр нэг удаа хоёр охин цөөрөмд унасан гоймонгийн үлдэгдлийг авах гэж оролдож байхад нь хажуугаар нь явж байсан харгалзагч тэднийг өшиглөн цөөрөм рүү унагажээ. Охидууд тэндээ живж үхсэн байна.
Гэхдээ Аныг хамгийн их айлгасан үйл явдал бол гурван нохой уяанаасаа суларч, таван хүүхэд рүү дайрсан явдал байжээ. Тэд хүүхдүүдийн гурвыг нь газар дээр нь хөнөөсөн бол үлдсэн хоёрыг нь амьд байхад нь харгалзагч шатаасан гэдэг. Харгалзагч нохдоо сайшааж, хоолоор шагнасан гэнэ.
Нэг удаа Аны аав улсынхаа эсрэг согтуудаа хэдэн үг хэлснийхээ төлөө баривчлагдсан аж. Өөрийг нь ч гэсэн баривчлах байх гэж айсан Ан эрэг хүртэл машинаараа яваад, тэндээсээ Хятад руу сэлжээ. Одоо тэрбээр Өмнөд Солонгост амьдарч байгаа аж.
Ким Гуан Ил хоол авах мөнгөгүй, өлсөж үхэх гэж байжээ. Нэг удаа хушны самар түүн Хятадын хил давж, тэднийгээ зарах гэж байгаад баривчлагдсан байна. Хойд Солонгосын эрх баригчид түүнийг хил дамнаж хууль бус наймаа эрхэлдэг гэж үзэн хэрэг тулган тамласан байна.
Түүнийг маш сонин байрлалд оруулан хэдэн цагаар зогсоодог байв. Мотоцикл унаж байгаа мэт, эсвэл онгоц болж гараа алдлан зогсоно. Хоригдлуудын доор хоосон аяга байх ба хангалттай хөлөрч, хөлс нь аягыг дүүргэх хүртэл энэ байрлалдаа зогсох ёстой байжээ. Даалгаврыг биелүүлж чадалгүй унасан, ухаан алдсан хүмүүсийг жүжиглэсэн хэмээн үзэж, эхнээс нь эхлэхийг шаарддаг байв. Энэ тамлалыг удаан тэсээгүй Ким хилс хэргээ хүлээн зургаан жилийн ял авсан аж.
Ямар ч багаж хэрэгсэлгүйгээр уулнаас том гуалин моднуудыг зөөх зэрэг хүнд ажил хийнэ. Маш аюултай энэ ажлаас болж олон хүн гэмтэж, амиа алддаг байлаа. Цогцсуудыг тэргэн дээр ачин уулын орой руу зөөх ба тэндээ чандарлаж, үнсийг нь цуглуулан тариа, ногоогоо борддог байсан гэдэг.
Кимийг 29 сарын дараа сулласан ба тэрээр эх орноосоо зугтаж, өдгөө Өмнөд Солонгос улсад амьдарч байгаа юм.
Шоронгийн харгалзагчаар долоон жил ажилласан ИмХэ Жин хорих лагерьт олон аймшигтай зүйлийг харсан байна. Түүнийг 20 настай байхад нэгэн аймаар зүйл болсон байдаг. Хорих ангиас ах, дүү хоёр зугтаж чаджээ. Гэвч хуягууд өшөө авах зорилгоор үлдсэн гэр бүлийнх нь долоон гишүүнийг газар дээр нь хөнөөсөн байна. Мөн шийтгэл болгож хоригдлуудыг маш хэрцгийгээр зодов. Ах, дүү хоёрыг Хятадаас баривчилсан ба хорих ангид эргэн ирснийх нь дараа бүх хүний нүдэн дээр толгойг нь таслан, хоригдлуудыг цогцос руу чулуу шидэхийг тушаажээ.
Түүнчлэн хуягууд эмэгтэй хоригдлуудтай маш хэрцгий ханддаг байлаа. Тэднийг хүчирхийлэх нь энгийн үзэгдэл байсан бөгөөд жирэмсэн болсон бол хүчээр үр хөндүүлж, хэрэв үр хөндүүлэхэд оройтсон байвал хүүхдийг нь гэдсэндээ үхтэл нь зодож байгааг Им харсан байна. Эмэгтэй хоригдлууд зөвхөн бэлгийн дарамтаас гадна олон хэрцгий зүйлийн золиос болдог байжээ. Нэг удаа байцаалт авч байсан хуяг уурласанада эмэгтэй хоригдлыг нүцгэлж, амьдаар нь шатаасан аж. Тэдэнд эдгээр хоригдлуудыг хүн биш амьтан гэж үзэхийг сургасан байдаг юм.
Им нэг удаа Хятадад наймаа хийж байгаад баригдан, богино хугацаанд шоронд хоригдсон байна. Түүнийг эрэгтэй харгалзагч нарын урдуур нүцгэн алхуулах үеэр Им энэ улсаас зугтах ёстойгоо ухаарсан гэдэг. Өдгөө Им Өмнөд Солонгос улсад тайван амьдарч байгаа ажээ.
Засгийн газрын хангамжийн газрын даргаар 14 жилийн турш ажилласан Ли Сүн Ук хүмүүст хүнс, бараа тарааж өгөх үүрэгтэй нэгэн байжээ. Гэвч Хойд Солонгосын эдийн засаг хямралд орох үед Лиг буруутган баривчилсан байна. Ард түмнийг өлсгөлөнд автуулсан хэрэгт яллагдсан тэрбээр олон сарын турш яргалуулан байцаалт өгсөн гэнэ. Хэрэв хэргээ хүлээвэл хүү, нөхөр хоёрыг нь аюулгүй байлгана гэж амлахад Ли өөрийгөө буруутай хэмээн мэдүүлсэн ч хорих лагерьт гэр бүлийг бүхэлд нь хорьсон байна. “Та нар бол хүмүүс биш. Өөрсдийгөө адгуус гэж бодох хэрэгтэй. Үгүй бол энд амьд үлдэхгүй” гэж хуягууд тэдэнд хэлдэг байв.
Ли төмрийн үйлдвэрт ажилласан ба маш өндөр температурт олон цагаар ажилладаг байсан Лигийн нуруу нь сууж, жижгэрч эхэлсэн гэдэг. Түүний нуруу нь бөгтийж, мөрний яс нь цухуйж байлаа. Нэг удаа дефекттэй цамц нуух гэж байгаад баригдсан Лиг “шийтгэлийн камер” гэх жижигхэн камерт оржээ. Тэнд орсон хүн хэвтэж, босч зогсож чаддаггүй байв. Тэндээс гарсан Ли олон долоо хоногийн турш хэвийн алхаж чадахаа больсон гэнэ.
Үүнээс гадна хэд хэдэн удаа яргалуулж байсан Лигийн шүднүүд нь хугарч, нүүрнийх нь зүүн тал мэдрэлгүй болж, насан туршдаа толгой нь өвддөг болсон байна. Хорих лагерьт долоон жилийг өнгөрүүлсэний дараа Лиг суллаж, тэрбээр хүүгийнхээ хамтаар Хятадаар дамжин Өмнөд Солонгос руу дүрвэж чадсан юм.
Орон гэргүй Ким Хёк 16 настай байхдаа хоол хайж яваад Хятадад иржээ. Түүнийг баривчилж, шоронд гурван жил суух ял оноосон байна. Энэ хугацаанд Ким “хүн” гэх бүх мэдрэмжээ алдсан гэнэ. “Яг л амьтан шиг. Бодох юм юу ч байхгүй. Зөвхөн айдас” гэж Ким дурсдаг.
Түүний өдрийн хэмнэл ч яг л тогтсон дараалалтай. Өглөө 7 цаг гэхэд жаахан шиш, 50-90 ширхэг шар буурцаг идээд ажилдаа гарна. Өдрийн 12 цагт дахин жаахан хоол идээд орой 7:30 цагийн хоол хүртэл ажиллана. Хоолны дараа шоронгийн хоригдлууд хорих лагерийн дотоод дүрмийг цээжилдэг байжээ. Нэг л үг буруу хэлбэл бүх хүнийг хүчээр суулган нэг ч алдахгүй болох хүртэл нь давтуулдаг байв. Ихэнхдээ тэд 10 цагаас орондоо ордог байсан аж.
Бүх хоригдлуудын толгойд ганцхан хоол л бодогддог байлаа. Ким хааяа харх барьж авах ба арьсыг нь хуулж, махыг нь хатаан түүхийгээр нь иддэг байсан аж. Хэрэв хархаа болгож идэх бол гал, махны үнэрээр харгалзагч ирэн тэднийг маш хэрцгийгээр зоддог байжээ.
Тамхи шоронгийн хамгийн их хэрэгцээтэй зүйлсийн нэг байв. Хоригдлууд харгалзагч нарын татааад хаясан тамхины ишийг цуглуулж, үлдэгдлийг нь цуглуулан тамхи ороодог байсан гэнэ. Хэрэв ингэж байгаагаа мэдэгдвэл хуягууд тэднийг мөн л зоддог байжээ.
Ким шоронд 8 сарыг өнгөрүүлсэн ба удалгүй Өмнөд Солонгос руу дүрвэж чадсан аж.
Жи Хён А Хойд Солонгос улсыг гурвантаа орхиж, гурвантаа баригдсан нэгэн. Гурав дахь удаагаа баригдахдаа бие давхар байсан боловч эрлийз хүүхэд байж болохгүй гэх бодлогоос болж Хятадад олсон хүүхдээ авахуулах ёстой болжээ. Түүнийг цагдаагийн газар ямар нэг эм тариагүйгээр хүчээр үр зулбуулсан байна.
Хорих ангид байх хугацаандаа Жи Хён А бусад жирэмсэн хүмүүс хэрхэн зовж байгааг харж байлаа. Өдөржингөө хүнд ажил хийсэн бүсгүйчүүд шөнөдөө зулбаж, хашгирах нь сонсогддог байсан гэнэ. Нэг удаа бүтэн өдөр ажилласан эмэгтэй гэдсэнд нь найман сар бойжсон хүүхдээ төрүүлсэн байна. Хүүхдээ тэвэрсэн эх маш их баяртай байсан ч энэ баяр хөөр удаан үргэлжлээгүй аж. Харгалзагч түүнийг хүүхдээ живүүлж алахыг тушаасан байна. Хөөрхий эмэгтэй хичнээн их гуйсан ч эцэст нь харгалзагчийн үгээр хүүхдээ өөрийн гараар хөнөөсөн гэдэг.
Жи шоронгоос суллагдан Хойд Солонгосоос зугтаж, гэр бүлтэйгээ нэгдэж чадсан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.