Стийв Ирвиний амьдралын тухай 10 баримт
“Матрын ангууч” хочит Стийв Ирвиний гайхамшигтай, аюултай баримтат кинонуудыг үзэж байсан хүн цөөнгүй биз ээ. 1962 онд Австрали улсад төрсөн Стийв 1996 оноос хойш 11 жилийн турш Animal Planet болон Discovery Channel сувгуудаар алдарт “Матрын ангууч” нэртэй нэвтрүүлгийн 78 дугаарыг цацсан байна. Тэрээр “Australia Zoo”-гийн эзэн байв.
Стийв Ирвин дэлхий дээрх хамгийн аюултай амьтдын талаар нэвтрүүлэг хийж, тэдний талаар зөв ойлголт өгч, хайрлан хамгаалахыг зааж ирсэн нэгэн. Тэрээр матартай ноцолдож, могойтой нөхөрлөхийн хажуугаар байгаль дэлхийг хамгаалах олон ажил хийдэг байв. 2006 онд нэвтрүүлгийн бичлэгийн үеэр далайн муурт хатгуулж нас барсан түүний талаар төдийлөн мэддэггүй зарим зүйлсийг танилцуулъя.
10
Стийвийг “тоть” хамгийн их айлгадаг
Ууртай матрын өөдөөс нүүрээ наах шахам байж чаддаг хүн юунаас ч айдаггүй байлтай. Гэхдээ түүнийг айлгадаг хэдэн амьтан байжээ. 2001 онд Замби улс дахь гол дотор завьтай явж байгаад хэсэг усны үхрийн дунд орж байжээ. Эрэгчин усны үхэр 1.5 тонн жинтэй бөгөөд асар аюултай амьтан юм. Зан авирыг нь урьдчилан таахад бэрх тул бүх хүн холуур тойрдог. Хуурай улирлын үед усны үхэр маш түрэмгий болдог тул Стийв ч тэднээс аль болох хурдан холдсон байдаг. Усны үхэр бол “Матрын ангууч”-ийн оролдохыг зориглоогүй цөөн амьтдын нэг юм.
Гэхдээ түүнийг хамгийн их айлгадаг амьтан бол тоть аж. “Тоть намайг их хазах дуртай. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би хэд хэдэн удаа тотинд хазуулж байсан. Нэг нь бүр миний хамрыг таслангаа алдсан шүү” хэмээн Ирвин ярьж байв.
09
Тэрээр 6 настайгаасаа хойш аюултай амьтадтай харьцдаг байв
Маш сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн л биш бол аюултай зүйлсийг гэртээ хийж болохгүй гэж сургадаг. Гэтэл Стийв 6 настайгаасаа хойш аюултай амьтадтай харьцаж эхэлжээ. Түүний эцэг эх нь амьтанд хайртай хүмүүс байсан бөгөөд хүүхдээ ч тийнхүү өсгөсөн байна. Зургаан насных нь төрсөн өдрийн бэлэг болгон 3.6 метрийн урттай аварга могой өгсөн байна. Түүнийгээ Фред хэмээн нэрлэжээ. “Гэхдээ би 4 настайдаа могой барьдаг байсан. Хамгийн анх бор могойн дээр хөлөөрөө гишгэж барьж авсан. Аав ирээд намайг уг могойноос маш хурдан холдуулсан. Яагаад гэвэл тэр могой дэлхийн хоёр дахь хамгийн хортой могой байсан юм” хэмээн Стийв дурсаж байлаа.
Тэрээр ердөө 9 настайдаа аавынхаа дэргэд матар дээр мордож сурсан байна.
08
Түүний нэрээр нэрлэсэн яст мэлхий бий
1990 онд аав хүү Ирвин нэгэн шинэ амьтны зүйл олжээ. Тэр нь цэвэр усанд амьдардаг хаздаг яст мэлхийн нэгэн зүйл байв. Хачирхалтай нь энэ яст мэлхий бөгсөөрөө амьсгалдаг. Одоогоор ховордсон амьтдын жагсаалтад ороогүй байгаа ч аюулд ороход ойрхон байгаа амьтдын нэг юм. Энэ яст мэлхийний шинжлэх ухааны нэрийг Elseya Irwini гэдэг.
07
Цагаан хоолтон болохоос татгалзсан
Амьтанд хайртай, бүх насаа тэдний сайн сайхны төлөө зориулсан хүний хувьд мах иднэ гэдэг хэцүү байдаг аж. Гэхдээ Стийв Ирвин энэ талаар хэзээ ч бодож байгаагүй гэнэ. “Үнэндээ би цагаан хоолтон болох талаар нэг ч удаа судалж байгаагүй” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлсэн байна. Түүний хэлснээр үхэр тэжээхэд нэг үхэр түүний гэр бүлийг олон сар тэжээх шим тэжээлтэй мах гаргаж чадна. Үхрийг өсгөхөд сайхан орчин, мод, бут, өвст тал хэрэгтэй. Тэр орчин нь өөр төрлийн олон амьтны гэр болох давуу талтай. Харин цагаан хоолтон болвол түүнийг тэжээхийн тулд түүнээс хавьгүй том талбайг зөвхөн хүнсний ногоо ургуулахад ашиглах шаардлагатай болох ба шавьж, мэрэгчин амьтдын хор ашиглах зэрэг бусад амьд организмыг үгүй хийх хэрэгтэй болно.
“Тэр газар нь өөр ямар ч ургамал ургуулахгүй. Жишээлбэл, будааны талбай байгуулахад тэр газарт нь цөөн төрлийн шавьжнаас өөр нэг ч амьтан амьдрах боломжгүй болдог. Энэ л гол асуудал юм” хэмээн Стийв “Scientific American”сэтгүүлд ярьжээ.
06
Могойнд зөндөө хатгуулсан ч ерөндөг авч явахаас татгалздаг
Энэ бичлэг дээр “Тэр намайг хазахгүй ээ” гэж хэд хэдэн удаа хэлсэн ч хүзүүг нь ороосон энэ могой хүзүүнээс нь тухтай гэгч нь Стийвийг зууж байгааг та харж байгаа байх. Стийв боловсноор дэлгэц дээр хүзүүг нь томруулж харуулахыг оператораас хүсч, могойг салгасныхаа дараа айсан хөтлөгчөөс маш тайвнаар уучлалт гуйж байгаа нь инээдтэй.
Ийм зүйл түүнд олон тохиолдож байсан. Гэхдээ “Reptiles”сэтгүүлд бичсэнээр Стийв маш олон төрлийн могойтой ажиллаж байсан ч нэг ч удаа ерөндөг авч явж байгаагүй гэнэ. “Би могойноос барив уу үгүй юу бид хоёр холбогддог ба могой тайвширч, намайг хаздаггүй. Би могойн хорны ерөндөг хэзээ ч авч явж байгаагүй, цаашид ч авч явахгүй” хэмээн Стийв хэлжээ.
05
Стийв нэвтрүүлгийн үеэр амиа алдсан
Энэ бичлэг бол домогт судлаачийн хамгийн сүүлийн мөчийг харуулна. Тэрээр “Хамгийн аюултай далайн амьтад” хэмээх нэвтрүүлгийн зураг авалтын үеэр далайн мууранд цээж рүүгээ хатгуулан таалал төгссөн юм. Зураглаач түүнийг жинхэнэ аюулд орсоныг мэдсэн даруйдаа бичлэгийг зогсоосон байдаг. Бичлэгийг Стийвийн эхнэр Террид өгсөн ба 2014 онд зураглаач Жастин Лёонс олон нийтэд үзүүлжээ.
Зураг авалтын баг маш том далайн мууртай таарсан ба Стийвийн хажуугаар сэлж буйг нь бичих гэсэн боловч далайн муур гэнэт дайрчээ. Тэд юу болсоныг ойлгоогүй бөгөөд ажлаа хийсээр байсан ч гэнэт Стийвийн цээжнээс цус гарч байгааг мэдсэн байна. Далайн муур Стийвийн цээж рүү хатгасан байв. Стийвийн сүүлийн үг нь “Би үхэж байна”.
04
Ховор амьтдыг хамгаалах сонин арга барилтай
Ирвин хүмүүст амьд ертөнцийн талаар боловсрол өгөхийн хажуугаар амьтдыг хайрлан хамгаалах талаар сурталчилдаг байв. Түүний санаачилсан шийдэл бол устан үгүй болох аюулд орсон амьтдыг хамгаалах “цаг хугацааны капсул” хэмээх нэгэн арга байлаа. Тэрээр аюулд орсон амьтдыг амьтны хүрээлэн рүү нүүлгэн шилжүүлж, тэндээ асран хамгаалахыг хүсдэг байжээ. Ингэснээр олноор нь хомроголон устгах явдал болон хүрээлэн байгаа орчин нь бага багаар алга болсоор удаанаар устах аюулаас бүрэн хамгаалагдах ба тэндээ үржүүлж, аюул заналхийлэл байхгүй болсоны дараа сайтар бэлдэж байгаад байгальд нь эргүүлэн тавих боломжтой гэж Стийв итгэдэг байв.
03
Хүүхдээ тэврэнгээ матар хооллосноосоо болж асуудалд орж байв
Эцгийн хүмүүжил өөрт нь ч нөлөөлж, 2004 онд Ирвин 1 сартай хүүгээ нэг гартаа тэврэнгээ нөгөө гараараа матар хооллож байгаа зураг олон нийтэд дэлгэгдсэнээс болж ихээхэн асуудалд оржээ. Түүнийг бага насны хүүхдийн амь насанд аюул учруулсан гэж хүмүүс шүүмжилж, эцэг хүнд байх ёсгүй үйлдэл гаргасан гэж буруушаав.
“Ийм зүйл болсонд би харамсаж байна. Гэхдээ би хүүхдүүдээ матартай хэрхэн харьцахыг заахгүй бол жинхэнэ муу эцэг болно. Тэд чинь матраар дүүрэн орчинд амьдарч байгаа шүү дээ” хэмээн Стийв хэлсэн нь хийсэн үйлдэлдээ бус, хүмүүс хэрхэн хүлээн авсанд “харамссан” гэдгээ хэлсэн хэрэг байсан юм.
02
Гэр бүл нь тэр чигтээ байгаль хамгаалагчид
Түүний аав Боб нь мөлхөгч амьтан судлаач бол ээж нь байгаль орчныг нөхөн сэргээгч байсныг харахад Стийв яагаад амьтдад ингэтлээ дуртай болсон нь тодорхой харагдаж байгаа байх. Тэдний гэр бүл үргэлж амьтдаар хүрээлүүлж байсан ба 1970 онд Beerwah Reptile Park-ыг үүсгэн байгуулсан байна. Энэ нь цаашид “Australia Zoo” болон өргөжсөн юм. Ээж нь түүнд хүрээлэн буй орчныг сэргээх аргуудыг зааж, хэрхэн амьтдыг байгальд нь эргүүлэн тавихыг сургасан бол аав нь матар унахыг зааж байв.
Бийрва хүрээлэнд байхдаа Зүүн эргийн матар нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнтэй хэт ойрхон амьдарч буй матруудыг барин зайдуу газар байршуулах ажил хийж байжээ.
Түүний эхнэр Терри Ирвин мөн адил багаасаа амьтадтай ойр амьдарч, ажиллаж ирсэн нэгэн бөгөөд өдгөө гэр бүлийнхээ амьтны хүрээлэнгийн бизнесийг эзэмшдэг юм.
01
“Зохистойгоор ашиглах” аргыг эрс буруушаадаг байв
Олон улсын Байгаль хамгаалах нийгэмлэгийн боловсруулсан “зохистойгоор ашиглах” арга буюу зэрлэг амьтдыг ашиглангаа хамгаалах аргыг Стийв Ирвин эрс эсэргүүцдэг байлаа. Энэ аргыг тайлбарлахад, зааны бүх тоо толгойд нь аюул учруулахгүйгээр зааны ясыг “хураан авч” ашиглах боломжтой гэх үзэл юм. Ирвин үүнийг байж боломгүй худал суртал ухуулга хэмээн хэлж, “хонины арьс нөмөрсөн чоно” болж, сайн хүний дүр эсгэн халаасаа түнтийлгэх оролдлого гэдэг байжээ. Стийвийн хэлснээр амьтдаас “хураасан” арьс, яс зэрэг зүйлс хүн төрөлхтний оршин тогтнохтой ямар ч хамаагүй зүйл бөгөөд тэднийг алах шалтгаан болохгүй юм.
Стийв “Бидэнд үхэр, тахиа, хонь бий шүү дээ. Тэжээвэр амьтад байсаар байтал зэрлэг амьтдыг алж идэх, өмсөх хэрэг огт байхгүй. Би үүний эсрэг тэмцсэн хэвээр үхэх болно. Энэ бол пропаганда. Үүнийг зогсоох шаардлагатай” гэж хэлж байсан юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл (3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.